| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 510
Б.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Б.Г-т холбогдох 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, 2018 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Б.Г нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт буцааж шийдвэрлэжээ.
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан дээр хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 75 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байна гэсэн талуудын мэтгэлцээний байр суурийг оролцогчид илэрхийлсэн. Тухайн дүгнэлтийг дахин гаргуулах талаар хэргийн оролцогчид анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй. Б.Г-т холбогдох хэргийн материалд шинжилгээний обьект болох бурхан, судрын үндсэн шинж чанар, материал, гарал үүсэл, өндөр болон уртын хэмжээг нарийвчлан тогтоож хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлэн хэрэгт хавсаргаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгахдаа тухайн шинжилгээний обьектыг хүргүүлэх ёстой. Нэгэнт хохирогчид шинжилгээний обьектыг хүлээлгээд өгчихсөн учир зайлшгүй мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийж байж дүгнэлт гаргуулна. ...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүхээс “хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй” гэж дүгнэн хүчингүй болгосон нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон... Хэрэв анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж буюу шинжилгээний обьектын шинж байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагааг хийсэн бол шүүхийг хэтэрхий хүнлэг бус, нэг талд үйлчилж, яллах талыг илүү баримталсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурор 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 5 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс Б.Г-т холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Батнасангийн гэрээс бурхан, судар зэргийг хулгайлсан болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа шинжээчийн 75 дугаартай дүгнэлтээр хохирлын үнэлгээг 450.000 төгрөгөөр тогтоосон нь бодитой биш гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Гыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж шүүхэд эрх хэмжээ олгосон байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан “Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН