Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/9

 

 

 

 

 

 

   2021             12            23                                        2022/ДШМ/9 

 

У.А-, Б.Т-, Б.Х-,

Д.С-, О.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр, С.Батнасан,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Н.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.А-, Б.Т-, Б.Х-, Д.С-, О.Ц- нарт холбогдох 2041000310319 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

 

2. Т-,

 

3. Х-,

 

4. С-,

 

5. Ц-,

 

Шүүгдэгч О.Ц- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.1 дэх хэсэгт “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7,1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах” гэж тус тус заасныг зөрчиж, хахууль өгөгч Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс түүний Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, гаалийн хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөлүүлж давуу байдал олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дуурь бүжгийн эрдмийн театрын автомашины зогсоолд Б.Т-аас Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирсэн 10 кг цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Б.Х- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс харамж авах", Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх", 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг  зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт тус барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүйгээр гаргах үүрэг чиглэл өгч Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын байранд Б.Т-аас 50.000 төгрөгийн хахуулийг гаалийн улсын байцаагч Д.С-гаар дамжуулан авч, хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Д.С- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах", Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах”, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 1 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын хашаанд Б.Т-аас 100.000 төгрөг авч өөртөө 50.000 төгрөгийг, 50.000 төгрөгийг гаалийн улсын ахлах байцаагч Б.Х-ад өгч хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч У.А- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь хэсэгт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах”, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын 2020 оны 10 дугаар сарын 19, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 2 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй Б.Т-т давуу байдал бий болгож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ИЙН терминалын байрны ариун цэврийн өрөөнд Б.Т-аас 50.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Б.Т- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Ц-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас оруулж ирсэн 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.С-, гаалийн улсын ахлах байцаагч Б.Х- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 100.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 50.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: У.А-, О.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Д.С-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц-, шүүгдэгч А- нарыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж бусдаас хахууль авсан” гэмт хэрэгт, шүүгдэгч Х-, шүүгдэгч С- нарыг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж бусдаас хахууль авсан” гэмт хэргийг гүйцэтгэгчээр, хамтран оролцож үйлдсэн, шүүгдэгч Т-ыг “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг “нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох” ялаар, шүүгдэгч А-, шүүгдэгч Х-, шүүгдэгч С- нарыг “нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох” ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ыг “нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох” ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ын сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож 30.000 төгрөгийг хасаж торгох ялыг 29.970.000 /хорин есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох” эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хахууль авах гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 50.000 /тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Х-, Д.С-, У.А- нараас тус бүр гаргуулан, шүүгдэгч О.Ц-аас эд мөрийн баримтаар хураагдсан 2.526.380 /хоёр сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун ная/ төгрөгөөс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч  Б.Х-, Д.С-, У.А-, Б.Т- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “саарал өнгөтэй, металл гадаргуутай D33B29 дугаартай флаш диск” 1 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 1 хавтас, 26 хуудас материал, улаан өнгөтэй сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч О.Ц-аас эд мөрийн баримтаар хураагдсан 1.006.380 /нэг сая зургаан мянга гурван зуун ная/ төгрөг, Хонконг 10 доллар 1 ширхэг, Америк 2 доллар 1 ширхэг, Араб мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 20.000 дэвсгэрт 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, 1 шуудай 10 кг цагаан будааг худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.Ц-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.Х-, Д.С-, У.А-, Б.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Х- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2041000310319 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 сая төгрөгөөр торгох болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 5 жилээр хасуулах ял шийтгүүлсэн нь туйлын итгэмээргүй явдал болсон. Би төрийн албанд тэр тусмаа гаалийн байгууллагад олон жил ажиллахдаа гаалийн улсын байцаагч, газрын орлогч дарга, газрын дарга, гаалийн улсын ахлах байцаагч зэрэг ажилд томилогдон шударгаар ажиллаж ирсэн, гаалийн системийнхээ дотор шударга Хишгээ /Хики/ нэрээрээ танигдсан хүн. Гэтэл нэг л өдөр хэн нэгэн хүний худал мэдүүлгээр хэрэгт холбогдон бүр ял авна чинээ даанч төсөөлсөнгүй. Би цагдаа, АТГ, прокурорын ажилтнуудыг аливаа юмны үнэн мөнийг олдог, сайн мууг ялгаж салгадаг гэж хийсвэр бодож явсан ба тэд хэнийг ч хайрладаггүй, нарийн шалгалт хийдэггүй, зөвхөн эргэж буцсан мэдүүлэг өгсөн нэгэн хэрэгт холбогдогчийн мэдүүлэгт үндэслэн яллах бодлого барьж байсан нь “таны материалыг бусадтай хамт шүүх рүү шилжүүллээ” гэснээр тодорхой болсон. Бусад үед “та бол яг авсан зүйл байхгүй юм чинь зүгээр дээ” гэсэн тэдний хуурамч үгэнд хэт итгэсэн нь миний гол алдаа байлаа. Би үнэнийг хэлэхэд өөрийгөө өмгөөлөх юу ч хийгээгүй, үүнийгээ ч сэтгэл гаргаж сайн тайлбар ч хийж чадаагүйдээ харамсаж байна. Ийнхүү анхан шатны шүүхийн надад холбогдох шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дараах асуудлаар гомдол тайлбар гаргаж байна.

1. Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд яллагдагч гаалийн улсын байцаагч Д.С- шүүхэд шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө “50.000 төгрөгийн хахуулийг зуучлан надад өгөөгүйгээ, 50.000 төгрөгийн авилгыг өөрөөр нь дамжуулж намайг аваагүйг” тодорхой хэлснээр Б.Х- нь буруутай гэдгийг үгүйсгэж байна. Мөн хахууль өгсөн гэх яллагдагч Т-ын “Х-тай ямар нэгэн яриа хийж, харилцаанд орж байгаагүй” гэх өчиг мэдүүлгүүдээр давхар үгүйсгэгдэж буй. Түүнчлэн тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд миний бие өөрийн биеэр амаар өгсөн мэдүүлэг, түүний тэмдэглэл, гараар баталгаа болгон бичсэн нотлох баримт ч бий. Би эдгээр мэдүүлэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” хангалттай үндэслэл мөн гэж үзэж байгаа ба өөрөө ямар ч гэмт хэрэгт холбогдоогүй гэдгээ дахин нотолж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Б.Х- надад оноосон ялыг хэрэгсэхгүй болгон миний ял зэмгүйг тогтоон, намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна. Эрхэм шүүгч та бүхэн хэрэг хянан шийдвэрлэхдээ Д.С-гийн миний эсрэг өгсөн мэдүүлгээс дараах хэдэн зүйлийг анхаарч үзэхийг аминчлан хүсье.

 Гаалийн улсын байцаагч Д.С- нь АТГ-д дуудагдан гэрчийн мэдүүлэг өгөхдөө надад иргэн Т-аас дамжуулсан гэх 50.000 төгрөгийг эхлээд Х-ын “гарт өгсөн” гэж мэдүүлсэн байдаг ба би үүнийг мөрдөн байцаагчаас сонсоод яг хаана, хэзээ, хэдийд миний гарт өгсөн болохыг нүүрэлдүүлж нотолж өгөхийг хүссэний дараа С-гаас дахин мэдүүлэг авч миний шүүгээнд 20.000-тын 2 ширхэг, 10.000-тын 1 ширхэг дэвсгэртээр нийт 50.000 төгрөг хийсэн хэмээн өөрчлөн нэмж мэдүүлэг авсан байдаг. Энэхүү 2 дахь хувилбарыг АТГ дээр сонсоод би мөрдөн байцаагчид хандан “Одоо хоёулаа манай ажил дээр очъё. Хэрэв С- тэнд мөнгө хийсэн бол тэндээ байгаа, би тэндээс ямар ч мөнгө хувьдаа аваагүй. Лац ломбоны, мөн хамт олны хуримтлал, хандивт цуглуулсан мөнгө байгааг тэмдэглэл, бичвэртэй нь тулгаад илүү мөнгө хэлсэн дэвсгэртээр нь байвал түүнийг миний шүүгээнд шургуулжээ гэсэнд нь итгэе” хэмээн мэдүүлгээ өгч байсан. С- ямар учир ийнхүү хоёр удаа өөр өөрөөр худал мэдүүлэг өгснийг, түүнийг өгүүлүүлснийг би одоо ч ойлгохгүй байна, надад өгөөгүй тул ийнхүү хоёр өөр хувилбараар зохиомжлон мэдүүлэг өгчээ хэмээн би үзэж С-д маш их гомдож ирсэн. Хүний цэвэр ариун нэр төрийн хэрэг шүү дээ.

2. Гаалийн улсын байцаагч С- надад хэлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаагчийн сүрдүүлэг, дарамт шахалтын дор мэдүүлэг өгөхдөө өөрт тань зуучлан дамжуулж авилга өгсөн мэт худал мэдүүлэг өгч, дэвсгэртийн хэлбэр тоо ширхэгийг зохиож хэлснээр өөрийн тань нэр төрд халдаж улмаар ажил хөдөлмөр эрхлэлтийг тань тасалдуулахад хүргэсэн”-дээ гэж уучлал хүссэнийг нь миний бие: а) өндөр настан 80 гаруй насны ижийгээ асран халамжилдгийг нь, б) бага насны гурван хүүхдээ өсгөн бойжуулдгийг нь, в) өрх толгойлсон амьдралаа авч явдаг бүсгүй хүнийх нь хувьд бодолцон С-г уучилсан ч түүний худал хуурмаг мэдүүлгээр АТГ-аас намайг гэмт хэрэгтэн болгож хэрэг тохож, миний хийгээгүй үйлдэлд мөрдөн байцаагчийн миний эрх зүйн байдлыг илт дордуулан өлгийдөж боосон хавтаст хэргийг хяналтын прокурорын зүгээс яллах, цагаатгах хоёр талыг ижил төвшинд барин чигч шийдвэр гаргах байтал намайг илт хилсдүүлэн, ингэхдээ хэргийн оролцогч нарт бөөнд нь яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нарийн хянаагүй юм. Энэ асуудалд миний хуулийн дутмаг мэдлэг, шүүгчид өөрийгөө ойлгуулж чадаагүй сэтгэл санааны хямрал, сонсгол, хэл ярианы согог бас нөлөөлсөн гэж боддог.

3. Миний бие сүлжээгээр /автоматаар/ С-д хуваарилагдсан эхний 1 чингэлгээс 50,000 төгрөг авсан гэж хардагдчихаад, яагаад нөгөө байцаагч А-д хуваарилагдсан удаах 2 чингэлгээс тус бүр 50,000 төгрөг авсангүй вэ гэх асуулт бий болж байна. Энэ бол эхний чингэлэгтэй холбоотой авилгын асуудал Т-, С- бид гурвын дунд эхнээсээ байгаагүйн нотолгооны нэг илрэл мөн болно. Өөрөөр хэлбэл миний бие үйлчлүүлэгч Т-аас шууд ба зуучлуулан дамжуулж аль ч хэлбэрээр эдгээр 3 чингэлгийн алинаас ч авилга аваагүйг нотолж буй хэрэг юм. Энэ тухай мөрдөн байцаагчид хэлсэн боловч мэдүүлэгт тусгалгүй байнга хөтөлж, тулгах замаар өөрийнхөө санасныг буулгаж, намайг гэмт хэрэгт холбогдуулж ирсэн. Тухай бүр би бичсэн зүйлийг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, эсэргүүцлээ мөрдөн байцаагчийн тэмдэглэлд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээр илэрхийлж, прокурорын анхааралд өртүүлэх  зорилгоор үзэглэж байсан. Миний огт аваагүй 50.000 төгрөгийг төрийн санд намайг тушаах шийдвэр гаргуулах саналыг прокурорын зүгээс тавьж, огт аваагүй авилга, хахуулийн торгуульд 15 сая төгрөгийг тушаах шийдвэр гарсан нь хамгийн гутамшигт хэлмэгдүүлэлт юм.

4. Д.С- нь “гаалийн улсын ахлах байцаагчид 50.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Тэгвэл тухайн өдөр АБТЭМА гаалийн салбарт гаалийн улсын ахлах байцаагч хоёр хүн ажиллаж байсан бөгөөд нөгөө ахлах байцаагчаас ямар ч мэдүүлэг аваагүй нь надад хэрэг тохох хялбарчилсан барил хандлагаар АТГ-ын мөрдөн байцаагч н.Мөнхсонор мөрдөн байцаалтыг явуулсан гэж үзэж байна. Энэ тухайгаа мөрдөн байцаагчид байцаалтын явцад хэлэхэд С-гаас дахин мэдүүлэг авч миний нэрийг тодотгон дурдуулж хавтаст хэрэгт тэмдэглэсэн байдаг. Энэ нь мөрдөн байцаах ажиллагааг хуулийн хүрээнд шаардлага хангасан түвшинд явуулаагүйн тод жишээ юм. Прокурор Б.Бүжинлхамын зүгээс үүнд анхаарч хяналт тавьж ажиллаагүйн нотолгоо юм.

5. Мөрдөн байцаагчийн тэмдэглэл протоколтой танилцаад миний ярьсан зүйл утга агуулгын хувьд илэрхийлэл нь өөрчлөгдөж үйлдэгдсэн байсан тул, мөн гаалийн үйл ажиллагааны тухай ярь гээд яриулснаа, үг яриаг минь таслан энэ тохиолдолд та яах байсан бэ гэж мөрдөн байцаагч асууж, тийм үед би ингэх байсан гэж хариулсныг миний үйл хөдлөл болгож протокол үйлдсэн байсныг би 2-3 удаа хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үг өгүүлбэр үйлдэж, гарын үсэг зурсан байтал прокурорын зүгээс учир шалтгааныг тодруулж миний эрх хэрхэн зөрчигдсөн, миний эрх чөлөөнд яаж халдсан тухай ямар ч тодруулга хийгээгүй юм. Миний мэдүүлсэн, ярьж хэлсэн үг яриа өөр утга агуулгаар илэрхийлэгдсэн өнгө аястай болсныг хэлээд үүнийг илэрхийлэхдээ “хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн эсэргүүцэн хүний эрх, иргэний эрх чөлөөгөө хамгаалсан болно. Гэрчийн мэдүүлэг нотлох баримт болдог юм бол яагаад С-гийн “өгөөгүй” гэх үгэнд ач холбогдол өгөхгүй, мөн миний С-гаас “аваагүй” гэх үгэнд минь ач холбогдол өгөхгүй байж "өгсөн, авсан” болгож асуудалд хандаж, нотлох баримт болгож байгаа нь хуулийн нэр барьж Х- намайг хилсдүүлэн хэлмэгдүүлэхэд хүргэв. Үнэнийг хэлэхэд би огт хэрэг хийгээгүй тул мөрдөгчтэй маргах, муудалцах тохиолдол байсан, гэвч хэрэг илрүүлсэн гэгдэх алдар нэрийн төлөө хөөцөлдөх хандлагадаа хөтлөгдсөн хувийн сонирхол нь хүний амьдралаар дэндүү хайр найргүй тоглох юм гэж даан ч санасангүй. Энэ талаар миний бие тухайн үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч Пүрэвдуламыг гэрчээр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна. Түүнийг гэрчээр татан шүүх хуралдаанд оролцуулна уу.

6. Бас миний бие тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн ажлын байран дээр байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй холбогдогч нартай тухайн асуудлаар харилцаанд оролцоогүй болох нотолгоо байдаг. ГЕГ-ын даргын тушаалаар “...ажлын байран дээрээ байгаагүйн улмаас гаалийн улсын байцаагч нарыг авилга, албан тушаалын хэрэгт холбогдох нөхцөл бүрдүүлж, ажилдаа хайнга хандсан" хэмээн сахилгын арга хэмжээг авсан шийдвэр бий. Энэ шийдвэрийг гаргахын тулд олон хүнээс мэдүүлэг, нотолгоо гаргуулан байж үнэн мөнийг тогтоосны дараа авдаг гэдгийг хэн ч ойлгомоор юм. Тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөө би Гаалийн төв байранд ажиллаж, мөн үдэд нь хувийн ажил хөөцөлдөж явсан бөгөөд тухайн өдөр замын түгжрэл ихтэй байсан тул хуваарьт АБТЭМА гаалийн салбар дээрээ оройхон ирсэн юм. Намайг ажил дээр эзгүй хойгуур гаалийн сүлжээнд миний эрхээр АБТЭМА салбарын эрхлэгч, ГУАБ М.Энхсанаа ажиллаж миний тамга тэмдгийг бичиг баримтууд дээр дарж ажилласан нь ГЕГ-ын шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, ажил албаны болон амин хувийн ажилтай гадуур явж байхдаа би ГУАБ М.Энхсанаад гаалийн сүлжээний өөрийн эрх, хувийн дардас тэмдгээ түр үлдээж байсан юм. Үүндээ ГЕГ-ын удирдлагын шийдвэр, даргын тушаалаар сануулах шийтгэл хүлээсэн бөгөөд шийтгэлийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 10-аас одоог хүртэл үргэлжилж байгаа. Миний бие ажил дээрээ эзгүй байсан хойгуур Б.Т-ын барааны гаалийн мэдүүлэг зөвшөөрөгдөж, ачаа барааг нь эзэнд нь олгосон байсан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 12-ны тэр өдөр намайг байхгүй байх хугацаанд гаалийн харилцаанд оролцсон Т-тай миний бие учирч харьцах боломжгүй, түүнээс байхгүй хүнд авилга өгөх шаардлага гарахгүй төдийгүй гаалийн улсын байцаагч Д.С-гаар дамжуулж Б.Т-аас түүнтэй харилцаанд ороогүй миний бие ямар нэгэн мөнгө төгрөг авах үндэслэл, боломж, нөхцөл байхгүй. Тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийт 58 мэдүүлэг миний эрхээр зөвшөөрөгдсөн байдаг. Би тодорхой хугацаанд ажил дээрээ байгаагүй тул Т-ын гаалийн мэдүүлэгт С-гийн хийсэн биет үзлэгт зөвшөөрөл биечлэн өгөөгүй юм. Энэ өдөр ажил дээрээ ирээд байцаагч нарын биет үзлэг хийсэн мэдүүлгүүдийг зөвшөөрөхөөс гадна Замын үүд, Сэлэнгэ дэх болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бусад гаалийн хяналтын бүс талбай руу сүлжээгээр илгээх манифест чингэлгүүдийг илгээж, байцаагч нарын бичсэн лабораторийн бичлэгүүдийг батлах, зохих тамга тэмдгээр баталгаажуулах ажлаа шууд гүйцэтгэсэн. Намайг байхгүй хойгуур миний эрхээр зөвшөөрөгдсөн мэдүүлэг, ачаа бараанд эрсдэл зөрчилтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй буюу үүссэн тухай мэдээлэл яригдаагүй тул гаалийн улсын байцаагч нарын ажлын гүйцэтгэл нь хэвийн явагджээ гэсэн ойлголттойгоор миний бие ажил, албан үүргээ тухайн цэгээс нь үргэлжлүүлэн шууд гүйцэтгэн хийж эхэлсэн. Иймд, ажил дээрээ байхгүй хүнд, байгаагүйн улмаас өөрийнх нь ачаа барааны бичиг баримттай танилцаагүй хүнд, бичиг баримтад хяналт хийгээгүй хүнд, биет үзлэгт нь зөвшөөрөл олгоогүй хүнд иргэн Б.Т- гэгч мөнгө үлдээж дамжуулах нь утгагүй үйлдэл бөгөөд байж боломгүй явдал юм. Бас нэг нотолгоо нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Т- ачаагаа авах гэж ирэхдээ Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч дарга О.Ц-т бичсэн мессежиндээ “ахлах нь гээд эрэгтэй хүн байна ш дээ” гэж гайхсан байдалтай бичсэн байдаг. Энэхүү мессежээс үзэхэд 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Т- надаар үйлчлүүлээгүй, надтай учирч байгаагүй, мөн надад мөнгө дамжуулж өгөөгүйг шууд гэрчилж байна. Учир нь хэнд, ямар хүйсний хүнд мөнгө дамжуулж байгаагаа мэдэхгүйгээр өгнө гэдэг байж боломгүй явдал биз дээ. Би ямар нэг хэлбэрээр Б.Т-аас мөнгө аваагүйгээ эдүгээ хүртэл үнэнээр нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт ярьж мэдүүлж ирсэн, энэ удаад ч үүгээр хэлж мэдүүлж байна. Намайг ажил дээрээ байсан эсэхийг миний оронд түр хугацаанд ажилласан салбарын эрхлэгч, гаалийн улсын ахлах байцаагч Миегомбын Энхсанаагаас тодруулга мэдүүлэг аваагүй нь мөрдөн байцаах ажлыг дутуу дулимаг явуулж намайг гэм зэмтэн болгож харагдуулах, улмаар миний биеийг гэмт хэрэгт хилсдүүлэн хэлмэгдэх явдалд хүргэлээ.

7. Мөрдөх шатны ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Б.Х- намайг яллах хангалттай нотлох баримт биш гэж үзэж байна. Хуулиар ажлын 8 цаг ажиллаж 18.00 цагт тарах, Ковид19 тахлаас сэргийлэх журмын зохицуулалтаар 20.00 цаг хүртэл Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Гаалийн хяналтын бүсүүд ажиллах зохицуулалттай байсан. Эдүгээ Ковид 19 өвчнөөс сэргийлэх үүднээс сийрэгжилтийг хангаж бүр хагас, бүтэн сайн өдрөөр ч ажиллаж байгаа. Тухайн өдөр миний бие маргааш өглөө болох байсан баярын хуралд бэлтгэл хангуулах гэх зорилгоор 16:30 цагаас хойш чингэлэг нэмж задлахгүй гэж тухайн салбар дээрээ хувийн зохицуулалт хийсэн юм. Гэтэл Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч дарга Ц- утсаар ярьж “нэг айлыг хяналт үзлэгээр оруулж тусална уу” гэсэнд би ямар ч хариулт өгөлгүй тасалсан. Ингээд нэг чингэлэгт нь 10 дугаар сарын 19-нд, нөгөө чингэлэгт нь 10 дугаар сарын 20-нд гаалийн үзлэгийг гаалийн улсын байцаагч У.А- хийсэн бөгөөд тухайн үед ямар ч шан харамж горилон ажиллаагүй, зөвхөн даргын хэлсэн үгийг ажлын цагтаа ажлаа хийж буян бол гэсэн ёгтлол гэж үзэж хариу тайлбар хэлэлгүй утсыг тасалсан бөгөөд хийх ёстой ажил л даа гээд гүйцэтгэсэн нь үнэн болно. Процессын хувьд тодруулбал, бараа илгээгчийн инвойс, баглаа, боодлын жагсаалт, дамжин өнгөрүүлэгчийн манифест, тээвэрлэгчийн тээврийн наклад, талбай эрхлэгчийн хяналтын пүүний акт тус тус үйлдсэн нь дагалдах нотлох баримт бичиг тул пүүлэх эс пүүлэх нь биет үзлэг хийж буй гаалийн улсын байцаагчийн гүйцэтгэлд хамаарна. Хэрэв бичиг баримтын тоон үзүүлэлт ба бичлэг зөрүүтэй бол ахлах байцаагчийн зүгээс зөрүүг арилгах үүднээс пүүлэх чиглэл өгнө, гэтэл ийм ташаарсан зөрүүтэй мэдээлэл бичиг баримтыг шалгах явцад байгаагүй тул миний бие пүүлэх чиглэл өгөөгүй. Мөн дотоод хяналтын чиглэлийн албадаас, албан тушаалтнаас пүүлүүлэх мэдээлэл ирээгүй, хяналт үзлэг хийсэн байцаагч пүүлэх шаардлагатай гэх санал тавиагүй болно. Үүнээс гадна ГЕГ-аас томилогдсон шинжээчийн багын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь мэргэжлийн чиг үүргийн дагуу бус АТГ-ын чиглэл баримтлалаар ажилласан мэргэжлийн бус дүгнэлт болсон гэж үзэж байна. Мөн аль чингэлэгт ямар бараа байсан, өөр бараа байгаа байхгүй эсэхийг тодорхой тусгасан гэдэгт эргэлзэж байна. Тоо ширхэг цөөхөн ч олон ширхэгээр байхгүй тоог мэдүүлсэн, мэдүүлээгүйг тодорхой тэмдэглээгүйгээс харагдаж байна. Мөн гаалийн хяналт үзлэг шалгалт хийсэн байцаагч нарыг байлцуулаагүй нь зөвхөн яллах бодолтой байсантай нь холбоотой мэт байна.

8. Эцэст нь иргэн Б.Х- миний бие анхан шатны эрүүгийн хэргийн шүүхээс хийгээгүй хэргийн төлөө мөрдөгчийн хууль бусаар цуглуулсан хэн нэгний гүтгэлгээр, худал мэдүүлэг зэрэг хууль бус нотлох баримт гэгчээр яллагдан, цаашид миний амьд явах эрх, амьдрах эрх чөлөө, нэр төрийн ариун байдал, ажил мэргэжлийн нэр хүнд, хүндэтгэлд ноцтой халдсан хууль бус шийдвэр гарсан тул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох ялын заалтыг бүхэлд нь хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. Хийгээгүй хэрэг, үйлдэлдээ гэм буруутан мэт ял сонсож, ял авсандаа маш их гаслан харуусаж байна. Ямар нэгэн гэм зэмтэй бол миний бие ямар ч тохиолдолд үнэнээ өчин уучлал хүсэх чадвар чадамж, ухамсарт зан чанартай хүн. Иймд миний үнэн өчигт итгэн, мэдүүлгийг нотлох баримтад үзэж намайг цагаатган шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Би өөрийгөө хэн нэгний өс хонзон, ямар нэгэн бусармаг зүйл, хуйвалдааны золиос болсон гэж бодож байгаа ба хэт шударга байж, дарга цэрэг, эрх мэдэлтэн нарт шууд үгээ хэлчихдэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх, эрхэм шүүгч Та бүхэн нотлох баримтаас миний ямар ч гэм буруугүй болохыг олж харна гэдэгт итгэлтэй байгаа ба та нарын гарах шийдвэр хууль шударга ёсыг тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна, итгэж байна, миний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ч итгэн харж байгаа. Би амьдралынхаа замналд шударга үнэнийг эрхэмлэн тогтоохын төлөө зорьж, ардчилсан хөдөлгөөнд нэгдэн ардчиллын үйл хэрэгт эхнээс нь оролцож, тухайлбал 1990 оны 3 сарын анхны өлсгөлөнд эхний өдөр, цагаас нь оролцон сууж, амь насаа золиослож ирсэн намтартай. Энэхүү намтар минь миний бахархал, эрхэм замнал мөн тул би өөрийгөө элдэв муу, буруу зүйлээс сэрэмжлүүлэн, хол байлгаж аж төрөхийг зорилго болгож ирсэн. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэгчээр зарим нэг гаальчдын гэм буруутай үйлдлээс үүдэлтэйгээр нийт гаальчид авилгачин хэмээгдэж, зарим хуульчдын алдаатай үйлдлээс нийт хуульчид хонгилынхон хэмээн хэлэгдэж, гаальчид хийгээд хуульчид золиос нь болж таарахгүй. Гэмт үйлдэл хийсэн бол зохих ялаа хүлээх нь зүй, харин гэм буруугүй хүнд ял онооно гэдэг байж боломгүй явдал юм. Бид үүний төлөө л тэмцсэн, одоо ч тэмцэж байна. Учир нь гэвэл олон зуун гаальчид, хуульчид төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг. Энэ бол шударга ёсны төлөөх нэгэн арга хэлбэр /тэмцэл/ юм. Тэдний нэг нь би гэдгээ нүүр бардам илэрхийлье. Мөн Та бүхнийг тэдний нэг гэдэгт эргэлзээгүй итгэж байна. Миний ах, эгч дүүс, анд нөхдийн дотроос хуулийн албанд ажиллаж байгаа хүмүүс цөөнгүй бий, би тэднээр яриулаагүй, тэднийхээ нэр төрийг бариагүй бор зүрхээрээ өөрийгөө хамгаалж явна. Учир нь би ямар ч гэмт хэрэг хийгээгүй учир айх айдас алга. Шударга үнэн ялна гэж итгэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 348 дугаартай яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан байдлаас авч үзэхэд миний үйлчлүүлэгч У.А-г "... гаалийн хяналт, шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй, Б.Т-т давуу байдал бий болгосон гэх үйлдлийнхээ хариуд 50.000 төгрөгийг авсан” гэх үйлдэлд буруутгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт, шалгалт явуулахдаа чингэлэг тус бүрийг заавал жинлэж, пүүлэх ёстой гэх дүрэм, журам авагдаагүй бөгөөд гаалийн улсын байцаагчид заавал хяналт, шалгалт явуулж буй чингэлгийг жинлэж, пүүлэх үүрэг байхгүй юм. Иргэн Б.Т-ын гадаад улсаас импортолсон чингэлэгтэй бараа нь ачигдсан үеэсээ эхлэн Улаанбаатар хотын Гаалийн газарт хяналт шалгалт хийгдэх хүртэл хугацаанд лацтай байсан ба анх ачигдахдаа, Монгол улсын хилээр нэвтрэхдээ, Улаанбаатар хотын Гаалийн газрын хашаанд нэвтрэхдээ тус тус пүүлж, жинлэгдсэн байх ба миний үйлчлүүлэгч У.А- нь энэ талаар өөрийн шууд удирдлага болох Гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэхэд дахин жинлэх шаардлагагүй талаар мэдэгдсэн байдаг. Энэ талаар шүүгдэгч У.А-, Б.Х- нар мөрдөн байцаалтын шатнаас удаа дараа мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт Б.Х- нь “...чингэлэгт гаалийн үзлэг шалгалт хийх, асуудалгүй бол эзэн олголт хийх удирдамж өгч холбогдох гаалийн бичиг баримтыг өгсөн. Ингэхдээ бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг мэдүүлэгтэй тулган нягтлахыг анхааруулж, шаардлагатай бол пүүлэх чиглэл өгч, тэмдэглэл бичсэн. ...Гаалийн улсын байцаагч нар нь чингэлэгт зохих үзлэг шалгалтыг хийж, мэдүүлэг, талбайн пүүлэлтийн жагсаалтын үзүүлэлтүүдийг тулган үзсэнээр пүүлэх шаардлагагүй хэмээн үзээд гаалийн сүлжээн дээр биет үзлэгт оруулж, зохих зөвшөөрлийг авч ажилласан гэдэгт миний бие одоо ч эргэлзэхгүй байна” гэх мэдүүлэг, У.А- нь "...миний бие хоёр чингэлгийн пүүлсэн жин, ачигдсан жин, хил дээр ирээд жинлэгдсэн жин зэргийг шалгахад таарч байсан. ...бараанд хяналт шалгалт хийхээр жагсаалтыг тулгаж аваад төрөл, тоо ширхэгтэй нь тулган хяналт шалгалт хийсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч У.А- нь гаалийн улсын байцаагчид олгогдсон эрх, үүргийн дагуу хилээр импортлогдсон барааны чингэлэгт зохих хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүний хяналт шалгалт хийсэн чингэлгээс зөрчил илрээгүй, хэн нэгэнд давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох мөнгө өгсөн, авсан гэх үйлдэл нь бодитоор нотлогдон тогтоогдоогүй бөгөөд шүүхээс зөвхөн мөнгө өгсөн гэх шүүгдэгч Б.Т-ын мэдүүлэг болон өмнө нь гэрчээр хууль сануулж өгсөн мэдүүлгээ няцааж, яллагдагчаар татагдсныхаа дараа өгсөн У.А-гийн мэдүүлгийг үндэслэж хэргийн үйл баримтыг нотлогдсон мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1хх 97-98/ Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрыг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба тус шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолтой миний үйлчлүүлэгч У.А-г танилцуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үеийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна. Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүйн улмаас миний үйлчлүүлэгч У.А- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар өгөх, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийлгэхэд байлцах, шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд түүнд аль хэдийнээ шинжээч томилоод, дүгнэлт нь гарчихсан баримтыг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэх үед л танилцуулсан байдаг. Шинжээчийн дүгнэлт /1хх 89-92/-тэй танилцахад мөрдөгчийн шинжээчээр томилсон этгээд болох Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар биш, эрх олгогдоогүй этгээд болох Гаалийн ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч нар нь шинжээчийн багт орж ажилласан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт гаргасан 3 гаалийн улсын байцаагчийн 2 байцаагч нь мөрдөгчөөс шинжээчээр томилогдоогүй, эрх олгогдоогүй этгээд байгаа нь тус шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болохыг тодорхой харуулж байна. Гэтэл улсын яллагчаас дээрх нотлох баримтын шаардлага хангахгүй, эрх олгогдоогүй этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг яллах талын гол нотлох баримтаар яллах дүгнэлтэд тусгаж, шүүхээс энэхүү баримтыг яллах талын нотлох баримтаар үнэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус дүгнэлтэд “тооллого хийхэд аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй байлаа” гэж тусгагдсанаас үзэхэд аль гаалийн улсын байцаагч хяналт, шалгалт дутуу хийснийг тогтоох боломжгүй, миний үйлчлүүлэгчийг тус дүгнэлтэд үндэслэн буруутгах боломжгүй байгаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэх зарчмыг удирдлага болгон, эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүгдэгчид ашигтайгаар үнэлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаас нь дүгнэлт хийгээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн улмаас шүүгдэгч Д.С-д холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг буруу хийсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 268 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн 2041000310319 дугаар хэргийг прокурорт буцаахдаа шинжээчийн дүгнэлт бүрэн бус дутуу хийгдсэн эсэхийг дахин тодруулж шалгах, О.Ц-, н.Гантулга, Б.Т-, н.Үржинханд нарын нэр дээр хамтран эзэмшдэг хуулийн этгээд бүртгэлтэй байгаа эсэхийг шалгах, ...Солонгос хэл дээр хийсэн гэрээг яллагдагч Б.Т- нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийсэн эсэхийг шалгаж тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасан яллагдагч нарын “...гэмт хэргийн сэдэлт, зорилго”-ыг тогтоох зэрэг нийт 6 төрлийн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэхээр прокурорт хэргийг буцаасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаар магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Дээр дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж, хэргийг шалгах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг тодорхойлох буюу гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үр дагаврыг бий болгох боломжтой байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч нарын гаргасан тайлбар, шүүгдэгч Б.Т-, Б.Х-, Д.С- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С- нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн хяналт, шалгалтыг хийсэн болох нь тогтоогдож байх ба харин “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж тодорхойлж буй ямар үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн нь тогтоогдоогүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар талд “3” гэж дугаарлан шүүгдэгч Д.С-гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотолсон талаарх дүгнэлтийг хийсэн байх ба тус дүгнэлт нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Т-ын мэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг дурдсан. Гэтэл шүүгдэгч Б.Т-ын мэдүүлгээр, шүүгдэгч Д.С-гийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох, шүүгдэгч Д.С-гийн мэдүүлгээр, шүүгдэгч Б.Т-ын мэдүүлгийн эх сурвалжийг болон гэм бурууг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасантай нийцэхгүй бөгөөд мөрдөгч болон прокурор, анхан шатны шүүх эргэлзээгүйгээр хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боловч түүний өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь түүнийг буруутгах буюу яллах баримт болохгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцээгүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болон шүүгдэгч Б.Т-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд шүүгдэгч Д.С- нь шүүгдэгч Б.Т-тай тухайлан харилцаа холбоо тогтоосон, харилцсан, тодорхой хийх ёстой үйлдэл буюу гаалийн хяналт шалгалтыг явуулах болон явуулахгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн болохыг нотолсон зүйл байхгүй болохыг тусгайлан дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг эргэлзээгүй үнэн зөв байх талаас нь тогтоосон байхыг шаардаж байна. Энэ нь процессын хуулиар мөрдөгч болон прокурорт үүрэг болгосон зохицуулалт бөгөөд нэгэнт эрх бүхий албан тушаалтан нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй ба шүүгдэгч Д.С-гийн “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг xийсэн” үйлдэл тогтоогдоогүй байх атал анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-, Б.Т- нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэргийн бодит байдалд тохироогүй байна.

Мөн Авилгатай тэмцэх газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “...эрүүгийн 204100031 дугаартай хэрэгт иргэн Б.Т-ын Монгол улсын хилээр импортолсон бараа, түүний татвар төлөлтөд шинжилгээ хийхийг Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар"-т даалгасан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20 дугаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтийг Гаалийн ерөнхий газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч О.Мөнхзул, Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч Л.Энхболд, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Л.Гэрэлтуяа нар гаргасан байх ба мөрдөгчийн тогтоолоор томилогдсон этгээдээс өөр этгээдүүд дүгнэлтийг гаргасан нь эргэлзээ төрүүлэхүйц болсноос гадна, уг албан тушаалтнууд нь ийм дүгнэлт гаргах хууль тогтоомжоор олгогдсон эрхтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, тухайн албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэж үзэх бөгөөд хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар журмыг зөрчсөн гэж үзнэ. 1 дүгээр хавтаст хэргийн 88-91 дүгээр талд авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн 04/20 дугаар шинжээчийн дүгнэлтэд “тооллого хийхэд аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй байна” гэж дурдсан ба шинжээч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “нийт гурван чингэлэг нь гаалийн мэдүүлэгт дурдсан жингээс зөрүүгүй бөгөөд гагцхүү тухайн гурван чингэлгээс гарч ирсэн барааны гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн барааны жин нь илүү гарсан. Учир нь гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй барааны жинг тухайн мэдүүлсэн барааны жинд нэмж гаалийн мэдүүлэгт бичсэн байсан” гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-, У.А-, Д.С- нар мэдүүлэхдээ: БНСУ болон бусад улсаас бараа Монгол Улс руу ачигдахдаа эхлээд тухайн улсын хил дээр, дараа нь дамжин өнгөрч буй тухайлбал БНХАУ-ын хил дээр, түүний дараа Монгол Улсын Замын-Үүд боомт дээр, түүний дараа Улаанбаатар төмөр зам ачих буулгах вагон депо дээр, түүний дараа АБТЭМА гаалийн талбай руу оруулахад нийт 5 удаа тухайн чингэлэг нь пүүлж буюу жинлэгдэж орж ирдэг бөгөөд пүүний (жингийн) бичиг ямар нэгэн жингийн зөрүү байгаагүй тул түүнийг жинлэх шаардлага байгаагүй гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс харахад нэгэнт 5-6 удаа бодитоор жинлэгдэж, жингийн зөрүү үүсээгүй байхад түүнийг дахин жинлэснээр түүний жинд өөрчлөлт орохгүй бөгөөд шүүгдэгч нь ачааг пүүлэх буюу жинлээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Шүүгдэгч Д.С-гийн болон Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр АБТЭМА гаалийн хяналтын бүсэд ажиллаж байхдаа өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу шүүгдэгч Б.Т-ын нэр дээр БНСУ-аас ирсэн нэг чингэлэг ачаанд гаалийн хяналт шалгалтыг хийсэн ба тухайн чингэлгийг онгойлгож, түүвэрлэх аргаар чингэлэг доторх барааг задалж, шалгаж үр дүнг гаалийн улсын ахлах байцаагчид танилцуулж, ачааг пүүлэхгүй буюу жинлэхгүй байх шийдвэрийг гаргасан” тухай мэдүүлсэн.

Түүнчлэн Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 дэх хэсэгт “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.16 дах хэсэгт “Гаалийн хяналтын улаан төлөв сонгогдсон, гаалийн шалгалт хийгдэж байгаа эсхүл шалгагдах бараа, тээврийн хэрэгсэлд холбогдох гаалийн зөрчлийн талаарх мэдээллийг зөрчлийн асуудал хариуцсан албан тушаалтан тухайн бараа тээврийн хэрэгслийг шалгаж буй гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн дарга, эсхүл гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид өгнө”, 5.17 дах хэсэгт “Мэдээлэл хүлээн авсан нэгжийн дарга, ГУАБ мэдээлэл бүхий бараа, тээврийн хэрэгслийг шалгахаар томилогдсон гаалийн улсын байцаагчид бараа, тээврийн хэрэгсэл шалгахдаа анхаарах заавар зөвлөмж өгнө”, 5.18 дах хэсэгт "Гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч нь шалгалт эхлэхээс өмнө тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэл, бараа агуулахад хадгалагдаж байгаа тохиолдолд агуулахын ерөнхий байдлыг болон тэдгээрт тавьсан гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгана”, 5.25 дах хэсэгт “Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх, түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана”, 5.27 дох хэсэгт “бараа тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт багтаан дуусгах бөгөөд тухайн өдөрт багтахгүй бол энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж шийдвэрлүүлнэ”, 5.32 дах хэсэгт “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийсний дараа хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн улсын ахлах байцаагч “зөвшөөрөх” товч дарснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно”, 5.33 дах хэсэгт “Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй бөгөөд улаан төлөв сонгогдсон гаалийн мэдүүлгийг мэдүүлэгч хэвлүүлэх хүсэлт гаргасан бол гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч мэдүүлгийг хэвлэж гаалийн мэдүүлгийн нэгдүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулан, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсан журмын холбогдох зохицуулалтаар гаалийн улаан төлөв сонгогдсон тохиолдолд нэгдүгээрт шалгагдах ачаа, барааг заавал жинлэх талаар журамлаагүй, мөн түүнчлэн улаан төлөв бүхий барааг дан ганц гаалийн улсын байцаагч Д.С- (шүүгдэгч) шалган гаргах эрх хэмжээ байхгүй бөгөөд гаалийн олон шат дамжлага бүхий хяналтаар ордог болох нь тогтоогдож байна. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хуучин эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх” гэж заасныг хууль тогтоомж буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, гэрээний дагуу өөрт нь олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг санаатайгаар огт биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхыг хэлнэ. Мөн зүйл, хэсэгт заасан “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Д.С- нь шүүгдэгч Б.Т-аас 100.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Учир нь, шүүгдэгч Д.С- шүүгдэгч Б.Т-ын нэр дээр БНСУ-аас ирсэн нэг чингэлэг бүхий ачаанд гаалийн хяналт шалгалтыг зохих дүрэм, журмын дагуу хийсэн болох нь тогтоогдох ба хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шүүгдэгч Б.Т-аас 100.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дах хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг өөрчлөн хөнгөрүүлж, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Д.С- нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай байсан боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шүүгдэгч Б.Т-аас 100.000 төгрөгийн хээл хахууль авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, уучлал хүсэж байгааг уламжилж байгааг хүлээн авна уу. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Ц-ыг хахууль өгөгч Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөлүүлж давуу байдал олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройны 20 цагийн үед Б.Т-аас 10 кг цагаан будаа, 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасаж, 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан буюу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байсан талаар

Улсын яллагчаас О.Ц-ыг “...хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөрүүлж давуу байдал олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө ....” гэж 348 тоот яллах дүгнэлтэд тэмдэглэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ц- нь хахууль өгөгч Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийлгэхгүй байх зорилгоор нөлөөлж, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйл болох “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, мөн Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлийн 247.2.2 заалтад заасан ”...гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн болох нь...Гаалийн Ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгч О.Ц- гүйцэтгэх ёсгүй ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг тодорхойлохдоо хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөрүүлэх ...гэсэн байхад анхан шатны шүүхээс түүний чухам хуулиар хориглосон ямар хийх ёсгүй үйлдлийг хийсэн бэ гэдэг талаар тодорхойлж дүгнэж чадаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ц-ыг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон бичгийн баримт шинжээчийн 04/20 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн талаар өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцсэн боловч шүүх ямар үндэслэлээр хүлээн аваагүй талаар дүгнэлт хийгээгүй байна. Шинжээчийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4,1.5,1.6зүйлд заасныг зөрчсөний улмаас хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүйг анхаарч үзсэнгүй. Шинжээч нарыг шинжилгээ хийхдээ АТГ-н комиссар И.Мөнхсонор хөндлөнгөөс нөлөөлсөн байхаар ноцтой байдал тогтоогдсон, өөрөөр хэлбэл шинжээчийн 04/20 дугаартай дүгнэлтэд “...2020 оны 10 дугаар 27-ны өдрийн 09 цагт ...комиссар И.Мөнхсонортой уулзан ажиллах чиг үүргийг авсан ...”, шинжилгээ хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулсан эсэх нь тодорхойгүй “...тооллогонд нөгөө талаас 6 хүн оролцов...” гэсэн хэдий ч хэн хэн оролцсон талаар тэмдэглээгүй, барааны жин тонны хувьд бодит байдлаасаа хэт зөрүүтэй, тухайн барааны чанарын хувьд удаан хадгалагдсан хөгцөрсөн, зарим нь цоорхой хүн хэрэглэх боломжгүй маш муу байхад эдгээр барааг үнэлэхдээ шинэ барааны үнээр үнэлсэн, шинжилгээний аргачлал тодорхойгүй, барааны үнэлгээний эх сурвалжаа буруу тодорхойлсон, Монгол Улсын зах зээлийн үнэлгээ тогтоолгоогүй, тооллого хийхдээ аль чингэлгийн бараа болохыг тодорхойлох боломжгүй талаараа дүгнэсэн атлаа илүү 10 тонн барааны торгууль ногдуулсан, шинжээчийн дүгнэлтэд эхний өдөр бүх барааны 30 хувийг 2 дахь өдөр 60 хувийг тоолов гэснээс дүгнэхэд бараа 100 хувь шалгалтад хамрагдсан эсэх зэрэг эргэлзээтэй, тодорхойгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх шинжээчийн 04/20 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоогдсон гэж дүгнэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 /нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулахыг хориглоно/, 7 /энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй/, 14 /нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухай нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй/ гэснийг тус тус зөрчсөн.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 1.3 дахь хэсэг хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

Миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Ц- нь шүүгдэгч Б.Т-аас хээл хахууль авсан гэм буруутай үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч огт маргадаггүй юм. Харин өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж байна. Шүүгдэгч нараас шүүгдэгч О.Ц-аас ямар үүрэг чиглэл өгсөн талаар огт тодруулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “түргэн шуурхай шалгаад гаргаарай” гэсэн үүрэг чиглэл өгсөн талаар мэдүүлдэг. Мөн хээл хахууль өгөгч шүүгдэгч Б.Т- нь өөрийн чингэлэг барааг түргэн шуурхай шалгуулаад авах зорилгоор шүүгдэгч О.Ц-т хандсан, шүүгдэгч О.Ц- шүүгдэгч Б.Т-ын барааг түргэн шуурхай шалгаад явуулах талаар үүрэг чиглэл өгснөөс өөр үүрэг чиглэл өгөөгүй талаар маш тогтвортой мэдүүлсэн байдаг. Дээрх хууль зөрчиж авагдсан шинжээчийн 04/20 дугаартай дүгнэлтээс өөр нотлох баримтаар шүүгдэгч О.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогддоггүй. Анхан шатны шүүхээс О.Ц-ыг Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлийн 247.2.2 заалтад заасан...гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх...” үүргээ зөрчин хахууль өгөгчийн үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Ц-ын ажил үүргийн хуваарьт гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт хийх ажил хамаардаггүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч О.Ц-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл заалтад оногдуулахаар заасан торгох ял болон хязгаарлалт тогтоох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Т-ын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Батбаяртай санал нэг байна. Гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Ш.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Д.С- анх мэдүүлэг өгөхдөө “Х-ад мөнгийг дамжуулж өгсөн” талаар яриагүй. Хоёр дахь мэдүүлэгтээ ”авлига өгсөн” гэж мэдүүлсэн. Гурав дахь мэдүүлэгтээ “авлига өгөөгүй” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад “өгөөгүй” гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх Б.Х-ын “авлига аваагүй” гэж тогтвортой өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Зөвхөн Д.С-гийн зөрүүтэй өгсөн мэдүүлгийг үнэлсэн. Мэдүүлэг зөрүүтэй байгаа бол нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжтой байсан боловч аваагүй. Энэ нь Б.Х-ын эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х-ад ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Т-ын “ахлах, байцаагч хоёрт юмыг нь өгчихлөө” гэсэн мессежийг үндэслэн ялласан. Гэтэл Б.Т-ын “би ахлах байцаагч Б.Х-ад авлигал өгөөгүй. Энэ хүнтэй уулзаагүй” гэсэн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй. Иймд Б.Х-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, няцаалтад хариу дүгнэлтийг хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хязгаарласан ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж маргадаг боловч энэ нь шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлттэй мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, тэдний өмгөөлөгч нар бүрэн танилцсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж маргадаг. Мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хувьд шүүгдэгч У.А-гийн тухайд өмнө нь авсан өмгөөлөгч хууль бус зөвлөгөө өгч гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлэг өгөх талаар зөвлөсөн гэж шүүх хуралдаанд мэтгэлцдэг боловч энэ талаар үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй. Энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргасан талаар баримт байдаггүй. Өмгөөлөгчийн хууль бус үйл ажиллагаанаас болж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн нь баримтаар няцаагдаж байдаг. Бусдаас хахууль авсан үйлдлийг нотолсон гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Энэ гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтаны хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж Авлигын эсрэг хууль болоод Гаалийн тухай хууль, Гаалийн ажилтаны ёс зүйн дүрмээр хязгаарласан хязгаарлалтыг зөрчиж удирдах албан тушаалтаны хувьд доод албан тушаалтнуудад хууль бус үүрэг чиглэл өгсөн үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл юм. Энэ үйлдлийн дагуу Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарын зүгээс бусдад хууль бус давуу байдал олгож Гаалийн тухай хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүйгээр гаргаж буй энэ үйлдэл нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл. Өмгөөлөгч нараас хуульд заасан үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө хахууль авсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шинжээч хууль бус дүгнэлт гаргасан гэж маргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр хахууль авсан, өгсөн гэх гэмт хэрэг нотлогдоогүй. Харин нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 9 сая гаруй төгрөгийн гаалийн татвар хөнгөлсөн байна гэдэг нь давхар нотлогдож байгаа. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч О.Ц- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.1 дэх заалт “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3 дахь заалт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь заалт албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7,1.7 дахь заалт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь заалт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах” гэж тус тус заасныг зөрчиж, хахууль өгөгч Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс түүний Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, гаалийн хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөлүүлж давуу байдал олгож гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний төлөө 2020 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дуурь бүжгийн эрдмийн театрын автомашины зогсоолд Б.Т-аас Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирсэн 10 кг цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Д.С-, А. А- нар  нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хориглох зүйл”-ийн 7.1.3 дахь заалт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6 дахь заалт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7.1.7 дахь заалт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах", Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2 дахь заалт “гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, Гаалийн ажилтны ёс зүйн дүрмийн 3.1.6 “албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох”, 3.1.8 “албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах”, Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Б.Т-ын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа барааг жинлэж, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч Д.С- нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Ачих Буулгах Тээвэр Экспедицийн Механикжсан Анги /АБТЭМА/-ийн терминалын хашаанд Б.Т-аас 50.000 /100.000 төгрөг/ төгрөг, шүүгдэгч У.А- нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед мөн терминалын байрны ариун цэврийн өрөөнд Б.Т-аас 50.000 төгрөгийн тус тус хахууль авсан,

 

шүүгдэгч Б.Т- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Ц-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас оруулж ирсэн 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.С-д, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У.А-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан тус бүр 50.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

О.Ц-ын яллагдагчаар өгсөн “...би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, дугтуйтай мөнгө өгсөн. Өгөхдөө “баярын бэлэг” гэж хэлсэн санагдаж байна. Будааг бол “сайн будаа өөрөө идээрэй” гэж хэлээд өгсөн. ...Б.Т- контейнер ирж байгаа туслаарай гэсэн. Би хурдан шуурхай, цаг хугацаа алдахгүй байхад нь туслаарай гэж ойлгосон. ...” /1хх 123-134/,

Б.Х-ын яллагдагчаар өгсөн “...Ц-ын даргын хувьд үзлэг шалгалтаа хийгээд өгчих тусалчих танил байгаа юм гэж хэлсэн. Өөр зүйл байхгүй. Гаалийн улсын байцаагч биет үзлэг хийхдээ зөрчилгүй гэж бичсэн учраас зөрчилгүй гэсэн үг. Би мөнгө аваагүй. ...” /1хх 142-143/,

Б.Т-ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...Ц-тай утсаар ярьж “3 чингэлэг бараа Солонгос улсаас ирж байгаа, хурдан шуурхай авахад нь туслаад өгөөч” гэхэд “туслаад өгье өө” гэж хэлсэн. ...Ц- ахтай утсаар ярьж байхад “ гаалийн байцаагч нарын гарыг нь цайлгачихна биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд Д.С- байцаагчийн өрөө рүү хамт явж байхдаа бор өнгийн дугтуйнд 20.000 төгрөгийн дэвсгэртээр 5 ширхэг нийт 100.000 төгрөг хийгээд С- байцаагчид баярлалаа гэж хэлээд өгсөн. ...Маргааш нь бараагаа шалгуулж дуусчихаад, А- байцаагч  өрөө рүүгээ би шууд 00-н тийшээ явсан. 00-н тэнд А- байцаагч руу ” 00  орох уу” гээд мессеж бичсэн чинь А- байцаагч орж ирсэн. Би 20.000 дэвсгэртээр 2 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэртээр 1 ширхэг нийт 50.000 төгрөгийг баярлалаа гэж хэлээд өгсөн. ...Чингэлэгт Солонгос улсаас 2 шуудай 10 кг-тай будаа ирсэн. Нэгийг нь Ц-т өгөх гээд авчихсан байсан бөгөөд машинаасаа тэр будаагаа авч буугаад Ц-ын машинд суугаад будаагаа өгөөд мөн АТМ-с авсан 20.000 төгрөгийн дэвсгэртээр 75 ширхэг нийт 1.500.000 төгрөгийг цагаан өнгийн дугтуйнд хийж өгсөн. ...Би өөрөө нэг хүнд 50.000 төгрөг өгчихье гэж бодоод гаалийн улсын байцаагч С- болон гаалийн улсын ахлах байцаагч хоёрт нь тус тус 50.000 төгрөг өгөхөөр болж 100.000 төгрөгийг С- байцаагчид цуг шүү” гэж хэлээд өгсөн. ...” /1хх 146-148/,

У.А-гийн яллагдагчаар өгсөн “...Ц- дарга над руу ярихдаа Б.Т-т туслаад явуулаарай гэж хэлсэн. ...00-д уулзаж дарга явуулсан болохоор явууллаа гэж хэлсэн. ...Б.Т-ын мэдүүлэгт өгснөөр түүнээс 50.000 төгрөг авсан нь үнэн. ...Энэ 50.000 төгрөгийг  авсан нь миний буруу, надад мөнгө төгрөг авах ямар ч санаа байгаагүй. ...Би хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...” /1хх 170-172, 176/,

Д.С-гийн яллагдагчаар өгсөн “...жинлээгүй. Жинлэхээр ажлын ачааллаас болоод уддаг. Тухайн үед намайг хяналт, шалгалт явуулж байхад манай гаалийн газрын орлого дарга Ц- утсаар яриад “наад хүндээ хурдхан үйлчлээд гаргачихаарай” гэсэн. Жинлэн явцад ачааны жингээс хамаараад төлбөр гардаг, жинлэхээр цаг хугацаа маш их шаарддаг учраас жинлээгүй хяналт шалгалтыг хурдан хийгээд гаргасан. ...” /1хх 187-188/,

гэрч Ч.Ү-ын “...Гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн улсын байцаагч нар ...манай 600 вонноор авсан барааг жишиг үнийг тогтоохдоо хэт өндрөөр тогтоочихдог, үнэтэй тогтоохоор татвар их ногдуулаад байдаг юм. Ц-аас татвар төлөлтийн тал дээр туслалцаа үзүүлээч гэж хүссэн байх, гэхдээ би бол Ц-тай харьцаж байгаагүй, манай нөхөр харьцдаг юм. Сая манай 3 контайнер бараа 1 контайнер буюу 25,000 ширхэг бараа нь 9.680.000 төгрөг хавьцаа татвар төлж орж ирсэн. ...” /1хх 47-49/ гэсэн мэдүүлгүүд,

“...Б.Т-ын /ЧВ77031075/ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-2091008-20-I02378 тоот гаалийн мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-2091008-20-I02487 тоот гаалийн мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-2091008-20-I2489 тоот гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. Дээрх мэдүүлэгт өгөгдсөн мэдээллийг бараатай биет үзлэг хийн тулган шалгахад барааны тоо хэмжээ зөрүүтэй байлаа. Дутуу мэдүүлсэн барааны тоо нь бэлэн хувцас 8744 ш, цүнх, үүргэвч 1178 ш, гутал  804 хос нийт 10726, иргэн Б.Т- нь дээрх барааг дутуу мэдүүлсэн болон огт мэдүүлээгүй байгаа нь ...шалгалтаар илэрлээ. ...Тооллогоор дараах зөрүү илэрсэн бөгөөд 9,229,065.21 төгрөгийн гаалийн болон бусад татвар, торгуулийг ногдуулах үндэслэлтэй байна. ...Иргэн Б.Т-ын мэдүүлсэн бараа нь гаалийн хяналтын улаан төлөвт сонгогдсон тул ГЕГ-ын  даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дараах заалтуудыг мөрдөөгүй байна. ...тооллого хийхэд аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй” гэсэн Гаалын Ерөнхий газрын Гаалын Улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04/20 дугаартай дүгнэлт /1хх 88-91/,  03-06 УАМ улсын дугаартай “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгсэлд нэгжлэг  хийсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /1хх 211-212/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №242 дугаартай прокурорын тогтоол /1хх 215-222/,  Б.Т-, Ч.Үржинханд нарын “Гар утсанд” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 244-250, 2хх 1-8/, агуулахад үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 9-17/, албан тушаалд томилсон шийдвэрүүд /2хх 187-250, 3хх 1-19/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч У.А-, Б.Т-, О.Ц-, Д.С- нар нь гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч О.Ц-ын Б.Т-ын ашиг сонирхлын үүднээс Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, гаалийн хяналт шалгалтаар богино хугацаанд оруулж, гаалийн татварыг багаар тогтоолгож давуу байдал олгон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг,

шүүгдэгч Д.С-, У.А- нарын Б.Т-ын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулахдаа О.Ц-ын хууль бус нөлөөнд автаж барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй Б.Т-т давуу байдал бий болгож хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Т-ын  өөртөө давуу байдал бий болгох зорилгоор О.Ц-т 10 килограмм цагаан будаа, 1.500.000 төгрөг, Д.С-, У.А- нарт 50.000 төгрөгийн хахууль тус тус өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

 

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн”-г төрийн тусгай албан тушаалд хамааруулахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Ц-ын хувьд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга, шүүгдэгч У.А-, Д.С- нарын хувьд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэргийн субъект шинжийг хангасан гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.С-, У.А- нарыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэн, анхан шатны шүүх энэ шинжээр нь гэм буруутайд тооцсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Учир нь, шүүгдэгч нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй. Харин Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Ц-ын нөлөөнд автаж Б.Т-ын Солонгос улсаас оруулж ирсэн 3 чингэлэг бараанд гаалийн хяналт шалгалт хийхдээ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж барааг жинлэж, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн, хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч У.А-, Д.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “...Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох мөнгө өгсөн, авсан гэх үйлдэл нь бодитоор нотлогдон тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтээр тооллого хийхэд аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй гэснээс үзэхэд аль гаалийн байцаагч хяналт, шалгалт дутуу хийснийг тогтоох боломжгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, У.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Б.Т-ын яллагдагчаар өгсөн “...А- байцаагч руу” 00  орох уу” гээд мессеж бичсэн чинь А- байцаагч орж ирсэн. Би 20.000 дэвсгэртээр 2 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэртээр 1 ширхэг нийт 50.000 төгрөгийг баярлалаа гэж хэлээд өгсөн. ...” /1хх 146-148/, У.А-гийн яллагдагчаар өгсөн “...Ц- дарга над руу ярихдаа Б.Т-т туслаад явуулаарай гэж хэлсэн. ...00-д уулзаж дарга явуулсан болохоор явууллаа гэж хэлсэн. ...50.000 төгрөг авсан нь үнэн, хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...” /1хх 170-172, 176/ гэсэн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэргээр шүүгдэгч У.А- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О:Ц-ын гуйлтаар Б.Т-ын Солонгос улсаас оруулж ирсэн 2 чингэлэг бараанд гаалийн хяналт шалгалт хийхдээ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн, хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө 50.000 төгрөгийн хахууль авсан болох нь нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн  Гаалийн ерөнхий газрын гаалын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 04/20 дугаартай дүгнэлтэд “...Б.Т-ын гаалийн байгууллагад мэдүүлсэн 3 чингэлэг бүхий барааны мэдээлэлд судалгаа хийж, нийт 10726 ширхэг барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн  11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөнийг илрүүлж, тооллогоор илэрсэн зөрүүг үндэслэн 9,229,065.21 төгрөгийн гаалийн болон бусад татвар, торгуулийг ногдуулах үндэслэлтэй. ...Уг дүгнэлтээр аль чингэлгийн бараа нь мэдэгдэхгүй холилдсон байсан тул аль улсын байцаагчийн шалгасан чингэлэгт зөрүү гарсныг тогтоох боломжгүй. ...” хэмээн дурдаж /1хх 88-91/, Б.Т- нь  9.229.065.21 төгрөгийн татвар, торгуулийг төлсөн талаарх баримт 1 хавтас хэргийн 157-д авагджээ. Уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч У.А- дээрх шинжээчийн дүгнэлттэй /1хх 94/ танилцахдаа ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг нарын “...ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд,

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

            Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул ажиллагааны явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч О.Ц- нь албаны чиг үүргийн хувьд Б.Т-ын 3 чингэлэг бүхий бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан гаалийн улсын байцаагч нарт хууль бусаар нөлөөлж, гаалийн хяналт шалгалтыг шуурхай явуулах, гаалийн татварыг хөнгөлүүлэх талаар хэлж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснийхээ төлөө Б.Т-аас хахууль авсан, Б.Т- нь тодорхой хэмжээний мөнгө, эд зүйл өгсөн зэрэг байдал нь тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна.

 

Харин шүүгдэгч Д.С-гийн хувьд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Ц-ын нөлөөнд автаж Б.Т-ын Солонгос улсаас оруулж ирсэн 1 чингэлэг бараанд гаалийн хяналт шалгалт хийхдээ Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмын 5.8.1 “Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх”, 5.25 “гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана” гэж тус тус заасныг зөрчиж барааг жинлэхгүй, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж шалгалгүй хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн, хийх ёстой үйлдлээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө 50.000 төгрөгийн хахууль авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх ба хахууль авахдаа хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, өөрөөр хэлбэл албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.А-, Д.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж бусдаас хахууль авсан...” гэж гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг “албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Цогбаатар,  У.А-, Д.С-, Б.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан О.Ц-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгийн торгох ялаар, У.А-, Д.С- нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар, Б.Т-т нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин шүүгдэгч Б.Х-ын холбогдсон гэмт хэргийн хувьд Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би тэр мөнгөнөөс ахлах байцаагч Х-ад тэр өдрөө 50.000 төгрөгийг өгсөн. ...” /1хх 73-74/, “...Б.Т-т 100.000 төгрөгөөр хоёр ширхэг витамин зарсан. ..” /1хх-182, “...Б.Т-ын өгсөн 100.000 төгрөгөөс гаалийн улсын ахлах байцаагч Б.Х-ад өгөөгүй. ...” /1хх 185-188/, “...би 50.000 төгрөгийг Б.Х-ад өгөөгүй. ...Цай хоолны болон Энхсанаа ахлах шагнал авсантай холбоотой мөнгийг би тэр өдөр шүүгээнд нь хийснээ 50.000 төгрөг гэж хэлсэн. Харин би авлигатай холбоотой мөнгө өгөөгүй. ...10 дугаар сарын 12-ны өдөр Б.Х-тай уулзаагүй, мөнгө өгөөгүй. ...” /4хх 210/ гэж тус тус мэдүүлжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Х- нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн Улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Б.Т-аас мөнгө авсан талаар Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримтгүйн гадна Д.С-гийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байна.

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд цугларсан баримтаас үзэхэд “Соёлоо эгчийг хэлчихээрэй гээд цуг өгчихлөө” гэх яриаг бэхжүүлсэн байх боловч энэ нь Б.Х-ад хахуулийн мөнгийг өгснийг нотлох баримт болж чадахгүй байна.

 

Дээрх тохиолдолд шүүгдэгч Б. Х-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай баримтаар яллаж чадахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгч Б.Х-ын давж заалдсан гомдлыг  хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Х-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Х-ын “...би 50.000 төгрөгийн хахууль аваагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч У.А-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Б.Х-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоол тогтоох хэсгийн шүүгдэгч Нирун монгол овгийн Базарваанийн Х-ад холбогдох бүх заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч У.А-, Д.С- нарт холбогдох хэсгийг... шүүгдэгч У.А-, Д.С- нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН