Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/00735

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 04 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............... тоот, регистр ........Л ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн .................. тоотод оршин суух, регистр ............., Б овогтой Свын м,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 941 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, Г.О, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т /үнэмлэх .../, гэрч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л ХХК нь С.мд холбогдуулан 150 941 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Л ХХК болон С.м нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19/17, 19/18, 19/19 тоот нийт 756 772 000 төгрөгийн үнэ бүхий "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан бөгөөд 120 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, Х хотхоны 82.15 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 197 160 000 төгрөг, П хотхоны 72.2 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 140 790 000 төгрөг нийт 457 950 000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Тооцоог 2020 оны 02 дугаар сарын 17 болон 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хийсэн, тооцооны 3 дахь хэсэгт тусгасан байгаа. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19/17, 19/18, 19/19 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний зүйл болох 7 орон сууцны 1 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Л ХХК-ийн нэр дээр гаргуулсан, бусад 6 орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд хураан авсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хүрээнд дээрх 7 орон сууцыг худалдан борлуулах шийдвэр гарсан байсан. Эндээс үзвэл С.м болон Л ХХК-ийн хооронд "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө манай компанийн худалдан авсан 7 орон сууц нь барьцаалагчийн эрхээр хязгаарлагдсан, эрхийн доголдолтой хөрөнгө байсан. Өөрөөр хэлбэл, С.м болон "АА ХХК-ийн хооронд 2017.09.20-ны өдөр байгуулагдсан БГ09202017, БГ09192017 дугаар бүхий барьцааны гэрээгээр баталгаажиж байна. С.м нь "А" ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ09192017 тоот зээлийн гэрээ, БГО9192017 тоот барьцааны гэрээгээр 350 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3Г09202017 тоот зээлийн гэрээ, БГ09202017 тоот барьцааны гэрээ байгуулан 350 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн гудамж ... тоотод орших, 4185 м.кв бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан байна. Уг барилга нь манай компанийн худалдан авсан 7 орон сууцны барилга юм. Өөрөөр хэлбэл, С.м болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан 19/17, 19/18, 19/19 тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ний зүйл болох 7 орон сууц нь барьцааны эрхээр хязгаарлагдсан хөрөнгө байсан. С. мтай байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар "Энэхүү гэрээг байгуулахдаа худалдаж байгаа эд хөрөнгийн талаар хөлслөгч, барьцаалагч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байхгүй болохыг гэрээний энэхүү заалтаар баталгаажуулсан" гэх боловч эрхийн доголдолтой ул хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчөөд зогсохгүй, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй болсон. С.м нь "АА" ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 170 тоот эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулсан нь гуравдагч этгээд болох манай компанийн эрх ашгийг зөрчсөн. Эвлэрлийг баталгаажуулсан шүүгчид гомдол гаргасан боловч 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн .... дугаар захирамжаар татгалзсан, шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн .... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаж өгсөн баримтаар манай компанийн худалдаж авсан орон сууцнуудын өмчлөх эрх "А" ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байхыг мэдсэн болно. Иймд гэрээнээс татгалзаж, иргэн С.мтай байгуулсан гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан гаргуулах, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдсэн үүргийн зөрчил, хохирлоо шаардаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдан авагч тал болох Л ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний төлбөрт мөнгөн дүнгээр 457 950 000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс 150 941 500 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж С.мгаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК-тай нийт 488.24 м.кв талбайтай 7 ширхэг 2-3 өрөө орон сууцыг арматурын төмрөөр солих гэрээг байгуулж эхний нэг орон сууц болох Баянгол дүүргийн ... хороо, 38б байрны ... тоот орон сууцыг өмчлөх гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч Л ХХК нь бараа материал нийлүүлээгүй бөгөөд надад 457 950 000 төгрөг надад төлөөгүй. Х хотхоны 82.15 м.кв 4 өрөө орон сууц нь Л ХХК бас арматур нийлүүлэхээр тохирч авсан боловч нэг ч тонн төмөр аваагүй учир цуцлагдсан. Мөн 2019 оны 09 дүгээр сард нийт 64 000 000 төгрөгийн үнэлгээтэй 2 авто машин авсанаа дурдаагүй байна. Л ХХК-аас болж миний бие А-т үлэмж хэмжээний хүү алдангийг зогсоохын тулд 2021 оны 06 дугаар сард эвлэрлийн гэрээ байгуулахаас өөр арга байгаагүй, тухай бүрт мэдэгдэж байсан сүүлдээ надтай холбогддог хүн байхгүй болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О нь хүн тухайн үед Л ХХК-д ажиллаж байсан, бүгдийг мэдэж баэйгаа. Нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг миний дансанд орж байгаагүй. Энэ асуудлыг судалж явсаар Н.Н гэдэг хүн Б.Лд өгсөн, тэд хуучны танилууд байсан. Би зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 6/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 7-12/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шүүгчийн захирамж /хх 13-14/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн шүүхийн тогтоолын хуулбар /хх 15-17/, нэгтгэл /хх 18-20/, баталгааны гэрээ /хх 21-22/, зээлийн гэрээ /хх 23/, барьцааны гэрээ /хх 24-25/, гэрчилгээ /хх 26/, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх 27-28/, хүсэлт гаргах тухай /хх 29/, итгэмжлэл /хх 50,/

Хариуцагчаас: прокурорын тогтоол /хх 13/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 53-64/, Л ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх 65-67/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 76-81/, Л ХХК-тай тооцоо нийлсэн акт /хх 82-83/, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх 84-85/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 86-89/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

С.м нь Л ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19/17 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, .... орон сууцны 209.47 м.кв талбай бүхий 21, 26, 27 тоот 3 сууцыг 324 678 500 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л ХХК нь гэрээний үнэнд нийт 202.92 тн арматур нийлүүлэх,

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19/18 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ...дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, ... орон сууцны 138.6 м.кв талбай бүхий 1, 6 тоот 2 сууцыг 214 830 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л ХХК нь гэрээний үнэнд нийт 134.27 тн арматур нийлүүлэх,

2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 19/19 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, ... орон сууцны 140.17 м.кв талбай бүхий 15, 16 тоот 2 сууцыг 217 263 500 төгрөгөөр худалдах, худалдан авагч Л ХХК нь гэрээний үнэнд нийт 135.79 тн арматур нийлүүлэхээр тус тус тохирчээ. /хх 76-81/

Талууд эдгээр гэрээг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү гэрээний агуулгыг өөрчилсөн, өмнөх үүрэг дуусгавар болсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 150 941 500 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбараар дээрх гэрээнд өөрчлөлт оруулсан, гэрээг дүгнэсэн, дуусгавар болгосон, эсхүл цуцалсан нь тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр шилжүүлсэн 120 000 000 төгрөг, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, П хотхоны 208/1 байрны 44 тоот, 72.2 м.кв 2 өрөө, 140 790 000 төгрөгийн үнэ бүхий байрыг шилжүүлсэн талаар маргаж, нийт 260 790 000 төгрөгөөс Саас Л ХХК-д шилжүүлсэн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, .... орон сууцнаас 70.87 м.кв 109 848 500 төгрөгийн үнэ бүхий сууцыг хасч үлдэх 150 941 500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тооцжээ.

 

2.3. Иргэн Н.Г нь С.Лтэй 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлэх, барьцааны гэрээгээр С.Лийн өмчлөлийн, улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн . ду..гаар хороо, .....дугаар хэсэг гудамж, ..... тоот байршилтай, 264.31 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалахаар тус тус /хх 153-156/ тохирчээ.

Л ХХК-ний 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 20/04 тоот тогтоол гарч, компаний байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 19/17/ 19/18, 19/19 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн С.Лгийн нэр дээр авсан 6 хувийн хүүтэй зээлийн төлбөрүүдийг батлан даалт гаргаж хариуцах, гэрээ байгуулах, гарын үсэг зурах, бичиг баримт бүрдүүлэх эрхийг гүйцэтгэх захирал Н.Нт олгожээ.

Улмаар 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баталгааны гэрээ байгуулж, С.Лээс 19/17/ 19/18, 19/19 тоот гэрээгээр худалдан авсан 7 орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тул төлбөрт шилжүүлсэн таун хаусыг барьцаанд тавьж зээл авах, зээлтэй холбоотой бүх зардлыг хариуцахаар тохирсон /хх 157-159/ байна.

Харин Л ХХК нь С.Лтэй 19/17,19/18, 19/19 тоот гэрээг байгуулаагүйгээс гадна, түүний зээлсэн 120 000 000 төгрөгийг хариуцаж төлөхөөр үүрэг хүлээсэн Л ХХК нь Саас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн С.Лийн зээлсэн гэх 120 000 000 төгрөгийг С.мд бэлнээр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй байна.

Гэрч Н.Н 2019 онд компанид ороход нэлээн өртэй, Л, У, С.м нарт өртэй, мөнгөө нэхээд байсан, Лийн нэр дээр зээлийг гаргуулж мөнгийг шилжүүлсэн, Ууганаад Зайсанд барлалтай 72.2 м.кв байрыг, м Яармагт байрлалтай 3 өрөө байрыг авсан гэж мэдүүлсэн байх ба үүнээс дүгнэвэл, 120 000 000 төгрөгийг С.мд шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

 

2.4. Г.П нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ......байрны 44 тоот, 72.2 м.кв 2 өрөө сууцыг 40 000 000 төгрөг худалдан авсан, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Г.П нь Ц.О энэ сууцыг 50 000 000 төгрөгөөр /хх 120-121/ худалджээ.

Гэрч Г.П мэдүүлэхдээ Л ХХК С.мд өртэй байсан, О утсыг нь блоклосон байсан, тодорхой хэмжээний төлбөр төлөх ёстой гэж би хэлсэн. Л ХХК өөр хүнээс орж ирсэн байрыг С.мд шилжүүлсэн, түүний нэр заасан хүн рүү төлбөрт тооцож шилжүүлсэн гэжээ.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, Л ХХК нь С.мд төлбөртэй байсан, төлбөрт тооцож эд зүйл шилжүүлсэн нь түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл болохгүй.

 

2.5. Хэргийн 82-83 дахь талд авагдсан тооцоо нийлсэн актад талууд гарын үсэг зураагүй, С  ХХК, С.м нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ /хх 84-85, 103-104/, Үүр тээл ХХК-д өгсөн хүсэлт, гэрээ цуцалсан мэдэгдэл /хх 100/, Л ХХК, С.м нарын хооронд байгуулсан 2019-7-15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /автомашин/ гэрээ /хх 98-99/ зэрэг баримтууд нь энэ шийдвэрийн үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 150 941 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 912 657 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болго шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 657 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Саас 150 941 500 /нэг зуун тавин сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулыг хүссэн Л ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 912 657 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА