Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 135/шш2024/00370

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2024/00370

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00520

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, Б.Д,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн *** тоотод оршин суух, М.Н,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, М.П нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан Уул аймаг, Шарын гол сум, ***тоотод оршин суух, Онхууд овогт М.М холбогдох,

 

"Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ***тоот орон сууцыг***ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ***тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг***ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хариуцагч***,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н, М.П, *** нар нь хариуцагч***т холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний аав *** ээж *** нар нь 1972 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Сургуулиа төгсөөд аав ээж 2 Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ирж амьдарсан бөгөөд ээжийн ажиллаж байсан худалдааны байгууллагаас Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***тоот, улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв орон сууцыг өгч эзэмшүүлж байсан гэдэг. Энэ орон сууцандаа амьдарч байгаад манайх 1999 оны 01 сарын 08-ны өдөр орон сууцаа хувьчлан авсан. 2002-2003 оны үед аав ээж нь Ховд аймагт хүндээр өвчилж аав маань ээжийгээ харахаар түрүүлж яваад тэнд байх хугацаандаа өөрийнх нь бие муудаж ээж араас нь очиж аав, эмээ нарыг хамтад нь асарч байгаад Ховдод нэлээд удсан. Энэ үедээ ээж орон сууцаа *** гэж хүнд захиж түүнийг түр оруулаад явсан гэсэн. Аав маань удтал хүндээр өвчилж байгаад 2020 оны 10 сарын 26-ны өдөр нас барсан. Хүүхдүүд нь болох бид ирж очин байж байгаад миний бие дүү ***н хамт Европын улсад олон жил амьдарч байгаад аавын бие муу байх үед би дуудагдаж ирж дүү маань тэндээ үлдсэн. Аавын ээж, бидний эмээ 100 гаруй насалж 2022 оны өвөл нас барсан.

Ийнхүү бид аав дээрээ ирүүт очуут байдаг байсан бөгөөд аав эхний жилүүдэд ээжийгээ асарч байсан бөгөөд дараа нь өөрийн бие нь муудаж тааруухан сайнгүй байсан учир хол газраас наашаа ирж чадахгүй байгаад нас барсан. 2019 оноос хойш цар тахал өвчин гарч байн байн хөл хорио тогтоогдож орон нутаг хооронд чөлөөтэй зорчин явах боломжгүй байсан учир энэ хооронд цаг хугацаа их алдагдсан.

Ээж маань одоо 74 нас хүрч байна. Өндөр настай болсон учир тодорхой он сар цаг хугацааг сайн санахгүй байгаа юм. Аавыг нас барсны дараа бид өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад улсын бүртгэлийн хэлтэст хандах гэтэл манай орон сууцны гэрчилгээ олдохгүй байсан учраас 2022 оны 05 сард өдрийн шуудан сонинд гэрчилгээгээ гээгдүүлсэн талаараа зар тавьж зарлуулаад Улсын бүртгэлийн хэлтэст хандаж дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн өргөдөл гаргахад Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан дугаартай албан тоот ирүүлснээр манай орон сууцны гэрчилгээ эх хувиараа*** гэгч хүнд хадгалагдаж байгааг мэдсэн.

Иймд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***тоот, улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв орон сууцыг***ын түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***, түүний эхнэр *** нар нь 1972 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. М.Н нь сургуулиа төгсөөд аав ээж хоёртойгоо Дархан-Уул аймаг Шарын гол суманд очиж амьдарсан бөгөөд ээж ***ын ажиллаж байсан худалдааны байгууллагаас Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** Улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв орон сууцыг өгч эзэмшүүлж байсан гэдэг. Энэ орон сууцандаа амьдарч байгаад 1999 оны 01-р сарын 08-ны өдөр орон сууцаа хувьчлан авсан байдаг. Ингэж хувьчилж авахдаа гэр бүлийн бүх гишүүдийг өмчлөгч дээр нэрийг нь бичүүлсэн байдаг. Ингээд 2002-2003 оны үед аав ээж нь Ховд аймагт хүндээр өвчилж аав *** нь ээжийгээ харахаар түрүүлж яваад тэнд байх хугацаандаа өөрийнх нь бие нь муудаж ээж *** нь араас нь очиж асарч байгаад Ховдод нэлээд удсан байдаг. Энэ үедээ *** нь орон сууцаа Д.*** гэж хүнд захиж түүнийг түр оруулаад явсан гэдэг. М.Н өөрийн дүүгийн хамт Франц улс руу 2014 онд явсан байдаг. Бага дүү М.П нь бага насны хүүхэд байсан учраас ээжтэйгээ Дархан, Улаанбаатар хоёрын хооронд ирж очоод, ээж *** нь нөхөр рүүгээ, хадам ээжийгээ харахаар Ховд аймаг руу ирж очин явдаг байсан гэдэг. Ингээд аав Мухраа нь хүнд өвчнөөр өвчилж хэвтэрт байж байгаад 2020 оны 10-р сарын 26-ны өдөр нас барсан. Энэ хүмүүс амьдралын шаардлагаар Д.*** гэж хүнд орон байраа захиад ...байрыг маань түр харж байгаач гээд орхиод явсан гэдэг. Гэтэл Д.*** гэж хүн байрыг нь*** гэж хүнд зарсан юм шиг байгаа юм. Д.*** гэрчийн мэдүүлэгт хүүхэд сургуульд ороод төлбөр мөнгөний асуудалтай болоод зарсан гэсэн байдаг. Д.*** мөн мэдүүлэгтээ нөхөр нь нас бараад *** гэж хүн надад байраа зараад явсан гэж ор үндэсгүй зүйл яриад байгаа. Д.*** гэж хүн бусдын итгэмжлэн үлдээсэн хөрөнгийг бусдад зарж борлуулсан, үүнийг нь*** гэж хүн худалдаж авсан хэдэн төгрөгөөр авсан гэхээр 2,500,000 төгрөгөөр авсан гэдэг асуудал яригддаг. Энэ хугацаанд М.Н гадаадад амьдарч байгаад ирсэн. Аав нь нас барсан, ээж нь өндөр настай, эрүүл мэндийн асуудалтай учир тодорхой он сар цаг хугацааг сайн санахгүй байгаа. Ээжийнхээ найз гээд байгаа Д.*** гэж хүнийг нэрийг нь сайн санахгүй Алтанцэцэг гэж сураад байсан юм билээ. Тэгээд хуучин байсан байрныхаа хаалга үүдийг тогшихоор эзэнгүй байсан гэдэг. Ингээд аав Мухраа нь нас барсны дараа хүүхдүүд нь өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад улсын бүртгэлийн хэлтэст хандах гэтэл уг орон сууцны гэрчилгээ олдохгүй байсан учраас Өдрийн шуудан сонинд гэрчилгээгээ гээгдүүлсэн талаараа зар тавьж зарлуулаад Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, дахин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн өргөдөл гаргахад Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан дугаартай албан тоот ирүүлснээр уг орон сууцны гэрчилгээ эх хувиараа*** гэдэг хүнд хадгалагдаж байгааг мэдсэн байгаа. Иймээс тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... миний бие 2007 онд Шарын гол сумын Хайрхан багийн *** 2 өрөө байрыг иргэн Д.***гаас тухайн үеийн байр зарагдаж байсан хамгийн дээд ханш болох 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсны дараагаар Д.*** орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгсөн. Тухайн үед Д.*** гэж хүнтэй гэрээ байгуулаагүй шууд худалдан авсан. Тухайн оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 16 дахь жилдээ энэхүү орон сууцанд амьдарч байна.

Д.***гаас худалдаж авсныхаа дараа тухайн байрны өмчлөлийг шилжүүлэх гэж тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх нэр бүхий ***, ***, М.Н гэх хүмүүстэй холбогдох гэсэн боловч хаана оршин сууж байгаа нь болон ямар утсаар холбоо барих нь тодорхойгүй байсан учир холбогдож чадаагүй. Д.*** ч гэсэн надад байхаа зарснаас нь хойш наад хүмүүстэй чинь огт холбоо бариагүй. Би ч бас хаана байгааг нь болон яаж холбоо барихыг нь мэдэхгүй гэсэн. Ингээд 2023 оны 04 сарын 04-ний өдөр шүүхээс гэнэт надад М.Нийн нэхэмжлэлтэй амьдарч буй орон сууцаа өг гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гардуулсан.

Нэхэмжлэгчид нь өмнөх 15 жилийн хугацаанд ч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч надтай огт холбоо барьж уулзаагүй. Нэг нь байраа зарж мөнгө авчхаад, нөгөө нь авсан байраа суллаж өг гэж байгаа энэхүү үйлдлийг миний бие залилах гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэж байна.

Иймд миний бие Дархан-Уул аймаг, Шарын-гол сум, *** тоот орон сууцыг хуулийн дагуу худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч*** нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...миний бие 2007 онд Шарын гол сумын Хайрхан багийн *** 2 өрөө байрыг иргэн Д.***гаас тухайн үеийн байр зарагдаж байсан хамгийн дээд ханш болох 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсны дараагаар Д.*** орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгсөн. Тухайн үед Д.*** гэж хүнтэй гэрээ байгуулаагүй шууд худалдан авсан. Тухайн оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 16 дахь жилдээ энэхүү орон сууцанд амьдарч байна.

Д.***гаас худалдаж авсныхаа дараа тухайн байрны өмчлөлийг шилжүүлэх гэж тухайн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх нэр бүхий ***, ***, М.Н гэх хүмүүстэй холбогдох гэсэн боловч хаана оршин сууж байгаа нь болон ямар утсаар холбоо барих нь тодорхойгүй байсан учир холбогдож чадаагүй. Д.*** ч гэсэн надад байраа зарснаас нь хойш наад хүмүүстэй чинь огт холбоо бариагүй. Би ч бас хаана байгааг нь болон яаж холбоо барихыг нь мэдэхгүй гэсэн. Ингээд 2023 оны 04 сарын 04-ний өдөр шүүхээс гэнэт надад М.Нийн нэхэмжлэлтэй амьдарч буй орон сууцаа өг гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг гардуулсан.

Нэхэмжлэгчид нь өмнөх 15 жилийн хугацаанд ч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө ч надтай огт холбоо барьж уулзаагүй. Миний бие тухайн орон сууцыг бусдыг хуурч мэхэлж, хүч хэрэглэх замаар өөрийн эзэмшилд аваагүй.

Зохих төлбөрийг төлөн шударгаар тус байрыг өвч өнөөдрийг хүртэл 16 жилийн турш халуун, хүйтэн ус, дулаан, цахилгаан, сөх, хог тээвэр зэрэг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг***ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах тухай зохицуулсан байгаа. Үүнд: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч***, Д.*** гэж хүнээс байр худалдаж авсан гэж ярьдаг. Энэ хүнээс өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, энэ гэрчилгээн дээр Д.*** гэж хүний нэр огт байхгүй. Харин Мухраа, ***, М.Н, Наранцогт, М.П гэж хүмүүсийн нэр байхад үүнийг мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй. Дээрээс нь 10 гаруй жилийн хугацаанд энэ хүмүүс байраа хөөцөлдөхгүй яасан бэ гэж байна. Мухраа гэж хүн Ховд аймагт өвчтэй ээжийгээ сахиж байгаад өөрөө мөн хүнд өвчтэй болоод 2020 онд нас барсан. *** гэж хүн мөн хагалгаанд ороод олон жил эмчилгээтэй байсан. Хамгийн том хүүхэд нь энэ М.Н гадаадад байж байгаад ирсэн. Аавыгаа нас бараагүй байхад өмчлөх эд хөрөнгө гээд яриад байх боломжгүй байсан. Аав нь нас барсны дараа өв хүлээн авах, эд хөрөнгө залгамжлах асуудал гарч ирээд байрных нь өмчлөх эрхийн гэрчилгээ олдохгүй болохоор нь сонинд зарлуулаад дахин гэрчилгээ гаргуулахаар хандсанаар*** гэж хүнд гэрчилгээ хадгалагдаж байгаа гэж Улсын бүртгэлээс хоёр талд мэдэгдсэн асуудал байдаг. Хууль бус эзэмшил гэж ярихгүй, энэ хүн гэр бүлийн өмч гээд 1999 оны 01-р сарын 08-ны өдөр өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байхад, энэ эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас үндсэн нэхэмжлэлээ дэмжээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2023 оны 02 сарын 09-ний өдрийн дугаартай ***, *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 28 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, М.Нийн төрсний гэрчилгээний хуулбар, ***н төрсний гэрчилгээний хуулбар, М.Н, *** нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.Пгийн төрсний гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 01/1485 дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, ам бүлийн тодорхойлолт, аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргаж байсан өргөдөл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мэдүүлэг хүлээн авсан баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлд ***, ***н итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нарын гаргасан өргөдөл, ***ын амбулаторын карт, М.Нийн гадаад паспорт, ***дугаартай Өдрийн сонин зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

7. Хариуцагч талаас нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны гүйлгээний баримт, ДСЦТС ХК-ий хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дулаан Шарын гол ТӨХК-ий орлого дансаар гэх баримт, Дулаан Шарын гол ТӨХК-ий тодорхойлолт, Төрийн банкны зарлага, орлогын баримтууд зэргийг ирүүлсэн байна.

 

8. Шүүхээс Д.***, , нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***, М.Н, М.П нарын хариуцагч***т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч***ын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч*** нь 2023 оны 10 сарын 26-ны өдөр маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тооцуулах, тус байранд засвар хийсэн 28,000,000 төгрөгийн зардлыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 01 сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах гэж өөрчилсөн болно.

 

2. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...тус орон сууцыг 1999 онд хувьчлан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд энэ бүртгэл одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2002-2003 онд тус байраа танил хүнд үлдээгээд явсан боловч энэ хүн***т худалдсан байна. Иймд*** нь бидний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа тул түүнээс тус орон сууцыг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч*** нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Би тус байрыг 2007 онд Д.*** гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд байрны асуудлаар маргаан гараагүй, энэ хүмүүс надтай огт уулзаж, ирж байгаагүй тул зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч*** сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тус орон сууцанд 16 дахь жилдээ амьдарч байна. Тухайн үедээ Д.*** гэх хүнээс худалдан авсан бөгөөд түүнээс хойш зохих төлбөрийг шударгаар төлөөд эзэмшиж байна. Иймд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нарын өмч гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд*** нь анхнаасаа гэрчилгээн дээр энэ хүмүүс бүртгэлтэйг мэдсээр байж шилжүүлэн авсан. Өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар *** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** тоотод байрлах, 29 мкв сууцны талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1995 оноос гэрээний үндсэн дээр хөлслөн амьдарч байсан, улмаар Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор хувьчлан авсаны үндсэн дээр 1999 оны 01 сарын 08-ны өдөр олгосон 0058637 ДА дугаартай гэрчилгээгээр ***, ***, М.Н, ***, М.П нарт өмчлүүлж улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 11, 13-16, 71 дүгээр хуудас/

Хамтран өмчлөгч *** 2020 оны 10 сарын 09-ний өдөр нас барсан, 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 0028 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр М.Нт Дархан-Уул аймгийн Шарын гол сум ***тоот, 29,0 мкв орон сууцны өвлүүлэгчид оногдох хэсэг 20 хувь, өвлөгчид оногдох хэсэг 20 хувь, бусад өвлөгчдийн мэдээллээр 1 жил өнгөрсөн тул татгалзсанд тооцож хөрөнгийг өвлүүлэхээр олгосон байна. /хх-ийн 8 дугаар хуудас/

Нэхэмжлэгч М.Н тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин авахаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 01/1485 дугаартай албан бичгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байх бөгөөд тус албан бичигт ... холбогдох бүртгэлийн мэдээллийг хянах явцад таны үрэгдүүлсэн гэх гэрчилгээ иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд тус хаягт бүртгэлтэй иргэн***т эх хувиар хадгалагдаж байгаа нь тогтоогдсон тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3-т заасан үндэслэлээр гэрчилгээг хүчингүйд тооцож дахин олгох боломжгүй, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийн эх гэрчилгээнд бичигдсэн дугаар өдөр тутмын мэдээлэлд зарлуулсан зар болон өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дугаараас зөрүүтэй болох нь тогтоогдсон гэжээ. /хх-ийн 12, 18-20, 35 дугаар хуудас/

Дээрх албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нар нь хариуцагч***т холбогдуулан 2023 оны 03 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд түүнээс өмнөх хугацаанд орон сууцны өмчлөлийн асуудлаар шүүхэд болон эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаангүй болно.

 

7. Мөн хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дулаан шарын гол ТӨХК-ийн тодорхойлолт зэрэг баримтаар хариуцагч*** нь маргаан бүхий орон сууцанд гэр бүлийн хамтаар 2008 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд цахилгаан, хэрэглээний ус, дулааны төлбөрийг төлж байгаа болох нь тогтоогдож байна. /хх-ийн 94-106 дугаар хуудас/

 

8. Хариуцагч*** нь тус орон сууцыг Д.*** гэх хүнээс тухайн үед худалдан авсан гэж, нэхэмжлэгч нар нь амьдралын шаардлагаар өөр орон нутагт шилжих болсон тул өөрийн танил Д.***д орон сууцаа харж хамгаалуулахаар үлдээсэн гэж тус тус тайлбарладаг болно.

Зохигчийн хүсэлтээр Д.***гаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэрээр ... 2000 онд н.Долгор гэдэг хүнээс худалдан аваад байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй. Тухайн байранд 7 жил амьдраад 2007 онд***т зарсан. Долгор нь байрны бичиг баримтуудыг бүгдийг нь надад өгч байсан... гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 65-66 дугаар хуудас/

Мөн гэрч ийн ... Долгор манайд ирчихсэн бие тааруу байна. Би Ховд руу явахаар боллоо. Байраа яадаг юм билээ зарчихдаг ч юм билүү гээд ярьж байсан. Гэхдээ Долгор явахдаа хүнд захиад үлдээсэн байдаг... гэсэн мэдүүлэг, гэрч гийн ... таньдаг хүндээ үлдээгээд явлаа л гэж байсан ямар хүнд үлдээсэн талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 72-73, 76 дугаар хуудас/

 

9. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаар хариуцагч*** нь тус орон сууцыг Б.***гаас худалдан авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч энэ тухай бичгээр хэлцэл байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улмаар өмчлөх эрхийг хуульд зааснаар шилжүүлэн аваагүй байна.

Өөрөөр хэлбэл***т өмчлөх эрх хуульд зааснаар үүсээгүй боловч тэрээр тус орон сууцыг 15 жил илээр эзэмшиж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүнд эзэмшил үүссэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл***ыг тус орон сууцыг анх хууль бусаар, хууран мэхлэх замаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч тал өмчлөх эрхийг гагцхүү хуульд зааснаар хязгаарлах бөгөөд өмчлөгчийн шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж, харин хариуцагч тал хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 10 жилийн хугацаагаар тоолох бөгөөд энэхүү хугацаа өнгөрсөн гэж тус тус маргадаг болно.

Дээр дурдсан Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар ямар шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд нэхэмжлэгч нарын бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар арван жил байна.

Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т: хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заажээ.

 

11. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаан дээр ... Шарын голд миний нэр дээр тухайн байр байгаа гэдгийг мэдэж байсан бөгөөд ээж хүнд захиж үлдээсэн гэж байсан. Энэ хугацаанд би гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг байсан. Энэ байрны гэрчилгээ аав ээж хоёрт байгаа гэж бодоод нэг их тоогоогүй. Ингээд аавыгаа өнгөрсний дараа ээжээс асуухад сайн мэдэхгүй байсан. Ээж маань бие муутай, юмаа мартаж санаад байдаг хүн. Ингээд сүүлд сонинд зарлуулж үл хөдлөх хөрөнгийн газар хандаад*** гэж хүнд байгаа гэдгийг мэдсэн гэсэн тайлбарыг гаргадаг болно.

Дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.Н нь тухайн үед гадаадад байсан гэж гадаад паспортоо эх хувиар, М.Долгорын эмчлүүлж байсан картыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь нэхэмжлэгч нар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, эрх зөрчигдсөнөө хожим мэдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Иймд М.Н, ***, М.П нарын***т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэргсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

12. Хариуцагч*** нь тус орон сууцыг бусдаас худалдан авсаны үндсэн дээр 2008 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байгаа, нөгөө талаас нэхэмжлэгч нарын шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1: Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч***ын тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шарадлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

13. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шарадлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч***т олгож шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н, ***, М.П нарын гаргасан***ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч***ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ***тоотод байрлах 29,0 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар Шарын гол сумын ***тоотод байрлах 29,0 мкв талбай бүхий орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр хариуцагч***ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ***, ***, М.П нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч***т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ