Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 86

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох 1735000210011 дүгээртэй эрүүгийн хэргийг  2017 оны 9 дүгээр сарын 08-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 ээж, дүүгийн хамт - тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын ял дээр өмнөх оногдуулсан хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хорих ял,  Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын ял дээр өмнөх оногдуулсан хорих ялаас 1 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ял,  Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолооор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялд багтаан 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн байх бөгөөд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 06 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,   А.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч А нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Б мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн: “ 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би сүү зарахаар 19 цаг өнгөрч байхад Улаан уулын ард байх гэрээсээ аймгийн төв үрүү явж байтал Улаан уулын арын гүүрний цаана нэг үл таних согтуу хүн нэг гартаа чулуу нөгөө гартаа том бор савтай “Боргио” гэдэг пиво барьчихсан гараа өргөхөөр нь би хажуугаар нь зөртөл мотоциклийн жолооноос татаад унах шахаад зогсоод хөдөлтөл араас татаад зогсоосон тэгэхээр нь яаж байна хүн унагалаа ш дээ пизда гэсэн чинь тэр уучлаарай намайг Улаангом оруулаад өг гэхээр нь би чадахгүй 80 литр сүү ганзагалчихсан явна гэсэн чинь гайгүй л дугуйны чинь хий зүгээр байна таксины чинь мөнгө өгье монгол хүн байж арчаагүй энэ тэр гээд маргалдаад эхэлсэн тэгээд тэр чамайг хаана чинь цохих вэ цохих талбай алга гэхээр нь би цохиоч цохих талбай хангалттай байна, чамд өгөх мөнгө байхгүй шүү гэсэн чинь тэр уурлаад намайг чулуутай гараараа цохих гээд далайтал би өөрийгөө хамгаалаал гарынх нь тохой руу цохиод чулууг нь газар унагасан тэгээд тэрэнтэй заамдалцаад ноцолдож байтал пудволкных нь зах нь урагдчихсан. Тэгсэн пудволк урлаа гэж уурлаад намайг газар унагаад цохиод эхэлсэн тэгэхээр нь би ямар их хүн цохидог юм бэ 2-лаа ярилцая л гэсэн чинь өөдөөс гэрт хүргэж өг пизда минь гээд миний хойно суугаад Улаан уулын араар доошоо яваад Барилгын хорооны уулзвараар хойшоо эргээд гурилын үйлдвэрийн дээд талаар хойшоо эргээд гол дээр очиж тэр хүн нүүр, гараа угаасан тэгснээ чи бас нүүр гараа угаа гэхээр нь би үгүй наад гол нь булагтай хүндэрхэж магадгүй гэж хэлсэн тэгээд нүүр гараа угаачаад дахиад миний хойно суугаад цаашаа Бор толгойн хажуугаар засмал зам дээр гарч урагшаа эргээд модтой гудамжаар ороод Тээврийн хорооны таксины зогсоолын хажууд буугаад таксины зогсоол тийшээ явсан. Миний хойно сууж явахдаа миний толгой руу хэд хэдэн удаа цохиод хаазаа нэмээд хурдан яв тэгэхгүй бол би чамайг мотоцикль дээр чинь цохиод алчихна шүү гэж хэлсэн. Эхлээд намайг газар унагаж биеийн  бүх хэсэг рүү цохисон одоо миний гарын шуу, эрүүний хэсгээр өвчтэй байна.  Тухайн үед толгой, хавирга хэсгээр өвдөж байсан одоо өвчин нь гайгүй болсон. Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хугарсан эрүүгээ хадуулж эмчилгээ хийлгэсэн. Надад учирсан хохиролыг төлж барагдуулаагүй, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Надаас нийт 3 сая орчим төгрөгний зардал гарсан. Би намайг цохисон хүнээс зөвхөн Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн 1,5 сая төгрөгийг нэхэмжилнэ. Би дахиж Улаанбаатар хотод очиж эрүүнийхээ хадаасыг авхуулах зардал болох 1.5 сая төгрөгийг л нэхэмжилнэ. Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт одоогоор байхгүй байна. Цаашид баримтуудаа цуглуулж гаргаж өгөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-р тал/,

 

2. Гэрч Э мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 7 дугаар байранд хүүгийн хамт амьдардаг. 2017 оны 07-р сарын 04-ний өдөр миний хувьд тус аймгийн Улаангом сумын 2-р багт байрлах Улаан уулын дээд талын гүүрний дээд талд байрлах жимс, ногооны талбайд 2 давхар байшинд байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 1-нээс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд тус байшинд байж газар тариалангийн ажил хийсэн. Би байшингаас гараад талбай руу алхаж явтал манай байшингийн урд талаар явж байсан зам дээр нэг мотоцикль зогсож байсан дэргэд нь цоохор малгатай, цоохор хувцастай залуу нэг хөдөөний бололтой залууг газар унагаагаад цохиод байсан тэр үед нь би та нар нэгнийгээ аллаа шүү дээ болилдоо гэж хэлчихээд буцаад гэр лүү орчихоод гараад ирэхэд мотоцикль хөдлөөд Улаангом сум руу чиглээд явчихсан. Зодож зодуулж байсан хүмүүсийг аль алиныг нь би танихгүй хүмүүс байсан. Одоо харвал таньж магадгүй. Намайг байшингаас гарч ирэхэд нэг том савтай бариултай пиво мотоциклийн дэргэд тавьчихсан байсан. Тэгээд цоохор малгайтай залуу хөдөөний бололтой залууг гараараа цохиж газар унагаагаад тохиойгоороо нүүр нүд рүү нь маш олон удаа тохойдож цохиод дэвсээд байсан тэр үед би цохиод алчих бий дээ гэж бодоод явж очоод салгах гэсэн боловч би өөрөө хөлөө бэртээчихсэн муухан явж байсан болохоор явж очиж чадаагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20-р тал/,

 

3.  Гэрч Т мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б-тэй 2014 онд гэр бүл болсон бид хоёр хоёулахнаа амьдардаг. Б бид хоёр одоогоор Улаан уулын дээд мал маллан амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 04-ний орой миний нөхөр Б нь үнээгээ саагаад сүүгээ аваад Улаангом сум руу сүү зарахаар явсан бөгөөд тэр өдөр хүнд зодуулсан байсан, хэн гэдэг хүнд зодуулсныг мэдэхгүй. Надад тэр талаараа юу ч хэлээгүй байж байгаад Улаанбаатар хот руу эмчилгээнд явлаа гээд яваад өгсөн. 7 дугаар сарын 04-ний орой гэртээ ирэхэд харахад нүүр нь нэлэнхүүдээ хавдсан байсан. Надад хэлэхдээ зодуулсан хүнээ мэдэхгүй байна гэж байсан. Ямар шалтгаанаар зодуулсаныгаа надад хэлээгүй. ... Би тухайн үедээ бага зэрэг хавдсан юм байх гэж бодсон. Тэгтэл цагдаад ирээд шинжээчид үзүүлэхэд яс нь хугарсан байна гэж хэлсэн байхаар нь мэдсэн. Хэн гэдэг хүнд зодуулсныгаа мэдээгүй би мотоцикльтойгоо явж байгаад унасан байх гэж бодоод мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

4. Гэрч О мөрдөн байцаалтанд  өгсөн: “ А нь 1990 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Эцэг, эхээс 3-уулаа бөгөөд дээрээ нэг ах, дооро нэг эрэгтэй дүүтэй одоогоор ээж, дүүгийнхээ хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 8-34 тоотод оршин сууж байгаа. А нь дунд сургуулиа Увс аймгийн 1-р 10-н жилийн 9-р ангийг дүүргэж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд үргэлжлүүлэн Увс аймгийн Улаангом политехник коллежийн компьютерийн ангийг сурч төгссөн. Тусгай дунд боловсролтой. А нь Ховд аймагт хилийн цэргийн ангид нэг жилийн цэргийн алба хаасан. А нь бусдад тусархуу, ажилласаг хөдөлмөрч, хар ажилд их сайн, шударга, цагаан цайлган зантай, ямар нэгэн ажил хийвэл заавал ард нь гарч дуусгадаг хүүхэд байгаа юмаа. Урьд өмнө нь танхай болон бусдын биед гэмтэл учруулсан хэргээр 2 удаа шоронд орж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

 

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 7-9-р тал/,

6. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13-р тал/,

10. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б биед гэмтэл учирсан байна. Эрүү, баруун шууны богтос ясны зөрөөтэй болон сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,

12. Увс финанс–Аудит ХХК ний 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаартай “Автомашин үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 30-р тал/,

 

            10. Шүүгдэгч А ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 48-р тал/,

            11. Шүүгдэгч А-ийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 39, 40, 42, 44, 51-84, 101-103-р тал/,

            12. Хохирогч Б, А нарын “Хохирогч Увс Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Б /РД:ОЮ81122037/ би А-аас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан ба одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх эвлэрлийн гэрээ / хх-ийн 61-73-р тал/,

 

            13.  Шүүгдэгч А-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би урьд нь хүний биед хүндэвтэр гэмтэл учруулж Ховд аймгийн хорих ангид ял эдлэж байгаад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр шоронгоос суллагдаад 07 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 2-р баг Улаан уулын дээд талд байрлах амралтын гэр баазын дэргэд байх манай гэр дээр ганцаараа очоод амрах гэж байтал ээж маань залгахаар нь би Улаангом сум руу орж ирэх гээд Улаан уулын дээд талын гүүрний талд зогсож байтал Хархираа талаас нэг мотоцикльтой хүн ирэхээр нь тэр хүний мотоцикльд дайгдаж орох гээд гараа өргөхөд мотоцикльтой хүн зогсоод бууж ирээд чи дайрагдаж үхлээ шүү дээ хүнд битгий гай болоорой гэхэд нь чи хүн зодчихоод хүнд мөнгө өгч чадах хүн мөн үү? гэхэд нөгөө хүн мотоциклиосоо бууж ирээд миний футболкны захнаас, татсан тэгээд бид хоёр маргалдаж би түүнийг гараараа нүүр лүү нь цохиод толгой руу нь цохиссн тэгээд бид хоёр салаад нөгөө хүнтэй эвлэрсэн тэр хүн тухайн үед намайг уучлаарай миний буруу гээд зогсож байхад нь би тэр хүнд хандаж би гэрлүүгээ явах гэсэн юм гэж хэлсэн тэгтэл тэр хүн намайг хүргэж өгье гээд намайг мотоциклийнхоо ард суулгаад тус аймгийн Улаангом сумын 10-р багт байрлах таксины зогсоол хүргэж өгсөн. Нүүр лүү нь цохих үед эрүү руү нь цохигдсон. Баруун шууны хугарлыг нь мэдэхгүй. Тухайн үед хугарал гэмтэл мэдэгдэхгүй байсан. Уруул шуурсан гэж үзүүлж байсан. Мотоциклио өөрөө бариад надтай юм яриад Улаангом сумын 10-р баг тээврийн хорооны таксины зогсоол дээр хүргэж өгчихөөд явсан. Би гартаа чулуу барьж дайраагүй би нэг гартаа утас барьчихсан нөгөө артаа савтай пиво барьчихсан явж байсан. Би нэг том савтай 2.5 литрийн пиво аваад түүнийгээ ганцаараа хагасыг нь уугаад хагасыг нь барьчихсан явж байсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Б-д 1.500.000 төгрөг төлу хохирлыг нь барагдуулж өгсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч А нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Б-ыг зодсон болох нь хохирогч Б, гэрч Э, Т нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, шүүгдэгч А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б-ны бие махбодид “Эрүү, баруун шууны богтос ясны зөрөөтэй болон сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал ” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь  2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаартай шинжээчийн дүгнэлт тогтоогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзнэ. 

            Шүүгдэгч А үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А нь хохирогч Б-ны хохирол төлөбрийг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч А-ийн өмчлөлийн ОХУ-д үйлдвэрлэсэн 18-93 УВА улсын дугаартай 2.770.000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-31514маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол, төлбөргүй тул хүчингүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгчид  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.             

Шүүгдэгч А нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

            Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Эрүүгийн хэрэг хянна шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А-д   500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4.  Шүүгдэгч А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч А-аас 2.770.000 /хоёр сая долоон зуун далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ-31514 загварын 18-93 УВА улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ