Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2023/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч     Ч.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын *******

Хариуцагч: аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гуравдагч этгээд: гийн ******* нарын хооронд үүссэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч. /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Ш.******* /онлайнаар/, түүний өмгөөлөгч Б.******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлага: аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн нөхцөл байдал: сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 11 төлөөлөгч 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******* Ч.*******ийг огцруулах саналыг сумын иргэдийн Хурлын даргад хүргүүлж, сумын иргэдийн Хурлын даргын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 тоот захирамжаар сумын ******* даргыг огцруулах саналыг хэлэлцэх ээлжит бус 8 дугаар хурлын товыг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр зарлаж, мөн өдрийн Хурлын хуралдааны 03 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолоор нэхэмжлэгчийг огцруулсан нь үндэслэлгүй, хууль бус гэж маргаж байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль журмын дагуу явагдсан байх. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудалд нэр бүхий 11 хүний гарын үсэгтэй албан бланкан дээр ******* даргыг огцруулах тухай бичиг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн. Ингэхдээ сумын 11, 8 дугаар тойргийн төлөөлөгчид гэсэн байгаа. Сумын иргэдийн Хурлын 3 төлөөлөгч нийлж нэг тойрог болох заалт байхгүй. Тус бичиг нь бичиг хэргийн стандарт хангаагүй, албан бланк дээр гаргасан хууль бус албан бичгийг үндэслэн сумын *******ас огцруулах шийдвэр гаргасан. Намайг буруутгасан бичигт би өөрийнхөө эсрэг Үндсэн хуульд болон бусад хуульд заасан эрхийн дагуу эсрэг мэдүүлэг өгөхгүй, өөрийгөө хамгаалах эрхтэй байдаг. Гэтэл энэ боломж нөхцөлийг хангаж өгөхгүй шийдвэрээ гаргасан. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хэлэлцэх асуудлын тооцоо, судалгаа, лавлагаа, шийдвэрийн төслийг хүргүүлэх ёстой байхад ийм үйл ажиллагаа хийгдээгүй хуулиас давсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Захиргааны байгууллага, албан тушаалтан батлагдсан хуулийг ёсчлон дагаж мөрдөж хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүйг харуулж байна. Хурлын шийдвэр нь хуулийн үндэслэлгүй, хүний эрхэд үндэслэлгүйгээр халдсан, хуульд заасан зарчмын дагуу явагдаагүй гэж үзэж байна гэв.

4. Хариуцагчийн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... сумын ******* Ч.******* гэх хүнийг 5 үндэслэлээр Хурлын тогтоол гарч ажлаас чөлөөлсөн нь үнэн. ******* даргын Тамгын газрын авто машиныг ажлын бус цагаар авч явж унагаж эвдэлсэн асуудал, Монгол ардын намын хөтөлбөр шийдвэрийг хэрэгжүүлээгүй, сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчидтэй хамтран ажиллаагүй, аймгийн *******тай 2022 оны гэрээний биелэлт хангалтгүй үнэлүүлсэн, аймгийн *******тай 2023 оны гэрээ байгуулаагүй зэрэг 5 үндэслэлээр сумын ******* даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын ******* даргыг огцруулах тухай 5 асуудлыг намын бүлгийн хурлаар хэлэлцсэн. Сумын хурал дэгтэй, хуралдаанаар дэгээ өөрсдөө тогтоодог. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуралдааны дэгийг баталсан байдаг. Хуралдааны дэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус Хуралдаанд хэлэлцэх асуудлыг тусгасан байдаг. Энэ тухай хуралдааны урилга дээр тодорхой зааж өгсөн. 11 төлөөлөгчөөс сумын ******* даргыг огцруулах тухай саналыг хэлэлцэнэ гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд байгаа. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг товлон зарласан, Зөвлөлийн хурлаар оруулсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд намын бүлгийн хурлаар хэлэлцсэн байдаг. Тийм учраас тухайн үеийн Хурлын дарга хурлыг хуульд заасан журмын дагуу товлон зарлаж явуулсан байна. Хурлын төлөөлөгчдийн албан бланк албан хэргийн стандартад нийцэхгүй, хүчингүй гэж үзээд байна. Хүчингүй гэж үзэж байгаа Хурлын төлөөлөгчдийн албан бланкыг захиргааны акт гэж үзэх боломжгүй. Учир нь захиргааны акт бол Захирамж, Тушаал, Шийдвэр зэргийг захиргааны акт гэнэ. сумын иргэдийн төлөөлөгчдийн гаргасан саналыг иргэн хурлын төлөөлөгч хүн саналаа илэрхийлж гаргасан учир заавал албан хэргийн стандартад нийцүүлэн ирүүлээгүй нь хуульд нийцээгүй байна гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчээс 5 үндэслэлийн талаар ярьж байгаа. Мэдээж 2 тал хурал шийдсэн асуудал дээр сумын хурлын төлөөлөгч буюу хамтын удирдлагын шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзэж байна. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 3 сарын өмнө нэхэмжлэгч Ч.******* таныг сайн ажилласан гэсэн баримт хэрэгт байхгүй гэж үзэж байна. Бичгийн баримт шинжлэн судлахаар тодорхой болох байх, хурлын Төлөөлөгч нар таслах эрхтэй оролцсон учраас санал хураалт явуулаад огцруулах саналыг аймгийн *******д өргөн барьсан нь хуульд нийцсэн байна гэж үзэж байна гэв.

6. Гуравдагч этгээд Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... сумын иргэдийн Төлөөлөгч нэр бүхий 11 төлөөлөгч сумын ******* даргыг огцруулах тухай албан бичгийг Зөвлөлийн хурал болохын өмнө оруулж ирж өгсөн. Тус бичгийг Зөвлөлийн хурлаар оруулсан, Зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа гэв. Албан бланкны тухайд тухайн тойргийн иргэдийн хурлын Төлөөлөгч нарт албан бланк байдаг учраас хүчинтэй гэж үзэж байна. Хурлын байгууллага 21 төлөөлөгчөөс зургаагаас дээш хувь нь хуралдааныг хуралдуулах тухай санал гаргасан тохиолдолд дэгийн дагуу ээлжит бус хуралдааныг товлон зарлаж хуралдуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ийм асуудал болж өнгөрсөн. Нэхэмжлэгч надад хурлын тухай материал хүргүүлээгүй гэж байна. Ч.******* нь сумын иргэдийн хурлын Төлөөлөгч биш учраас өөрт нь материал хүргүүлэх боломжгүй байсан. Бусад хурлын төлөөлөгч нарт хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурал хуралдах тухай материалыг хүргүүлэн ажилласан гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий үйл баримтын тухайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан холбогдох зүйл заалтуудыг авсан, шаардлага хангасан 7 хоногийн өмнө буюу нэгжийн тухай хуулийн 48.6-д заасны дагуу 7 хоногийн өмнө захирамж гаргана гэж заасны дагуу 7 хоногийн өмнө захирамж гаргасан, товоо мэдэгдсэн байна. Захирамжийн дагуу мэдэгдэхгүй байх боломжгүй захирамж нь өөрөө  доторх агуулгаа хангалттай гаргаж байна. Захирамжийн 2 дахь хэсгээрээ  нэр бүхий 11 төлөөлөгч нар сумын ******* даргыг огцруулах талаар гарын үсэг зурсан өргөх бичиг барьсан тухай тодорхой байна. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан хуульд заасан дэг журмын дагуу явагдсан байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтогдож байна. Үндсэн маргаан нь нэгжийн тухай хуулийн 35.1.7 заасан хуульд заасан үндэслэлээр тухайн шатны ******* даргыг огцруулах эсэх талаар дээд шатны ******* болон ерөнхий сайдад санал тавих гэсэн зохицуулалттай. Энэ нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дотор байгаа учир бүрэн эрхийн дагуу саналаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс аймгийн ******* даргын 2023 оны 03 дугаар сарын 22-ны  өдөр саналыг хүлээн авч тус өдрөө чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь аймгийн ******* хуулиараа 5 хоногийн дотор хянах үүрэгтэй. Энэ нь нэг цагийн дотор ч байж болох тул өөрийн бүрэн эрхийн асуудал учраас буруутгах нөхцөл байдал байхгүй байна гэж үзэн хариуцагч болон өмгөөлөгчийн тайлбарыг бүрэн дэмжиж оролцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч нь нэр бүхий 11 төлөөлөгчийн гарын үсэгтэй ******* даргыг огцруулах тухай санал нь бичиг хэргийн стандарт хангаагүй, албан бланк дээр гаргасан хууль бус албан бичгийг үндэслэн *******ас огцруулахдаа өөрийгөө өмгөөлөх хуульд заасан боломжоор хангаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэх ******* даргыг огцруулах саналд холбогдох асуудлын тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж, хариуцагч, гуравдагч этгээд нь хуульд заасан эрхийн хүрээнд нэр бүхий төлөөлөгч нараас сумын ******* даргыг огцруулах санал хуралд тавьсан. Таван үндэслэлээр хамтын шийдвэр гаргаж сумын Хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулсан гэж, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон тус Хурлын хуралдааны дэгийн дагуу явагдсан ямар нэгэн зөрчилгүй гэж маргаж байна.

4. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан ба 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны ******* даргыг огцруулах талаар дээд шатны *******д ..., санал тавих”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, ... асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхын саналаар батална”, 65 дугаар зүйлийн 65.2.-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, ******* даргыг огцруулах, ... асуудлыг дээд шатны *******д ... нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

5. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 11 төлөөлөгчөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 01/01 дүгээр албан бичгээр сумын ******* даргыг огцруулах тухай саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар захирамжаар сумын ******* даргыг огцруулах саналыг хэлэлцэх ээлжит бус 8 дугаар хуралдааны товыг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангахыг Хурлын ажлын албанд даалгасан байна. Энэ дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчид ээлжит бус 8 дугаар хуралдааны тов зарласан захирамж, /хэлэлцэх асуудал/ хуралдааны урилгыг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр биечлэн болон утас, цахимаар хүргүүлсэн болох нь[1] “ ИТХ” Facebook group, ээлжит бус 8 дугаар хуралдааны урилга тараасан жагсаалт зэрэг баримтаар тогтоогдож байх ба 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаанд оролцсон 20 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч сумын ******* даргыг огцруулах саналыг дэмжсэн байна.

6. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 11.3-т “хурлын ажлын алба хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос нэгээс доошгүй хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах” заалт болон хурлын хуралдааны үйл ажиллагаа бүхэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 65 дугаар зүйлийн 65.2-т заасанд нийцсэн байна.

7. Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдааны үйл ажиллагаа эрх зүйн зөрчилгүй явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба Хурлын төлөөлөгчдийн олонх нь ******* даргыг огцруулах санал гаргахдаа хэлбэрийн хувьд хэн нэг төлөөлөгчийн хэвлэмэл хуудсан дээр гарын үсгээ зурж хүргүүлсэн нь Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 1.3-т “Тамга, тэмдэг дарж баталгаажуулах, хэвлэмэл хуудас хэвлүүлэхэд эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичгийн стандартыг баримтална” гэж заасныг зөрчөөгүй, Хурлын төлөөлөгчийн хэвлэмэл хуудас нь дээрх журмаар тамга, тэмдэг дарж баталгаажуулах хэвлэмэл хуудаст хамаарахгүй тул “... нэр бүхий 11 төлөөлөгчийн гарын үсэгтэй ******* даргыг огцруулах тухай санал нь бичиг хэргийн стандарт хангаагүй, албан бланк дээр гаргасан хууль бус албан бичиг” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

8. Мөн нэхэмжлэгч нь “... сумын ******* даргыг огцруулах 5 үндэслэлийг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд намайг оролцуулсан, би тухайн хуралд холбогдох тайлбаруудаа бүрэн өгсөн учраас ээлжит хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзсэн”, “... сумын ******* даргыг огцруулах саналыг хэлэлцэх ээлжит бус 8 дугаар хуралдааны урилгыг надад 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаанаар сумын ******* даргыг огцруулах саналыг хэлэлцэхэд өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэх түүний тайлбар үндэслэлгүй байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгч нь ******* даргыг огцруулах саналд холбогдох шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгэж төлөөлөгчдөд хүргүүлээгүй гэж маргаж байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар захирамжаар сумын ******* даргыг огцруулах саналыг ээлжит бус 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож хууль болон хуралдааны дэгээр тогтоосон хугацаанд төлөөлөгч нарт хүргүүлсэн байх ба ******* даргыг огцруулах санал нь төлөөлөгчдийн олонхын саналаар /санал хураалт/ тухайн цаг мөчид тогтоол хэлбэрээр батлагдаж дээд шатны *******д хүргэгддэг ба дээд шатны *******ас доод шатны ******* даргыг огцруулах талаарх Хурлын саналыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэдэг тул ******* даргыг огцруулах саналд холбогдох шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгэж төлөөлөгч нарт тараах нь энэ тохиолдолд ач холбогдолгүй ба маргаан бүхий 03 дугаар тогтоолыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй.

10. ******* даргыг огцруулах тухай санал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах улс төрийн шийдвэр ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж дээд шатны *******ас доод шатны ******* даргыг огцруулах эрх мөн хуулийн 64.2.3-т зааснаар олгогдсон тул шүүхийн зүгээс ******* даргыг огцруулахаар олонхын саналаар батлагдсан Хурлын тогтоол болон ******* даргыг огцруулсан дээд шатны ******* даргын захирамжийн үндэслэл, үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй ба Захиргааны хэргийн шүүхийн хяналт нь ******* даргыг огцруулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны ажиллагаа хууль, хурлын дэгийн дагуу явагдсан эсэхээр хязгаарлагдахаар байна. Тодруулбал; Захиргааны хэргийн шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Үндсэн хууль, органик хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргасныг хянахдаа хэлбэрийн буюу хууль, хурлын дэгээр баталсан журмын дагуу хуралдаан явагдсан эсэхийг хянах ба хамтын удирдлагын зарчмын дагуу олонхоор шийдвэрлэсэн, тухайлбал сумын ******* даргыг огцруулах Хурлын шийдвэрийн агуулга, үндэслэл, үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ийн аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР

 


[1] Хавтаст хэргийн 34-37 , 60, 66, 85-р хуудас