2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/499

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Амартогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508030782474 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо төвийн урд хохирогч ***ыг “мөнгөө нуулаа” гэж уурлан маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт чулуугаар цохисны улмаас зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч ***: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний цохисон асуудлаас болж нас бараагүй, сүүлд нас барсан...” гэв.

 

          Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Амь хохирогч ***а нь миний хамгийн бага дүү, бид нар эхээс зургуулаа, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 1988 онд манайх Төв аймгийн Эрдэнэсант сум руу нүүж ***а Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч төгссөн. ***а нь бага байхын дуу цөөтэй хүүхэд байсан. Сүүлийн таван жил архины хамааралтай болсон. Дүү ***ыг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс дээр очоод Хулстайн голын хажууд осгож нас барсныг мэдсэн...” /хавтаст хэргийн 12 дахь тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны өрхийн эмнэлэгт ажил дээрээ байхад 18 дугаар хорооны ажилчид түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай хорооны үүдэнд нэг эрэгтэй хүн цус алдаад байна, үзээд өгөөч гэсний дагуу очиж үзэхэд биеийн байдал тогтвортой, цус алдаад 2-3 цаг болсон байх, цус нь хатчихсан байсан. Толгойнд 2-3 см язралт үүссэн байхаар нь анхан шатны тусламж үзүүлээд 103 эмчид хүлээлгэн өгсөн. Боолт хийх явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хариу үйлдэл үзүүлж байсан...” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өглөө өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад 10 цаг 10 минутад гаднаас үл таних бараан өнгийн хувцастай, толгой хэсгээс нь их цус урссан байдалтай эрэгтэй хүн манай өрөөнд орж ирээд цагдаа байна уу гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үл таних эрэгтэй хүнээс хаана зодуулсан талаар асуухад мах дээр гэж хариулсан. Надад “би цус алдаад үхлээ” гэхэд нь би цагдаа дуудчихсан, та суугаад хүлээж бай гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Удалгүй цагдаа ирсэн, өрхийн эмчийг дуудах шаардлагатай гэхэд нь би өрхийн эмч болох Буяннэмэхийг дуудсан,  өрхийн эмч Буяннэмэх толгой нь хагарсан хүнд анхны тусламж үзүүлж боолт хийж өгсөн...” /хавтаст хэргийн 16 дахь тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 3-25 тоотод Баттулга найзынхаа хамт 2023 оноос хойш амьдарч байгаа. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08-аас 09 цагийн хооронд шил лааз түүж “Тесо” ХХК-ийн замын эсрэг талд байх хоёрдогч түүхий эд авах цэгт түүсэн шил лаазаа тушаачхаад буцаад “Милко Трейд” ХХК-ийн урд хуучны таван давхар, хойшоо харсан нэг орцтой байрны ойролцоо явж байгаад ***тэй таарсан. Миний ард ***, ***а хоёр хэрэлдээд байхаар нь эргээд харахад *** нь ***ын нүүрэнд баруун гараараа нэг удаа цохиж унагаасан, би очоод ***г түлхэж холдуулаад ***ыг очиж харахад толгойны орой хэсгээс нь цус баруун шанааг нь дагаад урсаад халаасанд байсан нойлын цаасаар дарахад цус нь тогтохгүй байсан. Би хажуугаар явж байсан хүнээс түргэн дуудаад өгөөч гэж түргэн дуудуулаад эргэж хараад ***г чи хүн алчихлаа гэхэд яадгийн гэж хэлчхээд явсан. Удалгүй түргэн ирж ***ыг аваад явсан...” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***а манай “Дөлгөөн минж” Төрийн бус байгууллагад 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Энэрэл” эмнэлгээс ирсэн, ирэхдээ толгойдоо боолттой, таяг тулсан байдалтай байсан. Юм асуухаар хүнд зодуулсан гэдэг. Манайд ирэхдээ ухаан санаа хэвийн, орон гэргүй, хамаатан саданг хайхаар олддоггүй, тогтсон хаяггүй гэж манай ээж хэлсэн...” /хавтаст хэргийн 189-190 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог Судлалын Үндэсний төв эмнэлэгт гавал тархины тасагт хагалгаанд орж 14 хоног эмчилгээ хийлгэж орон гэргүй гэх шалтгаанаар манай Энэрэл эмнэлэгт 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт шилжин ирсэн. Манай эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь хүндэвтэр, хэвтрийн байдалтай ирсэн. Тархины хагалгаа хийгдсэн байсан болохоор физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, тархины боолт, эмийн эмчилгээ хийгдэж байсан. Эмчилгээний явцад босож сууж, гар таяг тулж явдаг болсон, биеийн баруун гар хөл саажилттай гэмтлийн улмаас өөрийгөө ойлгуулж чадахгүй байсан, эмчилгээний явцад бага зэрэг сайжирсан. Манай Энэрэл эмнэлгийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баттулгын биеийн байдал дунд зэрэг, өөрийгөө аваад явах чадвартай болсон тул “Дөлгөөн минж” Төрийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн...” /хавтаст хэргийн 193-194 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08-аас 09 цагийн хооронд “Милко трейд” ХХК-ийн урд талын хуучны таван давхар цагаан байрны урд явж байгаад ***, ***а хоёртой таарч, бид гурав 0,75 литрийн архи хувааж ууж байхдаа ***тай шил лааз түүсэн мөнгөө нуулаа гэж мөнгөнөөс болж маргалдсан. Архиа ууж дуусчхаад Мах комбинат руу явж байхад *** намайг богинохон төмрөөр миний шанаа хэсэгт цохихоор нь би атгасан гарны хэмжээтэй чулуу газраас аваад толгой руу нь нэг удаа цохисон. ***а шууд газар унасан. Би ***ыг газар уначихаар нь цаашаа Ханийн материал руу хог түүхээр явсан. Намайг ***ын толгой руу чулуугаар цохихыг *** харсан...” /хавтаст хэргийн 23, 181 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,     

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8052 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. ***ын биед зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хавтаст хэргийн 143-146 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Нас барсан гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26, 27-28 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

- Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 36, 39 дахь тал/,

- Илтгэх хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,

- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 59 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ЕГО125/1758, ЕГО325/4372, ЕГО325/4343, ЕГО125/1757, ЕГО325/4374 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 99-100, 101-105, 109-110, 111, 115-116, 117, 119-121, 130-131, 132-133 дахь тал/,

- Өвчний түүх /хавтаст хэргийн 151-172 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 184-186 дахь тал/,

- Нэхэмжлэл /хавтаст хэргийн 203 дахь тал/,

- Хүсэлт /хавтаст хэргийн 206 дахь тал/,

- Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 52 дахь тал, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 202 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85-92 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Тэсо төвийн урд хохирогч ***ыг “мөнгөө нуулаа” гэж уурлан маргалдаж улмаар түүний толгой хэсэгт чулуугаар цохисны улмаас зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн: “...Амь хохирогч ***а нь миний хамгийн бага дүү, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 1988 онд манайх Төв аймгийн Эрдэнэсант сум руу нүүж ***а Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч төгссөн. ***а нь бага байхын дуу цөөтэй хүүхэд байсан. Сүүлийн таван жил архины хамааралтай болсон...” /хавтаст хэргийн 12 дахь тал/ гэсэн, гэрч ***ийн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны өрхийн эмнэлэгт ажил дээрээ байхад манай хорооны үүдэнд нэг эрэгтэй хүн цус алдаад байна, үзээд өгөөч гэсний дагуу очиж үзэхэд биеийн байдал тогтвортой, цус алдаад 2-3 цаг болсон байх, цус нь хатчихсан байсан. Толгойд нь 2-3 см язралт үүссэн байхаар нь анхан шатны тусламж үзүүлээд 103-ын эмчид хүлээлгэн өгсөн. Боолт хийх явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хариу үйлдэл үзүүлж байсан...” /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэсэн, гэрч ***гийн: “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өглөө өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад 10 цаг 10 минутад гаднаас үл таних бараан өнгийн хувцастай, толгой хэсгээс нь их цус урссан байдалтай эрэгтэй хүн манай өрөөнд орж ирээд цагдаа байна уу гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үл таних эрэгтэй хүнээс хаана зодуулсан талаар асуухад мах дээр гэж хариулсан. Удалгүй цагдаа ирсэн, өрхийн эмчийг дуудах шаардлагатай гэхэд нь би өрхийн эмч болох Буяннэмэхийг дуудсан,  өрхийн эмч Буяннэмэх толгой нь хагарсан хүнд анхны тусламж үзүүлж боолт хийж өгсөн...” /хавтаст хэргийн 16 дахь тал/ гэсэн, гэрч Д.Баттулгын: “...Би Баттулга найзынхаа хамт 2023 оноос хойш амьдарч байгаа. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08-аас 09 цагийн хооронд шил лааз түүж “Тесо” ХХК-ийн замын эсрэг талд байх хоёрдогч түүхий эд авах цэгт түүсэн шил лаазаа тушаачхаад буцаад “Милко Трейд” ХХК-ийн урд хуучны таван давхар хойшоо харсан нэг орцтой байрны ойролцоо явж байгаад ***тэй таарсан. Миний ард ***, ***а хоёр хэрэлдээд байхаар нь эргээд харахад *** нь ***ын нүүрэнд баруун гараараа нэг удаа цохиж унагаасан, би очоод ***г түлхэж холдуулаад ***ыг очиж харахад толгойны орой хэсгээс нь цус баруун шанааг нь дагаад урсаад халаасанд байсан нойлын цаасаар дарахад цус нь тогтохгүй байсан. Эргэж хараад ***г чи хүн алчихлаа гэхэд яадгийн гэж хэлчхээд явсан...” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/ гэсэн, гэрч ***гийн: “...***а манай “Дөлгөөн минж” Төрийн бус байгууллагад 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Энэрэл” эмнэлгээс ирсэн, ирэхдээ толгойдоо боолттой, таяг тулсан байдалтай байсан. Юм асуухаар хүнд зодуулсан гэдэг. Манайд ирэхдээ ухаан санаа хэвийн, орон гэргүй, хамаатан саданг хайхаар олддоггүй, тогтсон хаяггүй гэж манай ээж хэлсэн...” /хавтаст хэргийн 189-190 дэх тал/ гэсэн, гэрч ***ийн: “...***а нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд гавал тархины тасагт хагалгаанд орж 14 хоног эмчилгээ хийлгэж орон гэргүй гэх шалтгаанаар манай “Энэрэл” эмнэлэгт 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт шилжин ирсэн. Манай эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь хүндэвтэр, хэвтрийн байдалтай ирсэн. Тархины хагалгаа хийгдсэн байсан болохоор физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, тархины боолт, эмийн эмчилгээ хийгдэж байсан. Эмчилгээний явцад босож сууж, гар таяг тулж явдаг болсон, биеийн баруун гар хөл саажилттай гэмтлийн улмаас өөрийгөө ойлгуулж чадахгүй байсан, эмчилгээний явцад бага зэрэг сайжирсан. Манай “Энэрэл” эмнэлгийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ***ын биеийн байдал дунд зэрэг, өөрийгөө аваад явах чадвартай болсон тул “Дөлгөөн минж” Төрийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн...” /хавтаст хэргийн 193-194 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 8052 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***ын биед зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” /хавтаст хэргийн 143-146 дахь тал/ гэсэн дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26, 27-28 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 59 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 184-186 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт бүхий гэмтэл нь шүүгдэгч ***гийн түүний толгой руу чулуугаар цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***гийн хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн ил хугарлаас титэм заадас даган, зүүн чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, хоёр духны дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр суганд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдолтой гэсэн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Хохирогч ***а гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас 1,492,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул шүүгдэгч ***гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408030782474 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, хураагдсан салфетка гурван ширхэг, нойлын цаас нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шийтгэсэн 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 1,492,000 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /Төрийн сан дахь 100900020080 дугаарын данс/-т олгосугай.

 

5. Эрүүгийн 2408030782474 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, хураагдсан салфетка гурван ширхэг, нойлын цаас нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР