Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/06503/И |
Дугаар | 183/ШШ2024/01329 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2024/01329
2024 оны 03 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2024/01329Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б овогт, Ц. Б /РД:ШУ/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсангийн гудамж, өөрийн байранд байрлах, *******,******* УТҮГ /РД:/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б *******,*******д 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагч гэсэн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон байдаг. Ингээд ажилд ороход ажлын хэсэг бараа материал болон үндсэн хөрөнгө гэж хүлээлгэж өгөөгүй. Ерөөсөө ажил хүлээлцээгүй. Тэгээд ажил хүлээлцдэг юм уу, хүлээлцэхгүй юм уу гэсэн чинь манай байгууллага ажил хүлээлцдэггүй гэсэн. ******* складаны түлхүүрээ малын их эмч, оношлуур, урвалж эмнэлгийн хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн н.С хүлээн авч ажилдаа орсон байдаг. Тухайн үед ямар нэгэн бичиг цаасаар юу ч хүлээлгэж өгөөгүй. Ингээд туршилтын 3 сарын хугацаа дууссан өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ур чадварыг нэмэгдэл өгөөгүй. Үүнийг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь түр тушаалтай хүн авахгүй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажилд орсон цагаасаа эхлэн урд сарууд болох 2022 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх санхүүгийн ажлыг орой болгон ирж нөхөж хийж, гүйцэтгэж дуусгасан байдаг. Туршилтын хугацаанд ахлах нягтлан бодогч н.З өөрийн хамт ажиллаж байсан н.О ажилд авах байсан юм. Чамайг хэрэггүй авлаа гэж дарамталж, захиралд худал мэдээлж, захиргааны дарамтыг үзүүлэх болсон. Ахлах нягтлан бодогч н.З захиргааны дарамтыг байнга үзүүлэх болсноос болж сэтгэл санааны дарамтад орсон байдаг. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж цөсний хагалгаанд орсон. Энэ эмнэлэгт хэвтсэн өдрүүдээр аж ахуйн дарга н.Х, н.З нар захирал н.Г жоохон хүүхэдтэй, ажилд ороод бие нь өвддөг, ур чадваргүй гэж худал мэдээлэл өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн ажилдаа ороход захирал н.Г өрөөндөө дуудан уулзаж, бие сайн уу гээд хурал хийж чамайг жинхэлнэ гэж *******д хэлж байсан. Ингээд 2022 оны 08 дугаар сард туршилтын хугацаа дуусаж жинхэлж өгнө үү гэсэн өргөдлөө хүний нөөц н.Р өгсөн боловч тухайн үед захирлын зөвлөлийн хурлаар захирал байж бай гэсэн гээд оруулаагүй. Захирал н.Г нь өрөөндөө дуудаж малын их эмч, оношлуур, урвалж эмнэлгийн хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн н.С ажил болон тооцооны нягтлан бодогч, эд хариуцагч албан тушаалыг нэгтгэх гэж байгааг хэлж чи жаахан хүүхэдтэй ажиллаж чадахгүй, их ядарна, өөр ажил хайсан нь дээр шүү дээ гэж хэлж байсан. Тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирлын зөвлөлийн хурал болж жинхлэх тухай асуудал яригдсан. Энэ хурал дээр ур чадваргүй гээд янз бүрийн л юм яригдсан, нууц задруулсан гээд шууд нэр хүндэд халдсан, гүтгэсэн маш их асуудал болсон. Мөн дээрээс нь нялх хүүхэдтэй, чи өөрөө бие муутай, ээж чинь ч бие муутай гэдэг асуудал маш их гарсан. Ингээд энэ хуралд сууж байтал гэнэтхэн чи гарч бай гэдэг асуудлыг тавьсан байдаг. Гараад явсны дараагаар буюу 2022 оны 10 дугаар сарын 28-нд захирал н.Г уулзахад захирлын зөвлөлийн гишүүдээс санал авсан. Чамайг жинхлэхгүй гэж бүгдээрээ гар өргөцгөөсөн гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халлаа гэсэн тушаал өгсөн байдаг. Тухайн үед ой хүрээгүй хүүхэдтэй, мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэдгээр намайг халах боломжгүй гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхэд өөдөөс юу гэж хэлсэн бэ гэхээр чи 3 сараар хойшлуулж өгнө үү гэсэн өргөдлөө бичээд өгчих гэсэн. Ажлаас халахтай холбоотой асуудлыг 3 сараар хойшлуулж өгөөч, нэг ёсондоо бол туршилтынхаа хугацааг 3 сараар ахиад сунгаад өгөөч гэсэн бичиг бичээд өгөөч гэж тулган шаардлага тавьсан. Тэгээд тухайн үед ажилтайгаа үлдэхийн тулд байгууллагын захиргааны дарамтад ороод бичиж өгсөн. Үүнээс хойш маш их ажил үүрэг хийсэн боловч ерөнхий нягтлан бодогч, тухайн байгууллагын захирал ерөөсөө үнэлээгүй, хүлээж аваагүй. Ингээд үүнээс болоод ер нь бие өвдсөн, сэтгэл санаа маш их цочирдсон. Сэтгэл санаа цочирдсоноос гар хөлөө түлсэн. Ийм асуудлууд маш их үүссэн байгаад байгаа. Сэтгэл зүйн маш их дарамт ирсэн. Тухайн үед нөхөр нь өвдөж таарсан байдаг. Гэтэл захирал нөхөр нь ч өвддөг, өөрөө ч өвддөг, хүүхэд нь ч өвддөг, ээж нь ч өвддөг, чамд ер нь өвдөхгүй юм алга чи ер нь гар. Өргөдлөө бичиж өгөөд гар гэж дарамтлах болсон байгаа. Ингээд 6 сар болчихсон юм чинь амралтаа авмаар байна гэдэг асуудлыг хэлсэн. Тэгээд амар гээд ээлжийн амралт өгсөн. 12 хоногийн ээлжийн амралт бодож өгчхөөд, мөнгийг нь хүртэл өгчхөөд тэгээд амраад ороод ирсэн чинь хэн чамайг амар гэсэн юм. Яагаад гэхлээр энэ амралт маань 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс амраад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа орсон байдаг. 3 хоног дутуу амраад, дуудагдаад ажилдаа эргээд орсон. Тэгтэл тайлан баланс гаргах үеэр хэн амар гэсэн юм. Ингэж тайлан балансаар амардаг нягтлан бодогч гэж ер нь байдаг юм уу гэдэг асуудал тавьсан байгаад байгаа. Ингээд маш их ачаалалтай ажиллаж байсан. Ажил олгогчдоо өөрийгөө үнэлүүлэх гэж хамаг ур чадвар, бүхий л үйл ажиллагаагаа гаргасан боловч үнэлээгүй. Ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, мөн захирал үнэлээгүй. Энэ хугацаанд маш их ажлын байрны дарамт, сэтгэл зүйн дарамтад өртсөн. Ингээд ажил үүргээ хийж байтал 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халсан тушаал шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн. Яагаад гэхээр бүх ажлаа хүлээлгэж өгсөн актаар тооцоод үзэхэд 2023 оны 04 сарын 18-ны өдөр өгсөн байдаг. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тушаалаа өгөөд, 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* дүүргийн хөдөлмөрийн 3 талт хороонд хандсан. Яагаад гэхлээр байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй. *******,*******д хуулийн дагуу явдаг нэг ширхэг ч юм байхгүй. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргааныг шуурхай шийдвэрлэх 3 талт хороо ачаалал ихтэй. Мөн дээрээс нь ирц хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх хугацаа хойшлогдоод 2023 оны 05 дугаар сард шийдээд, шийдвэрээ 05 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гардаж авсан байгаад байгаа юм. Шийдвэрээ бол 5 сарын 16-нд бичгээр гардаж авсан. Ингээд тус дүүргийн шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 9 цаг 30 минутаас шүүх хурал товлосон байгаа. Тус шүүх хуралд 8 цаг 30 минутаас Сүхбаатарын талбайгаас наашаа гарсан байдаг. Ингээд зам түгжрэлтэй, тэг зогсолт хийсэн. Үүнээс үүдэлтэйгээр нэхэмжлэлийг буцаасан. Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхээс буцаасан учраас тухайн нэхэмжлэлийг буцаах захирамж гарсан өдөр дахин тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ үйл явдал болох хугацаанд буюу ажлаас халж байгаа энэ хугацаанд нэхэмжлэгчийн хүүхэд ой гаран насны хүүхэдтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулаад гаргаж байгаа тайлбаруудыг үзэхэд маш олон янзаар мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэдэг юмыг л тавиад байдаг юм. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.3, 78.1.9 байгаад байгаа юм. Тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон гэсэн байгаа. Ажил олгогчтой хэзээ ч харилцан тохиролцоогүй, ямар ч өргөдөл гомдол өгөөгүй асуудал байна. Тус хуулийн 78.1.3 дэх хэсэгт тухайн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг. Гэтэл хугацаа дууссан өдрөөр нь цуцлаагүй, дуусгавар болоогүй. Яагаад гэхлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 сараар сунгаж өгөөч гэсэн байдаг. Тэгэхлээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 сараар сунгуулж өгөөч гэснийг үндэслээд 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэх юм бол 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3 сар нь дуусчихсан байгаа юм. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаад 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгочихсон. 1 сарын дараа дуусгавар болгож байгаа юм. 2 тал тухайн гэрээг дуусгавар болгоё гээд яг тэр дууссан өдөр нь дуусгавар болгоогүй, ямар нэгэн санаачилга гаргаагүй, сараар сунгагдаад явчихсан байгаад байгаа учраас энэ гэрээ анх заасан хугацаагаараа сунгагдсан гэж үзэж байгаа. Гэтэл гэрээний хугацааны дундуур ийм асуудал гаргаж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр. Мөн хуулийн 78.1.9 дэх хэсэгт аль аль нь санаачилга гаргасан гэж байгаа. Ямар ч байсан нэхэмжлэгч санаачилга гаргаагүй, ажил олгогч санаачилга гаргасан. Тэгээд энэ гаргаж байгаа тайлбар буюу мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй, өөр ажил албан тушаал санал болгосон гэдэг асуудал энэ тушаалд нэг ширхэг үг, үсэг байхгүй. Ажлаас халсан тушаал шийдвэр үндэслэлтэй байна уу, үндэслэлгүй байна уу гэдэг л асуудлыг тавьж байгаа юм. Тэр үндэслэлтэй байвал хууль дүрэм, журмынхаа дагуу буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу л тушаал шийдвэр гаргах ёстой. Гэтэл ийм үндэслэлгүй байгаад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох *******ийг урьд эрхэлж байсан *******,*******йн тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагчийн албан тушаал дээр эргүүлэн томилуулъя. Ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны хооронд нийтдээ 12 сарын цалин гарч байгаа. Энэ 12 сарын цалинг нэхэмжлэгчийн сүүлд авсан цалингийн дунджаас тооцоход 1 сарын 1 290 093 төгрөг байна. Үүнийг 12 сараар үржүүлэхлээр нийтдээ 15 991 209 төгрөг гарч байгаа юм. Энэ үнийн дүнг хариуцагч байгууллагаас гаргуулъя. Мөн дээрх хугацааны нийгмийн даатгал буюу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх хэсэг, захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн *******,*******йн тооцооны нягтлан бодогч, эд аж ахуйн ажилтан албан тушаалтай *******ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан байгаа. Ажил олгогчийн зүгээс анх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/32 тоот тушаалаар *******ийг дээрх албан тушаал буюу тухайн нэгж тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагч албан тушаалд анх 3 сарын хугацаатай түр томилон ажиллуулсан. Ер нь хууль, журамд зааснаар тухайн ажилтныг туршилтын хугацаанд 3 сараар ажиллуулах боломжтой байгаа. Энэ үндэслэлээр *******ийг тухайн албан тушаалд 3 сарын хугацаанд ажиллуулсан байгаа. Мөн туршилтын хугацаанд цаашид 3 сараар сунгах боломжтой байгаа. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахиад 3 сарын хугацаагаар тухайн ажилтны туршилтын хугацааг 3 сараар сунгаж, нийт 6 сарын хугацаанд тухайн ажилтныг ажиллуулсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 6 сарын хугацаа дуусахаас 5-6 хоногийн өмнө захирлын зөвлөлийн хурал хийгдсэн. *******ийг цаашид жинхэлж тухайн албан тушаалд ажиллуулах эсэх асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлд байж байгаа. *******ийг цаашид тухайн албан тушаалд сонгон ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэрийг захирлын зөвлөлийн хуралд оролцогчид гаргасан байдаг. Ингээд захирлын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг *******д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тэмдэглэл үйлдэж танилцуулсан. Энд оролцогчдоор нь захирал н.Г, Санхүү, аж ахуйн инженерийн нэгжийн тооцооны нягтлан бодогч, *******, хүний нөөцийн мэргэжилтэн н.Р захирлын туслах, хамтын ажиллагааны мэргэжилтэн н.Ц тэмдэглэл хөтлөн оролцож энэхүү хурлаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Мөн ******* маань тухайн үед гэр бүлийн байдал, ахуй амьдралынхаа талаар зүгээс илэрхийлсэн байдаг. Би нялх хүүхэдтэй байгаа учраас та миний энэ хүсэл, байдлыг харгалзан үзэж энэ ажил албан тушаалд цаашид ажиллуулж өгөөч гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* намайг цаашид 3 сараар тухайн ажил албан тушаалд ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтээ гаргаж өгсөн. Энэ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурал дээр захирал н.Г хэрвээ *******ийг боломжтой бол хавдрын эмнэлэгт нягтлан бодогч, 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг цэцэрлэгт нягтлан бодогчоор би оруулж өгч болно. Тийм бол надад хэлээрэй. Танай гэртэй ойр байх, ойр байвал чи нялх хүүхэдтэй учраас чамд хэрэгтэй юм болов уу гэсэн энэ асуудлыг ярьсан, зөвлөсөн байдаг. Энэ нь тэмдэглэлд тусгагдаад явчихсан байж байгаа. Ингээд ******* үргэлжлүүлээд 3 сар ажиллах хүсэлтэй байгааг нь харгалзан үзээд ажил албан тушаалд нь ажиллуулсан байгаа. Тухайн ажлын байранд тухайн хүн ажиллаж байхад ажлын саналууд тавигдсан. Жишээлбэл ахлах нягтлан бодогч н.Байгальмаа гэртэйгээ ойрхон чамайг одоогийн энэ ажлаас гарсны дараагаар орсон Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд нягтлан бодогчоор ажилд оруулж өгөх боломжтой шүү гэж хэлсэн. Үүний дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд 2023 оны 04 дүгээр сард ажилд орох болсон байдаг. Ингээд ажилд орох болсон учраас 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр *******ийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ ажлаас чөлөөлөх шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэг харилцан тохиролцсон, 78.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, 78.1.9 ажил олгогчийн санал болгосноор *******ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар захирлын тушаалаар тухайн албан тушаалаас чөлөөлсөн байгаа. Ажлаас халаагүй чөлөөлсөн байгаа. Захирлын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас *******ий гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар хурлын тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ж.Э төрсний гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ажил олгогчид гаргасан хүсэлт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. *******,*******йн захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, *******,******* УТҮГ-ын дүрэм эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Б/32 дугаар *******ийг ажилд түр томилох тухай тушаал, 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/20 дугаар *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, *******,*******ос 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн зөвшөөрөл хүсэх тухай 301 дугаартай албан бичиг, *******,*******йн хөдөлмөрийн дотоод журам, зарлага, орлогын баримт, нэхэмжлэх, материалын жагсаалт, итгэмжлэл, цалингийн хүснэгт, цалингийн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ажил олгогчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/20 дугаар ажлаас чөлөөлөх тушаалд талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон гэх үндэслэл баримталсан нь үндэслэлгүй. Харилцан тохиролцсон зүйлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс гэрээг 3 сараар сунгасан гэж үзвэл 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээний хугацаа дуусна. Уг хугацаанд тушаал гаргаагүй тул дахин мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тушаал гаргаад 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцэхгүй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...Тооцооны нягтлан бодогч, эд, аж ахуй хариуцагч албан тушаалд туршилтын хугацаагаар түр ажиллаж байсан *******ийг Захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар жинхлэх асуудлыг хэлэлцэн дэмжигдээгүй тул хөдөлмөрийн гэрээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Тэрээр энэ шийдвэрийн дараа 3 сараар сунгаж ажиллуулах хүсэлт гаргасныг хүлээн авч ажиллуулсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Ажил олгогч Улсын Мал эмнэлэг,*******йн захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар нягтлан бодогч *******ий гаргасан өргөдлийн дагуу Санхүү аж ахуй, үйлчилгээний нэгжид тооцоон нягтлан бодогч, эд, аж ахуй хариуцагч албан тушаалд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай томилон ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-ийн 5-6, 58/
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.
4.3. Нэхэмжлэгч *******ий Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд хариуцагч *******,******* УТҮГ-т туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ ХХК-тай зэрэгцэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байсан ба 2022 оны 8, 9 сард ХХК-нд мөн давхар хөдөлмөр эрхэлж байсан болох нь тогтоогдож байна.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь ажил олгогч буюу хариуцагчид өөр ажил олгогчтой зэрэгцэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай талаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан.
4.6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр дууссан, нэг удаа сунгагдсан талаар талууд маргаагүй.
4.7. *******,*******йн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.5-д туршилтын хугацаа дуусахад тухайн ажилтын хийж гүйцэтгэсэн ажлын тайланг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж нэгжийн дарга, ерөнхий эмч, удирдлагын дүгнэлтийг үндэслэн гэрээг дуусгавар болгох, эсвэл хугацааг сунгаж ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
4.8. *******,*******йн захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар түр томилогдсон нэр бүхий ажилтнуудыг жинхлэх эсэх асуудлыг хэлэлцэж, *******ий ажлын тайланг хэлэлцэж, жинхлэх эсэх асуудлаар санал хурааж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн болох нь хурын тэмдэглэлээр тогтоогдож байна.
4.9. Дээрх захирлын зөвлөлийн хуралдааны шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ******* нь *******,*******йн захиргаанд ...үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тул 3 сараар сунгаж өгнө үү... гэх хүсэлт гаргаж, уг хүсэлтэд 3 сар сунгаж ажиллах, гүйцэтгэлд Байгалмаа дарга сайтар хяналт тавих гэж ажил олгогчийн төлөөлөгч цохолт хийсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
4.10. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох, гэрээг чөлөөтэй байгуулах зарчим хөдөлмөрийн гэрээнд нэгэн адил хамаарах юм.
4.11. *******,*******йн захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг ажилтан *******ий хүсэлтийг үндэслэн ажил олгогч 3 сарын хугацаагаар хойшлуулсан нь дээрх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцнэ гэж дүгнэв.
4.12. Улмаар ажил олгогч *******,*******йн захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9 дэх заалт, *******,******* УТҮГ-ын дүрмийн 6.4.11 дэх заалт, Захирлын зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Санхүү аж ахуй, үйлчилгээний нэгжийн тооцооны нягтлан бодогч, эд аж ахуй хариуцагч албан тушаалд түр ажиллаж байсан *******ийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.
4.13. Маргааны эрх зүйн баримт бичиг болох *******,*******йн захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.
4.14. Иймд нэхэмжлэгч *******ий *******,******* УТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.15. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч *******ий хариуцагч *******,******* УТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөний дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ