Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2024/00414

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/00414

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01519/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ******* тоотод байрлах *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****тоотод оршин суух, *** холбогдох,

 

Шатахууны үлдэгдэл төлбөр 29,155,300 төгрөг, алданги 14,577,650 төгрөг, нийт 43,732,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баттулга /цахимаар/,

Хариуцагч *******

Иргэдийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

/Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь нийт 43,732,950 гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

Нэхэмжлэгч *** ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн импортлох худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Ийнхүү хариуцагч *******тэй нэхэмжлэгч *** ХХК 2020 оны 04 сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах **** тоот гэрээ байгуулсан.

Тус гэрээгээр дараах нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцсон. Тодруулбал гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Худалдагчаас худалдан авагч зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний нэг литрийн үнэ 1750 төгрөг ... тээвэрлэлт 40 төгрөг байхаар тохиролцов., мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг худалдагч бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлснээс хойш 15 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулна гэж заасан. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах **** тоот гэрээний дагуу нэхэмжлэгч *** ХХК-с хариуцагчид 2020 оны 04 сарын 06-ны өдөр нэг удаагийн нийлүүлэлтээр 27070 литр буюу 48,455,300 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Хариуцагч үүнээс 19,300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 29,155,300 төгрөгийг төлөөгүй байна. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах **** тоот гэрээний худалдан авагчийн эрх, үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчид энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчиж байна. Зохигчид газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах **** тоот гэрээний дагуу худалдагч бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлснээс хойш 15 хоногийн дотор 100 хувь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч 2020 онд нийлүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэл 29,155,300 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *** ХХК-тай 2020 оны 04 сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбар болгохоор тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө нь өөрийнх нь хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчид барьцаанд тавьж улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж итгэл төрүүлж шатахуун зээлээр авсан атлаа Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Энэхүү үйлдлээр хариуцагч нь нэхэмжлэгчийг залилсан байдаг тул цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулсан боловч Баянзүрх дүүргийн прокурорын газрын *** тоот тогтоолоор ...*******ийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж *** ХХК-д барьцаанд тавьж 27070 литр дизель түлш авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гээд хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Тус тогтоолын тогтоох хэсгийн 4-д хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох баримтыг бүрдүүлсэн иргэн *******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн.

Ийнхүү хариуцагч *******т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах **** тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д худалдан авагч нь энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алдангийг худалдагчид төлнө гэж заасны дагуу нийлүүлсэн шатахууны төлбөр болох 29,155,300 төгрөгийг 2020 оны 04 сарын 21-ний өдөр 100 хувь төлөх ёстой байтал төлбөрийг бүрэн төлөөгүй тул алдангийг үндсэн төлбөртэй хамт авах эрх үүсээд байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль алданги гэсэн 2 төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 14,577,650 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *******ээс нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *** ХХК-ийн зүгээс хариуцагч *******ээс газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр болох 29,155,300 төгрөг, тус гэрээний дагуу алданги 14,577,650 төгрөг нийт 43,732,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагаа дэмжиж байгаа.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн тухайд газрын тосны бүтээгдэхүүн импортлох, жижиглэнгээр худалдах чиглэлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг аж ахуйн нэгж байдаг. Ийнхүү хариуцагч *******тэй нэхэмжлэгч *** компани хэрэгт авагдсанаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсан байдаг. Тухайн гэрээний 2.2-д зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний нэг литрийн үнийн дүн 1,750 төгрөг тээвэрлэлт нь 40 төгрөг гээд өөрөөр хэлбэл 1,790 төгрөг байхаар тохирсон байгаа юм. Мөн гэрээний 5.1-д зааснаар худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг худалдагч худалдан авагчид нийлүүлснээс хойш 15 хоногийн дотор 100 хувь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлж барагдуулах талаар заасан. Ингээд энэ гэрээг байгуулснаар талууд гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэг удаагийн нийлүүлэлтээр нийт 27,070 литр буюу 48,455,300 төгрөгийг шатахууныг *******т нийлүүлсэн байгаа юм. Хариуцагч гэрээ байгуулснаас хойш 19,300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 29,155,300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл төлөхгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.1-т зааснаар худалдагчид уг гэрээний 5.1-д заасны дагуу 15 хоногийн хугацааг хэтрүүлэлгүйгээр төлөх үүрэгтэй гэж заасныг хариуцагч зөрчсөн. 2020 онд шилжүүлсэн шатахууны төлбөр буюу түүний үлдэгдэл 29,155,300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагчийн тухайд *** гэдэг компанитай 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаад тус гэрээнийхээ барьцаа хөрөнгө болгож Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, хээтэй хороолол, 5-3 дугаар байрны 3 тоот 50.5 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалбар болгохоор харилцан тохиролцож барьцаалбарын гэрээ байгуулсан байдаг боловч хариуцагч нь гэрээ байгуулсныхаа дараа дээрх барьцаалбарыг Дархан-Уул аймагт очоод бүртгүүлнэ гэж хэлээд тухайн гэрээг байгуулаад явчихсан байдаг. Гэтэл дээрх барьцаалбар болгохоор тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчид барьцаанд тавьж улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж итгэл төрүүлж шатахуунаа авсан боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан боловч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан байдаг. Тус тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж өгсөн. Тэр утгаараа нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулаад тус шүүхэд харьяаллын дагуу нэхэмжлэл гаргасан. Тус гэрээнд зааснаар хэрвээ худалдан авагч нь гэрээний 5.1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнг 0,3 хувиар тооцож алдангийг худалдагчид төлнө Иймд нэхэмжлэлийн шаардлага болох үлдсэн төлбөр болон алдангийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээ хийгдсэн гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг би үгүйсгэж байна. Би *** ХХК-ийн *** гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлыг нэхэмжлэгч талын өмгөөлөгч ярьж байна. Би яг энэ асуудлаар ямар ч цагдаагийн газар асуугдаагүй. Гэхдээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод очсон. Очихдоо *** гэдэг хоёр эмэгтэй хүнтэй очсон. Яагаад энэ хоёр эмэгтэйтэй очсон бэ гэхээр 3-4 хүн байгаа миний нэг өрөө байрыг Их наяд гээд Дархан-Уул аймагт байрлах ломбардад 3 хоногийн хугацаатай тавиад өгнө гэсэн. Энэ мөнгөө авахын тулд хээтэй хорооллын 4 өрөө байрыг эзнийх нь хамтаар ирээд тэр байр нь олон улс худалдааны төвд байрлах ББСБ-д хураагдах гэж байсан байрны төлбөрийг нь би төлөөд тэр байр надад барьцаалагдаж үлдсэн. Тэгээд би байраа барьцаалж өгч мөнгө аваад ингэж л эхэлсэн. Тэгээд энэ мөнгийг өгөх 3 хоногийн хугацаа нь дуусаад нөгөө хүмүүс дээр очиход бид нар хотоос түлш авч зараад байрыг чинь чөлөөлж өгнөө гээд хамт явсан. Тэгээд Газ ойл нефьт ХХК-ийн төв байранд очоод н.***гэдэг хүнтэй уулзахад н*** гэдэг хүнтэй уулзуулсан. Гэтэл ****нь танай Дархан-Уул аймгийн 4 өрөө байр түлш авах гэж байгаа үнийн дүнд нийцэхгүй учраас зөвшөөрөхгүй. Манай компани танай Дархан-Уул аймаг дахь 4 өрөө байрыг барьцаалж түлш өгөхгүй гээд гаргасан. Ингээд Дархан-Уул аймаг руу машинтайгаа буцаж явахаар замд гарах гэж байхад ****** ХХК-ийн худалдан борлуулагч менежер ажилтай гээд эгчийгээ Дархан-Уул аймагт очно унаандаа суулгаад яваач гээд хамт явуулсан. Явж байх замд утас нь дуугараад буцаад Улаанбаатар хотод очсон. Улаанбаатарт очиход *** гэх эмэгтэй ***гэдэг хүний эгч гэж танилцуулаад гэрт нь очоод хоёр хоног хүлээж бай, би даргатайгаа яриад бүтээхийг оролдъё гээд *** гэх эмэгтэйгийнд бид нар 3 хоносон. Тэгсэн боловч бүтээгүй. Тэр ****гэдэг дарга нь хүлээн зөвшөөрөөгүй. Буцаж явах хөдөө замд утсаар яриад аан заа болчихсон уу гэж яриад байсан бөгөөд Дархан-Уул аймагт ирээд анагаахын сургуулийн тэнд түлштэй машинтай уулзсан. Хэдэн тонн гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан түлш ачдаг л зориулалтын машин байсан. Энэ хүмүүс тэр машинтайгаа уулзаад би гэр лүүгээ орсон. Тэгээд 3 хоногийн дараа түлшээ зараад мөнгөө өгөх юм байхдаа гэж байтал миний данс руу мөнгө орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 5047148914 тоот миний Хаан банкны данс руу янз бүрийн үнийн дүнтэй мөнгөнүүд орж эхэлсэн. Тэгээд утасдаад энэ юун мөнгөнүүд орж ирээд байна гэхэд бид нар түлшээ зарж байна. Мөнгийг чинь хийж байгаа юм. Мөнгөө бүрдэхээр байраа аваарай гэдэг зүйлийг хэлсэн. Гэтэл тэр нөгөө хүмүүс цагдаа дээр байцаагдаж байгаа гэдэг сургийг сонссон. Би цагдаагийн газар очиход намайг н.*** гэдэг байцаагчтай уулзуулсан. Тэгээд н.*** гэдэг байцаагч дээр очоод болсон процессыг бүгдийг нь хэлээд өргөдлөө бичиж өгсөн. Өргөдлөө бичээд өгөхөд н.*** гэдэг байцаагч надад та Улаанбаатар хотод очоод *** ХХК-ийн өмнө очсон газраа очоод ****гэдэг хүнтэй уулзаад өөрийн дансаар орсон бүх мөнгөө шилжүүлж өг гэдэг зөвлөгөөг өгсөн. Би тэр өдрийнхөө орой нь явж амжаагүй. Мөнгө олж байгаад маргааш өглөө нь очоод *** ХХК-ийн ****гэдэг даргатай уулзаж учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Чи наад хүмүүсийнхээ хамсаатан нь юм уу, хэрэг нь бүтэхгүй болохоор над дээр ирж байна уу гээд уурласан. Хуулийн зөвлөх нь орж ирээд миний тайлбарыг сонсоод ***гэдэг хүнийг дуудаад удаа дараа бүтээгдэхүүнийг захиран зарцуулах ийм үйлдлийг гаргаж байна. Чамд ийм эрх байхгүй гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд тэр үед *** ХХК-ийн *** гэдэг хүний данс руу нь өөрийн дансаар орсон бүх мөнгийг шилжүүлсэн. Яг хэд гэсэн данс байсныг нь одоо санахгүй байна. Тэгээд энэ асуудал тэндээ дуусаж байгаа юм байна гэж ойлгоод гэртээ ирсэн. Түүнээс хойш энэ асуудлаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас ч дуудаагүй, аль нэг цагдаагийн газраас ч дуудаагүй. 2023 оны 09 дүгээр сар орчим нэхэмжлэл ирсэн гээд намайг дуудсан. Би хальт гэрээ гээд байгаа зүйлийг нь харсан тэгэхэд 1,750 төгрөгөөр худалдан авсан гэсэн зүйл л байсан. Гэрээнд тэдэн тонн гэсэн ямар нэгэн тоог хараагүй. Өөрөөр бол би нэг ч түлш аваагүй, гэрээг ч хийгээгүй.Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: **** нь ***, ***, ***нартай нийлж мөнгө төгрөгний ашиг сонирхлоос болж өөрөө болон өрөөлийг хэрэгт унгасан гэж бодож байна. **** нь хохирлын мөнгийг бүгдийг нь бүрэн төлөх ёстой гэж дүгнэж байна гэв.

5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын *** дугаартай тогтоол, Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №**** дугаартай гэрээ, зарлагын болон тооцооны баримтууд зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

6. Шүүхээс хариуцагч *******ийн хүсэлтээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын *** дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолтой дугаартай хэргийн материалыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан шатахууны үлдэгдэл төлбөр 29,155,300 төгрөг, алданги 14,577,650 төгрөг, нийт 43,732,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 29,155,300 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, алданги 14,577,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... хариуцагч *******тэй 2020 оны 4 сарын 06-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу авсан шатахууны төлбөрөөс үлдэгдэл 29,155,300 төгрөгийг төлөөгүй байна. Тус гэрээг байгуулахдаа ******* нь орон сууц барьцаалсан бөгөөд тус орон сууцыг өөрийн хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьж 27070 литр түлш авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан прокурорын тогтоол байгаа. Энэ тогтоол дээр хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... тус байгууллагатай ямар нэгэн гэрээ хийгээгүй, түлш хүлээн аваагүй. Баянзүрх дүүргийн прокурорын газар намайг дуудаж шалгасан зүйл байхгүй. Иймд ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна... гэж маргадаг болно.

 

4. Хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол авагдсан бөгөөд тус тогтоолоор ... хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэн ******* нь *** ХХК-тай 2020 оны 04 сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 48.455.300 төгрөгийн үнийн дүн бүхий 27,070 литр дизель түлшийг зээлээр худалдан авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбар болгохоор харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. ... Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж *** ХХК-д барьцаанд тавьж 27,070 литр дизель түлш авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. ...Хэрэгт цугларсан баримтуудаар иргэн ******* нь *** ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, 48,455,300 төгрөгийн үнийн дүн бүхий 27,070 литр дизель түлшийг зээлээр худалдан авсан болох нь тогтоогдож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд хэрэг бүртгэлийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 7-10, 227-250 дугаар хуудас/

 

5. Мөн хэрэгт 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №**** дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ-г нэхэмжлэгч талаас ирүүлсэн байх бөгөөд тус гэрээгээр *** ХХК, ******* нар нь худалдан авсан бүтээгдэхүүний 1 литрийн үнийг 1750 төгрөг байхаар, гэрээний 6.1-д хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохирсон, 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 80 дугаартай зарлагын баримтаар 27070 литр дизель түлшийг иргэн Мөнхцэцэг гэсэн хүлээн авагчийн нэртэйгээр үйлдсэн, тус баримтанд хүлээн авсан жолооч гэж гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 11-15 дугаар хуудас/

 

6. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулахад гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсан гэдэг нь хэрэгт авагдсан *******ийн үйлдлийг тогтоосон прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул төлбөрийн үлдэгдэл болон гэрээний дагуу алданги шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

7. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 06 сарын 16-ны өдрийн дугаартай тогтоолоор ******* нь иргэн эзэмшлийн 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн эзэмшлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж *** ХХК-д барьцаалан 48,455,300 төгрөгийн дизель түлш зээлээр авч залилсан гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дагуу дээр дурдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэргийг хаасан байх бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Тус тогтоолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь иргэн *******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заажээ.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд тус нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний бус үүрэгтэй холбоотой хохирол гаргуулах шаардлага байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Үндэслэл нь дээр дурдсан Прокурорын тогтоолоор хариуцагч *******ийн үйлдлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж *** ХХК-д барьцаанд тавьж, гэрээ байгуулан 27070 литр дизель түлш авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл *******ийн нэхэмжлэгч *** ХХК-тай гэрээ байгуулсан үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон байх тул тус тогтоолд зааснаар нэхэмжлэгчид хохирлоо иргэний журмаар шаардах эрх үүссэн байна гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч ******* нь гэрээ байгуулаагүй, тухайн дизель түлшийг гарын үсэг зурж аваагүй, эрүүгийн журмаар намайг шалгаагүй, би өөрөө бусдад залилуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч ******* нь хохирлыг арилгах үүрэгтэй байна.

 

10. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан гэрээнд заасны дагуу алданги 14,577,650 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр гэм хор учруулснаас үүссэн үүрэг гэж дүгнэсэн тул гэрээний дагуу алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар төлөөгүй үлдсэн мөнгө болох 29,155,300 төгрөгийг хуульд зааснаар бодит хохиролд тооцож, хариуцагч *******ээс гаргуулж, алданги 14,577,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь ...бүх төлбөрийг *******ээс гаргуулах нь зөв гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 303,726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 29,155,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 14,577,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 376,615 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 303,726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Т.ЖАВХЛАНТӨГС

 

Б.НОМИН