Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0562

 

 

 

 

2023 06 27                                        128/ШШ2023/0562

 

 

 

 

 

2023              06          27                                                                      128/ШШ2023/0562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э Э Ж А рХХК /РД:******* /,

Хариуцагч: АМ, ГТГ,ТГКХ хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-с Ашигт малтмалын газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/6082 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан захиргааны актуудыг хүчингүй болгож, Э Э Ж А рХХК-ийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг дахь Баяндүүрэх нэртэй 413.82 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан.

2. Шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2023/1239 дүгээр шүүгчийн захирамжаар Ашигт малтмалын газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагаар Ашигт малтмал газрын тосны газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Нэхэмжлэл гаргагч Э Э Ж А р ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хамтран хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг татаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардагдах менежментийн төлөвлөгөөг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга баталж өгөөгүй эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, улмаар ашигт малтмалын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Ашигт малтмал газрын тосны газрын даргад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Дээрх шаардлагаас, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардагдах менежментийн төлөвлөгөөг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга баталж өгөөгүй эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23/076 албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх хэмээн тодруулж ирүүлсэн.

4. Нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК-ийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ лицензийн хугацаа дуусахаас өмнө өөрийн биеэр бичиг баримт, бүх өргөдлөө 7 дугаар сард наадмын өмнө аваачиж өгсөн. Өргөдлөө өгөхөд танай байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй гэдэг шалтгаанаар өргөдөл хүлээж аваагүй. Түүнийг батлуулна гэж явсаар байгаад сараас өмнө гэдэг хугацаа дотроо орсон. Гэхдээ бид нар 8 дугаар сарын 15-ны өдөр төлбөр мөнгөө тушаагаад, 8 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө лицензийн хугацаа дуусахаас өмнө албан бичгээр хандсан... гэв.

5. Нэхэмжлэл гаргагч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э Э Ж А р ХХК нь Монгол Улсын Засгийн газраас, хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайд анх нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших XV-021398 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан. Үүний дагуу төлбөр, мөнгө хураамжийг бүгдийг нь төлөөд тусгай зөвшөөрлийг эзэмшигч болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3.-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор батлуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл байгаль орчныг хамгаалах нэг чиг үүрэг гэсэн үг. Энэ үүргээ гүйцэтгэхээр Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад 2019 оны 7 дугаар сард хандахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэдэг байдлаар татгалзсан хариу өгсөн байдаг. Татгалзсан үндэслэлдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/44 тогтоолоор сумын газар нутгийн зарим хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байна гэдэг тайлбарыг хэлсэн. Ингээд дээд шатны захиргааны байгууллагад хэд хэдэн удаа хандсан. Аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газарт бид нар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг албан бичиг удаа дараа хүргүүлж хандсан байдаг. Ингээд шалгаад үзсэний үндсэн дээр ямар нэгэн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь сумын тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхацсан зүйл огт тогтоогдоогүй. Аймгийн Засаг даргын зүгээс Гурванбулаг сумын Засаг даргад манай газар давхцалтай газар биш байна, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өг гэсэн чиглэмж ирүүлсэн. Үүнд үндэслээд Ашигт малтмал, газрын тосны газраас ч гэсэн Гурванбулаг сумын Засаг даргад албан бичиг явуулсан боловч эцсийн дүнд баталж өгөөгүй.

Иймд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байсан Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, менежментийн төлөвлөгөөг батлуулахыг даалгах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уг шүүхээс хэрэг үүсгээд, хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүх 28 дугаартай шийдвэрээр хариуцагч тал болох Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г хянан батлахыг даалгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч давж заалдсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШЗ2022/3202 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Д-н гомдлыг буцааж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон.

Манай компани тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар, хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргах ёстой гэдэг байдлаар 07 дугаар сарын 08-ны өдөр захирал өөрийн биеэр очоод өгсөн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хүсэлтээ өгтөл дутуу материал хүлээн авахгүй өөрөөр хэлбэл менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлуулаагүй, хайгуулын үйл ажиллагаанд гаргасан зардал, нотлох баримтуудаа хавсаргаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг гаргаж өгөөгүй зэрэг хэд хэдэн бичиг баримт чинь дутуу байна гэдэг шалтгаанаар татгалзсан хариу авсан. Учир нь тухайн үед Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул, байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байсан болно. Ингэж татгалзаж болохгүй, хэрэв татгалзаж байгаа бол албан ёсоор өргөдлийг хүлээж аваад дараа нь татгалзсан хариугаа өгөх ёстой гэдэг байдлаар бид нар хандсан

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дахин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг, тусгай зөвшөөрлийн төлбөр, үйлчилгээний төлбөр гэх мэтчилэн төлбөр 180.000 төгрөг, хураамжуудыг ихэнхийг нь төлөөд хүсэлтээ гаргасан гаргасан. Хүсэлтийг 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэж авсан байдаг. Хугацаа дуусаагүй байсан гэсэн үг, тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Д.Батмагнайн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 албан бичгээр Танай компани өөрийн эзэмшлийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Баяндүүрэх нэртэй 413.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байна гэсэн хариу өгсөн. Гэтэл энэ үед мөн л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг маргаан үргэлжилж байсан бөгөөд шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гаргаагүй байсан болно. Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нөгөө тал давж заалдсан байдаг. Гэхдээ нөгөө тал буюу Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газар давж заалдах хугацаагаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдлыг нь буцаасан. Ингээд энэ гомдол наашаа ирэх гэсээр байтал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон.

Бид нар 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүсэлтээ гаргасан байдаг. Манай зүгээс ямар нэгэн шалтгаалах нөхцөл байдал байхгүйгээр манай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан буюу бид нар Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасны дагуу бичиг баримтаа гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байсан, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлттэй байна гэдэг байдлаар хүсэлтээ гаргасан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/66082 тоот албан бичгээр татгалзсан хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас авсан байдаг. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах хугацаа хэтэрсэн тул танай хүсэлтийн дагуу дээр дурдсан тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэх боломжгүй боломжгүйг мэдэгдье гэсэн гэсэн хариуг өгсөн. Энэ тал дээр

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 91 дүгээр тогтоолын агуулга нь манай хэргийн үйл баримттай мөн адилхан, өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь баталж өгөхгүй байсны улмаас менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж чадаагүй, хайгуулын ажил хийсэн талаарх тайлан зэргээ гаргаж өгч чаддаггүй. Тэгээд мөн тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихдаг. Үүн дээр Улсын Дээд шүүхийн 91 дүгээр тогтоолын 13, 14, 15 дугаар догол мөрөн дээр маш тодорхой бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан шаардаад байгаа менежментийн төлөвлөгөө болон бусад баримт бичгүүдийг гаргахад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Яалт ч үгүй үүнийг гаргаж өгөх боломжгүй байсан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.3.5-т заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх ёстой үүргээ биелүүлэхгүй байхад нь үүнийг баталж өгөхгүй байгаа бичиг баримтыг шаардаж байгаа нь бодит нөхцөл байдал дээр тохирохгүй байна. Татгалзаж шийдвэрлэж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Мөн үндэслэл бүхий шийдвэр байх ёстой гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай зөрчилдөж байна гэдэг байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тэгэхээр манай тохиолдолд ч гэсэн Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Эцсийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах гомдлын хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Бид нар энэ нөхцөл байдлуудыг хангалттай тодорхой Ашигт малтмал, газрын тосны газар болон Кадастрын хэлтэст гаргаж өгч байсан. Өөрөөр хэлбэл бид нар шүүхийн шийдвэрийг хавсаргаад ийм учраас бид нар бусад хуульд заасан бичиг баримтуудыг гаргаж өгч чадахгүй байна гэдгийг удаа дараа тайлбарлаж, хүсэлт гаргаж байсан. Гэвч харамсалтай нь Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан байгаа юм. Эдгээр нь өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.8-д заасны дагуу бодит нөхцөл, байдалд тохироогүй, үндэслэл бүхий бус, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн зөрчилтэй шийдвэр юм. Мөн бид нэхэмжлэлийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-д зааснаар эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн агуулгаар бид нар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа. Тэгэхээр даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан бичиг баримтуудыг хэлэх гэсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т дөрвөн төрлийн бичиг баримтыг хуулиар шаардсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар нэхэмжлэгчид байсан, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт гэж байна, үйлчилгээний хөлсийг бид нар төлсөн, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлсөн. Бид нар хайгуулын ажлаа эхлэх гэтэл менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байсан. Хайгуулын ажлыг яагаад эхлүүлж болохгүй байсан бэ гэдэг талаар Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайхыг хориглосон байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай орших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах ёстой. Энэ төлөвлөгөөг 38.2-т заасны дагуу Засаг дарга баталж өгөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.4-т энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх үүрэгтэй гэж байна. Ингээд байгаль орчны хяналтын албанд хүргүүлснээр байгаль орчны хяналтын алба Ашигт малтмалын тухай хуулийн 37.2-т заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг нь олгоод үйл ажиллагаа явуулна. Гэтэл энэ менежментийн төлөвлөгөө батлагдаагүйн улмаас байгаль орчны хяналтын албанд бид нар төлөвлөгөөгөө өгч үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч чадахгүй, хайгуулын ажлаа эхэлж чадахгүй нөхцөл байдал руу шууд орж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан байна гэж байгаа. Тэгэхээр энэ үйл баримтыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хангалттай тогтоочихсон байгаа учраас энэ талаар дэлгэрүүлэх шаардлагагүй байх. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж байгаа. Тэгэхээр энэ тайланг хайгуулын ажлыг бид нар эхлүүлж чадаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.4-т заасан энэ тайланг бас хүлээлгэж өгөх боломжгүй болчхоод байна. Зөвхөн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүйн улмаас манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасан баримтыг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, тогтоолгох гээд байна. Хэрвээ бид нар менежментийн төлөвлөгөөгөө батлуулаад авчихсан бол хайгуулын ажлаа хийгээд, энэ бүх бичиг баримтыг гаргаад өгчих боломжтой байсан учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг маань бүрэн хангах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бид нар хууль зөрчсөн эсвэл төлбөр мөнгөний зөрчилтэй үйл ажиллагаа явуулаагүй. Тусгай зөвшөөрлийг 2019 оноос хойш авснаас хойш албан бичиг солилцсон, маргаанаа шийдвэрлүүлэх гэж шүүхдэж, орон нутагтайгаа ойлголцох гэж явсаар өдий хүрсэн байгаа юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсэж байна... гэв.

6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардагдах менежментийн төлөвлөгөөг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга баталж өгөөгүй эрх зүйн харилцаа байсныг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, улмаар ашигт малтмалын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Журам батлах эрх олгох тухай 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай А/28 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.

Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

Дээр дурдсан 243 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий газарт багтсан Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших 413,82 га бүхий Баяндүүрэх нэртэй талбайд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан СШ-38-9 дугаартай сонгон шалгаруулалтыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд нээсэн.

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших 413,82 га бүхий Баяндүүрэх нэртэй талбайд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зарласан СШ-38-9 дугаартай сонгон шалгаруулалтад Э Э Ж А р ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах А/132 дугаар тушаал гарсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших 413,82 га бүхий Баяндүүрэх нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021398 дугаартай тусгай зөвшөөрлийг Э Э Ж А р ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.14-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахаар заасан.

Хуулийн дээрх шаардлагын дагуу Э Э Ж А р ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж Э Э Ж А р ХХК нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа гаргасан зөвшөөрлийн нотолгоо-нд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Гэтэл Э Э Ж А р ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХВ-021398 тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг кадастрын системд бүртгэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүхэд хариуцагчийн зүгээс хариу тайлбараа гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас 7 дугаар сарын 08-ны өдөр баримтуудаа бүрдүүлээд өгсөн гэж байна. 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэдэг нь нэгдүгээрт нотлогдохгүй байгаа, хаана, ямар хүнд, яаж өгсөн. Хэрвээ тийм байсан бол тэр өдрөө албан бичгээр хандахгүй яасан бэ. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргана гэж хуульчилсан. Гэтэл компаниас 8 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт өгсөн байдаг. Үүнд ямар нэгэн нотлох баримт хавсаргаж ирүүлээгүй. Гэтэл 8 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 тоот бичиг яаж хууль бус болох вэ. Энэ дээр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Зүгээр шүүхэд хянагдаж байгаа, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү гэсэн байгаа. Тийм учраас 4215 дугаар албан бичиг хуульд нийцсэн албан бичиг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д нэг сарын өмнө гаргахдаа ямар ямар бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх вэ гэдгийг сая нэхэмжлэгч талаас ярьж байх шиг байна. Өөрсдөөс шалтгаалах юмнуудаа нэг сарын өмнө төлсөн байх ёстой. Энэ талаар нотлох баримтуудаа нэг сарын өмнө захиргааны байгууллагад гаргаж өгсөн байх ёстой.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэтсээс нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК-д Булган аймгийн Гурванбулаг сумын Баяндүүрэх нэртэй газарт 413.82 гектар хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-021398 дугаар тусгай зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.

3. Нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 22/23 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 22/75 дугаар албан бичгээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр XV-021398 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг авснаар хайгуулын ажил хийх болоход Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахаас сумын зүгээс татгалзаж хайгуулын ажил хийх боломжгүй болсон учир Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд бидний хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн сунгалтын өргөдлийг хүлээн авч хянан, зохих дүрэм, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргахад,

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10/4215 дугаар албан бичгээр ...танай компани ашигт малтмалын хайгуулын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар манай газарт гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон гэсэн хариуг нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК-ийн захирал Л.Бд өгчээ.

5. Улмаар нэхэмжлэгч Э Э Ж А р ХХК 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 22/61 дугаар албан бичгээр ...Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан батлахыг даалгасан шийдвэр гарч, шүүхээр шийдвэрлүүлж байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн сунгалт хийхэд шаардлагатай бичиг баримт дутуу бүрдэл дутуу гэх шалтгаанаар сунгалтын өргөдөл хүлээн аваагүй учир сунгалт хийлгэж чадалгүй цуцлуулсан. Иймд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт оршдог Баяндүүрэх нэртэй 413.82 га XV-021398 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хандсанаар, тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах асуудлыг хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаа хэтэрсэн тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 10/5651 дугаар албан бичгээр авчээ.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд өөрт хадгалагдаж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй, амжилт олоогүй нь дээр дурдсан үйл баримтуудад туссан гэж үзэхээр байна.

7. Нэхэмжлэгч талаас хугацаа сунгуулах хүсэлтээ нэг сарын өмнө гаргах ёстой гэдэг байдлаар хариуцагч татгалзсан хариу өгч, өргөдлийг нь хүлээж авахгүй байгаа үйл баримтад Улсын дээд шүүхээс практик тогтоосон, ...тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байхад хугацаагаа сунгуулах эрхтэй..., ...нэг сарын өмнө гаргаагүй гэдэг байдлаар компани аж ахуйн нэгжийн эрх, ашгийг зөрчих үндэслэлгүй зэргээр тайлбарлан гарсан тогтоолуудыг нотлох баримтаар гарган шүүхээс үнэлэхийг шаардсан бол, хариуцагч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргана гэж хуульчилж ямар ямар бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх вэ гэдгийг заасан..., нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрч маргасан.

8. Шүүх, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан судалж тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасан.

10. Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардагдах менежментийн төлөвлөгөөг Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга баталж өгөөгүйн улмаас уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Кадастрын хэлтэст гаргах өгөх боломжгүй байсныг тогтоолгох буюу эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх агуулгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасан үндэслэлээр гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

11. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, Гурванбулаг сумын Засаг даргаар батлуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч тус Засаг даргаас төлөвлөгөөг батлах эсэх талаар ямар нэг хариу өгөөгүй, улмаар Гурванбулаг сумын Засаг даргын ...үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Э Э Ж А рХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г батлахыг Гурванбулаг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хариуцагч Б.Дэлгэрийн гомдлыг буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШЗ/2022/2302 дугаар шүүгчийн захирамж гарснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

12. Энэ тохиолдолд тогтоох нэхэмжлэлийн ангиллаар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч /нэхэмжлэгч/ уг тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахад хуулиар заавал шаардагдах баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн, харин уг албан тушаалтнаас баталж өгөөгүйн улмаас хариуцагч Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг болохыг тогтоолгох нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиг сонирхол байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийг төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ... сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3. энэ хуулийн 40.1-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална, 38.2. Сум, дүүргийн Засаг дарга ...10 хоногийн дотор баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан нь хариуцагч захиргааны байгууллагаас өөр захиргааны байгууллагын үүрэг байх бөгөөд нэхэмжлэгчид дээрх үүргийг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх буюу эрх зүйн харилцаатай байсан болохоо шүүхээр тогтоолгох ашиг сонирхол байсан, нөгөө талаар, нэхэмжлэгчид өөрөөс нь үл шалтгаалах байдлаар нэг сарын өмнө хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг гаргахад заавал хавсаргах хуульчилсан баримт /байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө/-ыг гаргаж өгөх боломжгүй байсан, энэ нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө ч, нэг хоногийн өмнө ч адилхан боломжгүй байсан. Учир нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШЗ/2022/2302 дугаар шүүгчийн захирамж гарснаар хүчин төгөлдөр болсон.

14. Энэ утгаараа нэг нь нөгөөгөөсөө уялдаатай баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Кадастрын хэлтэст гарган өгөх боломжгүй байсныг тогтоох үндэслэлтэй байна.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 22.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг ханаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж зохицуулсан.

16. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 07 дугаар сард хариуцагч захиргааны байгууллага дээр биечлэн очиж уулзсан, өөрийн хуулийн этгээдийн геологичийг явуулж хүсэлтээ гаргасан, бидний өргөдөл хүсэлтийг хүлээж авахгүйгээр бүрдэл дутуу шалтгаанаар шууд буцаасан гэж тайлбарлаж байх ба, өмгөөлөгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд өргөдөл хүсэлтээ гаргасан нь бүртгэл хяналтын картаар бүртгэгдсэн, удаа дараа хандсан зөвхөн нэг сарын өмнө өргөдлөө гаргаагүй гэсэн хариу өгч Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийг төлөвлөгөөг гаргаж өгөх боломжгүй, бид нарын буруутай үйл ажиллагаа биш гэж тайлбарлаж байна.

17. Ийнхүү нэхэмжлэгч талын тайлбар, Улсын дээд шүүхийн нотлох баримтаар гаргаж өгсөн тогтоолуудын агуулгаас үзвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д ишилсэн мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй үйл баримт нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд байхгүй, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн амаар болон 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан хугацаа сунгуулах өргөдөл, хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт заасны дагуу аль нэг шийдвэрийг гаргахаар, харин Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5. энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн эрх байна.

18. Иймээс, хугацаа сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд баримт бичгийн бүрдэл бүрэн өргөдлийг гаргаагүй талаарх хариуцагчийн эс үйлдэл хууль бус байна, удаа дараа ашигт малтмалын хайгуулын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар манай газарт гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон гэх хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх,...ээр гаргасан өргөдөл, гомдлыг ...шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар эс үйлдэхүйн шинжийг агуулж байна.

19. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2. кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж, 11.1.14. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.15. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, 11.1.17. тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх чиг үүргийг ханган ажиллах нь хариуцагч захиргааны байгууллага болох Кадастрын хэлтсийн үүрэг бөгөөд хамгийн гол нь тухайн тусгай зөвшөөрлийг хянах эрх үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ шийдвэрээ бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны зарчим алдагдсан, үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3. ...хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ...авах, 21.1.4. ...тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, ...бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх, 21.1.5. ...хугацаагаар 3 удаа сунгуулах талаарх тусгай зөвшөөрөл эзэмшигч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

20. Нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоосны, түүнээс гаргасан хугацаа сунгуулах тухай хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосны үр дагаврыг шийдвэрлэж, ашигт малтмалын XV-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлагыг хангах нь зүйтэй, гэхдээ шүүхээс ашигт малтмалын XV-021398 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар гаргасан өргөдлийг зохих ёсоор шийдвэрлэхийг даалгаж байна.

21. Нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХВ-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн тухай 1/6082 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шүүхийн шийдвэр биелэгдэхүйц байх зарчимд нийцнэ гэж үзэв. Учир нь маргаан бүхий албан бичиг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Баяндүүрэх нэртэй 413.82 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XВ-021398 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг манай байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах хугацаа хэтэрсэн тул тусгай зөвшөөрлийн сэргэн бүртгэх боломжгүй гэх агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/61 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн хариу бичиг байна. Хариуцагч Кадастрын хэлтсийн дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан бичиг нь агуулгаараа дээр дурдсан үндэслэлийн адил хууль бус бөгөөд даалгах шаардлагыг хангах урьдач нөхцөл нь энэхүү албан бичгийг хүчингүй болгох бас нэг үндэслэл болно. Түүнчлэн тухайн захиргааны байгууллага нь нэгдмэл тогтолцоотой, Газрын даргын сэргээн бүртгэхээс татгалзсан албан бичиг нь хүчинтэй хэвээр байгаа тохиолдолд шүүхээс Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь агуулгын хувьд зөрчилтэй болох юм.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.1.14, 11.1.17, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8-д заасныг баримтлан Э Э Ж А р ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХВ-021398 дугаартай тусгай зөвшөөрлийн тухай 1/6082 дугаар албан бичгийг хүчингүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад шаардагдах байгаль орчны менежментийг төлөвлөгөөг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөх боломжгүй байсныг тогтоож, XV-021398 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг зохих ёсоор холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг, Төрийн сангийн орлогоос 140,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э Э Ж А рХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН