Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02057

 

 

 

 

 

 

 

 

 

    2024                04            17                                              184/ШШ2024/02057

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 13 дугаар хороо, Залуусын гудамж, өөрийн байр хаягт оршин байх ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хүсэлттэй, 

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: ***-ыг

 

Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* нь *** 9а тоот хаягт оршин суудаг. Р.******* нь 2015  болон 2019 онуудад хорих ял эдэлж байсан. Р.******* нь архины хамааралтай, байнга архи ууж гудамж талбай олон нийтийн газар бөөлжиж, тасарч унадаг. Мөн орон гэргүй архичидтай нийлэн согтууран иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд СӨХ-ны иргэдээс энэ хүнтэй холбоотой маш их гомдол ирдэг. Тиймээс энэ хүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан. 2024 оны 04 дүгээр сараас хойш би энэ хүнийг 7 удаа зөв амьдрахуйн ухаан ТББ-ын сургалтад оролцуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс Р.*******ын яаралтай архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай байна. Р.*******ын архины эмчилгээнд хамрагдаад архинаас гарчихвал миний зүгээс хорооны нийгмийн ажилчидтай холбогдуулан ажилд оруулах талаар холбож өгч болно гэв.

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2 удаа сайн дурын архины эмчилгээнд явж байсан бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн мөнгөөр туслуулж байсан нь үнэн. Би орох орон гэргүй болохоор гудамж, орцонд архи уугаад явдаг байсан. Миний зүгээс архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь ******* овогт *******ийн *******/*******/-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар тус шүүхэд Р.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Р.******* нь *** тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор, түүний архинд донтох эмгэг, хараат байдалтай, архидан согтуурч нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчсөн, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, албадан эмчлүүлэх шаардлагатай болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “**” СӨХ-ны захирал **ын тайлбар, хүсэлт, ******* дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн гишүүдийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын цахим архивын бүртгэлийн зөрчил гаргасан тухай бүртгэлийн хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, ******* дүүргийн 12 дугаар хорооны хэсгийн ахлагч ***-гийн гаргасан хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр Р.******* нь согтуурах, мансуурах донтой эмгэгийн 3 дугаар шатны өвчлөлтэй, архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай, харшлах өвчингүй талаар дурджээ.

Иймд архидан согтуурах донтой Р.*******ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Хүсэлт гаргагч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******/*******/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.

2.Р.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулахыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

3.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***