| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1338/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/467 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/467
2026 02 12 2026/ШЦТ/467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Ж.Энхбат,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 2409022552207 дугаартай хэргийг 2026 оны П01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.0
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан “машин түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн ..........эд “тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл түрээслүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” эмнэлэг дээр байх үедээ шилжүүлсэн хохирогч Ш.Эгийн 260,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .......... тоот дансаар залилан авч, хохирогч Ш.Эд 260,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу фейсбүүкт “хямдхан машин зарна” гэж зар байршууулан, тус зарын дагуу холбогдсон хохирогч Б.Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Аг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А шүүхийн хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Эрүүгийн 2409022552207 дугаартай хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас /1 хх-ийн 15/
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 37-38/,
ХААН банкны 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 29/8644 дугаартай *............. тоот дансыг .......... регистрийн дугаартай Алтанцэцэг А.А эзэмшдэг, дансны хуулга хүргүүлэв" гэсэн албан бичиг, түүний хавсралт /1 хх-ийн 22-33/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 18-20/,
Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 42/,
Хохирогч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 112-113/,
Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 179/
Гэрч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 162-163/,
Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/7397 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 хх-ийн 154-156/,
Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 29/8704 дугаартай албан бичиг, дансны хуулга, 1ширхэг сиди /хх-ийн 14-16/,
Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 166-168/,
Шүүгдэгч А.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ийн 133-153/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.1 Шүүгдэгч А.А нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан “машин түрээслүүлнэ” гэсэн хуурамч зарыг байршуулан, зарын дагуу холбогдсон иргэн ..........эд “тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл түрээслүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” эмнэлэг дээр байх үедээ шилжүүлсэн хохирогч Ш.Эгийн 260,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны .......... тоот дансаар залилан авч, хохирогч Ш.Эд 260,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу фейсбүүкт “хямдхан машин зарна” гэж зар байршууулан, тус зарын дагуу холбогдсон хохирогч Б.Аг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Аг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 1,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
"Фейсбүүкээр машин зарна" гэсэн зарын дагуу урьдчилгаа 1,6 сая төгрөгийг өөрийн .......... данснаасаа .......... дугаарын дансанд шилжүүлж залилуулсан гэх" дуудлага лавлагааны хуудас /1 хх-ийн 15/
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо "Ирээдүй" хотхонд гэртээ байхдаа фейсбүүкээр автомашин худалдах зар харж байгаа "SEE ALL" гэх нэртэй хаягтай хүний оруулсан "Приус-30 зарна" гэсэн зарын дагуу түүнтэй эхлээд чатаар тодорхой хэдэн мэдээлэл аваад түүний надад өгсөн Ондоогийн ........... дугаартай холбогдон ярихад 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн чатаар надад иргэний үнэмлэхийн зураг болон жолооны үнэмлэхийн зургийг явуулсан. Тухайн зураг дээрх нь хүн нь А.А /........../ гэх хүн байсан. Тэгээд машиныг авахаар болоод .......... дугаартай данс руу өөрийн Хаан банкны .......... дугаартай данснаас 1,600,000 төгрөг шилжүүлсэн чинь өнөөдрийг хүртэл холбоо барихгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 37-38/,
ХААН банкны 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 29/8644 дугаартай *............. тоот дансыг .......... регистрийн дугаартай А эзэмшдэг, дансны хуулга хүргүүлэв" гэсэн албан бичиг, түүний хавсралт /1 хх-ийн 22-33/,
Дансны хуулганд үзлэг хийсэн “….......... регистрийн дугаартай А.Аын ХААН банкны .......... дугаарын дансанд үзлэг хийхэд Б.Агийн .......... дугаарын данснаас 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг Mashin uridchilgaa 50 хувь гэсэн утгаар, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг Mashin гэсэн утгаар тус тус шилжүүлж орлого орсон нөхцөл байдал тогтоогдож байна гэх" мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 18-20/,
Шүүгдэгч А.Аын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч, санал нийлж байгаа, өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчимд өөрийн "See All" хаягийг ашиглан Приус 30 загварын тээврийн хэрэгсэл зарна гэж хуурамч зар оруулсан. Энэхүү зарын дагуу нэг хүн надтай холбогдсон бөгөөд тухайн хүнд би Приус 30 машин байгаа, урьдчилгаа 1,500,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Үүний дагуу тухайн хүн миний Хаан банкны .......... дугаартай данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд мөнгө аваад тэр даруйдаа би тухайн хүнийг блок хийгээд алга болсон. Өөр зүйл болоогүй, хохирогчоос авсан 1.500.000 төгрөгийг 1х бэт дээр бооцоо тавьж тоглосон. Би тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагүй, одоо ч эзэмшдэггүй. Надад зарах машин байгаагүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэж худал зар байршуулж менге залилжавсан. Би хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй байна. Надад санал хүсэлт, гомдол байхгүй" гэсэн мэдуулэг /1 хх-ийн 42/,
Хохирогч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 09-ний 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х эмнэлэг дээр байх үед хүү Билэгтэд "түрээсийн машин олж өгөөч гэсэн, тэгээд удалгүй 13 цагийн үед хүү Билэгт над руу залгаад "түрээсийн тээврийн хэрэгсэл олчихлоо. Тоёота сай гэх нэртэй тээврийн хэрэгсэл байна, та хаан банкны .......... тоот данс руу 260,000 төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлчихлээ” гэсэн. Тэгээд би өөрийн худалдаа хөгжлийн банкны ........... тоот данснаас хаан банкны .......... тоот данс руу 260,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад манай хүү ".......... дугаар луу ярьж байгаад 19 цагийн үед Кинг таурын хажуу талаас очиж аваарай" гэсэн. Би залгахад гар утас нь холбогдохгүй байсан гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 112-113/,
Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр машин түрээслэх хэрэг гараад түүний дагуу фейсбүүкээс машин түрээслэх талаар зар харж байгаад А.А гэх залуутай холбогдсон. Чаат бичихэд машины сонголтуудаа санал болгохоор нь Тoyota sai rax машин түрээслэхээр болоод тохиролцсон. Машинаа яаж түрээсэлж авах талаар асуухад эхлээд e-Mongolia-аас цагдаагийн бичиг авч өгөх шаардлагатай гэхээр нь ээжийн хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт авч чаатаар явуулсан. Тэгээд машин түрээслэх нийт төлбөр нь 510,000 төгрөг гэсэн ба урьдчилгаа 260,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэсэн. Түүний дагуу манай ээж данснаасаа 260.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэг хийгдсэний дараа хаанаас талаар асуухад орой 19 цагийн орчимд Маршал Таунаас ирж аваарай гэж хэлсэн. Очихоос өмнө машин бэлэн болсон эсэх талаар асуухад огт холбоогүй алга болсон..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 179/
Гэрч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “Би Мобикомын .......... дугаарыг 2023 оны 05 дугаар сард Хан-Уул дүүргийн салбараас хадам ах А.Ат худалдаж авч өгсөн. Тухайн дугаарыг авч өгснөөс хойш А.А ах ашиглаж байсан. Одоогоос 2 сарын өмнө Мобикомоос миний .......... дугаар руу таны .......... дугаар хаагдах гэж байна гэсэн мессеж ирсэн, тэгэхээр одоо тухайн дугаар хаагдсан байх гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 162-163/,
Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/7397 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1 хх-ийн 154-156/,
Хаан банкны 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 29/8704 дугаартай албан бичиг, дансны хуулга, 1ширхэг сиди /хх-ийн 14-16/,
Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 166-168/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аын бусдыг залилсан үйлдэл хангалттай нотлогдон тогтоогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирлыг “...гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчлан тодорхойлсон байна.
Залилах гэмт хэргийн хохирлыг хохирогчийн эд хөрөнгөө шилжүүлсэн үеийн хөрөнгийн үнэлгээ, тоо, хэмжээгээр тодорхойлж тухайн тогтоогдсон хохирлын хэмжээнээс шалтгаалан яллагдагч, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох гэмт хэргийн шинжийг харгалзан зүйлчилдэг.
Залилах гэмт хэргийн шинжид бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох сэдэл, санаа зорилго хамаардаг ба шүүгдэгчийн зорилго тухайн цаг хугацаанд хангагдсанаар уг гэмт хэрэг төгссөн байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Аыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчээс нийт 1,860,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Эд 260,000 төгрөгийг, хохирогч Б.Ад 1,600,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх эдлээгүй ялаас 2 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх” саналыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч А.Аыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Иймд шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, удаан хугацаанд цагдан хоригдсон, өмнөх шийтгүүлсэн хэргүүдтэй нь хамтатган шийтгэх боломжтой байсныг мөрдөгч, прокурор нар хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг нь харгалзан энэ хэрэгт нь 6 сар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 сар 28 хоногийн хугацаагаар тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
4. Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг дурдаж, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.А нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 281 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож шүүхээс түүнд 268 хоног хорих ял оногдуулсантай харьцуулахад ялээ эдэлж дууссан байх тул түүнийг хуралдааны танхимаас нэн даруй суллаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоног хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 8 /найм/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 8 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 281 /хоёр зуун наян нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 1,860,000 төгрөгийг гаргуулан, үүнээс хохирогч Ш.Эд 260,000 төгрөгийг, хохирогч Б.Ад 1,600,000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
8. Шүүгдэгч А.Ат оногдуулсан 8 сар 28 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР