Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 135/шш2024/00308

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/00308

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2023/02117

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 161 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Дорлигийн Чинзаяагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, 518 дугаар байрны 103 тоотод оршин суух, Өег овогт Отгонцэцэгийн Баярболдод холбогдох,

 

"Хүүхдийн тэтгэлгийн зөрүү 9,090,650 төгрөг, алданги 4,545,325 төгрөг, нийт 13,635,975 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгорсүрэн /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* нь ******* хүүхдийн тэтгэмжийн зөрүү 17,566,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэ дүн нь нэхэмжлэгч *******гийн бодсон дүн юм энэ нь алдаатай бодогдсон байна. 2014 оны 1 сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл дандаа 100 хувиар бодсон байсан энэ нь 17,566,800 төгрөг болсон. Гэвч 0-11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар бодогдох байсныг 100 хувиар бодогдсон алдаа гарсан байна. Иймээс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн өөрчилж тэтгэлгийн зөрүү 9,090,650 төгрөгийг нэхэмжлэх болсон. Энэ хугацаанд тэтгэлэг төлөөгүй алданги тооцоход маш их хэмжээний мөнгө гарж байсан тул үндсэн нэхэмжилж буй мөнгөний 50 хувиар тооцож 4,545,325 төгрөгийн алдангийг нэхэмжилж, нийт 13,635,975 төгрөгийг нэхэмжилж байна. *******, нар нь 2008 онд анх танилцаж хамтран амьдарч байгаад 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Бөртэ-Үжин төрсөн. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр охин ээжийн асрамжид үлдээж О.******* тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. нь 2012 оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 10 сар хүртэл 40,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарыг дуустал 80,000 төгрөгийг сар бүр хүүхдийн тэтгэлэгт төлж байсан. Гэтэл хүүхдийн тэтгэлгийг дутуу төлж байсныг ******* саяхан мэдээд нэхэмжлэл гаргасан юм. нь төлөхгүй биш төлдөг 2013 оны 01 дүгээр сараас 40,000 төгрөг төлсөн ******* нь хүүхдийн тэтгэлгээ төлөөрэй яагаад 40,000 төгрөг төлдөг юм бэ? гэхэд, нь чи шүүхийн шийдвэрээ хараарай ингэж төлнө гэж тогтоогдсон байгаа 11 нас хүртэл сар бүр 40,000 төгрөг төлнө, 11 наснаас нь хойш сар бүр 80,000 төгрөг бүтэн төлдөг юм гэж ойлгуулсан байдаг. Тэр үед ******* нь ыг хуулийн байгууллагад ажилладаг хүн учраас мэдэж байгаа байлгүй гээд өнгөрөөсөн байдаг.

Иймээс зөрүү мөнгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анх 2023 оны 12 дугаар сард албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол гараад ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 1 сараас өмнөх хугацааны мөнгөн хэмжээг бол бодож гаргаж өгөхгүй 2024 оны 1 дүгээр сараас хойш бодож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэнэ гэж тайлбарласан байдаг. Мөн 2024 оны 1 дүгээр сараас өмнөх тэтгэмжийн зөрүү мөнгийг шүүхэд хандан гаргуулж авч болдог тул та шүүхэд хандаарай гэж чиглүүлсэн байдаг. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар одоо төлөгдөөгүй байгаа үндсэн нэхэмжлэл болох 9,090,650 төгрөг, мөн үнийн дүнгийн 50 хувь болох 4,545,325 төгрөгийн алдангийг нийт 13,635,975 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгорсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх ёстой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс өмнө, хойно гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь буруу явагдаж байна гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зайлшгүй явуулах ёстой. Иймд хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Хариуцагчийн зүгээс санаатай зайлсхийсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш *******, нар нь утсаар 1,2 удаа ярьсан байдаг. Утсаар ярихдаа хүүхдийн тэтгэлгээ төлөөрэй гэдэг, хэдийг төлөх вэ? гэхээр 40,000 төгрөг төлнө гэж хэлсэн талаар хариуцагч өөрөө хэлдэг. Энэ төлсөн 40,000 төгрөг нь *******гийн өөрийнх нь хэлснээр төлсөн байдаг. Тэрнээс биш нь өөрөө санаатайгаар дутуу төлөөд байсан зүйл байхгүй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас 2012 оны 09 сарын 06-ны өдрийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, төрсний бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2013 оноос 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлгийн зөрүүгийн тооцоолол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Хариуцагч талаас 2024 оны 01 сарын 10-ны өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Дархан-Уул аймаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 01/371 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн хариуцагч од холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлгийн зөрүү 9,090,650 төгрөг, алданги 4,545,325 төгрөг, нийт 13,635,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх хүүхдийн тэтгэлгийн зөрүү нийт 17,566,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тэтгэлгийн зөрүүг 9,090,650 төгрөг болгон бууруулж, алданги 4,545,325 төгрөгийг нэмэгдүүлэн, нийт 13,635,975 төгрөгийн шаардлагыг гаргасан болно.

 

2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай захирамжаар охин өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нь 2012 оны 09 сараас хойш тэтгэлгийг дутуу өгч байсныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хуульд заасан төлөгдөөгүй тэтгэлгийн зөрүүг нөхөн төлөх үндэслэлтэй. Мөн хугацаандаа тэтгэлэг төлөөгүй тул хуульд зааснаар алданги шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрх нь нэхэмжлэгчид бий. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан гэх үндэслэл бий болоогүй, мөн энэ үндэслэлээр алданги гаргуулах боломжгүй... гэж тайлбарладаг болно.

 

4. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 09 сарын 06-ны өдрийн дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч од холбогдох иргэний хэрэгт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Бөртэ-Үжинд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж авагдсан бөгөөд тус захирамжаар дээр дурдсан дугаартай захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсний дагуу 2024 оны 01 сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

5. Хариуцагч нь 2012 оны 09 дүгээр сараас хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 40,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 сарын 31-нийг хүртэл сар бүр 80,000 төгрөгөөр тус тус хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч *******д өгч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т: Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж зааснаар хариуцагч нь сар бүр төлөх тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас багаар төлж байгаа нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолоор тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 01 сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд түүнээс өмнө хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар зохих ёсоор биелүүлж байсан байна.

Энэхүү хариуцагчийн сар бүр сайн дураар биелүүлж байсан тэтгэлгийн хэмжээний хувьд нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй, тухайн үедээ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт шүүхэд гаргаагүй, улмаар тэтгэлгийг сар бүр хүлээн авч байсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь тэтгэлэг төлөөгүй, тэлгэлэг төлөх талаар санаачилга гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Нөгөө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш буюу уг ажиллагаа явагдаж байх үед дээрх хуульд заасан нөхцөл тогтоогдсон байх учиртай юм.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д: Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заасан байдал зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тэтгэлгийн зөрүүг нөхөн гаргуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь алданги 4,545,325 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуульд зааснаар тэтгэлэг төлөх хугацааг сар, улирал, хагас жил, жилээр тус тус олгохоор тогтоож болохоор заасан бөгөөд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар тэтгэлэг төлөх тодорхой хугацаа заагаагүй, мөн талууд энэ талаар хугацаа тохирсон гэрээ байгуулаагүй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-т: Төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгчөөс гаргуулж болно гэж зааснаас үзэхэд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явцагдаж байх үед хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг мөн талуудын оролцоотойгоор тогтоож болохоор байна.

Гэтэл энэхүү шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байхад хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Өөрөөр хэлбэл алданги нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэж байгаа хариуцлага бөгөөд хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9. Нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.******* хүүхдийн тэтгэлгийн зөрүү 9,090,650 төгрөг, алданги 4,545,325 төгрөг, нийт 13,635,975 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ