| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04581/И |
| Дугаар | 183/ШШ2024/01201 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/01201
2024 оны 03 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/01201 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргэ, дүгээр хороо, Арктай шар дугаар байр, тоот хаягт оршин суух, Е овогт, О.Ч /РД: ШД/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Рапид хороолол, дугаар байрны тоот хаягт оршин суух, Б овогт, Я.Б /Иргэний бүртгэлийн дугаар/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* хүсэлтээр 4 000 000 төгрөгийг хоёр хоногийн хугацаатай зээлж, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Заасан хугацаа өнгөрч утсаар хэд дахин залгаж шаардахад элдэв шалтгаан тоочиж, 5 хувийн хүүтэй буцааж төлье гэж хэлээд одоог хүртэл төлөөгүй. Иймд ******* үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 2 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* гэх 2023 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой бичгийн баримт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Хавтаст хэргийн 6-9 дүгээр талд авагдсан гар утасны зурвас нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *******д 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Тохиролцсон хугацаанд зээлийг буцаан төлөөгүй бөгөөд 5 хувийн хүүтэй буцаан төлнө гэсэн тул үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 2 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансны хуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот дансанд 4 000 000 төгрөгийг Чимгээ гэх утгаар шилжүүлсэн байна. Мөн хариуцагч ******* 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Я овогтой Б бие 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 6 000 000 төгрөг өгнө. Олон сар удаасан учир сүүлийн хугацаа 01 сарын 27-ны өдөр өгөх учир цагдаад хандахад гомдолгүй болно. гэх бичгийн баримт зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
5. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
6. Зохигчийн тайлбараар хариуцагч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* нь 4 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэв.
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж заасан.
8. Хариуцагч ******* 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн ...6 000 000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгнө... гэх бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн хүү 2 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
9. Тодруулбал, тухай баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бичгээр хийх хэлцэлд тавигдах хуулийн шаардлагад нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхгүй болно.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэг 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч ******* 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ