| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0340/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-09-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,
шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оточ овогт Ц.Ц Боржигон овогт П.Г нарт холбогдох 2017 2503 0916 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 61-64 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Оточ овогт Ц.Ц………………/,
2. Монгол улсын иргэн, 1958 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эх тэргүүн” компанид захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт П.Г …………...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх тэргүүн” компанийн байранд зээлсэн мөнгийг өгөхгүй байна гэснээс маргалдан П.Гыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх тэргүүн” компанийн байранд зээлсэн мөнгийг өгөхгүй байна гэснээс маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж Ц.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “2017 оны 04 дүгээр сарын 17 өдөр би Ганболд дээр очсон. Очсон шалтгаан нь би Ганболдод урьд нь 125 сая төгрөгийг зээлүүлсэн учраас энэ мөнгөө асуух гэж очсон. Би урьд нь сардаа нэг удаа асуух гэж очдог байсан. Би Ганболдын ажлын өрөөнд ортол Ганболд надад чиний төрсөн өдөр болоод өнгөрсөн юм байна гэж хэлээд жолоочоо явуулаад нэг шил архи авчруулсан. Тэгээд нэг шил архийг нь Ганболдтой хувааж уугаад, би зөрүүлээд хүний юмыг яаж зүгээр уух юм гэж бодоод жолоочид нь нэг шил архи захиж авчруулж уусан. Би тэгээд Ганболдоос найзынхаа мөнгийг хэзээ өгөх юм бэ гэж асуусан. Мөн Ганболд миний хүүхдийн нэр дээр байдаг гражийг ББСБ тавьж мөнгө авсан байсан. Тухайн байгууллага над руу өдөр болгон залгаад зээлжих эрхийг нь бууруулна гэж утсаар яриад байсан нь надад их дарамттай байсан. Тэгээд би энэ талаар Ганболдод хэлсэн залуу хүүхдийн ирээдүйд ийм асуудал хэрэггүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд Ганболд бид хоёр хоорондоо маргалдсан, Ганболд надад хоосон хүнээс юуг нь авдаг юм бэ гээд намайг ширээний ард сууж байхад татаад мөргөсөн. Тэгтэл би ухаан алдаж унасан, тэгээд би сэргээд Ганболдтой зууралдаж байтал гаднаас Эрдэнэбаяр орж ирсэн. Мөн миний эхнэр орж ирж таарсан. Ганболд миний хамар руу мөргөж гэмтээсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “2017 оны 04 дүгээр сарын 16 өдөр Цогтбал миний ажил дээр өглөө ирсэн. Бид хоёр нийлж 2 шил архи хувааж уусан. Тухайн үед Цогтбал нилээн согтсон. Тэгэхээр нь би жолоочоо Цогтбалыг хүргээд өгчих гэж хэлээд аваад гарсан. Би өрөөндөө суугаад байж байтал жолооч таксинд суулгачихлаа гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Цогтбал буцаж ороод ирээд мөнгө нэхээд маргалдаад байсан. Тухайн үед бид хоёр нилээн согтуу байсан. Цогтбалын эхнэр орж ирээд Цогтбалыг аваад гарах шиг болсон. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд намайг авч явсан би тэгээд эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш өглөө нь миний хөл эвгүй гишгэж чадахгүй болсон байсан. Бид хоёр харилцан зодолсон гэж үзэж байна. Ийм хэрэг болсонд харамсаж байна. Сүүлд шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргасан. Цогтбал гомдолтой гэж цагдаад өргөдөл гаргасан учраас эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан” гэв.
Ц.Цын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би П.Гын ажлын офисс болох Соёл урлагийн их сургуулийн ард талын “Эх тэргүүн” компанийн байранд очиж уулзаад найзынхаа мөнгийг ямар нэгэн аргаар өгөөч ээ, хэцүү байна гэж хэлж яриад байж байтал “төрсөн өдөр чинь өнгөрчихсөн байна ш дээ найздаа хэлэхгүй яасийн” гээд “Хар Чингис” архи авчруулж уусан. Тэгээд би бас яаж зүгээр байхав гээд дахин 1 шил архи авчруулж уусан. Тэгээд хоёулаа архиа уугаад сууж байхдаа надад мөнгөний хэрэг болоод байна гэхэд “чи миний хоёр чихийг огтлохгүй бол юу авдаг юм бэ? Чи битгий ингэж царай алд, мөнгийг чинь өгнө ш дээ” гээд хоорондоо маргалдсан. Тэгээд маргаан жоохон ширүүсээд би “хуц солиор, хүний мөнгө авчихаад ингээд байхдаа яадаг юм бэ” энэ тэр гээд маргалдсан чинь Ганболд ширээний цаанаас босч ирээд намайг заамдаж авсан ба би бас барьцалдаж авсан, тэгээд л намайг шууд тас гээд нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөчихсөн. Нэг сэрсэн чинь хамаг хувцас цус болчихсон, шалаар нэг цус болсон байсан. Тэгээд байж байтал эхнэр Алтанзагас ирээд намайг авч яваад цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-7х/,
П.Гын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “...Цогтбал жоохон агсраад янз бүр болоод байхаар нь жолооч Баярааг дуудаад өгч явуулсан чинь Баяраа удалгүй таксинд суулгаад өгчихлөө гэж орж ирсэн. Тэгээд сууж байтал Цогтбал буцаж орж ирээд Ганболдоо хоёулаа уулзъя гээд намайг дагуулаад манай өрөөнд орсон юм. Тэгээд өрөөнд ороод мөнгө төгрөгний асуудлаа яриад намайг ална хядна гээд барьж авч боож, түлхэж унагаад дээр гарчихаад ноцолдоод босоод ирсэн чинь миний шанаа руу нэг цохиж унагаад дээрээс хөлний шагайн дээр, цээжин дээр дэвсэж мордоод сууж байхад Баяраа орж ирээд Цогтбалыг салгаад аваад гарсан. Ц.Ц намайг боож унагаад зүүн хацар руу баруун гараараа 2-3 удаа цохисон. Мөн хэвтэж байхад дэвсээд байсан. Хөлөн дээр дэвсэхэд баруун хөл аймаар өвдөөд Цогтбалаас салчихаад босоод алхах гэсэн чинь маш их хөндүүртэй гишгэж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-9х/,
Гэрч Н.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Жолооч Баяраа орж ирээд нөгөө Ганболд ах чинь Цогтбалтайгаа муудалцаад хэрэлдээд байхаар нь Цогтбалыг гаргаад таксинд суулгаад ирлээ гэж ярьсан. Удалгүй 30-40 минутын дараа жолооч Баяраа орж ирээд Цогтбал орж ирээд Ганболдтойгоо зодолдоод Цогтбалынх нь хамраас цус гоожоод эхнэр хүүхэд нь ирээд бөөн юм болж байна гэсэн. Тэгээд би Ганболдын өрөөнд орсон чинь Ганболдын том өрөөний шалаар нэл цус болсон байхаар нь юу болж байнаа гэж хэлээд гарсан чинь Цогтбал ариун цэврийн өрөөнөөс хамар амаа дарчихсан цусаа угаасан бололтой толгойгоо норгоод нүүр амаа угаачихсан гарч ирсэн. Хувцас хунар нь цус болсон байсан. П.Гын уруул нь аль талдаа байсан мэдэхгүй язарсан байсан. Өөр ямар нэг гэмтэл шарх анзаараагүй. Харин маргааш нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр П.Гыг эрүүлжүүлэхээс гарахад нь уулзахад баруун хөл нь доголоод муу алхаж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос өмнө бол алхаж гишгэх нь зүгээр байсан. П.Г түнх өвддөг, суудлын өвчин мэдрэлийн судас дарагдсан гэж хэлж байсан. Миний хажууд Цогтбал, Ганболд хоёр хоорондоо хөл өвдсөн гэх мэт зүйл ярьж байгаагүй. Ганболдын гэрт очиж муудалцсаныг нь мэдэх ч үгүй. Ганболд нь Цогтбалаас хөлөө яачихсан юм бэ гэж асууж байсныг нь би лав мэдэхгүй байна. Харин Ганболд байнга л гэрээс гараад 100 ч алхаж чадахгүй байна, 2 түнхээр хатгаж өвдөөд байна, мэдрэлийн судас дарагдчихсан юм шиг байна, түнх өвдөөд байна л гэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-14х/,
Гэрч Т.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр хоёрыг маргалдаад байхаар нь болиулаад Цогтбалыг таксинд суулгаж өгөөд Соёл-Эрдэнийн өрөөнд сууж байхад дуу чимээ гараад байхаар нь өрөө рүү нь орох гээд явж байсан чинь Цогтбал Ганболдын өрөөнөөс хамарнаас нь цус гоожсон байдалтай гарч ирээд цаашаа явсан. Би Ганболдын өрөөнд орсон чинь удалгүй Цогтбал орж ирээд хэрэлдээд ална тална гэж муудалцсан, би дундуур нь ороод салгаж байхад миний цамцнаас зуураад унасан, босч ирэхдээ хамраас нь дахин цус гоожсон. Тэгээд өөрөө гүйгээд гараад явсан. Тэр хоёр нэг нэгнийгээ өшиглөөд ноцолдоод байсан. Чухам хэн хэнийгээ яаж цохисоныг хараагүй. Миний хажууд тэр хоёр газарт унаагүй. Намайг орохоос өмнө хоёулхнаа байхдаа хоорондоо зодолдчихсон байсан. 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос өмнө Ганболдын хөл зүгээр байсан. Түнх өвдлөө л гэж ярьдаг байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс авахад хөл нь гишгэж болохоо больчихсон гээд доголоод яваад байсан. Тэр 2 нилээн их согтсон байсан” гэх мэдүүлэг /хх-17х/,
Гэрч Ш.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, артерийн даралт 110/70 пульс-80, ил харагдах шархгүй, хувцас урагдсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Хөлийг нь бол анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-22х/,
Гэрч Н.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын эхээр 09 цагийн орчим Цогтбал манайд орж ирсэн. Намайг гал тогоонд байж байхад Цогтбал, Ганболд 2-ын дуу нь өндөрсөөд явчихаар нь ороход Цогтбал, Ганболдын хоолойг багалзуурдаад цонхны тавцан дээр шахчихсан байсан. Би “хүүе Цогтбалаа хүн аллаа ш дээ, цагдаа дуудлаа шүү” гэхэд Цогтбал Ганболдыг диван руу түлхсэн. Ганболд хэсэг хугацааны турш ухаан алдсан, би сандраад сэргээсэн. Тухайн үед Ганболдын хөл доголоогүй, ор руугаа өшиглөж цохисон зүйл байхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө жолооч Баяраа нь залгаад Ганболд ах эрүүлжүүлэхэд орчихсон, би авах гээд явж байна гэсэн. Тэгээд тэр 2 хорооны цагдаа дээр байцаагдаж байна гээд үдээс хойш гэртээ ирсэн. Ирэхдээ баруун хөл нь аймаар хөхрөөд хавдчихсан байсан. Би хөлийг нь давстай хар цайгаар шавшиж хавдрыг нь буулгасан, хөлөө яачихсан юм бэ гэхэд Цогтбал өшиглөчихсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5312 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. П.Гын биед баруун тахилзуур ясны хугарал, тархи доргилт, баруун шагайн үе болон баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун шагайнд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5254 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Ц.Ц-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, гайморын хөндийн дотор ханын хугарал, хамрын цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61-62х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53, 56х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54-55х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх тэргүүн” компанийн байранд зээлсэн мөнгийг өгөхгүй байна гэснээс маргалдан П.Гыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх тэргүүн” компанийн байранд зээлсэн мөнгийг өгөхгүй байна гэснээс маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж Ц.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цын өгсөн: “… Тэгээд Ганболд бид хоёр хоорондоо маргалдсан, Ганболд надад хоосон хүнээс юуг нь авдаг юм бэ гээд намайг ширээны ард сууж байхад татаад мөргөсөн. Тэгтэл би ухаан алдаж унасан, тэгээд би сэргээд Ганболдтой зууралдаж байтал гаднаас Эрдэнэбаяр орж ирсэн. Мөн миний эхнэр орж ирж таарсан. Ганболд миний хамар руу мөргөж гэмтээсэн” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гын өгсөн: “… Тухайн үед бид хоёр нилээн согтуу байсан. Цогтбалын эхнэр орж ирээд Цогтбалыг аваад гарах шиг болсон. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд намайг авч явсан би тэгээд эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш өглөө нь миний хөл эвгүй гишгэж чадахгүй болсон байсан. Бид хоёр харилцан зодолсон гэж үзэж байна. Ийм хэрэг болсонд харамсаж байна. Сүүлд шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргасан. Цогтбал гомдолтой гэж цагдаад өргөдөл гаргасан учраас эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан” гэх мэдүүлэг,
Ц.Цын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “... Ганболд ширээний цаанаас босч ирээд намайг заамдаж авсан ба би бас барьцалдаж авсан, тэгээд л намайг шууд тас гээд нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөчихсөн. Нэг сэрсэн чинь хамаг хувцас цус болчихсон, шалаар нэг цус болсон байсан. Тэгээд байж байтал эхнэр Алтанзагас ирээд намайг авч яваад цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-7х/,
П.Гын хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: “... Ц.Ц намайг боож унагаад зүүн хацар руу баруун гараараа 2-3 удаа цохисон. Мөн хэвтэж байхад дэвсээд байсан. Хөлөн дээр дэвсэхэд баруун хөл аймаар өвдөөд Цогтбалаас салчихаад босоод алхах гэсэн чинь маш их хөндүүртэй гишгэж чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-9х/, гэрч Н.Соёл-Эрдэнэ /хх-14х/, гэрч Т.Эрдэнэбаяр /хх-17х/, гэрч Ш.Энхбаатар /хх-22х/, гэрч Н.Түвшинжаргал /хх-24х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5312 тоот шинжээчийн дүгнэлт /хх-29х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5254 тоот шинжээчийн дүгнэлт /хх-31х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61-62х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53, 56х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54-55х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ц.Ц, П.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт гаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Ц, П.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.