2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/372

 

 

 

 

 

 

     2026       02          04                                   2026/ШЦТ/372

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

 улсын яллагч Б.Доржбат,

 шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2511 01060 1983 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................ тоотод оршин суух хаягтай урьд 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

*******нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр .......... тоот гэртээ 6 настай Ү....г байхад 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдсэн,

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ........... тоот хохирогч Ё.С эзэмшлийн гэрт хууль бусаар нэвтэрч 682,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung загварын зурагтыг кабелийн төхөөрөмжийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:

Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Манай хажуу айлд миний найз байдаг, би тухайн үед найзынхаа гэрт согтуу байсан, надад ямар ч гарч явах тэнхэл байгаагүй. Мөн дараа нь дүүгийнхээ гэр рүү очиж хоол идчихээд гарсан, мөнгөн аягыг нь би аваагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.

Хэргийн газарт үзлэг хийсэн “……………тоот гэх хаяг бүхий ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон төмөр хаалгатай блокон хашаа байна. Уг хашаагаар ороход ертөнцийн зүгээр хойд хэсэгт 1 давхар улаан тоосгон байшин түүний зүүн талд монгол гэр байх ба уг гэрт үзлэгийг хийхээр тогтов … гэрт орж эд зүйлсийг бүртгэхэд баруун талд бор өнгийн давхар ор, хоймор хэсэгт цагаан өнгийн зурагтын суурь цангийн өнгийн гоо сайхны ширээ, зурагт, бор өнгийн модон шкаф, бор өнгийн хоолны шкаф зэрэг эд зүйлс байв. Хоймор хэсэгт байх зурагтын суурь дээр зурагт байсан гэх тул 1 дугаараар тэмдэг тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гэрийн гол байх ширээн дээр цоожны нарийн хэсгээр хөрөөдөж эвдсэн цагаан өнгийн хятад цоож, төмрийн хөрөөний ир байх тул хураан авав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 тал/,  

Хохирогч Ё.С өгсөн “2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа ирчихээд дүү Мгийн гэрийн хаалгыг татсан чинь дотор нь хүнгүй, гэрийн хойморт байсан зурагт алга болчихсон байсан. Мг гэртээ ирэхээр нь зурагтаа асуусан чинь алга болчихсон, цоож хөрөөдөөд эвдээд аваад явчихсан байсан гэсэн. Тэгээд би өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр зурагтыг би өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан. Кабелийн төхөөрөмжийг 150,000 төгрөгөөр авч байсан. Манай зүүн талд байдаг дэлгүүрийн хүнээс асуусан чинь тэр хүн манай хашааны урд талд байдаг хөршийн ах Эыг зурагт аваад явж байсан, 100,000 төгрөгөөр авах уу гэж асуусан ба нэг их удахгүй мөнгөтэй болж орж ирээд тэр дэлгүүрээс юм  авсан гэж хэлсэн. Тийм болохоор би Эыг авчихсан болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь тал/,

Гэрч М.Эын өгсөн “2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чинэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах ......... дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тухайн дэлгүүрийг Алаг толгой ч гэж нэрлэдэг. Тухайн өдөр зурагт худалдаж авах уу гэж нэг хүн орж ирснийг санаж байна. Би тэр зурагтыг нь сайн хараагүй. Манай дэлгүүрийн үүдэнд тавьчихаад орж ирсэн. Тэгэхээр нь би хаана байгаа ямар зурагт вэ гэж асуусан чинь манай найзын зурагт байгаа юм, чамайг авна гэвэл би аваад ирье гэж хэлээд гараад явсан. Дараа нь орж ирээд манай найзын зурагт байгаа юмаа, авчих л даа. Би энэ зурагтаар танайд тавьсан өрөө дараад, дээрээс нь нэмээд 50,000-60,000 төгрөг авъя гэхээр нь би татгалзаад тэр хүн гараад явсан. Би тэр хүнийг одоо харвал танина. Манай дэлгүүрээр тэр хавийн архи уудаг хүмүүс их орж гардаг болохоор таних байх. Намхан нуруутай бор царайтай хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дахь тал/,

Гэрч Е.Мгийн өгсөн “Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гарах гэж байхад гэрт Э согтуу орж ирээд жоохон унтаад авъя гэхээр нь би гарах гэж байна гээд чирээд гаргасан, тэгээд найз Бтай уулзчихаад 14 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай гэр онгорхой цоож эвдэрсэн байсан ба гэр рүү ороход хойморт байсан зурагт алга болсон байсан. Тэгээд урд талын айлын хүүхэд таны зурагтыг Э ах аваад гарч байсан гэсэн. Би Эыг хайж олж уулзахад би аваагүй гээд худлаа яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

Гэрч Д.Бийн өгсөн “Тухайн дуудлагаар очиход Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайлсан байсан. Ойр хавиар нь биечлэн сурвалжлага хийж, дэлгүүрийн камер шүүж үзэхэд нэг залуу зураг тэвэрчихсэн камерт ороод ирсэн. Тэрийг дуудлага өгсөн М гэгч хараад Э байна гээд таньж байсан. Э нь тухайн камерийн бичлэгт ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дахь тал/,

Дамно ХХК-ий 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЧД2-25-126 дугаартай “Samsung маркийн 49 инчийн хуучин хэрэглэж байсан 2022 оны хувь хүнээс авч байсан гэх зурагт зах зээлийн үнэлгээгээр 552,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-52 дахь тал/,

2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хохирогч мэдүүлэгтээ алдагдсан Сансар кабелийн төхөөрмжийг 150,000 төгрөгөөр худалдаж авсан гэх ба уг төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ нь 130,000 төгрөгөөр тогтоож байна” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55-56 дахь тал/,

Таньж оруулах ажиллагаа явуулсан “1-4 дугаартай хүмүүсийн зургийг үзүүлж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танд зурагт зарах гэж орсон хүн энэ зурган дотор байгаа эсэхийг заана уу гэхэд, Дунд талд байгаа 2 дугаартай зураг мөн байна гэж Б-ийн Эыг таниад зааж байгааг харуулав. А хувилбарт 1-4 дугаартай хүмүүсийн зургийг үзүүлж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танд зурагт зарах гэж оролсон хүн энэ зурган дотор байгаа эсэхийг заана уу гэхэд Доод талд нь байгаа 4 дугаартай зураг мөн байна гэж Буяндэлгэрийн Эыг таниад зааж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 59-61 дэх тал/,

*******ын яллагдагчаар өгсөн “Миний санаж байгаагаар би тэр өдрийн маргааш нь гэрээсээ автобусны буудал орох гээд алхаад явж байтал манай гэрийн ойролцоо амьдардаг надтай хааяа архи хувааж уудаг М надтай гудамжинд тааралдаад гэрээс нь хулгай хийж зурагтыг авч явсан гэж хэлж байсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дахь тал/,

Хохирогч *******ын өгсөн “Би ............. тоот хаягт нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг. Миний төрсөн ах Э нь манай гэрт амьдардаг байсан. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У, Б, Д нарыг сургууль хүргэж өгөөд тээврийн хэрэгслийн дугуй хагарсан байсан учир Ү, Г, А нарыг гэртээ үлдээгээд явсан гэрээс гарсан. Манай гэрийн хоол иддэг ширээн дээр ил тавьсан байсан 2 ширхэг мөнгөн аягийг алга болсон байхаар нь хүүхдүүдээс асуусан чинь Ү /6 настай эмэгтэй/ нь Э ах мөнгөн аяга аваад гарсан гэж надад хэлсэн. Э өмнө нь манай гэрт байсан 2 ширхэг мөнгөн аягыг 3-4 удаа авч ломбард болон дэлгүүрт архины барьцаанд тавьдаг байсан. Тухай бүрт нь би өөрөө очиж авдаг байсан. Э нь миний төрсөн ах. 2020 оноос хойш манай гэрт амьдарсан. 2025 оны 01 дүгээр сараас хойш манай гэрт битгий ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэр үеэс эхлэн манайд зөвшөөрөлгүй орох эрхгүй болсон гэсэн үг. Би гомдолтой байна өөрт учирсан хохирлыг барагдуулан авна” гэх мэдүүлэг /хх-ийн 131 дэх тал/,

Дамно ХХК-ий 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЧД2-25-130 дугаартай “Мөнгөн аяга 2 ширхэг нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 360,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 138-140 дахь тал/,

*******ын сэжигтнээр өгсөн “... дүүтэйгээ утсаар холбоо барихад манайхаас авсан миний 2 ширхэг мөнгө хаана байна гэж хэлээд надаас нэхээд байсан. Би аваагүй гэж хэлэхэд чамайг танидаг архичин найзууд чинь мөнгөн аяга зарна гээд яриад явж байна лээ гэж хэлээд байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******ын гэрт очсон байж магадгүй. Гэрээр нь орж хоол унд идсэн байх гэж бодож байна. Дүүг байхгүй үеүдийг дайруулж очдог. Тэгэхгүй бол дүүтэй таарахаар архи уулаа амьдралд гай боллоо гээд байнга загнадаг. Намайг очих үед Г гэх хөгжлийн бэрхшээлтэй охин, Ү нар байж байдаг. Би дүүгийнхээ мөнгөн аягыг авсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дахь тал/,

Эрүүлийн офицерын бичсэн “... Гудамж талбай ойр хавийн дэлгүүрийн камерыг шалгахад Сгийн дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн камерт иргэн *******нь хулгайд алдагдсан зурагтай ижил төстэй зурагт зарахаар явж байсныг олж тогтоон илтгэх хуудас болгож бичив” гэсэн тэмдэглэл /хх-ийн 108 дахь тал/,

Хохирогч Е.С гаргасан “Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул миний гаргасан гомдлыг хааж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 106 дахь тал/,

Мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал /хх-ийн 110 дахь тал/,

*******ын Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 дэх тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83 дахь тал/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 97-104 дэх тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн боловч энэ гэмт хэргийг *******үйлдсэнийг нотолж чадаагүй, камерын бичлэгийг бэхжүүлээгүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд *******тай хамт байсан Л, Б нарыг асуугаагүй, *******аас жилийн өмнө зурагт авсан уу гэж асууж байсан байдлыг шалгаагүй, мөн дээрэмдэх гэмт хэрэгт зөвхөн *******ын мэдүүлгээр буруутгасан, насанд хүрээгүй Үг гэрчээр асуугаагүй агуулгаар өмгөөлөгч мэтгэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Е.С, *******, гэрч Е.М, М.Э, Д.Б нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирогчийн нүдэн дээр эд хөрөнгийг илээр авдаг бол хулгайлах гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгийг түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар авдаг онцлогтой. *******ын “дүү *******ын гэрээс түүний эзгүйд мөнгөн аягыг авсан” үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн нууцаар авсан гэх шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.   

*******нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр .........тоот дүү *******ын гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ........... тоотод байх монгол гэрийн цоожийг эдвэн орж Ё.С-ийн эзэмшлийн Samsung загварын зурагт, кабелийн төхөөрөмж зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлж нийт 1,022,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогджээ.           

Хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц далд сэм аргаар, идэвхтэй үйлдлээр, шунахайн сэдэлтээр халдаж тухайн эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш бодит хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг,  

Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгоно.

Орон байр, хамгаалсан байр, агуулах нь бусад этгээдийн хувьд нэвтрэхийг хориглосон, нэвтрэхэд зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд үүнийг мэдсээр байж түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэргээр зөрчиж орсон үйлдэл нь хууль бус нэвтрэлт болдог.

Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаас эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл гэж үзнэ. Уг гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан хэрэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Е.Сд 682,000 төгрөг, хохирогч *******д 360,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон боловч нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дээрх хохирлыг шүүгдэгч *******аас гаргуулахаар тогтоолоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан шинж чА, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, архины хамааралтай, оршин суух тодорхой хаяггүй гэх хувийн байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

*******т 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үргэжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******т 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 1,022,000 төгрөг гаргуулж 682,000 төгрөгийг хохирогч Е.С-д, 360,000 төгрөгийг хохирогч *******д тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ