Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/00776/и |
Дугаар | 001/ХТ2016/00776 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/00776
Б.Наранчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/02312 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаар магадлалтай,
Б.Наранчимэгийн нэхэмжлэлтэй,
В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарт холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уянга, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уянга, өмгөөлөгч О.Баясгалан нарын тайлбарт: “Хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нар нь миний өмчлөлийн Г-2203003516 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашааны 12-280 /хуучнаар/ шинээр Рашааны 12 дугаар гудамж 656 тоот болж өөрчлөгдсөн 353 мкв газарт хууль бусаар амьдарч, өөрийн эзэмшлийн газрыг эзэмших захиран зарцуулахад саад болж, газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураар чөлөөлж өгөхгүй байгаа тул В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарыг нүүлгэн газрыг чөлөөлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын гаргасан хариу тайлбарт: “Б.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. В.Баярмагнай надад үүнээс өөр хөрөнгө байхгүй. Энэ байшинг 1996 онд өөрийн хөрөнгөөр барьсан өнөөдрийг хүртэл эндээ 20 жил амьдарч байна. Мөн энэ орон сууц нь "Есөн дэлбээ" ХЗХоршоо болон Б.Наранчимэгийн өмч зээлийн барьцааны зүйл биш болно. Бидэнд үүнээс өөр газар, үл хөдлөх хөрөнгө байхгүй бидний цорын ганц хөрөнгө болно. Иймд төр иргэний өмч хөрөнгийг хамгаалах ёстой, мөн хуучнаар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч н.Базархандын шийдвэрт цаашид орон сууцаа эзэмшиж байгаа байдал нь "Есөн дэлбээ" ХЗХоршооны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэсэн дүгнэлтийг хийсэн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/02312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 12 дугаар гудамж 280 тоотод байрлах 353 м.кв талбай бүхий газрыг Г.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбатаас 35.100 төгрөг, В.Баярмагнайгаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/02312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаар магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Б.Наранчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хариуцагч нарын гомдлоор шийдвэрлэхдээ хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нар нь маргаан бүхий газрыг хууль ёсны эзэмшилдээ байлгах эрхээ алдсан тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар уг газрыг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. В.Баярмагнай, Д.Эрдэнэбат бид нар маргаан бүхий газрыг эзэмшилдээ байлгах эрхээ алдаагүй, газар дээр байршилтай бидний орон сууц нь газраас салгаж үл болох түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг учраас газрыг чөлөөлөх үндэслэлгүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2228 дугаар шийдвэр хавтаст хэрэгт байгаа. Энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт ... түүнчлэн үүрэг гүйцэтгэгч В.Мөнхдалай болон үүрэг гүйцэтгүүлэгч "Есөн дэлбээ" хадгаламж зээлийн хоршоо нарын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа гүйцэтгэсэн нь нэр бүхий нэхэмжлэгч В.Баярмагнай, В.Нарандалай нарын өөрсдийн эд хөрөнгө гэх хувийн орон сууцыг эзэмших, ашиглах талаарх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч байгууллага хязгаарласан буюу хассан гэж үзэх үндэслэлийг үүсгэхгүй юм ... гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ үнэлэлт дүгнэлт нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйл, 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Дээрх шүүхийн шийдвэрээр В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарын маргаан бүхий газар дээр өөрийн хувийн орон сууцаа цаашид эзэмших ашиглах талаарх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хассан гэж үзэхгүй, нийтэд илэрхий үйл баримт нэгэнт тогтоогдсон байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр орхиж, гомдлыг үндэслэлгүйгээр хангахгүй орхисонд гомдолтой. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, Б.Наранчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Наранчимэг хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашааны 12 дугаар гудамж 656 тоотод байрлах газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нар нь маргаж буй газарт өөрсдийн хөрөнгөөр 1996 онд байшин барьж, одоог хүртэл амьдарч байгаа, газрыг чөлөөлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нар нь маргааны зүйл болж буй газарт 1996 оноос хойш өөрийн байшингаа барьж, амьдарч байгаа гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар 2003 оны 10 сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 420 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 353,0 м.кв, 4 659 600 төгрөгийн үнэ бүхий газрыг иргэн Г.Ванчинсүрэнд үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, 2007 оны 07 сарын 23-ны өдрийн эрхийн улсын Г-220003516 дугаартай бүртгэлээр энэ газрын өмчлөгчөөр Г.Ванчинсүрэн, Г.Дагвабазар нар бүртгэгдэж, 2013 оны 08 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Наранчимэг нь уг газрыг өмчлөх эрхтэй болсон нь улсын бүртгэлийн Г-2203003516 дугаарт бүртгэгдсэн 000125308 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Маргаж буй 353 м.кв газрын өмчлөгч нь Г.Ванчинсүрэн, Г.Дагвабазар нар байсан бөгөөд уг газрыг “Есөн дэлбээ” ХЗХ, В.Мөнхдалай нарын хооронд байгуулсан 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд барьцаалсан байх бөгөөд тухайн гэрээ байгуулагдаж байх үед хариуцагч В.Баярмагнай, Д.Эрдэнэбат нар тухайн газар дээр ямар тохиролцооны үндсэн дээр барилга барьсныг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлох боломжгүй буюу хариуцагч нарт Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан эрх байгаа эсэх нь ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус буюу Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхой бус, зохигчдын хооронд үүссэн маргааны бодит байдал тогтоогдоогүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/02312 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч В.Баярмагнайгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН