Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0706/з |
Дугаар | 129 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 129
“У г у” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У г у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-............. дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0053 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттулга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэболд нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У г у” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У г у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-............. дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0053 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд гомдолдоо: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болох талаар: ... Хариуцагч нэгэнт түрүүлж гаргасан өргөдлийн талбайн зарим хэсэг цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан Засгийн газрын тогтоолоор усны сан бүхий газарт хамаарсаныг харгалзан үзэж усны сан бүхий газартай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлагыг зөрчиж өргөдөл гаргасан гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасан байна.
5. Иймд нэхэмжлэгчийн усны сан бүхий газартай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан гэдэг нь үндэслэлгүй юм.
6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдөл гаргахад тухайн талбай нь хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцаагүй байсан хэдий ч сүүлд гарсан Засгийн газрын тогтоолоор усны сан бүхий газартай хэсэгчлэн давхцсан тул Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм.
7. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар: Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “У г у” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал өгсөн атлаа 2015 оны 12 дугаар сарын 24, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн “дэмжсэн” саналуудыг ямар учраас гаргах болсныг болон үүний шалтгаан нөхцлийг тодруулж энэ талаарх баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад санал хүргүүлэхээр заасан бөгөөд “дэмжихгүй” санал ирсэн тохиолдолд дахин саналын хуудас хүргүүлэхээр заагаагүй.
9. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаартай “дэмжсэн” саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “У г у” ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/16-19 албан бичгийг хүргүүлэхдээ хавсаргасан байсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтал газрын тосны газраас Говь-Алтай аймгийн Засаг даргаас дахин санал авахаар албан бичиг явуулаагүй, компаниас “дэмжсэн” гэх саналыг өөрөө авчирч өгсөн.
10. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/415 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжсэн” саналын хуудас нь хуурамч гэдэг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 8р3-2098 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон байна.
11. Иймд, АМГТГ-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин санал хүргүүлээгүй байхад компаний зүгээс “дэмжсэн” гэх саналын хуудас авчирсан.
12. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/415 дугаартай Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжсэн” саналын хуудас нь хуурамч болох нь тогтоогдсон тул дээрх саналын хуудсуудыг үндэслэл болголгүй түрүүлж ирсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай “дэмжээгүй” саналыг үндэслэн “У г у” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг NЕ-026035, ХА-018944 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэр гарсан болно.
13. Иймд, дээрх 2 үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
15. - “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн “У г у” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
16. Нэхэмжлэгч “У г у” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Есөнбулаг сумдын нутаг дэвсгэр, “Өндөр цахир” нэртэй 5939.39 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмал газар (тухайн үеийн нэрээр)-ын Кадастрын хэлтэс хүлээн авч, өргөдлийн NE-............. дугаарт бүртгэсэн, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5424 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар “мэдэгдэл” хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 226 дугаар “санал”-аар “... тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй” гэж хариу ирүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгч “У г у” ХХК нь тухайн үед аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын талаар хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй байна.
17. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002)-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”-аар, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “... /30 хоногийн/ хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар тус тус заасан, уг хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
18. Нэхэмжлэгч “У г у” ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай “санал”-ын талаар тухайн үед нь, дээрх зохицуулалтын дагуу, “30 хоног”-ийн хугацаанд Засаг даргад өөрт нь эсхүл шүүхэд гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч уг үйл баримттай маргаагүй, түүнчлэн, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс дахин санал авах талаар мэдэгдэл, албан тоот хүргүүлээгүй байхад Говь-Алтай аймгийн Засаг даргаас “У г у” ХХК-нд өгсөн “... хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн” гэх 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 288 дугаар албан бичгийг үндэслэж, захиргааны байгууллага шийдвэр гаргах “ёстой байсан” гэж дүгнэх боломжгүй юм.
19. Давж заалдах шатны шүүх “... Говь-Алтай аймгийн Засаг дарга ... “дэмжихгүй” санал өгсөн атлаа ... /дараа нь/ “дэмжсэн” санал ямар учраас гаргах болсон... шалтгаан нөхцлийг тодруулж, энэ талаарх баримт цуглуулах шаардлагатай” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, учир нь, Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжээгүй”, “дэмжсэн” гэх саналын аль алиных нь үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй, уг саналын үндэслэл нь маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийх, ийм зорилгоор нотлох баримт цуглуулах үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж болохгүй.
20. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-ийн 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.6-д “аймаг, нийслэлийн Засаг дарга ... саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ... өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэх”-ээр заасан, тухайн тохиолдолд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5424 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн “мэдэгдэл”-д Говь-Алтай аймгийн Засаг дарга “дэмжсэн хариу” өгөөгүй буюу “дэмжихгүй” гэх санал ирүүлсэн тул хариуцагчийг “У г у” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр “... өргөдөлд Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн” гэх үндэслэл дурдаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй, уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)-д “ ... хайгуулын ... тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ... шийдвэрлэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан захиргааны акт байна.
21. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад санал хүргүүлэхээр заасан бөгөөд “дэмжихгүй” санал ирсэн тохиолдолд дахин саналын хуудас хүргүүлэхээр заагаагүй, ... гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргаас ... дахин санал авахаар албан бичиг явуулаагүй /байхад/ компаниас “дэмжсэн” гэх саналыг өөрөө авчирч өгсөн... нь хууль зөрчсөн, ... шүүх буруу дүгнэлт хийсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
22. - “... NE-............. дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир сумдын нутаг Өндөр цахир нэртэй 5932.39 га талбайгаас усан сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа 16,92 га талбайг хасч үлдэх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2016) хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “... захиргааны акт ... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах...” гэж заасан, энэ тохиолдолд, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр “У г у” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь дээрх байдлаар “хууль ёсны’ болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “хууль бус эс үйлдэхүй” тогтоогдоогүй, “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” үндэслэлгүй гэж үзнэ.
24. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болсон, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тусгагдаж, уг хууль хүчин төгөлдөр болсон байх тул “У г у” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг үндэслэж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс даалгах нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” зохицуулалтад нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
25. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь зөв боловч, маргааны зарим үйл баримтуудад буруу дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасныг маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглээгүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0053 дугаар магадлалыг хүчинүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0867 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)-ийн 11.1.16, 19 дүгээр зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-ийн 19.5, 19.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА