Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сайнбилэгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00393 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, эмэгтэй, Алтан шаргал даагаанхан овогт Батаагийн Сайнбилэг /ПЕ64032801/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Сайнбилэг түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Б.Сайнбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нэхэмжлэгч Б.Сайнбилэг 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 1984 онд хөдөлмөрийн дэвтэр нээлгээд ажил хийж эхэлсэн. Цалингийн карт нь хавтаст хэрэгт авагдсан баримттай таарч байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан бүх тушаалууд таарч байгаа. Иймд Б.Сайнбилэгийг Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00393 дугаар шийдвэрээр: “

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Алтан шаргал даагаанхан овогт Батаагийн Сайнбилэг /ПЕ64032801/-ийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Б.Сайнбилэг нь Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогогд хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

                Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүйгээр шийдвэрлэжээ. Ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг тул тэтгэвэр тогтоолгох эрх, ажилласан жилтэйгээ дүйцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх ач холбогдолтой юм. Шүүхэд Б.Сайнбилэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх үүднээс өөрт олдсон боломжит хэмжээгээр хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд орж гарч байсан тушаалууд, үзлэг хийлгүүлэх зэргээр нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

            Б.Сайнбилэг нь Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэг, яслид болон хэрэглээний хоршоонд хүний оронд ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажилд орсон тушаалууд нь түр гэж гардаг байсан боловч үргэлжлүүлэн ажилласаар байдаг байсан тул хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаа нь үнэн зөв болохыг тайлбарлан хэлсээр байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэлгүйгээр хүсэлтийн зарим хэсгийг хангахгүй орхисонд гомдолтой байна. Иймд Б.Сайнбилэгийг 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг яслид хүмүүжүүлэгчийн туслахаар, мөн 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны дэлгүүрт худалдагчаар тус тус ажиллаж байсан болохыг нэмж тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Сайнбилэг нь Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх Б.Сайнбилэгийн Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл талбайн үйлчлэгчээр, 1985 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өлгүүрчнээр, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгчийн туслахаар, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Зэрэг сумын Цэцэрлэг-яслид 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

            Шүүх хүсэлт гаргагч Б.Сайнбилэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлыг орхигдуулсан байна.

Б.Сайнбилэгийн Хөдөлмөрийн дэвтрийн 17 дугаар хуудаст “Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 39 тоот тушаалаар түр ажилласан байсан тул чөлөөлөв” гэсэн бичилтийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Хүсэлт гаргагч нь дээр дурдсан 4 сар 20 хоногийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, эсхүл шүүх уг хугацааны ажиллаж байсан байдлыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1991 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байхад шүүх 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс уг хоршоонд ажиллаж байсан байдлыг тогтоосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Шүүх хүсэлт гаргагч Б.Сайнбилэгийн дээр дурдсан хүсэлтийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                  

    М.НЯМБАЯР