Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/00602

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ......., А овогтой Дийн Н,

Хариуцагч: Баянгол дүүргийн .............. тоотод үйл ажиллагаа явуулдаг, регистр ....., А ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ................... тоотод оршин суух, регистр .........., Боржигон овогтой Оийн Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн .. дугаар хороо, .... сууцны хорооллын 10 дугаар блок 8 дугаар давхрын I тоот 73.2 м.кв орон сууцны өмчлөгөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З /үнэмлэх /, хариуцагч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /үнэмлэх /, хариуцагч А ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.мөнхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Н нь А ХХК, О.Э нарт холбогдох Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... сууцны хорооллын 10 дугаар блок 8 дугаар давхрын I тоот 73.2 м.кв орон сууцны өмчлөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Д.Н нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр А ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... орон сууцны барилгын 10 дугаар блок 8 дугаар давхрын I тоот 73.2 м.кв орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож худалдан авахаар төлбөр тооцоог бүрэн хийж дууссан. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг захиалахдаа анхны захиалагч болох О.Эаас 2021 оны 07 дугар сарын 30-ний өдөр эрх шилжүүлэх гэрээний дагуу худалдаж авсан бөгөөд орон сууцны төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн. Хариуцагч О.Э нь түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр бүрэн төлсөн бөгөөд тухайн үед А ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3.2 дах хэсэгт тусгасан байгаа. Гэвч тус компани нь гэрээний үүргээ биелүүлэхгүй О.Эт гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч тухайн 2 этгээдийн төлбөр тооцооны асуудалд ямар ч хамааралгүй юм. Энэ талаар хэлэхэд таны байр зарагдсан гэсэн хариу өгсөн. Гэвч А ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Одоо орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж байна. Гэтэл тус компани нь гэрээний үүргээ зөрчиж орон сууцыг давхар зарсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шууд халдаж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсвэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн дараах шаардлагыг гаргаж байна. А ХХК болон О.Э нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж, маргаан бүхий орон сууц болох .... орон сууцны барилгын 10 дугаар блок 8 дугаар давхрын I тоот 73.2 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.Нийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Э, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Э нь В ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж худалдаж авсан. Тус компани нь Г ХХК-д арматур нийлүүлж байсан, төлбөр тооцоог дуусгасан. Орон сууц захиалгын гэрээг Г ХХК-тай хийгээрэй гэсний дагуу төлбөр тооцооны асуудал байхгүй, гэрээ хийхэд татгалзахгүй гэсэн. Ингээд Г ХХК нь А ХХК-ний хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... орон сууцыг төслийн барилгыг борлуулж байхад орон сууц авах зорилгоор очиж уулзсан. Г ХХК нь А ХХК-иас бартераар асан, төлбөр тооцоо нь дууссан, өмчлөх эрхийн асуудалгүй байр гэж тайлбарласан. Тийнхүү 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 52 дугаартай Орон сууц захиапгаар барих гэрээг байгуулж, гэрээний 1.3-т зааснаар Баянгол дүүргийн .... хороо, .... орон сууцны хорооллын 102-р байрны 8 давхар I тоот, 73,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалсан болно. Уг захиалгын гэрээний дагуу төлбөрөө зуун хувь төлснийг Г ХХК 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21/29 тоот албан бичгээр, А ХХК 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21/34 тоот албан бичгүүдээр тодорхойлж өгсөн. Улмаар миний бие өөрийн орон сууц захиалан бариулах захиалагчийн эрхээ иргэн Д.Нид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж, үүнийг А ХХК-д мэдэгдэж, захиалагч Д.Н нар нь хоорондоо дахин захиалгын гэрээг байгуулсан болно. Захиалагч Д.Н нар нь гэрээний төлбөрийг надад төлсөн бөгөөд ямар нэгэн үүргийн зөрчилгүй тул гэрээний зүйл болох Баянгол дүүргийн ... хороо, .... орон сууцны хорооллын 102-р байрны 8 давхар 1 тоот, 73,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн юм. Харин хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Д.Нтой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлэх ёстой ба А ХХК нь туслан гүйцэтгэгч Г ХХК-тай холбогдох төлбөрийн асуудал байгаа бол түүнийгээ орон сууцны захиалагчийн маргаанаас тусдаа шийдвэрлэх нь зүйтэй. Орон сууцны өмчлөх эрх нь А ХХК-д хадгалагдаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх этгээд нь А ХХК юм. Тус компани өмчлөх эрхийг шилжүүлж өгөх ёстой гэжээ.

 

3. Хариуцагч А ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... төслийн 102 дугаар блокийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Тус төслийн 102 дутаар блокийн төмөр бетон утсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн Г ХХК-ийн ажил үйлчилгээний хөлсөнд тухайн төслөөс орон сууц өгөх байдлаар ажил үйлчилгээний хөлсөнд олгосон 102 дугаар блокийн 8 давхар, "I тоотын захиалгын гэрээтэй холбоотой маргааныг А ХХК нь хариуцахгүй. 2021 оны оны 07 дугар сарын 21-ний өдөр О.Эт тус орон сууцны гэрээ хийгээд, нэхэмжлэгч нь О.Эаас 9 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр худалдаж авсан юм байна. В ХХК-иас хариуцагч О.Э орон сууцыг бэлэн мөнгө тушааж худалдаж авсан эсэх нь эргэлзээтэй. Г ХХК-иас О.Э төлбөрөө төлөөгүй тул гэрээгээ цуцлаад н.Тэмүүлэн гэдэг хүнд гэрээ шилжүүлэхийг даалгасан албан тоот ирүүлсэн. Иймд О.Этай байгуулсан гэрээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн байгаа. О.Эт Г ХХК мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Манай компанид О.Э болон Д.Ноос орж ирсэн төлбөр тооцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: А ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ /хх 5-10/, Г ХХК-ний мэдэгдэл /хх 15-16/, В ХХК, О.Э нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ /хх 17-20/, Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, төлбөр тооцоогүй тухай албан бичиг /хх 21-23/,

Хариуцагчаас: А ХХК-ний гэрчилгээний хуулбар /хх 104/,

Шүүх хариуцагч О.Эын хүсэлтээр: А ХХК-ний бүртгэлийн талаарх лавлагаа /хх 105-124/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар

дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

 

Д.Н нь А ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа .... орон сууцны барилгын 102 дугаар блок 8 дугаар давхрын I тоот 73.2 м.кв орон сууцыг худалдан авах, гэрээний 3.2-т гүйцэтгэгч Г ХХК нь карказны ажлын гүйцэтгэлийн төлбөрт сууцны үнэ 175 680 000 төгрөгийг бартераар төлсөн талаар тусгагджээ.

 

2.1. Д.Н нь О.Этай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр захиалагчийн эрхийг шилжүүлэн авснаар А ХХК-тай энэхүү гэрээ байгуулсан байна.

 

Захиалагчийн эрхийг шилжүүлэн авахад Г ХХК-ны 2021 оны 7 дугаар сарын 22-ны 21/19 албан бичгээр О овогтой Э нь Баянгол дүүргийн .... дугаар хороонд баригдах үйлчилгээтэй 16 давхар барилгын 102-р блокийн 8-р давхарт I тоот 65.062 м.кв талбайтай 3 өрөө байрыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Төлбөр тооцоог бүрэн барагдуулж төлсөн болно, А ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 21/34 тоот албан бигээр Г ХХК нь А ХХК-ний Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах .... төслийн 102-р байрны 8-р давхарт I тоот 73.2 м.кв 3 өрөө орон сууцыг РД:У.....-тай Оюунцэцэг овогтой Эт шилжүүлэн өгч төлбөр тооцоо дуусав гэж тус тус тодорхойлсноор нэхэмжлэгч Д.Н нь А ХХК-тай гэрээ хийх үндэслэл болжээ.

 

2.2. Нэхэмжлэгч нь захиалагчийн эрхээ шилжүүлсэн хариуцагч О.Эт сууцны үнийг бүрэн төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй.

 

2.3. Харин Г ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 22/19 тоот албан бичгээр О.Эт орон сууц захиалгын гэрээг цуцлах мэдэгдэл өгчээ.

В ХХК нь ажил гүйцэтгэгчтэй байгуулсан Арматур худалдах, худалдан авах гэрээгээр 2 100 000 000 төгрөгний 1000 тн арматур нийлүүлэх, Г ХХК нь гэрээний үнэнд .... төслийн барилгаас 1 800 м.кв талбай бүхий орон сууцыг бартерт өгөхөөр тохирсон, В ХХК нь гэрээний хугацаанд 95 025 000 төгрөгийн арматур нийлүүлсэн тул гэрээг цуцалсан, үүгээр орон сууц захиалгын гэрээг цуцалсан талаар мэдэгджээ.

 

2.4. Нэхэмжлэгч нь энэхүү мэдэгдлийн улмаас өмчлөх эрх зөрчигдсөн гэж маргасан бол хариуцагч О.Э нь В ХХК-иас орон сууцыг худалдан авсан, төлбөрийг бүрэн төлсөн, Г ХХК-д арматурыг бүрэн нийлүүлсэн тул гэрээ байгуулсан гэж татгалзсан, хариуцагч А ХХК нь татгалзаж байгаа үндэслэлээ О.Э, Д.Н нараас ямар ч төлбөр хийгээгүй, Г ХХК-тай хамааралтай гэж маргасан.

 

2.5. Хариуцагч О.Э нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр В ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ... хороонд баригдаж буй ....орон сууцны барилгын 2-р ээлжийн 3-р блокийн 7 дугаар давхарын 2 өрөө 50.04 м.кв талбай бүхий орон сууцыг 65 520 000 төгрөгөөр авахаар тохирчээ.

 

Харин О.Э нь талуудын маргаж буй Баянгол дүүргийн .... дугаар хороонд баригдаж байгаа 16 давхар барилгын 102-р блокийн 8-р давхарт I тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө байрыг захиалан бариулах гэрээг В ХХК-тай байгуулаагүйгээс гадна түүний төлбөрт арматур нийлүүлсэн, төлбөрийг төлсөн гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна.

 

2.6. Нөгөө талаас, маргаж байгаа Баянгол дүүргийн .... дугаар хороонд баригдаж байгаа .... төслийн 16 давхар барилга баригдаж дуусаагүй, улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ тохиолдолд өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх бөгөөд ашиглалтад ороогүй барилгын 73.2 м.кв талбай бүхий сууцыг өмчлөх эрхтэй гэж маргах боломжгүй, өөрөөр хэлбэл, 73.2 м.кв талбай бүхийн 3 өрөө сууцны өмчлөгчөөр О.Э, А ХХК-ний хэн аль нь бүртгэгдээгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Н нь захиалгын гэрээний эрхийг О.Эаас шилжүүлэн авч төлбөрийг түүнд бүрэн төлсөн ч хариуцагчийн В ХХК-тай байгуулсан гэрээ, түүнд захиалгын гэрээгээр шилжүүлсэн гэх сууц өөр өөр байршилд байгаа нь маргааны үндэслэл болжээ.

 

Үүнээс дүгнэвэл, хариуцагч О.Э нь В ХХК-д төлбөр төлсөн, маргаж буй сууцыг захиалсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь буруутай гэж үзсэн этгээдээс хохирол шаардаагүй байна.

 

2.7. О.Э нь А ХХК-тай гэрээ байгуулах үед захирал нь Б байсан талаар маргаж, улсын бүртгэлийн талаарх мэдээллийг нотлох баримтаар гаргуулсан боловч шүүх хуралдааны шатанд энэ талаар талууд маргаж мэтгэлцээгүй, У.Б нь А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

 

2.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шатанд гэрээний үүргийг биелүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан талаар тайлбарлаж, мэтгэлцсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй, харин өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 816 750 төгрөг төлжээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... орон сууцны хорооллын 10 дугаар блокийн 8 дугаар давхарын I тоот 73.2 м.кв талбай бүхий 3 өрөө сууцны өмчлөгчөөр толгоолгохыг хүссэн Д.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 816 750 /найман зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.