Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                               А.Ариунзаяа  

      Нарийн бичгийн даргаар                         Б.Намуунзул нар  оролцов.

 

         Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаших овогт Буянгийн Амгалан, Хаших овогт Буянгийн Чулуунцэцэг нарт холбогдох эрүүгийн 1731000140018 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

         Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо Сэлбийн 31-761 тоотод оршин суух хаягтай боловч одоо Төв аймаг, Аргалант сумын 1 дугаар баг, Яргайтын 6-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хаших овогт Буянгийн Чулуунцэцэг, /РД: НЬ78011363/,

 

           Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Төв аймаг, Аргалант суманд 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Төв аймаг, Аргалант сумын 1 дугаар баг, Яргайтын 6-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хаших овогт Буянгийн Амгалан, /РД: НЬ85041267/,

Шүүгдэгч Б.Амгалан нь төрсөн эгч болох Б.Чулуунцэцэгт өөрийн эзэмшлийн Е-1351014 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглуулж Б.Чулуунцэцэгийг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

        Шүүгдэгч Б.Чулуунцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор  Буянгийн Амгалангийн эзэмшлийн Е-1351034 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглаж  Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  10-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Би анх 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн бичиг баримтаар ажиллах журмаар Турк улс руу гарч тэндээ визний хугацаа дуусч хараар ажиллаж амьдарч байгаад 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Турк улсын хар тамга даруулан Монгол улсад эргэн ирж байсан. Тухайн үед би нэг мөр Монгол улсдаа ажиллаж амьдрах зорилготой ирсэн юм. Тэгээд тухайн үед гэр бүлийн асуудлаас болж буцаад явах шаардлагатай болж би өөрийн нэрээр Турк улс руу нэвтэрч болохгүй тул төрсөн дүү Амгалангийн энгийн гадаад паспортыг авч Турк улсад хамт ажиллаж байсан Сараа гэж дууддаг таньдаг хүнтэйгээ Улаанбаатар хотод уулзаад учир шалтгаанаа хэлэхэд “Солонгос улс руу чи өөрийн бичиг баримтаараа явах боломжтой” гэж хэлсэн. Тэр үед надад мөнгөний бололцоо байхгүй талаараа хэлэхэд “өөртэйгээ адил төстэй хүний паспортыг ашиглаж Турк руу буцах боломжтой” гэж хэлсэн. Тэгээд Сараа хэлэхдээ “Монгол улсаас гарсан штампыг хүмүүс 150 доллараар дарж өгдөг” гэж хэлэхэд би явахаасаа 7 хоногийн өмнө Б.Амгалангийн паспортыг Сараад өгч хуурамч штамп даруулж байсан. Тэгээд би 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Буянт Ухаа нисэх буудлаас монгол улсын хилээр гарахдаа өөрийн бичиг баримтаар гарч Турк улс руу нэвтрэхдээ дүү Амгалангийн паспортоор нэвтэрч байсан. Тэгээд тэндээ хараар амьдарч байгаад 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирэхдээ Амгалангийн паспортоор орж ирэх үедээ хуурамч штамптай бичиг баримтын зөрчилтэй гэж саатуулагдсан. Сараа одоо Монгол улсад байхгүй Солонгос улсад амьдарч байгаа байх. Тухайн үед надтай уулзахдаа Солонгос улс руу явах гэж байгаа талаар ярьж байсан. Одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бид 2 Турк улсад цуг 2 сар гаран ажиллаж байсан. Сараа гэж дууддаг байсан бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-р ху/,

2.Шүүгдэгч Б.Чулуунцэцэгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Би гэрлэлтээ батлуулаагүй. Н.Болдтой 2004 оноос 2010 оны хугацаанд хамтран амьдарч байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 63-р ху/,     

3. Шүүгдэгч Б.Чулуунцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Би 2011 онд би Автобус баазад ажилладаг байсан. Тэр үед манай нөхөр ажил дээр ирж дарамталдаг байсан болохоор би нөхрөөсөө зугатаагаад 2012 онд Турк улсруу яваад 2014 онд Турк улсаас ирсэн. Туркэд визний зөрчилтэй буюу харлачихсан байсан учраас дахиж Турк улсруу явахгүй гэсэн зорилготой Монгол улсад ирсэн. Намайг ирэхэд нөхөр маань бас ирж дарамтлаад байх болсон. Манай хамаатны 2 хүн Туркэд ажилладаг байсан юм. Тэгээд тэр  2 хүнтэй холбоо бариад явахаар шийдсэн. Жил гаран болоод эргээд ирэхэд нөхөр маань намайг дарамтлаад гар хүрээд байсан болохоор эргээд Турк явсан нь дээр юм байна гэж бодоод явсан юм. Тэгээд би гэрийнхэнтэйгээ ярилцаад дүүгийнхээ паспортоор Турк улсруу явахаар шийдсэн юм. Би нөхөртэйгөө ханилаад 6 жил болсон. Сараа гэдэг хүн надад “өөртэйгөө Турк улсруу явахаар шийдсэн. Тэгээд би визний асуудалтай болохоор Монголдоо амьдаръя гэж бодоод ирсэн.Тэгээд буцаад явах гэтэл паспортандаа хар тамга даруулчихсан болохоор явж болохгүй байсан. Тэгтэл нэг хүн надад Турк улсруу эргээд гарах боломжтой талаар ярьж өгсөн.. 2017 оны 06 сарын 20-нд өөрийнхөө паспортоор билет захиалаадТурк явсан. Тэгээд дүүгийнхээ паспортоор орж ирэхдээ 2017 оын 07 сарын 02-нд Алтанбулаг хил дээр бичиг баримтны зөрчилтэй гээд шалгагдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.   ...гэх мэдүүлэг

4.Шүүгдэгч Б.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  15-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Манай төрсөн эгч Б.Чулуунцэцэг нь 2012 онд шиг санагдаж байна, Турк улс руу ажиллаж амьдрахаар явж байсан. Тэгээд тэндээ хууль бусаар амьдарч байгаад 2014 онд Турк улсаас Монгол улсад ирсэн. Ирэхдээ өөрийн бичиг баримтаар ирсэн. Тухайн үед өөрийн нэр дээр Турк улсын хар тамга даруулж дахин Турк улс руу зорчихийг нь хориглосон байсан. Тэгээд Монгол улсад ажиллаж амьдрах гээд хэсэг хугацаанд Улаанбаатар хотод байх хугацаанд өмнө нь хамтран амьдарч байсан залуу нь ирж дарамталж зоддог байсан учраас Монголд байх аргагүй болсон учраас гадагшаа явахаар шийдсэн юм. Тэгээд хаашаа явах талаар бид нар ярилцаж Солонгос улс руу явах гэхээр хэлний бэрхшээл мөн визанд ороход их хэмжээний мөнгө шаардагдаж байсан учраас өмнө нь ажиллаж амьдарч байсан Турк улс руу явбал давуу талууд их байсан учраас Турк улс руу явахаар шийдээд Б.Чулуунцэцэг өөрийн нэрээр явж болохгүй учраас миний гадаад паспортыг ашиглаж Турк улс руу явахаар болоод би эгчдээ өөрийн бичиг баримтаа өгч явуулсан юм. Мөн бид 2-н царай зүс адилхан учраас ялгагдахгүй байсан. Би өөрийн хүсэлтээр Б.Чулуунцэцэгт ашиглуулсан. Тухайн үед хамтран амьдарч байсан залуу нь ирж зоддог, ална, хядна гээд дарамталдаг байсан учраас би эгчийгээ хүний гарт алдчихвий гэсэндээ яах ч аргагүй болж өөрийн бичиг баримтаа өгч ашиглуулсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 67-р ху/,

5.  Шүүгдэгч Б.Амгалангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би эгчтэйгээ хамт амьдардаг байсан юм. 2011 онд манай хүргэн ах ирээд агсан тавиад муудалцсан. Тэгээд манай эгч нөхрөөсөө салсан. 2006 онд би өөрийнхөө ахыг хүний гарт алдаж байсан болохоор эгчийгээ  бас алдчихвий гэж бодсон. Монголд байвал нөхөр нь ирээд дарамтлаад зодоод байдаг болохоор нь турк улсруу явуулах гэж өөрийнхөө паспортыг ашиглуулсан. Өөрийн бичиг баримтаа бусдад ашиглуулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ойлгож  ихэд гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,

6.Гэрч Э.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 дугаар сарын 19-ний  өдөр өгсөн:  ... 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хувиарын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод орох чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ОХУ-аас Монгол улс руу орох чиглэлд МУ-ын иргэн Б.Амгалан гэх нэр бүхий баримт бичгийг нэг эмэгтэй шалгуулахад паспорт уншигчид баримт бичгийг уншуулахад гадаад улс руу зорчсон гэх ямар ч мэдээлэл байхгүй байсан. Тэгээд би паспортын хуудсыг эргүүлэн шалгахад Турк улсын штамп болон МУ-аас гарсан нэг штамп байсан. Тэгээд Монгол Улсын штампыг харахад хуурамч гэдэг нь шууд нүдэнд туссан. Тус штампын хэмжээ байгаа байдал, хүрээний нууцлал, хувийн дугаар байхгүй байсан тул зорчигч нараас тусад нь аваад нарийн асуухад “та хаана байж байгаад ирсэн” талаар асуухад “Турк улсад 3 жил болоод ирсэн” гэж надад хэлсэн. Тэгээд би “хуурамч штамп хаана хэзээ хийлгэсэн талаар, та өөрөө мөн эсэхийг” асуухад тус хүн нь их сандралтай “би өөрөө мөн”гэж хэлээд асуугаагүй байхад тус гадаад паспорт дээрх Б.Амгалангийн регистрийн дугаарыг 2-3 удаа давтаж хэлсэн. Тэгээд зөрчил илрүүлсэн нь тодорхой боллоо гээд тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан ахмад Зол-Эрдэнэд мэдэгдээд хилийн зөрчлийн материалыг бүрдүүлэн зохих байгууллагад шилжүүлсэн. Би ажилтай байсан учраас Зол-Эрдэнэ ахмадын өрөөнд хүлээлгэн өгсөн. Зол-Эрдэнэ дарга гүнзгийрүүлэн шалгаж Б.Чулуунцэцэг болохыг тогтоосон байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 46-р ху/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  № 4013 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Амгалангийн Е-1351034 дугаартай гадаад паспорт дээрх 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Буянт-Ухаа агаарын замын боомтоор МУ-ын хилээр гарсан тэмдгийн дардас /штамп/ нь ногоон өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурсан хуурамч байна. Ямар будагч бодис ашигласан болохыг химийн шинжилгээгээр тогтоох боломжтой.   ...гэх дүгнэлт, / хх-ийн 53-р ху/,

 

Шүүгдэгч Б.Чулуунцэцэг, Б.Амгалан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 77,78-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 57,64-р ху/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх 61-р ху/,яллагдагч нарыг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 58,59,60,62,63,65,66,67-р ху/, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, / хх-ийн 5-р ху/, хил зөрчигчийн тухай бүртгэл, /хх-ийн 6-р ху/, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тодорхойлолт, /хх-ийн 7-р ху/, хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол, /хх-ийн 8-р ху/, хил зөрчигчийг хүлээлгэн өгсөн нотломж, /хх-ийн 9-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, /хх-ийн 34-37-р ху/, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, /хх-ийн 38-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 39-40-р ху/, шүүгдэгчийн Е паспортын хуулбар, /хх-ийн 41-43-р ху/, хэв загвар дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 51-52-р ху/, шинжээчийн 4013 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 54-55-р ху/, шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

         Шүүгдэгч Б.Амгалан нь төрсөн эгч болох Б.Чулуунцэцэгт өөрийн эзэмшлийн Е-1351014 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглуулж Б.Чулуунцэцэгийг 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

          Шүүгдэгч Б.Чулуунцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор  Буянгийн Амгалангийн эзэмшлийн Е-1351034 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглаж  Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хил зөрчигчийн тухай бүртгэл, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн тодорхойлолт, хил зөрчигчийн авч явсан зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай протокол, хил зөрчигчийг хүлээлгэн өгсөн нотломж,  шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн Е паспортын хуулбар, хэв загвар дээж авсан тэмдэглэл,  шинжээчийн 4013 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг болно.

            Иймд шүүгдэгч Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Монгол улсын хил хууль бусаар бүлэглэн  нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

       Шүүгдэгч Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарыг  Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, гэмт хэргийн сэдэлт зэргийг  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүхээс хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нь тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.   

         Шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нар нь энэ гэмт хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  Е 1351034 тоот гадаад паспорт нь хуурамч штамп дарагдан хүчингүй болсон байх тул устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1,3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч, Хаших овогт Буянгийн Амгаланг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.5-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “Монгол улсын хил хууль бусаар бүлэглэж нэвтрэх” гэмт хэрэгт, шүүгдэгч Хаших овогт Буянгийн Чулуунцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн  19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “Монгол улсын хил хууль бусаар бүлэглэж нэвтрэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарыг тус бүр  02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарт оногдуулсан тус бүрийн 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нар нь энэ гэмт хэргийн улмаас  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е 1351034 тоот паспортыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарт  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нар биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.        

8. Шүүгдэгч  Б.Амгалан, шүүгдэгч Б.Чулуунцэцэг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл  шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.НОЛХООСҮРЭН