Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/01008

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/01008 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Туул гол  байр,  тоот хаягт оршин суух, Ровогт, М. Б /РД:ХЛ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, дөрвөн улирлын цэцэрлэг,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Б овогт, Н. Бд /РД:ГЮ/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 98 316 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 36 000 000 төгрөгийг авсан. ******* нь Өмнөговь аймагт нүүрсний уурхайд машин явуулж мөнгө олох ажил хийх гэж байгаа. 36 000 000 төгрөг өгчих, тохирсон хугацаандаа таны мөнгийг өсгөөд өгнө гэж хэлээд авсан байдаг. Тухайн үед 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй мөнгө авсан боловч 6 сарын дараа өгөөгүй. ******* нь *******тай байнга утсаар ярьдаг байсан. Эхлээд утсаа аваад ярьдаг байж байгаад сүүл рүүгээ утсаа авахаа байсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Хан-Уул дүүрэгт амьдардаг гэсэн боловч тэр хаягаар нь очихоор байдаггүй. Ингээд шүүхэд хандсан. *******аас хүү, алданги нийлээд нийт 98 316 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 17-нд өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж 36 000 000 төгрөгийг зээлж авсан. Миний бизнес 2022 оны 8 дугаар сард зогссон. Тэр үед Б-тэй 50 000 000 төгрөг өгье гэж тохиролцсон бөгөөд уг мөнгийг өгөхөөр бэлэн болгосон үед Борхүүгийн нөхөрийн дүү ******* гэгч түр өгөөч хэдхэн хоногт оффисын байраа зараад өгье гэж хэлж аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Тиймээс ******* авсан 36 000 000 төгрөгийг 50 000 000 төгрөг болгож төлж дуусгахад татгалзах зүйлгүй. Нэхэмжилсэн үнийн дүнг бол зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хаан банкны гүйлгээний баримт, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0040 дугаар зээлийн гэрээ, итгэмжлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 36 000 000 төгрөг, зээлийн хүү 6 480 000 төгрөг, алданга 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тооцож, нийт алданги 55 836 000 төгрөг, нийт 98 316 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч Н.Базаргарьд нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 36 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь хэсэгчлэн сар бүрийн 17-нд хүүгээ, сүүлийн сард үндсэн зээл, сүүлийн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч ******* эзэмшлийн ******* тоот дансанд 36 000 000 төгрөгийг ******* зээлүүлэв гэх утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар мараагүй тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

4.4. Хариуцагч нь тохирсон хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн 36 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 480 000 төгрөг, нийт 42 480 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

4.5.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан зохицуулалтад нийцэх алданги шаардах эрхтэй хэдий ч мөн зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэн шаардах эрхгүй юм.

 

4.6. Иймд нэхэмжлэгч алданги 21 240 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн үндсэн зээл 36 000 000 төгрөг, хүү 6 480 төгрөг, нийт 63 720 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 596 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан ба мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2024.02.19-ний өдөр хариуцагчийн дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Базаргарьдаас 63 720 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 596 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 649 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Базаргарьдаас улсын тэмдгийн хураамжид 476 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ