Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 114/ШШ2023/0015

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Нарантуяа, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК /*******/,

Хариуцагч: *******д холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., иргэдийн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
  2. ******* 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3, Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн орсныг соёрхон батлах хууль, Тамхины хяналтын суурь конвенцийн 1 дүгээр зүйлийн (е), 4 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 2.б, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 11 дүгээр зүйлийн 11.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглож шийдвэрлэсэн байна.
  3. “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК нь электрон болон ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд түүний нэг хэсэг нь электрон тамхи худалдаалах үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч  компани нь компанийн дүрмийн 4.2-т заасан үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсад *******, ******* брэндийн электрон тамхи, түүнийг дагалдах хэрэгслийг импортолж, харилцагч дэлгүүртэй гэрээ байгуулан худалдаалах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Эдгээр харилцагч нарт Дархан-Уул аймаг дахь худалдааны дэлгүүрүүд багтдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ, мөн Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Хэдий тийм боловч “*******” ХХК-ийн зүгээс электрон тамхийг 21 нас хүрээгүй этгээдэд худалдахгүй гэдэг бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарласны үндсэн дээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тухайлбал өнгөрсөн хугацаанд хариуцагч дэлгүүрүүд дээр зөвхөн 21 түүнээс дээш насанд хүрсэн этгээдэд худалдаалах зорилгоор худалдагч нарын биеийн байцаалтыг шалгасны үндсэн дээр худалдах шаардлага тавих, тамхины хор хөнөөлийг сурталчлан таниулах хэвлэмэл хуудас, самбар, дүрс бичлэг бэлтгэн нийтлэх, ерөнхий боловсролын сургуулиудаас 500 метр дотор цахилгаан тамхин бүтээгдэхүүн худалдахгүй байх, тус шаардлагыг дэмжихгүй харилцагч нартай гэрээгээ цуцлах зэрэг үйл ажиллагааг бодитоор төсөв зарцуулж явуулж ирсэн.

Гэтэл *******ас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай “Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж гаргаж, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг хориглосноор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хуулиар хориглоогүй бараа бүтээгдэхүүнээ худалдах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчигдөж байна. Захирамжид дурдсаны дагуу “*******” ХХК нь Дархан-Уул аймагт электрон тамхи худалдаалдаг, нийлүүлдэг болохыг нотлох зорилгоор электрон тамхийг гаалийн хилээр нэвтрүүлсэн тухай баримт болох “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд” болон Дархан-Уул аймагт үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, тэдгээр аж ахуй эрхлэгч компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүллээ.  

    1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр, гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг” ойлгохоор заасан. Мөн зүйлийн 37.7-д зааснаар нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно. Гэвч маргаан бүхий засаг даргын захирамж нь “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг 2023 оны 05 сарын 15-ны өдрөөс хориглосон” агуулгатай тул нэг тохиолдлыг зохицуулаагүйгээс гадна нийтлэг шинжээр тодорхойлогдох боломжгүй, тодорхойгүй тооны этгээдүүдийн тодорхой тооны үйлдэлд чиглэсэн тул захиргааны актад хамаарахгүй юм. Тодруулбал электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн  үйлчлэлд хамаардаггүй тул электрон тамхийг худалдаалахад аливаа тусгай болон энгийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Өөрөө хэлбэл Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэн ч электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн нь нийтлэг шинжээр тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасны дагуу *******д уг захирамжийг гаргах эрхийг хуулиар тусгайлан олгосон байхаас бусад захиргааны хэм хэмжээний актын шинжүүдийг дараах байдлаар агуулж байх тул “захиргааны хэм хэмжээний акт” гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон болно. Үүнд:

Нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан: Электрон тамхийг худалдахад заавал зөвшөөрөл авдаггүй. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт бүх этгээдэд үйлчлэх шинжтэй. Мөн тус аймгаас гадна байгаа аливаа этгээд худалдах боломжтой тул эдгээр бүх этгээдэд тус бүтээгдэхүүнийг хориглож, заавал дагаж мөрдүүлэхээр захирамжилсан.

Гадагш чиглэсэн: Засаг даргын маргаан бүхий захирамж нь электрон тамхийг худалдаалахыг хүссэн хэн бүхэнд хандсан, гадагш чиглэсэн захирамж юм.

Үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байх: Маргаж буй захирамж нь нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болох биш, эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр шийдвэрлэх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчлэх шинжтэй.

Хэм хэмжээ тогтоосон: Аймгийн хэмжээнд электрон тамхийг худалдахыг хориглож байгаа тул хэм хэмжээ тогтоосон агуулгатай байна.

    1. Тухайн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасны дагуу эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудаст хайлт хийхэд аль алинд нь нийтлэгдээгүй, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3-2/49 дүгээр лавлагаагаар дээрх захирамж нь хуульд заасан журмын дагуу бүртгэлгүй байна.
    2. Түүнчлэн аймгийн Засаг дарга нь өөрийн харьяа нутаг дэвсгэртээ дагаж мөрдүүлэх захиргааны хэм хэмжээний акт гаргахын тулд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх, тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх нь хуулиар олгогдсон байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд электрон тамхийг хязгаарлах, хориглох тухай үндэслэл байхгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ захирамж гаргах эрхтэй ч хуулиар хориглоогүй үйл ажиллагааг аймгийнхаа хэмжээнд хориглож болох эрх тусгайлан олгогдоогүй юм.
    3. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх тайлбарыг хариуцагч огт гаргаагүй, нөлөөллийн шинжилгээг хийж, хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн харилцаанд болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гаргах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх, хэрэв агуулж байгаа бол тэр нь хуульд нийцсэн эсэхийг нөлөөллийн шинжилгээгээр тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл Засаг даргын захирамж нь дээрх шаардлагыг огт хангаагүй нь тодорхой харагддаг.
    4. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаас үзвэл электрон тамхи нь тухайн хуулиар тодорхойлсон тамхин бүтээгдэхүүн эсвэл утаат тамхи гэсэн ойлголтод хамаарахгүй. Учир нь тамхины навчийг түүхий эд болгон үйлдвэрлээгүй, тухайн бүтээгдэхүүнээс хамаарч 0-5 хувь никотины хэмжээ агуулах боловч бохь агуулаагүй, уур гаргадаг цахилгаан төхөөрөмж юм. Хэрэв нэхэмжлэгчийг Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн гэж үзвэл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах ёстой.

Анх электрон тамхийг Монгол Улсад импортлоход Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан тамхи импортлох зөвшөөрөл, мөн зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардаагүй. Ийнхүү электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуульд хамаарахгүй болох нь Гаалийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01-1/2323, Эрүүл мэндийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/2918 дугаар албан бичгүүдээр харагддаг.

Аймгийн Засаг даргын зүгээс захирамж гаргахдаа Тамхины хяналтын тухай хуулийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.3, 60.1.5-д заасан шаардлагад нийцээгүй.

    1. Маргаан бүхий захирамжид Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байдаг бөгөөд тус бүтээгдэхүүн нь тухайн хуулиудыг хэрхэн зөрчиж байгаа талаар аливаа тайлбар, үндэслэл бүхий судалгаа алга байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан бүх мэдээллийг тухайн бүтээгдэхүүнд ил тод, тодруулбал үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, барааны нэр, төрөл, хэмжээ, хэмжих нэгж, барааг зөв хэрэглэх заавар зэргийг харуулсан. Эдгээр мэдээллүүд нь англи хэл дээр байгаа боловч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл, монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаж байна.
    2. Хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг хэрэглэсэн бөгөөд Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг хангуулж байгаа бол тухайн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хуульд заасан журмын дагуу хянан шалгаж, тогтоох шаардлагатай. Хэрэв хууль биелүүлээгүй гэдгийг тогтоосон бол түүнд ногдох зохих хариуцлагыг холбогдох хуульд заасны дагуу тооцож, хууль биелүүлэх шаардлагыг тавих нь зүйн хэрэг. Гэтэл бодит байдал дээр ийнхүү хууль зөрчсөнийг тогтоох ажиллагаа явуулаагүй атлаа ******* дугаар захирамжийг гаргаж, цагдаагийн байгууллагын туслалцаатайгаар Дархан-Уул аймагт худалдаалагдаж буй нийт электрон тамхийг худалдаалахгүй байх шаардлагыг тавьж байна.
    3. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...электрон тамхи татдаг хүүхэд, өсвөр насныхан янжуур тамхи татах эрсдэл 2 дахь нэмэгддэг. Электрон тамхийг бүрэн хориглоогүй тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс дараах зохицуулалт хийхийг зөвлөсөн. Үүнд:
  1. Тамхи татдаггүй, насанд хүрээгүй, эмзэг бүлгийн хүмүүсийг бүх төрлийн электрон тамхи хэрэглэхээс урьдчилан сэргийлэх,
  2. Бүх төрлийн электрон тамхи хэрэглэгчдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг багасгах, ойр байгаа хүмүүсийг хорт утаанд өртөхөөс хамгаалах,
  3. Бүх төрлийн электрон тамхины талаар нотлогдоогүй эрүүл мэндийн мэдэгдэл гаргахаас урьдчилан сэргийлэх гэж заасан.
    1. Электрон тамхи нь шингэнийг халааж, улмаар аэрозоль үүсгэх төхөөрөмж юм. Никотин нь маш их донтуулдаг бөгөөд залуу хүмүүсийг тамхи 20 нас хүртэл хөгждөг. Мөн уг тамхи нь хүүхэд, өсвөр насныханд онцгой эрсдэлтэйд тооцогддог. Электрон тамхины хэрэглээ нь зүрхний өвчин, уушгины эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Никотин дамжуулах электрон системийг хуулийн зохицуулалтад хамруулахгүй үлдээх ёсгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Дэлхийн тамхины тахлын тайлан-2021”-д дэлхийн 111 улсад ямар нэг байдлаар электрон тамхины хяналт зохицуулалт хийгдсэнээс 32 улсад /2,4 тэрбум хүн ам/ электрон тамхины худалдааг хориглож, 79 улсад /3,2 тэрбум хүн ам/ хэсэгчилсэн болон бүрэн байдлаар нэг болон түүнээс дээш хуульчилсан арга хэмжээ авчээ.
    2. Монгол Улсын 15-69 насны хүн амын 24,2 хувь нь тамхи татаж байх ба 13-15 насны сурагчдын 14 хувь, үүнээс хөвгүүд 21 хувь, охид 6,9 хувь тамхи татаж байна. Сурагчдын 3,5 хувь, хөвгүүдийн 5,8 хувь, охидын 1 хувь электрон тамхийг хэрэглэж байна. Тамхи татаж эхэлсэн нас 2005 онд 20 байсан бол 2019 онд 18,9 бол залуужсан.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3, Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн орсныг соёрхон батлах хууль, Тамхины хяналтын суурь конвенцын 1 дүгээр зүйлийн (е), 4 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлийн 2.б, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 11 дүгээр зүйлийн 11.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн иргэд, өсвөр үе, залуучуудыг тамхинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглож шийдвэрлэсэн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

  1. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...хариуцагчийн гаргасан захирамжийг байх ёстой гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн *******д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д захиргааны үйл ажиллагааг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар хуульчилжээ.
  3. “*******” ХХК нь захиргааны үйл ажиллагааг хэм хэмжээний акт гэж тодорхойлон түүнийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны хэм хэмжээний актын тухайд шүүхээс хүчингүй эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэхээр байна.
  4. Захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэм хэмжээний акт байх, хүчин төгөлдөр болоогүй байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй /онцгой ашиг сонирхол байх/ байх шаардлагууд хангагдсан байх ёстой.
    1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан хэм хэмжээний акт болох тухайд:
      1. Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас гаргасан: Тамхины хяналтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг”, 3.1.2-т “"утаат тамхи" гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг” хэлнэ гэж тус тус зааснаас үзвэл электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл нь тамхин бүтээгдэхүүн, утаат тамхид хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/767, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01-1/2323, Эрүүл мэндийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/2918 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Нэгэнт электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл Тамхины хяналтын тухай хуульд хамаарахгүй тохиолдолд хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан маргаж буй захирамжийг гаргасныг хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      1. Нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “...Зөвшөөрлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуулиар бүх төрлийн тамхи импортлоход тусгай зөвшөөрөл өгөх зохицуулалт...” гэх 01/2232 дугаар албан бичиг, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.3, 8.2 дугаар зүйлийн 11.6 дахь хэсэгт заасан тамхи гэх ойлголтод дээр дурдсанчлан электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл хамаарахгүй юм.

Хариуцагч ******* тухайн аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосноор тус аймгийн нутаг дэвсгэрт электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийн худалдан борлуулдаг болон хэрэглэдэг /тодорхойлж болохуйц бус/ бүх этгээдэд чиглэсэн, хориглосон буюу захирамжилсан шинжийг  агуулж байх тул нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гэж үзэхээр байна.

      1. Гадагш чиглэсэн: Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл нь гадагш чиглэсэн буюу иргэн, хуулийн этгээдэд хандсан байхыг ойлгоно. Хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсч буй захирамж нь электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийн худалдан борлуулдаг болон хэрэглэдэг этгээдэд чиглэсэн, тодруулбал, худалдан борлуулах болон худалдан авахыг хориглосон үр дагаврыг үүсгэж байна.
      2. Үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй: Захиргааны акт нь тодорхой нэг харилцааг зохицуулаад зорилго нь биелж дуусгавар болдог бол Захиргааны хэм хэмжээний актын хувьд нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болохгүй, эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр шийдвэрлэх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчилдэг тул электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулах бүх тохиолдолд байнга давтан үйлчилж байна.

Дээрх захиргааны хэм хэмжээний актын шинжүүдийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж нь бүрэн хангаж байх бөгөөд уг захирамжийг захиргааны хэм хэмжээний акт мөн эсэхтэй хариуцагч маргаагүй.

    1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамж нь хүчин төгөлдөр /эрх зүйн үйлчлэлтэй/ болоогүй тухайд:
      1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно...” гэж тус тус зааснаар захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болохоор зохицуулагджээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Электрон тамхийг худалдаалахыг хориглосон ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжууд нь тус тус захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэх 3-2/49 дүгээр албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргүүлээгүй” гэх тайлбар зэргээс үзвэл маргаж буй захирамж нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, эмхэтгэлд нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй байна.

      1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хариуцагчаас тухайн захирамжийг зайлшгүй гаргах шаардлагатай байсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасан тусгай зохицуулалт нь захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болох бөгөөд захиргааны хэм хэмжээний акт гарсан өдрөөс хойш ажлын  гурван өдөрт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, уг байгууллага захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, эмхэтгэлд нийтлүүлэхээр хуульчилжээ.

Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг “нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол бий болсон” гэх үндэслэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсөн, олон нийтийн сүлжээнд тавьж нийтэд мэдээлсэн гэж тайлбарлах боловч холбогдох баримтуудыг гарган өгөөгүй, тухайн зөвлөмжийг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол бий болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, захирамжийг гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй, хуульд нийцээгүй байх тул маргаж буй захирамжийг хүчин төгөлдөр болсон гэж үзэхээргүй байна.

    1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй /онцгой ашиг сонирхол байх/ байх шаардлагын хувьд:
      1. Маргаж буй захирамжийн улмаас нэхэмжлэгч компани нь электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр худалдан борлуулж чадахгүйд хүрч, хохирсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь электрон тамхи борлуулалтын /2023.03.01-2023.05.30/ тайлан зэргээр тогтоогдож байна.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 61, 62, 63, 64 дүгээр зүйлд захиргааны актын төслийг бэлтгэх, төсөлд санал авах, захиргааны актыг хүргүүлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...уг ажиллагаануудыг хийгээгүй” гэж тайлбарласан.  
  2. Дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэв.
  3. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийн хүрээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон зохицуулалт байхгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс маргаж буй захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.3, 60.1.6-д заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй хэмээн маргаж байгаа ч уг үндэслэлүүд нь хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад бус хүчин төгөлдөр хэм хэмжээний акт хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тул шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
  4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагчийн гаргасан захирамжийг байх ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан ба дээрх үндэслэлүүдээр түүний гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.8, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.3-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                      Д.НАРАНТУЯА

                         ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ