| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/0015/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/20 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 25.2.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г , шүүгдэгч Т.А , Д.С , Ц.Х нарын өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-ын С , Б-ийн М, Н-ийн Г, Т-ын А, Г-ийн Б, Ц-ын Х, Б-ийн Ш нарт холбогдох 2516000980306 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Ж ургийн овгийн Г-ийн Б.
2. Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, экспрэсс зам ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Б ургийн овгийн Б-ийн М,
3. Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын *** дугаар баг, *** хорооллын *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Ө ургийн овгийн Ц-ын Х,
4. Монгол Улсын иргэн, *** оны 10 сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Б ургийн овгийн Д-ын С ,
5. Монгол Улсын иргэн, *** оны 05 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хотын *** дүүргийн ***дугаар хороо, *** хотхоны *** тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Ц ургийн овгийн Т-ын А,
6. Монгол Улсын иргэн, ** оны 12 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Болор Майнг ХХК-д ээлжийн мастер ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Улаанбаатар хотын *** дүүргийн *** дүгээр хороо, ***ын ***7 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Т ургийн овгийн Б-ийн Ш,
7. Монгол Улсын иргэн, *** оны 02 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** ургийн овгийн Н-ийн Г,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г нар нь бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын их булаг 3 дугаар багийн нутаг Чулуутын сайр гэх газарт хүрз 3 ширхэг, илжгэн чих 1 ширхэг зэргийг бэлтгэн приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын ҮД82300383 бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн МЭӨ II-I мянганд хамаарах хиргисүүрийг ухан эвдэж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г нар бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын их булаг 3 дугаар багийн нутаг Чулуутын сайр гэх газарт хүрз 3 ширхэг, илжгэн чих 1 ширхэг зэргийг бэлтгэн приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиж Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын ҮД82300383 бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн МЭӨ II-I мянганд хамаарах хиргисүүрийг ухан эвдэж, гэмтээсэн болох нь:
1.1. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
1.2. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, мөрдөгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
1.3. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаартай Байгаль орчны газрын албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
1.4. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр приус-30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, *** улсын дугаартай приус-41 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
1.5. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *** улсын дугаартай приус-41 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 47-53 дугаар хуудас/,
1.6. “Угалз мэргэн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25/06 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 135-141 дүгээр хуудас/,
1.7. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Геологийн судалгаа шинжилгээний төвийн лабораторийн эрхлэгч А.Ариунбат, аргачлал хяналтын инженер Ч.Бадамгарав нарын ХФ 2025/0702 дугаартай шинжилгээний дүн, / 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/,
1.8. Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн зөвлөлийн орлогч дарга, ерөнхий технологич Д.Аззаяа, түүх соёлын хөдлөх дурсгал хариуцсан шинжээч Б.Амгаланбат, бүртгэл мэдээллийн санч Н.Баасансамбуу нарын 2025-18 дугаартай “Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын https://www.rich.mongoluv.mn/ программд ҮД82300383 бүртгэлийн дугаар дээр “Чулуутай сайрын хиргисүүр” нэрээр 13 тоо ширхэг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших Бигэр Номун хааны хийдээс баруун тийш 3 км орчимд хэмээн бүртгэгдсэн байна. Тухайн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших хиргигүүр нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйл “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал зүйл”, 5.1.5 дахь заалт “булш, хиргисүүр, тахил, тайлгын байгууламж” ангилалд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, / 1 дүгээр хуудас хавтаст хэргийн 168-171 дүгээр хуудас/,
1.9. Иргэний нэхэмжлэгч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би иргэний нэхэмжлэгчийн эрх, тайлбарласан хууль сануулсан баталгааг өөрийн биеэр уншиж танилцлаа. Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаанаас асууж тодруулах зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. Говь Алтай аймгийн Бигэр сумын Соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтан, мөн соёлын төвийн даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэж байгаа. 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Бигэр сумын төвөөс баруун хойт зүгт 20 км зайд байдаг Чулуутын сайр гэх газарт нэг Хиргисүүр ухагдсан байна гэх мэдээлэл манай сумын байгаль хамгаалагч М.Гансүх мэдэгдсэний дагуу би сумын цагдаагийн хамт газар дээр нь очиж үзэхэд Чулуутын сайр гэх газар нэг Хиргисүүр ухагдсан байсан. Тухайн Хиргисүүр нь аймгийн болон сумын орон нутгийн хамгаалалтад ороогүй газар байсан ба манай сумын нутаг дэвсгэрт байх бүх Хиргисүүрүүд нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын төрөл зүйлд хамаардаг. Манай сум 2015 онд сумын нутаг дэвсгэрт байх зарим нэгэн Хиргисүүрийг бүртгэлд хамруулсан байдаг, Хиргисүүрийг бүртгэлд хамруулах ажил 5-н жилд нэг удаа явагддаг юм. Чулуутын сайрын Хиргисүүр нь манай сумын бүртгэлд бол ороогүй байгаа. Манай сумын 1 дүгээр багийн нутагт бүртгэл хийж явахад Могойн хурууны хиргисүүрүүдийн зарим нэгэн Хиргисүүр ухагдсан байсан. Манай сумыг тойрсон маш олон Хиргисүүр байдаг юм. Тухайн сумын 3 дугаар багийн нутаг Чулуутын сайр гэх газар байдаг Хиргисүүрүүдийг хариуцсан хүн байхгүй, сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгалуудыг манай сумын соёлын төв хариуцдаг юм. Манай сумын нутаг дэвсгэрт байдаг Хиргисүүрийг ухаж гэмтээсэнд гомдолтой байна, харин тухайн Хиргисүүрээс ямар нэгэн эд зүйл аваагүй байгаа бол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар тал/,
1.10. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Би эрх, үүрэгтэй танилцлаа. Асуух зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2025 оны 03 дугаар сарын 23- ны орой 19 цаг 30 минутын орчим би хөдөө гэртэй буюу Бигэр сумын Их булаг багийн хуучин хийдийн урд буюу Довон булаг гэх газар байхад манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойно буюу манайхаас 3 км зайд тал дээр 2 жижиг машинтай хүмүүс хиргисүүр ухаж байгаа бололтой шороо босоод байхаар нь би сумынхаа байгаль хамгаалагчид утсаар мэдэгдсэн юм. Дараа нь манай сумын байгаль хамгаалагч намайг очоод үзээдэх гэхээр нь би шороо босоод байсан газар дээр очиход нэг хиргисүүрийг дээд талаас нь 1 метр хэртэй доош нь ухсан байсан. Би өмнө нь очиж үзэж байгаагүй. Тэр хиргисүүр тойрсон олон хиргисүүр байдаг мал ахуйд явж байхдаа харж байсан. Өмнө нь ухагдаж байгаагүй манайхаас нээх холгүй болохоор дурангаар харж байдаг юм. Тухайн хоёр машин нь улаан, цагаан өнгөтэй жижиг машин байсан. Хүмүүс нь машинаасаа буусан хиргисүүр ухаж байгаа бололтой шороо тоос босоод байсан яг хэдэн хүн байсныг бол сайн мэдэхгүй байна. Тэр хоёр машин орой хөдлөөд сумын төвийн чигтэй явахад нь би бас утсаар хэлсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудас/,
1.11. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эрх, үүрэгтэй танилцлаа. Асуух зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын ЗДТГ-т жолоочоор 7 жил ажиллаж байна. 2025 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад манай сумын байгаль орчны ажилтан Адарсүрэн утсаар залгаад сумаас хойшоо явчхаад ирье машинаа асаагаад ир гэхээр нь машинаа асаагаад сумын тамгын газрын үүдэн дээрээс цагдаа Ж.Бүрнээ байгаль хамгаалагч Гансүх, Адарсүрэн нарын хамт сумаас хойшоо гараад сумын Сайн байна уу очиход хойноос хоёр жижиг машин ирсэн, манай сумын цагдаа Ж.Бүрнээ зогсоож шалгахад цагаан прусс-30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс 3 хүрз, 1 илжгэн чих, металл хайгчийн гар, цүнхтэй хувцас зэрэг эд зүйл гарч ирсэн, нөгөө улаан өнгийн приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшинд үзлэг хийхэд хоёр том чемидонтой бөөгийн хувцас, бөөгийн хэнгэрэг зэрэг эд зүйл гарч ирсэн учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид нар хоёр машинтай хүмүүсийг сумын төвийн цагдаагийн кабон дээр авч ирж цагдаа Ж.Бүрнээ машин дотор байсан 3 ширхэг хүрз, нэг ширхэг илжгэн чих бүхий газар ухах зориулалт бүхий багаж хэрэгслүүдийг буулгасан юм. Нөгөө хоёр машинтай хүмүүстэй хамт ухсан гэх газар луу явсан юм. Сумын төвөөс хойшоо 29 км явж Чулуутын сайр гэх газар байдаг хиргисүүрүүд дээр очиход нэг хиргисүүрийн дээд хэсгээс 90 см хэртэй доош нь ухаж чулуу нь гаргасан шороог нь овоолсон байдалтай байсан. Би тэр хиргисүүр дээр очиж байгаагүй. Тухайн газрын хойгуур урдуур нь явж байхад зөндөө хиргисүүр харагдаж байдаг юм. Бигэр сумын Их булаг буюу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг. Хуучин Бигэр Номун хааны хийдийн дээд тал буюу Чулуутын сайр гэх газарт байдаг хиргисүүрүүдийн нэгийг ухсан байсан. Улаан өнгийн Приус 41 дотор 4 хүн, цагаан өнгийн приус 30 дотор 4 хүн нийтдээ, нэг эмэгтэй 7 залуу явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,
1.12. Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эрх, үүрэгтэй танилцлаа. Асуух зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын ЗДТГ-т Байгаль хамгаалагчаар 17 жил ажиллаж байна. 2025 оны 03 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад манай сумын 3 дугаар багийн иргэн Батсайхан утсаар мэдэгдэхдээ манай сумын хойно хуучин хийдийн дээд талд хиргисүүр хүмүүс ухаад байна гэж хөдөөнөөс Батбаатар утсаар яриад байна гэж хэлэхээр нь би сумын цагдаад мэдэгдээд байгаль хамгаалагч, цагдаа, жолооч нарын хамт сумаас гарах гэж байхад нөгөө дуудлага өгсөн иргэн яриад нөгөө хиргисүүр ухаж байсан хүмүүс машинтайгаа сумын төв чигтэй төв замаар урагшаа явчихлаа гэсэн бид нар сумаас хойшоо гараад сумын сайн байна уу дээр очоод хоёр машин орж ирэхийг хүлээж байгаад ороод ирэхээр нь зогсоож шалгахад цагаан приус-30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс 3 хүрз, 1 илжгэн чих, металл хайгчийн гар, цүнхтэй хувцас зэрэг эд зүйл гарч ирсэн, Нөгөө улаан өнгийн приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшинд үзлэг хийхэд хоёр том чемидонтой бөөгийн хувцас, бөөгийн хэнгэрэг зэрэг эд зүйл гарч ирсэн учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид нар хоёр машинтай хүмүүсийг сумын төвийн цагдаагийн кабон дээр авчирч цагдаа Ж.Бүрнээ машин дотор байсан 3 ширхэг хүрз, нэг ширхэг илжгэн чих бүхий газар ухах зориулалт бүхий багаж хэрэгслүүдийг буулгасан. Тухайн үед надад ажил гараад би гэр лүүгээ явсан юм. Би тэр хиргисүүр дээр очиж байгаагүй, Тухайн газрын хойгуур урдуур нь явж байхад зөндөө хиргисүүр харагдаж байдаг юм. Манай сумын тэр газарт байдаг хиргисүүрүүд ухсан байна гэж дуудлага мэдээлэл ирж байгаагүй. Ухагдаагүй хиргисүүрүүд байсан юм. Бигэр сумын Их булаг буюу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Чулуутын сайр гэх газарт байдаг хиргисүүрүүдийн нэгийг ухсан байсан, Тухайн хиргисүүрүүд байсан гэх газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар байсан. Улаан өнгийн Приус 41 дотор 4 хүн. цагаан өнгийн Приус 30 дотор 4 хүн нийтдээ, нэг эмэгтэй, 7 залуу явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/
1.13. Гэрч Г.Адарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би эрх, үүрэгтэй танилцлаа. Асуух зүйл байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын ЗДТГ-т Байгаль орчин аялал жуулчлалын салбарын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2025 оны 03 дугаар сарын 23-ны орой Байгаль хамгаалагч М.Гансүх нь манай сумын хойно хуучин хийдийн дээд талд хиргисүүр хүмүүс ухаад байна гэж хөдөөнөөс дуудлага ирлээ гэж ярьсан. Би ЗДТГ-ын жолоочтой яриад машинаа бэлэн байлгаж байгаарай гэж хэлээд Тамгын даргатай уулзаад ирсэн дуудлагын талаар хэлэхэд цагдаагаа аваад яв гэсний дагуу байгаль хамгаалагч, цагдаа, жолооч нарын хамт сумаас гарах гэж байхад нөгөө дуудлага өгсөн иргэн яриад нөгөө хиргисүүр ухаж байсан хүмүүс машинтайгаа сумын төв чигтэй төв замаар урагшаа явчихлаа гэсэн. Бид нар сумаас хойшоо гараад сумын сайн байна уу ороод хүлээж байгаад хойноос хоёр машин ирэхээр нь зогсоож шалгахад цагаан приус-30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс 3 хүрз, 1 илжгэн чих, металл хайгчийн гар, цүнхтэй хувцас зэрэг эд зүйл гарч ирсэн, нөгөө улаан өнгийн Приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшинд үзлэг хийхэд хоёр том чемидонтой бөөгийн хувцас, бөөгийн хэнгэрэг зэрэг эд зүйл гарч ирсэн учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бид тэр хоёр машинтай хүмүүсийг сумын төвийн цагдаагийн кабон дээр авчирч цагдаа Ж.Бүрнээ машин дотор байсан 3 ширхэг хүрз, нэг ширхэг илжгэн чих бүхий газар ухах зориулалт бүхий багаж хэрэгслийг буулгаж цагдаагийн байранд хийж үлдээгээд нөгөө хоёр машинтай хүмүүстэй хамт ухсан гэх газар луу явсан юм. Сумын төвөөс хойшоо 29 км явж Чулуутын сайр гэх газар байдаг хиргисүүр дээр очиход хиргисүүрийн дээд хэсгээс 90 см хэртэй доош нь ухаж чулуу нь гаргасан шороог нь овоолсон байдалтай байсан. Би тэр хиргисүүр дээр очиж байгаагүй, манай сумын хойшоо хуучин хийдийн дээд тал тэр чигтэй хиргисүүрүүд байдаг юм. Манай суманд тэр газарт хиргисүүр ухсан байна гэж дуудлага мэдээлэл ирж байгаагүй. Ухагдаагүй хиргисүүр байсан юм. Бид нар тэр хүмүүсийг дагуулаад хиргисүүр дээр очиход хиргисүүрийг ухсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Бигэр сумын Их булаг буюу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Чулуутын сайр гэх газарт байдаг хиргисүүрүүдийн нэгийг ухсан байсан. Тухайн хиргисүүрүүд байсан гэх газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй газар байсан. Улаан өнгийн Приус 41 дотор 4 хүн, цагаан өнгийн Приус 30 дотор 4 хүн нийтдээ, нэг эмэгтэй, 7 залуу явж байсан Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан байна. Гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч үйлдвэл хамтын оролцооны шинж хангагдсан гэж үзнэ . Шүүгдэгч нар нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж гэмтээх боломжтойг мэдсээр байж хамтран гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн тул тэдний үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болох бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г нар нь үйлдлээрээ нэгдэж Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын ҮД82300383 бүртгэлийн дугаар дээр Чулуутай сайрын хиргисүүр нэрээр 13 тоот ширхэг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт орших Бигэр Номун хааны хийдээс баруун тийш 3 км орчимд хэмээн бүртгэгдсэн МЭӨ II-I мянганд хамаарах хиргисүүрийг ухан эвдэж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т.А , Б.Ш , Ц.Х , Г.Б , Б.М , Д.С , Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч Т.А , Б.Ш , Г.Б , Д.С , Шүүгдэгч Ц.Х , Б.М , Н.Г нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь хүрз, илжгэн чих зэрэг газар ухахад зориулсан багаж хэрэгслийг бэлтгэн авч явсан тул тэдгээрийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хор хохирол учраагүйг шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С , Б.М , Н.Г , Т.А , Г.Б , Ц.Х , Б.Ш нарыг тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, торгох ял оногдуулж, уг торгох ялыг тус бүрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4.Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Харин шүүгдэгч нарын Говь-Алтай аймгийн Бигэр сумын их булаг 3 дугаар багийн нутаг Чулуутын сайр гэх газар хүртэл жолоодож ирсэн приус 30 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, приус 41 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт ашигласан, тусгайлан бэлтгэсэн техник хэрэгсэл гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нар уг ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан илжгэн чих 1 ширхэг, хүрз 3 ширхэг, хайгч багажийн гар 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М ын эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Т.А ийн эзэмшлийн *** улсын дугаартай улаан өнгийн приус 41 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ын С , Б овгийн Б-ийн М, М овгийн Н-ийн Г, Ц овгийн Т-ын А, Ж овгийн Г-ийн Б, Т овгийн Б-ийн Ш, Ө овгийн Ц-ын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С , Б.М , Н.Г , Т.А , Г.Б , Ц.Х , Б.Ш нарыг тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С , Б.М , Н.Г , Т.А , Г.Б , Ц.Х , Б.Ш нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.С , Б.М , Н.Г , Т.А , Г.Б , Ц.Х , Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж илжгэн чих 1 ширхэг, хүрз 3 ширхэг, хайгч багажийн гар 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ын эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Т.А ийн эзэмшлийн *** улсын дугаартай улаан өнгийн приус 41 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ