Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гулжамалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 10-01 тоотод оршин суух, Хазбек овогт Жангарбайн Гулжамалынын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч Ж.Гүлжамалыг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар тушаалаар тус ангийн нягтлан бодогчоор жинхлэнэ томилсон байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний албан тушаал. ТҮ ангилал зэрэглэлээр цалинждаг албан тушаалд томилсон. Нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх явцад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн саналаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дугаар тушаал гарч Ж.Гүлжамалыг хөгжимчний албан тушаалд буюу төрийн тусгай албан тушаалд түр томилох тухай тушаал гарсан байдаг. Энэ албан тушаалд ажиллаж байх явцад Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч дуудаж уулзаж энэ албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг байдлаар өргөдөл бичүүлж аваад энэ өргөдлийн дагуу Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаартай тушаалаар Ж.Гүлжамалыг хөгжимчний түр ажлын байрнаас чөлөөлсөн. Урьд ажиллаж байсан нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтийг Зэвсэгт хүчний 123-р ангид нэхэмжлэгч амаар удаа дараа тавьж байсан. Энэ хүсэлтийг одоо хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Ж.Гүлжамал нь манайд хамааралгүй болсон. Жанжин штабын даргын тушаалаар манайд томилогдсон боловч дээд удирдлагын байгууллагын мэдэлд шилжсэн. Манайд ямар нэгэн байдлаар хамааралгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Офицер, ахлагчийн албан тушаалд томилогдох хүн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хамааралгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб болон Хуурай замын командлагчийн тушаал шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг.

Төрийн тусгай албан хаагчийг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч томилох чөлөөлөх эрх мэдэл байдаггүй. Үйлчилгээний албан тушаалын хүмүүсэээ ангийн захирагч ажилд томилж, чөлөөлдөг. Жанжин штабын даргын тушаалаар толилогдсон учраас манайд хамааралгүй. Шилжүүлэн томилоогүй ажилд орох хүсэлтээ Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан байж магадгүй. Манайд хамааралгүй гэв.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гүлжамалын нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 /зургаан сая нэг зуун дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээ буюу дээрх иргэний хэрэг нь ямар хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан маргаан болохыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурьдаагүй байна.

            Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан тушаал гаргах шаарлагатай. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан хөгжимчний ажилд томилогдсноор Ж.Гулжамалын нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцаа 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна.  Ажилтныг өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэх эрх зүйн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зааснаар хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлт хууль хэрэглээний алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Гүлжамал нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Тамир, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Ж.Гүлжамал нь манайд хамааралгүй болсон, төрийн тусгай албан хаагчийг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч томилох, чөлөөлөх эрх байхгүй, зэвсэгт хүчний жанжин штаб болон хуурай замын командлагчийн тушаал, шийдвэрээр томилогдож чөлөөлөгддөг” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх Ж.Гүлжамалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Ж.Гүлжамал нь 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид нягтлан бодогчоор ажилд орж, 2015 оны 07 дугаар 07-ны өдөр өөрийн хүсэлтээр мөн ангид хөгжимчнөөр, ахлагчийн албан тушаалд томилогдон ажилласан байна. Улмаар Ж.Гүлжамал нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн Б/384 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр хөгжимчний албан тушаалаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна.

            Харин нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Гүлжамал нь өөрийн хүсэлтээр хөгжимчний ажилд томилогдсоноор түүний нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.Гүлжамалыг хөгжимчний ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч түүнийг урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох үүрэгтэй байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ж.Гүлжамалын нягтлан бодогчийн ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалах” 36 дугаар зүйлд заасан ажил олгогч “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах” хуулийн зохицуулалтад хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хөгжимчний ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш 6 сар 23 хоногийн дараа нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Харин урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ  анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгийг баримталсан байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                                Б.ДАМБА

                                                                     

                                                                                               М.НЯМБАЯР