Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/70

 

 

 

 

Р.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

                        Хохирогч Т.Н,

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэн /цахим сүлжээгээр/

                        Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Од холбогдох эрүүгийн 2134004750072 дугаартай хэргийг 2021 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Р.О нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Тамган” 5 дугаар багийн нутаг Цэмбэл гэх газар 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Т.Нтай малын бэлчээрээс болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Р.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цамбагялхай овгийн Раднаагийн О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Од оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Од оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Р.Од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 619 000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Оос 854 497 /найман зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөг гаргуулан хохирогч Т.Над, 317 500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэн гаргасан давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж туйлширсан, ял хүндэдсэн, түүнийг хэлмэгдүүлсэн харалган шийдвэр гарлаа гэж үзэж байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлууд нотлох баримтуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.О цагаатгасан заалт бүхий шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

Нэг. Р.О нь Т.Ныг Ж.Доржсүрэнгийн эзэмшил ашиглалтын бэлчээрийн газарт адуугаа бэлчээрлүүлж идүүлээд байгаа ажиллагааг нь болиулах зорилгоор түүнд машинаасаа буугаад ир энэ ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавихад нь Т.Н эсэргүүцэж орилж чарлан өөдөөс нь өшиглөхөөр нь түүнийг нь болиулах зорилгоор нүүрэнд нь нэг удаа цохьсон ийм л үйлдэл хийсэн байна. Р.О нь үүний улмаас Т.Нын биед хөнгөн гэмтэл үүснэ гэж бодоогүй, хөнгөн гэмтэл учруулна ч гэж хүсээгүй байна. Ийнхүү Т.Ныг Ж.Доржсүрэнгийн эзэмшлийн бэлчээрт адуугаа бэлчээж идүүлэх ажиллагаа болон түүний шаардлагыг нь эсэргүүцэж өшиглөсөн энэхүү ажиллагааг нь болиулах гэсэн санаа зорилго үйлдлийн улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан энэхүү байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж заасныг баримтлан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Р.О нь ингэж бусдын биед болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно...” гэж заасан байгаагийн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэм буруугийн энэхүү сэдэлтийг хуульчлаагүй тул Р.О гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд Р.Отргонгомбод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хүчингүй болгож, эрүүгийн журмаар авч шийдвэрлэх явдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

Хоёр. Шүүх эмнэлгийн шинжээч И.Ганболорын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд “...Т.Нын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт зүүн хөмсөг, баруун шилбэнд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ.

 

Тэгвэл энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам батлах тухай Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны А/215/421 тоот тушаалд заасан журамд тохирохгүй байна. Тухайлбал эдгээр гэмтлийн улмаас Т.Нын биед эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал үүсээгүй, эрүүл мэндийг нь сарниулаагүй байна.

 

Харин энэхүү журмын 2.6-д “...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдаагүй ямар нэг зовиур эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй цус хуралт, зулгаралт үүссэн ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал түүнийг үүсгэсэн хүчин зүйлийн хугацааг тодорхойлно...” гэж зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй асуудал байгааг анхаарна уу.

 

Гурав. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө...” гэж заасан энэхүү заалтыг ч гэсэн манай шүүх баримтлах ёстой гэж үзэж байна.

 

Дөрөв. Р.О нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, нас залуу, ам бүл 3, эхнэр нь 24 настай, нүдний гэмтэл өвчний учир тахир дутуугийн 50 хувийн группд эмнэлгийн байнгын хяналт, нөхөр Р.О байнгын асрамжид байдаг, хүү О.Буян-Очир 07 сартай хамт амьдардаг. Энэхүү ам бүлийг тэжээн тэтгэх харж хамгаалах, малаа маллах цорын ганц тэжээгч Р.Огүйгээр энэ хүнд хэцүү нөхцөлд энэхүү ам бүл нэг ч cap амьдрах боломжгүй байгааг анхаарна уу гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэн гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд  гаргасан гомдлоо дэмжиж байна. Тус хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэнээс хойш Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул Р.Од холбогдох хэргийг тус хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл Р.О нь 2020 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 23 цагийн үед, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тамган 5 дугаар багийн Цэмбэл гэх газарт иргэн Т.Нтай малын бэлчээрээс болон маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхинд нь цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун шилбэнд нь зулгаралт цээж баруун гуянд цус хуралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч Т.Нын “...миний нүд рүү болон цээж рүү гараараа нэг удаа цохисон мөн машинаас татаж унагаасан...”[1] гэх,

 

Гэрч Ш.Энхжаргалын “...яагаад адуу хөөгөөд байгаа юм бэ гэхэд нөгөө залуу ганцаараа бууж ирээд юу гэж өвөлжөө идүүлээд байгаа юм бэ гээд манай нөхрийг шууд зодоод цохиод эхлэхээр нь би нөхрийнхөө дээгүүр тэгнээд хэвттэл намайг хэд хэдэн удаа цохиод хаалга онгойлгоод намайг татаж буулгаад нэг удаа өшиглөөд тэгээд машинаа унаад явсан...”[2] гэх мэдүүлгүүд болон Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 349 тоот “...Т.Нын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, баруун шилбэнд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[3] зэрэгт хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Р.О үйлдсэн дээрх гэмт үйлдлийг Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Р.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэнгээс “...шүүгдэгч нь болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул Р.О цагаатгаж өгнө үү, шинжээчийн дүгнэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцээгүй, Р.О үйлдсэн гэмт хэргийн хэргийн зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү хэмээн нийт дөрвөн үндэслэл бүхий давж заалдах гомдолд гаргажээ.

 

Өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэл тус бүрийг авч үзвэл:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь тухайн хэрэг учрал болох үед өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Нын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор томилсон шинжээчид зориуд худал дүгнэлт гаргавал хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар сануулсан байх ба шинжээч нь дүгнэлтээ тусгай мэдлэгийн хүрээнд холбогдох хууль, журамд нийцүүлэн бүрэн гүйцэд гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран гаргасан 2014 оны 12 дугаар сарын 05-ны А/215/421 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-тай нийцээгүй гэх үзэх хууль зүйн боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тогтоон өгсөн бөгөөд шүүгдэгч Р.О үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн зүйлийн 1.1-т зааснаар нэг жил байхаар зохицуулжээ.

 

Шүүгдэгч Р.О нь тухайн гэмт хэргийг 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж заасан хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Р.О үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон ялын төрөл хэмжээний хүрээнд түүнд дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ техникийн шинжтэй зарим нэгэн алдаа гаргасан, хохирлын талаарх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлэлгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн зэрэг алдаа зөрчил гаргажээ.

 

Үүнд: Шүүхээс шүүгдэгч Р.Од дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолынхоо “Тогтоох нь” хэсгийн 5 дахь заалтад түүнд оногдуулсан “...Торгох...” ялын биелэлтэд гэж, Монгол Улсын Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 19-д Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамааруулан “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэх нэршил олгон тус шүүхийг байгуулсан байхад шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 10 дахь заалтад хуулиар олгогдсон нэршлийг “Төв аймаг дахь” гэж буруу бичжээ.

 

Хохирогчоос нотлох баримттай болон ямар нэгэн нотлох баримтгүйгээр гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол гэж нийт 1.473.497 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гарган өгсөн, хавтаст хэргийн 4-8-р талд авагдсан зарим баримтуудын огноо, үнийн дүн нь огт мэдэгдэхгүй, зарим баримт нь хүнсний зүйл худалдан авсан зэрэг байхад шүүх дээрх баримтуудын алиныг нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн аль баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс нийт 619,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 854.497 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.Над олгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс уг хохирлын баримтуудыг харьцуулан шинжлэн судлан үзэж хохирогч эмнэлгийн байгууллагад очиж дүрс оношилгоо хийлгэсэн, уг хэргийн улмаас Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Зуун мод суманд ирж буцсан гэх зардалд нь нийт 471.788 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Мөн тухайн хэрэг учрал болох үед шүүгдэгч Р.О өөрөө жолоодон явсан гэх автомашинаараа хохирогч Т.Нын жолоодон явсан 6381УАК “DAIHATSU HIJET” автомашиныг ухарч ирэн мөргөн хохирол учруулсан гэж хохирогч болон гэрч Ш.Энхжаргал нараас мэдүүлдэг.

 

Гэтэл энэ нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад шүүх эд хөрөнгөд учирсан хохиролд гэж үзэн иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатад 317.500 төгрөгийг шүүгдэгч Р.Оос гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь буруу болсон байх тул хохирогчийн баримттай болон баримтгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын нийт 1.473.497 төгрөгөөс 471.788 төгрөгийг шүүгдэгч Р.Оос гаргуулан хохирогч Т.Над олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэх хохиролд нэхэмжилсэн 317.500 төгрөг зэргийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.  

 

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Од холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

 

Р.О үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үйлчлэлд хамаарч өршөөн хэлтрүүлэгдэхээр байгаа хэдий ч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, уг хохирлоо хэдий хугацаанд ямар эх сурвалжаар хэрхэн төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлээгүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нь өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Төв аймгийн прокурорын газраас Р.Од холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шийтгэх тогтоолынхоо “Удиртгал” болон “Тодорхойлох нь” хэсэгтээ “...хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн...” хэмээн буруу бичсэн байгааг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/157 тоот шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч Цамбагялхай овгийн Раднаагийн Од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэснийг

 

“...шүүгдэгч Цамбагялхай овогт Раднаагийн Од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж

 

7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 619.000 /зургаан зуун арван есөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Цамбагялхай овгийн Раднаагийн Оос 854.497 /найман зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерэн долоон/ төгрөг гаргуулан хохирогч ШЗ69091513 дугаарын регистртэй, Зөүжин овгийн Тогоочийн Над, 317.500 /гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч КЮ61041076 дугаарын регистртэй, Шонхорууд овгийн Жамцын Энхбатад тус тус олгосугай...” гэснийг

 

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Цамбагялхай овогт Раднаагийн Оос 471.788 төгрөгийг гаргуулан хохирогч Зөүжин овгийн Тогоочийн Над олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1.001.709 төгрөг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж,

 

10 дахь заалтад “...Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд...” гэснийг

 

“...Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.О өмгөөлөгч Б.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                         М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 22-23-р тал

[2] хх-ийн 29-30-р тал

[3] хх-ийн 47-48-р тал