| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00461/И |
| Дугаар | 135/ШШ2024/00456 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/00456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00461/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3дугаар баг, Ажилчин2 дугаар гудамж, 12тоотод оршин суух, утас: 99485484, Жод овогт Отгонцэцэгийн Мөнхсайханы хүсэлттэй
Б.Батцэцэгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч О.Мөнхсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Мөнхсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Б.Батцэцэг бидний дундаас 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр том хүү М.Батмөнх, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин М.Мөнхсарнай нар төрсөн. Бага охин төрөөд нэг нас хүрээгүй байхад нь авчирч өгөөд саллаа гээд явсан. Тэрнээс хойш сураггүй байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид албан ёсоор авах хүсэлтэй байх тул Б.Батцэцэгийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...О.Мөнхсайхан нь Б.Батцэцэгтэй хамтын амьдралтай байсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаагүй. Хамтын амьдралын хугацаанд нь 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр том хүү М.Батмөнх, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин М.Мөнхсарнай нар нь төрсөн. Бага охин М.Мөнхсарнайг нэг нас хүрээгүй байхад чамтай амьдарч чадахгүй, хүүхдүүдээ өсгөж тэжээн тэтгээрэй гэж хэлээд явсан байдаг. Анх 06 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяраар хүүхдүүдтэйгээ ирж уулзаад бэлэг өгөөд явдаг байсан. Сүүлдээ сураггүй болсон. Улаанбаатар хотод байдаг гэсэн сураг гарсан. Дархан-Уул аймаг, Дархан сумын 3дугаар багийн хаяг дээр бүртгэлтэй байдаг боловч уг хаягтаа байдаггүй гэдгийг багийн засаг даргаас тодруулсан. Б.Батцэцэгийг эрэн сурвалжилж хаягийг тогтоосноор Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Үүргийг нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн дагуу эх Б.Батцэцэгээс тэтгэлэг гаргуулах мөн өнөөдрийг хүртэл О.Мөнхсайхан нь албан ёсоор өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Б.Батцэцэг нь улсаас өгдөг хүүхдийн мөнгийг дансаараа авдаг, мөнгийг авч чаддаггүй гэсэн үйл баримт мөн яригддаг. Хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа Б.Батцэцэгийн оршин суугаа хаягийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Хүсэлтийг нь дэмжиж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч О.Мөнхсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.О.Мөнхсайхан нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Б.Батцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ ...Б.Батцэцэг нь бага охин төрөөд нэг нас хүрээгүй байхад нь авчирч өгөөд саллаа гээд явсан. Тэрнээс хойш сураггүй байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид албан ёсоор авах хүсэлтэй байх тул Б.Батцэцэгийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэж дурдаж, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, О.Мөнхсайханы иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин М.Мөнхсарнайгийн төрсний гэрчилгээний хуулбар,2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Батмөнхийн төрсний гэрчилгээний хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/01079 дугаар Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.
3.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батцэцэг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэл нь хүсэлт гаргагч О.Мөнхсайханы шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ. гэж зааснаар түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
4.Б.Батцэцэгийн эгч Нарантуяа (99583196) нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 2дугаар баг, Чулуут 4-20 тоотод оршин суудаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ОА96111001 регистрийн дугаартай, Тахианар овогт Баясгалангийн Батцэцэгийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.Батцэцэгийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Э.Энхзулын оршин суугаа газрыг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Дархан-Уул аймаг, Дархан сум, 3дугаар баг, Ажилчин 2дугаар гудамж, 12тоотод оршин суух, утас 99485484, регистрийн дугааар ТА93110711, Жод овогт Отгонцэцэгийн Мөнхсайханд мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС