Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С

          Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор У

           Шүүгдэгч: Б.Т нарын өмгөөлөгч: Л

 Шүүгдэгч: О-ийн өмгөөлөгч: Ц,

           Шүүгдэгч: Т,О,Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн  найруулга/-ийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, О, Бнарт холбогдох 201620000117 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1981 оны 7 дугаар сарын 16-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт - тоотод оршин суудаг. Т

Монгол Улсын иргэн 1983 оны 6 дугаар сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Увс аймгийн МХГ-т хилийн хорио цээрийн улсын байцаагч ажилтай, ам бүл 2, 1 хүүхдийн хамт – т оршин суудаг. О

Монгол Улсын иргэн 1985 оны 6 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн удирлагын менежер мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн гаалийн газарт Гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт - тоотод оршин суудаг. Б

 

Холбогдсон  хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу нийт 355 хайрцаг өндөгний тоо ширхэгийг гаалийн хилд мэдүүлэхдээ 55 хайрцаг өндөг гэж бууруулж худал мэдүүлэн 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтүүлсэн,

Шүүгдэгч О нь албан тушаалынхаа байдлыг ашиглаж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу нийт 355 хайрцаг өндөгний тоо ширхэгийг бууруулж 55 хайрцаг өндөг гэж улсын байцаагчийн шийдвэр бичиж, 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтүүлсэн,

Шүүгдэгч Б нь албан тушаалынхаа байдлыг ашиглаж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу  16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын хилээр хууль бусаар нэвтүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хилийн мэргэжлийн хяналтын албаны шийдвэр /хх-ийн I хавтасны 12, 37-р тал/,

2. “С" ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд мэдүүлсэн мэдүүлгийг гаалийн системээс гаргуулж авсан баримт /хх-ийн I хавтасны 13-р тал/,

3. “С" ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд мэдүүлсэн мэдүүлэг дээр 50 хайрцаг өндөг нэмж татвар, торгуул ногдуулсаныг гаалийн системээс гаргуулж авсан баримт /хх-ийн I хавтасны 14-15-р тал/,

4. “С" ХХК-ий захирал Т 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд мэдүүлсэн мэдүүлэг дээр 50 хайрцаг өндөг нэмж татвар, торгуул ногдуулсаныг гаалийн системээс гаргуулж авсан баримт /хх-ийн I хавтасны 14-15-р тал/,

5. “С" ХХК-ий захирал Т 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд гаргасан хүсэлт /хх-ийн I хавтасны 17-р тал/,

6. Счет буюу “Данс тооцоо” /хх-ийн I хавтасны 19-22-р тал/,

7. Эд зүйл /бичиг баримт/ хураан авсан тэмдэглэл /хх-ийн I хавтасны 36-37-р тал/,

8. Мал эмнэлэгийн сертификат 119 №0000030 /хх-ийн I хавтасны 40, 41-р тал/,

 

9. Гэрч Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 5 дугаар сарын сүүлээр хүүхдийн баярын урд, яг өдрийн сайн санахгүй байна. Нэг өдөр би Боршоо руу явах гэж байтал Т над уруу утасдаж “Нэг бичиг явуулмаар байна” гэхээр нь би яваад очиход нэг настай хүн ирж “Т-ын явуулсан юм” гээд нэг дугтуйтай бичиг өгсөн. Уг бичгийг Т намайг “Гааль дээр мэргэжлийн хяналтын байцаагч О-д өг” гэсэн юм. Дугтуйтай нааж битүүмжилсэн бичиг байсан тул дотор нь юу байгааг мэдээгүй. Би өдөрт Хандгайт уруу таксинд явдаг тул яг өдрийн сайн мэдэхгүй байна. Гааль дээр бичгийг О-д өгөхөд ямар нэгэн юм хэлэлгүй авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 58-р тал/,

 

10. Гэрч О мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр буюу Лхагва гаригт би “С” ХХК-ий захирал Т-ын ачааг ачихаар өөрийн “ниссан дизиль” загварын 4,5 тонны даацтай бүхээгтэй ачааны машинаар ОХУ руу явсан юм. Т өөрөө яваагүй намайг Абакан ороод өндөг ачдаг “Абаканторг ООО”-аас өндөг ачаад ир гэж хэлээд явуулсан юм. Нададөэдөг авах гэрээ өгч явуулсан, мөнгө төгрөг өгөөгүй ба би Абаканд очоод өндөг авдаг газар нь очоод Т-ын гэрээг өгөхөд надад өндөгийг ачиж өгсөн юм. Яг хэдэн хайрцаг өндөг ачсаныг мэдэхгүй. Өндөг авахдаа би өндөг ачдаг газар нь очоод машинаа өгөхөд намайг үлдээгээд машиныг авч цааш нь ороод угааж цэвэрлэж ариутгаад хорио цээрийн хүмүүс нь шалгаад, өндөгөө ачаад машиныг гаргаад ирдэг юм. Тэгээд надад өндөгний дагалдах бичиг баримт гээд хавтастай бичиг баримт өгсөн. Би түүнийг авч Хандгайт дээр 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирэхэд орой болж гааль хаасан байсан. Т намайг тосож тэр өдөр Хандгайтад ирээд хүлээж байгаад орой болохоор нь буцаад Монгол уруу гарчихсан байсан. Хавтастай бичиг баримт дотор ямар бичиг баримт байгааг мэдээгүй, би оросоор уншиж бичихдээ муу тул албаны бичиг баримтуудыг мэдэхгүй, Оросын гаальд үзүүлдэг өндөгний бичиг гэж гадарлахаас яг дотор нь юу юу бичсэн байгааг мэдэхгүй юм. Урд нь би Оросоос хүнсний бараа ачих ажлаах 7-8 удаа явсан. Т-н өндөгийг 2 удаа ачсан юм. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Т  жижиг машинтайгаа хилээр орж ирээд цайны цаг болсон тул хүлээж байгаад 15 цагийн үед Т бид нар Оросын гаалиар гарч Монголын хил дээр 17 цагийн үед орж ирж шалгуулсан. Гаальд зуучлах, ачаагаа мэдүүлэх ажлыг бүгдийг нь Т өөрөө хийсэн ба би ямар ч бичиг баримт үйлдэж гарын үсэг зураагүй юм. Гаальд ачааны мэдүүлгийг хэрхэн мэдүүлснийг мэдэхгүй. Гаалиар ороход эхэлж мэргэжлийн хяналтын байцаагч М,О нар шалгасан, шалгахдаа ачааны дундуур кордор гаргаж буулгаж үзсэн, би ачааг нь авч өгч туслаж шалгуулсан юм. Тэгээд дараа нь гаалийн нүдний шилтэй байцаагч /Б/, даргатайгаа хамт ирсэн. Тэгэхдээ яг тэд шалгаж байсан уу? үгүй юу? Мэдэхгүй. Гааль дээр байдаг бүх хүмүүс л ирж ачааг үзэж сонирхоод байсан. Би нүдний шилтэй байцаагчийг шалгаж байгаа юм байх гэж бодсон. Ачааны тоо, хэмжээ, татвар гээд явуулахгүй байгаа бололтой байлгаж байгаад сүүлд гааль хаасны дараа 21 цагийн үед явуулах болоод явуулсан. Би цаанаас авч ирсэн хавтастай бичиг баримтуудаас Оросын гааль дээр хагасын аваад үлдсэн, Монголын гааль болон мэргэжлийн хяналт дээр ирэхдээ 5-6 ширхэг хуудас бичиг баримттай ирсэн. Гааль болон мэргэжлийн хяналт шалгахдаа тэр бичиг баримтуудыг барьчихсан харагдсан. Өндөг хөнгөн ачаа тул би ачааны тоо хэмжээг сонирхдоггүй, өндөгийг эзэн нь дагаж явдаг байсан тул хэд байсныг ч мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 59-60-р тал/,

 

11. Гэрч О мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би “Боршоо” боомт дээр гаалийн байцаагчаар ажиллаж байхад “С” ХХК-ий захирал Т гэдэг эмэгтэй ОХУ-аас 17 цагийн орчимд орж ирсэн юм. Т өөрөө жижиг машинтай хажуудаа ачааны том машин дагуулж ирсэн бөгөөд тэр өдөр гаалийн хяналтын байцаагчаар Б бид хоёр ажиллаж байсан юм. Гаалийн кейс сүлжээнээс намайг жижиг машиныг шалгахаар, ачааны машиныг Б шалгахаар томилсон тул би Т жижиг машиныг шалгасан юм. Ачааны машиныг Б шалгасан ба даац өндөг ачсан байсан. Хичнээн өндөг байсныг мэдэхгүй гаднаас харахад тоо, хэмжээ их байсан ба Т ачаагаа 55 хайрцаг өндөг гэж мэдүүлсэн байсан. Машинтай өндгийг машинаас нь буулгасан эсэхийг мэдэхгүй. Мэдүүлснээс их байгааг Б шалгачихаад өрөөнд орж ирэхдээ “Ачаа илүү байна” гэж ярьж байсныг сонссон юм. Машинтай ачааг Б-тай хамт Х ахлах, бичиг баримтын байцаагч М нар очиж шалгаж байсан юм. Мэргэжлийн хяналтын байцаагч яаж шалгасныг мэдэхгүй.  Т-ын  ачааны татвар гэж 970016 төгрөг бичсэн байгааг би сүлжээнээс харсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 61-62-р тал/,

 

12. Гэрч Б мөрдөн байцаалтанд өгсөн:  “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 19 цаг 20 минутын үед Боршоогоос Х эрхлэгч миний гар утас уруу залгаж  “Гаалиар “С” ХХК-ий захирал Т бараа оруулж ирлээ” гэж мэдэгдсэн.  Т-ын “С” ХХК-ийг манай гаалийн кейс сүлжээнд эрсдэлтэй аж ахуй нэгж гэж улаан тэмдэглэж онилсон байсан тул барааг нь Улаангомд татаж гүний гаалиар шалга гэж мэдэгдсэн байсан.  Иймээс Х “Нөгөө эрсдэлтэй бараа ирлээ” гэж утасдаж мэдэгдсэн юм. Тэгээд цаг орой болсон байсан, манай зөрчлийн байцаагч П-ийн хадам ах, эгч хоёр нь гэнэт нас бараад явсан эзгүй байсан тул “Улаангомд шалгах боломжгүй, наанаа Боршоод хяналтаа сайн хий” гэсэн үүрэг өгсөн юм. Тэгээд 20 цагийн үед Х дахин над руу ярихад нь “татвар нь хэд болсон бэ?” гэхэд Х “900 гаруй мянга төгрөг болж байна” гэхээр нь би “Тийм бага байх ёсгүй. Хяналтаа дахин хийж татвараа нэм. Яаж тогтоосон юм бэ?” гэхэд Хайдав “Т өөрийн мэдүүлгээр татвар тогтоосон юм” гэхээр нь би “Тэгвэл наадах чинь мэдээж нуусан. Сайн шалгаж тогтоож, татвар нь ядаж 2 сая төгрөгийн татвар болох биз” гэж хэлсэн юм. Тэгээд дахиж барааг гаалиар оруулж Улаангом уруу явуулсан талаар мэдэгдээгүй юм.  2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Тагнуулын газраас гаалиар орсон барааны жагсаалтыг авсан ба маргааш нь байх Б надад “Би маягт хоёроор “С” ХХК-ий барааг нэг дахин нэмж бичлээ” гэж хэлэхээр нь “Тийм үү. Торгуулиа тавиарай” гэж хэлсэн юм. Кейс сүлжээн дээр барааны тоо хэмжээг оруулж байгаагаа  2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр надад хэлээгүй. Маргааш нь надад сүлжээ дээр “С” ХХК-ий барааны хэмжээг 105 хайрцаг болгож татвар нэмсэн гэж хэлсэн юм. Гаалийн татвар тогтоосон барааг тарифын хязгаарлалттай бараа гэдэг. Шувууны өндгийг УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор татвар тогтоосон ба өндөгний татварын хэмжээг сүүлд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж 15 хувиар тогтоосон юм. Тэгэхдээ гаалийн татвар бодохдоо Оросын үнэ дээр тээврийн зардлыг нэмээд гаалийн 15 хувь, НӨАТ-ын нэмэгдэл 1,5 хувь гээд нийт үнийн дүнгээс 26,5 хувиар татвар ногдуулдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 64-65-р тал/,

 

13. Гэрч Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 16-ны 19 цагийн үед байх яг цагийн сайн санахгүй байна. Боомт хааж байхад нэг ачаатай машин гаалиар орж ирээд мэргэжлийн хяналтын байцаагч О, М нар шалгахад нь би очиж үзсэн юм. Мэргэжлийн хяналтын байцаагч шалгаж дуусаад явахад нь жолоочоос нь “Юу ачсан юм сэ?” гэж асуухад “Өндөг байгаа” гэж хэлсэн. “Өөр ачаа байгаа юу?” гэж асуухад “Бүгд өндөг байгаа” гэж хэлсэн. Тоо хэмжээг нь асуухад “Мэдэхгүй” гэж хэлсэн. Боомт хааж байцаагч нарын ажил дуусаж чөлөөтэй болохоороо шалгана гэж байхаар нь бид явчихсан юм. Тэгээд нэг харахад гаалийнхан бүгд хамт очсон, машин дээр шалгаж харагдсан. Би тэнд очоогүй. Гаалийнхан шалгахдаа машины барааг буулгахгүйгээр хаалгыг нь онгойлгож хараад удалгүй буцаж яваад байр уруугаа орчихсон юм. Тухайн үед би хоолондоо яваад буцаж явж байтал О, М нар замд таарсан бөгөөд би тэндээс “Хичнээн өндөг оруулж байна” гэж асуухад М “100 гаруй хайрцаг өндөг байна. Өндөгөөс өөр юм алга. Танайхан шалгах шаардлагатай юу?” гэж асуусан. Мэргэжлийн хяналт шалгасны дараа ачааг нь харахад машины бүхээг дүүрэн хайрцагтай өндөгнүүд харагдсан юм. Мэргэжпийн хяналт шалгахдаа ачааг бас буулгаагүй хаалгын нээж хараад цааш эргээд явчихсан юм. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд байх О-гаас би “Өндөгний бичиг баримтууд хаана байгаа бэ? шалгах хэрэгтэй байна” гэхэд “Бичиг баримт байхгүй. Улаангомд ажил дээр байгаа” гэж хэлээд шалгуулаагүй. Яг хэдэн хайрцаг өндөг нэвтэрсэн талаар хэлээгүй. Тэгээд Улаангом уруу мэдэгдэхэд “Гаалийн болон О бичиг баримтуудыг хурааж ав” гэж хэлсэн. Тэгээд би Х-аас бичиг баримтын авах гэхэд Х “Манайд бичиг баримт байхгүй. О сая орж ирээд юм үзчихээд өгий гээд өөрийнхөө бичиж гаальд шилжүүлсэн шийдвэрийг аваад гарсан” гэж хэлсэн юм. Тэгээд би О-тай уулзаж “Сая Х-аас авсан бичиг чинь хаана байна” гэхэд О “Тийм бичиг аваагүй. Х худал хэлж байна” гэсэн. Х нь болохоор “Дөнгөж сая О аваад гарсан” гээд нэг нэгэн үрүүгээ булзааруулаад бичгээ гаргаж өгөөгүй. Харин О 355 хайрцаг өндөг гэсэн ОХУ-ын инвестийг гаргаж өгсөн ба гаалиас 55 хайрцаг өндөг гэсэн хуулбар хувь өгсөн юм” гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 66-р тал/,

 

14. Гэрч С мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай мэргэжлийн хяналтын газрын сарын мэдээ дараа сарын 03-ны дотор явах ёстой байдаг тул Боршоо боомтын мэдээг явуулахаар О-тай ярихад материалаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны үед авч ирж өгсөн юм. Яг өдрийг нь санахгүй байна. Би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр материалаа нэхэж байцаагч нартаа хэлдэг учир материалыг дараа нь авч ирж өгсөн юм. Учир нь манай мэдээний санд материал 25-ны өдрөөс эхлэн орж эхэлдэг юм. Тэгж сарын мэдээ авч ирэх үедээ О надад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “С” ХХК-ий материал гэж ОХУ-аас ирсэн 128.160 ширхэг өндөгний сертифкат өгсөн юм. Сертифкат эх хувиараа тамга тэмдэгтэй байсан бөгөөд гаальд шилжүүлсэн шийдвэр нь байхгүй “Тагнуулд хураалгачихсан” гэж хэлсэн. Би уг өндөгний мэдүүлгийг яг хэдний өдөр санд шивсэнээ мэдэхгүй байна, 06 дугаар сарын 03-наас өмнө л санд шивж оруулчихаад материалаа О-д буцаагаад өгсөн юм. Одоо надад бичиг баримт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 67-р тал/,

 

15. Гэрч М мөрдөн байцаалтанд өгсөн “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед байх яг цагийн санахгүй байна. Ажил тарахын өмнөхөн гаалийн хилээр орохоор "С" ХХК-ий бараа ирсэн юм. “С” ХХК-ий барааг захирал Т дагаж ирсэн юм. Миний хувьд энэ барааг шалгаагүй бөгөөд бараан дотор миний хариуцсан чиглэлийн бараа байгаа эсэхийг шалгаж очиж үзсэн юм. Миний ажлын хувьд боловсруулсан хүнсний бараа хянаж шалгах ёстой бөгөөд боловсруулсан бараа гэдэгт чихэр, вичен ундаа гэх мэт хүнсний бараа ордог. Өндөг нь мал амьтаны гаралтай бүтээгдэхүүн тул мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч О барааг шалгаж гаальд шилжүүлэх шийдвэр бичиж өгөх байсан. О бид хоёр Т-ын машин дээр очиж хаалгыг нь онгойлгож үзэхэд бүгд өндөг байсан. Барааг буулгаагүй. Т дандаа өндөг байгаа гэж танилцуулсан ба хүнсний барааг ачааны дээр ачдаг юм. Т хичнээн өндөг ачсан байгаа талаар надад хэлээгүй. О шалгаад үлдсэн бөгөөд барааны бичиг баримтыг би шалгаагүй юм. Т-ын бараа гаальд шилжээд тэндээ удаад байсан, ямар шалтгаанаар удаад байсныг мэдээгүй. Т-ын бараа гаалиас гараагүй байхад би ажил тараад явсан. Хэдэн цагт манай хяналтанд орж ирээд хэдэн цагт гарсан нь гаальд шилжүүлсэн шийдвэр дээр байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 68-69-р тал/,

 

16. Гэрч Л мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Тагнуулын газраас ирсэн бичгийн дагуу би судалгаа гаргаж даргад өгсөн. Би 16 цагийн үед гаалийн кейс нэгдсэн сүлжээнд орж шалгахад “С” ХХК  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 55 хайрцаг өндөг хилээр нэвтрүүлсэн гэсэн бүртгэл байсан юм. Дарга судалгааг авч байхдаа сайн нягталж хянаарай гэж хэлсэн тул би маргааш өглөө буюу 05 сарын 20-ны өдөр сүлжээндээ орж хянахад “С” ХХК-ий хилээр оруулсан өндөгний тоо хэмжээ 105 хайрцаг болж өссөн байсан учир би өөрчлөлтийн оруулаад дахин хавсралтыг нь хэвлэж урд өдрийн өгсөн судалгааг солих гэхэд нарийн бичиг Тагнуулын газар уруу явуулчихсан байсан тул араас нь би өөрчлөгдсөн хавсралтыг явуулсан. Гаалийн сүлжээнд байгаа тоо хэмжээг хяналт шалгалтын байцаагч өөрөө өөрчлөх эрхтэй бөгөөд ачааны эзний гаальд мэдүүлсэн тоо хэмжээнээс илүү гарсан, дутсан тохиолдолд хяналт шалгалтын байцаагч шалгаж ирүүлсэний дараа өөрчлөх эрхтэй байдаг юм. Гаалийн кейс сүлжээнд гаалийн байцаагч бүр өөрийн эрх, нууц үгээрээ ордог ба сүлжээнд хэзээ, хэн орж өөрчлөлт хийсэн нь үлддэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 71-р тал/,

 

17. Гэрч П мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 16-нд Улаангомд байгаагүй тул тухайн үед юу болсныг мэдэхгүй. “Шувууны өндөг нь “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоосон” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын 7-д 15 хувийн татвар тогтоосон бараа тул тарифын хязгаарлалттай бараа юм. Өндөг хилээр нэвтрүүлэхэд Мэргэжлийн хяналтын алба шалгаад Монгол улсад нэвтрүүлж болно зөвшөөрөл өгдөг юм. Хилийн мэргэжлийн хяналт шалгаад гаальд шилжүүлсэн шийдвэр өгсөн үед манай гааль шалгаж татварыг авч нэвтрүүлдэг юм. Өндөг хилээр нэвтрүүлэх тоо хэмжээний дээд хязгаар гэж байхгүй, татвараа төлж чадаж байгаа бол хэдийг ч хилээр оруулж болно. Тоо хэмжээний хязгааргүй тул өндгийг гадаадаас их хэмжээгээр оруулахаас тарифын аргаар хязгаарлаж байгаа юм. Манай гааль бол барааны эзний мэдүүлсэн хэмжээнд нь бүрдүүлэлт хийж татвар тогтоож төлүүлсний дараа бараанд нь биет шалгалт хийж мэдүүлгийн тоо, хэмжээ үнэн эсэхийг шалгадаг. Худал мэдүүлсэн байвал нэмж татвар бичиж 30 хувиар торгодог юм. Тарифын бус хязгаарлалттай бараа гэдэг нь тусгайлан тооны хувьд хязгаарласан болон хил нэвтрүүлэх аж ахуйн нэгжийн хувьд эрх бүхий байгууллагаас лиценз, тусгай зөвшөөрөл авч хилээр оруулдаг барааг хэлдэг. Тарифын хязгаарлалттай бараанд ямар нэгэн лиценз шаардахгүй, тоо хэмжээний хувьд тоо хэмжээ тогтоохгүй зөвхөн татварыг төлсөн тохиолдолд хилээр нэвтрүүлэх шаардлага тавьдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 72-73-р тал, хх-ийн II хавтасны 451-456-р тал/,

 

18. Гэрч О мөрдөн байцаалтанд өгсөн: “Өндөг худалдан авах гэрээтэй ч “С” ХХК Монголын талаас өндөг импортоор оруулахад хийдэг эрсдэлийн үнэлгээг хийлгээгүй мэргэжпийн хяналтын ерөнхий газраас өндөгний дүгнэлтийг аваагүй байгаа юм. Уул нь бол өндөг хадгалах байр сав, унаа машин гэх мэт шаардлагыг хангасан эсэхээ шалгуулаагүй, эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй компани болох “С” ХХК-ий өндөг импортлохыг хориглож хянах ёстой албан тушаалтан нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагч О юм. Тэгтэл ямар учраас эрсдлийн үнэлгээ хийлгээгүй, МХЕГ-аас дүгнэлт аваагүй “С” ХХК-ий өндгийг хил нэвтрүүлээд байгааг ойлгохгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 401-402-р тал/,

 

19. Гэрч А. мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн МХГ-т эрх зүйн асуудлыг хариуцаж ажилладаг. Хилийн боомт дээр ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байцаагч нь хилээр нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын хууль тогтоомжийн стандартын хангаж буй эсэхийг хянах ажил хийдэг. Шаардлага хангахгүй зүйл байвал буцааж тухайн улс уруу нь явуулах, хураах гэх мэт хуульд заасан арга хэмжээ авна. Шаардлага хангаж байгаа бол гаальд шилжүүлэх шийдвэр бичиж гаалийн байгууллагад шилжүүлснээр мэргэжлийн хяналтын байцаагчийн ажил дуусдаг. Мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр бараа хил нэвтрэхгүй, заавал Мэргэжлийн хяналтын байцаагч шалгаж зөвшөөрсөн байх ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагч хяналтыг бүх талаас нь хийж тоо хэмжээг нь үнэн зөв тогтоох үүрэгтэй. Хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг багасгах эрхгүй. Тоо хэмжээг нь өөрчилж байгаа нь эрхээ хэтрүүлсэн гэж үзнэ. Бараа тоо хэмжээг үнэн зөв бичих ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 445-447-р тал/,

20. Гэрч О мөрдөн байцаалтанд өгсөн: “Боршоо боомт өглөө 08 цагт нээж орой 18 цагт хаадаг, өдөр 12-14 цагийн хооронд цайны цаг гэж амардаг. Тээврийн хэрэгслийг бүрэн шалгасан гэж хилийн мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагч, иргэний харьяат шилжилт хөдөлгөөний байцаагч нарын нийт 3 тамга дарагдсан хуудсыг хурааж авч хаалгаар гаргадаг. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлд 20-21 цагийн үед Т гэдэг эмэгтэйн ачаа гарсан. Урьд нь Т-ын ачааны машин гаальд шалгуулалгүй боомтын хашаанаас гарч зугтаж байсан тул бид уг машиныг гарахыг хүлээж байгаад гарах хуудсыг нь авч машиныг гаргасан. Гарах хуудаст бүх тамга нь дарчихсан байсан. Уг гарах хуудсыг Х даргад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 448-450-р тал/,

 

21. Гэрч Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Гаалийн байцаагч нь Гаалийн Ерөнхий газрын даргын 2010 оны 12 сарын 16-ны өдрийн 638 тоот тушаалаар баталсан журмын 3.8-аас 3.11-д заасан үйл ажиллагааг явуулах ба Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх ёстой. Үүргээ журмын дагуу биелүүлээгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн II хавтасны 457-459-р тал/,

 

22. Увс Финанс-Аудит ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай “Тахианы өндөг үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн I хавтасны 92-93-р тал/,

 

23. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16/33 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд хүргүүлсэн баримт бичгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ижилхэн 1209100008 дугаартай “С” ХХК-ний 55 хайрцаг, 128160 ширхэг гэж 2 янзаар бичсэн шийдвэр нь нэг хүний гараар бичигдсэн байна.  О бичсэн гэх бичгийн хэв нь шинжилгээнд ирүүлсэн баримт дээрх бичгийн хэвтэй тохирч байна.” гэх дүгнэлт  /хх-ийн I хавтасны 105-109-р тал/,

 

24. Бичиг баримтанд /шүүгдэгч нарын утасны ярианы түүх/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн II хавтасны 286-287-р тал/,

25. Шүүгдэгч О-гийн гар утасны 2016.05.10-2016.05.20-ны хоорондох ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн II хавтасны 289-300-р тал/,

26. Шүүгдэгч Б-ын гар утасны 2016.05.10-2016.05.20-ны хоорондох ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн II хавтасны 308-313-р тал/,

27. Шүүгдэгч Т-ын гар утасны 2016.05.10-2016.05.20-ны хоорондох ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн II хавтасны 316-330-р тал/,

28. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн “Гаалийн тухай хуулийн 3.1.14-д “Тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно гэж заасан. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг УИХ-ын 1998 оны 5 дугаар тогтоол, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2003 оны 319 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Шувууны өндөг /тахиа/ нь эдгээр тогтоолын хавсралтад нэр дурдагдаагүй тул тарифын бус хягзаарлалтанд хамаарахгүй. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3.1.1-д “Гаалийн тариф” гэж гаалийн татварын хувь хэмжээг, 3.1.2-д “Гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг ойлгоно гэж заасан ба өндөг нь гаалийн тарифын хувьд УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын дагуу импортын шувууны өндөгний гаалийн татвар 15 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу нэмэгдсэн өртөгийн 10 хувиар ногдуулж улсын хилээр нэвтрүүлдэг харьцангуй өндөр татвартай бараа тул өндөгийг тарифын хязгаарлалттай бараа гэж үзнэ” гэх дүгнэлт  /хх-ийн II хавтасны 412-р тал/,

 

29. Шүүгдэгч Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн II хавтасны 434-р тал/,

30. Шүүгдэгч О-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн II хавтасны 431-р тал/,

31. Шүүгдэгч Б-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн II хавтасны 430-р тал/,

 

32. Шүүгдэгч Т-ын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 171, 216, 217, 225, 228, 231-235-р тал/,

 

33. Шүүгдэгч О хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 169, 197-198, 200, 225-р тал/,

 

34. Шүүгдэгч Б хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн I хавтасны 170, 221-223, 225, 237, 238, 242-р тал/,

 

35. Шүүгдэгч Т мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2016 оны 5 сарын 16-ны өдөр ОХУ уруу гарч Хандгайтад хүлээж байсан машинаа авч гаалиар орж ирсэн юм. Оросын гааль дээр ачаагаа шалгуулж бичиг баримтынхаа хувийг өгсөн ба Монголын гааль дээр 15 цаг 30 минутын орчимд ирж эхэлж мэргэжпийн хяналтад ачаагаа шалгуулсан юм. Хилийн мэргэжпийн хяналтын байцаагч О, М нар шалгасан. Тэд шалгаад гаальд шилжүүлсэн шийдвэр бичиж өгсөн юм. Гааль дээр очоод бичиг баримтын байцаагч М-ын майл хаяг уруу урд нь явуулсан байсан Оросын гаалийн мэдүүлэг болох 2-3 улаан тамгатай бичгээрээ гаальд өгсөн юм. Мэдүүлэг дээрээ би бас нэмж өндөгний 55 хайрцагт татвар төлмөөр байна гэсэн хүсэлтийг цаасан дээр бичиж тамга дарж өгсөн юм. Тэгээд гаалийн сүлжээнд М 55 хайрцаг өндөг гэдгээр нь мэдүүлж шивээд татвар ногдуулаад хяналт шалгалтын байцаагч уруу шилжүүлсэн юм. Хяналт шалгалтын байцаагчаар Б томилогдож очсон. Б миний барааг үзээд буулгаж тоололгүйгээр чиний бараа мэдүүлснээс их байна нэмж татвар бичнэ гэж хэлсэн юм. Татвар нэмж бичих талаар ярилцаж 21 цаг хүртэл зогсоож байгаад хяналт шалгалтын байцаагч Б намайг бараагаа авч яваад маргааш өглөө эрт татвараа хийчих гэсэн. Миний хувьд хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид өндөгний гарал үүслийн гэрчилгээг нь өгсөн ба гааль дээр М-т Оросын гаалийн тамга тэмдэгтэй мэдүүлэг гэсэн баримтыг л өгсөн юм. Энэ 2 баримт миний барааны тоо хэмжээ нь 355 хайрцаг гэсэн тоо байсан юм. Би бичиг баримт өгөхдөө байцаагч нарт 55 хайрцагт нь татвар төлөх хүсэлтээ өгсөн. О-ийн ширээн дээр 55 хайрцаг гэсэн шийдвэр бичсэн байхаар нь би энэ шийдвэр байх гэж бодоод авчихсан юм. Тэгтэл сүүлд нь О миний барааг шалгачихаад өөр 355 хайрцаг гэсэн шийдвэр авч ирж өгсөн юм. О-гийн сүүлд өгсөн 355 хайрцаг гэсэн шийдвэрийг би гаальд өгөөгүй юм. Би татвар төлөхөөс зайлсхийж буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би сүүлд төлөх ёстой 355 хайрцаг өндөгний татвар болон торгуулийг төлсөн. 55 хайрцаг өндөгөөр бүрдүүлэлт хийсэн нь миний буруу” гэх мэдүүлэг,

 

36. Шүүгдэгч О-гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед манай боомтоор ОХУ-аас “С” ХХК-ий захирал Т гэдэг эмэгтэй 39-88 УВА улсын дугаартай автомашинаар шувууны өндөг хилээр нэвтрүүлэхээр ирсэн юм. Ачааны эзэн Т надад өндөгийг ОХУ-ын “ООО Абаканторг” компаниас авсан 29 тоот падаан эх хувиар нь мөн ОХУ-аас хил нэвтрүүлэхийг зөвшөөрсөн 2015 оны 12 сарын 22-ны өдрийн ФС/АР-02/ 150067 тоот Разрешение /Мал амьтан хорио цээрийн чанарын гэрчилгээ/, 2016 оны 5 сарын 11-ний өдрийн ОХУ-ын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн бичиг, ОХУ-ын мал эмнэлгийн гэрчилгээ эх хувиар нь нийт 4 бичиг баримт өгсөн юм. Тэгээд би бичиг баримтыг шалгахдаа чанар стандартын улсын байцаагч М-ийн хамт машиныг нь үзэж, өндөгийг тоолоход 356 хайрцаг буюу 128.160 ширхэг өндөг байсан юм. Тэгээд би шалгачихаад ороод гаальд шилжүүлэх 120900008 тоот шийдвэрийг бичсэн юм. Т надад танай албанд өндөгний тоо хэмжээ хамаагүй, чи надад 55 хайрцаг өндөг гээд бичээд өгчих, би танай ээлжийн хүмүүст өндөг өгье гэсэн. Надад Т-ын ОХУ-аас хил нэвтрэхдээ авч ирсэн 4 бичиг баримтын 3 нь байсныг хураалгасан, 1 бичгийг Т хуулбарлаж аваад өгнө гэчихээд өгөөгүй. Би хэзээ нэгдсэн системд шивсэнээ сайн мэдэхгүй байна. Сарын эцэс гэхэд шивж оруулсан байх ёстой тул би сүүлд нь шивсэн ч байж болно. 2016 оны 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд би тоо хэмжээг сүлжээнд шивээгүй, зүгээр л материалаа цүнхлээд явчихсан юм.Т пактур гэсэн цэнхэр өнгийн тамгатай 55 хайрцаг гэсэн бичгийг эх хувиар нь үзүүлсэн юм. Ямар нэг хуулбар бичиг баримт биш эх хувиараа байсан юм. Тэр бичиг нь манай мэргэжлийн хяналтанд онц ач холбогдолгүй тул би авалгүй. Т-аас сертифкатын нэхэж авахад сертифкат дээр нь 356 хайрцаг гэсэн тоо байсан. Сүүлд сертифкатыг Э гэдэг жолооч надад авч ирж өгсөн байгаа. Ачаа хилээр орж ирээд эхэлж хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч буюу надад шалгуулах ёстой. Т эхэлж над дээр орж ирэхдээ 55 хайрцаг өндөг гэж бичсэн Оросын падаан ирсэн юм. Т-тай би ганцаараа харьцсан ба бичиг баримт машиныг би ганцаараа шалгасан, миний чиглэлийн бараа тул Т-аас өөр хүн байгаагүй. Т над дээр ирээд хилээр оруулж байгаа бараагаа 55 хайрцаг өндөг гэж хэлсэн ба 55 хайрцаг өндөг гэсэн ОХУ-аас олгосон Счет буюу барааны падаан үзүүлсний дагуу би бичсэн юм. Тэгээд би бичсэн шийдвэрээ тулгаж үзэх гэж машинд хяналт шалгалт хийхэд 55-аас илүү байсан юм. Манай шийдвэр бичдэг албан ёсны сери дугаартай үнэт цаас гэж байхгүй, бланкыг хувилж дээр нь дугаарыг нь гараараа тавьдаг юм. Надад үйлдсэн хэрэг байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг

 

37. Шүүгдэгч Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 05 сарын 16-ны өдөр над дээр Т-ын авч ирсэн бичиг баримтын хэмжээнд үзэж шалгаад ачааг нь хил нэвтрүүлсэн. Т-ын авч ирсэн нэхэмжпэл нь 55 хайрцаг өндөг гэж бичсэн байсан ба мэргэжлийн хяналтын байцаагч хүртэл 55 хайрцаг гэсэн шийдвэр бичиж өгсөн байсан. Т-ын ачааг биечлэн шалгахдаа яг хэд байсныг тоолж үзээгүй бөгөөд Т өр зээл ихтэй, нөхөр сургуульд явсан гээд гуйгаад байхаар нь ачаа чинь илүү байна гээд торгон шүү гэж хэлээд явуулсан юм. Ачаа нь бичиг баримт болон гаалийн мэдүүлэг дээр бичсэнээс илүү байгааг би мэдсэн. Т  хичнээн бараа хилээр нэвтрүүлснийг мэдэхгүй. Лав л мэдүүлсэн 55 хайрцагаас илүү байсан юм, илүү байсныг мэдээд би 50 хайрцаг гэж нэмж татвар бичсэн юм. Бичиг баримт нь дутуу байгаа нь надад хамаагүй, би зөвхөн хяналтын байцаагч учраас барааны тоо хэмжээг л шалгаж тогтоох ёстой юм. Ижилхэн бараанаас авч байсан бичиг баримтуудаа яагаад Т-аас авалгүй, мэдүүлэггүй бараа хилээр гаргасныг би мэдэхгүй. Бичиг баримтын байцаагч М-ын хийх ёстой ажил юм. Т-ын гаалийн мэдүүлгийг би хяналт шалгалт хийсний дараа ахлах байцаагч Х зөвшөөрсөн төлөвт шилжүүлэн хэвлэж гаргаад би дээр нь “Монгол улсын гааль зөвшөөрө”" гэсэн хилээр гарсан он, сар, өдөр бүхий тамга болон өөрийн тэмдэгээ дарж гарын үсэг зурж баталгаажуулан барааг гаалийн хилээр гаргах ёстой юм. Энэ гаалийн мэдүүлэг нь татвар төлөгдсөний дараа хэвлэгдэж гарах ёстой. Гэтэл манай боомт дээр банк байддаггүй болохоор ийм ажиллагаа хийгддэггүй “Улаангом орж банкинд татвараа хий” гээд  бар код өгөөд явуулдаг юм. Барааны тоо хэмжээг тогтоогоогүй ажилдаа хариуцлагагүй хандсан буруугаа ойлгож байна. Миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй тул ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

 

- Шүүгдэгч Т нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу нийт 355 хайрцаг өндөгний тоо хэмжээг  55 хайрцаг өндөг гэж бууруулж худал мэдүүлэн 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын галийн хилээр хууль бусаар нэвтүүлсэн гэмт хэрэг,

- шүүгдэгч О нь албан тушаалынхаа байдлыг ашиглаж  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу нийт 355 хайрцаг өндөгний тоо ширхэгийг бууруулж 55 хайрцаг өндөг гэж улсын байцаагчийн шийдвэр бичиж, шүүгдэгч Т-ын 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улс уруу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн хилээр хууль бусаар нэвтүүлсэн гэмт хэрэг,

- шүүгдэгч Б нь албан тушаалынхаа байдлыг ашиглаж  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа буюу шүүгдэгч Т-ын 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг Оросын Холбооны Улсын талаас Монгол Улс уруу Увс аймгийн аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн хилээр хууль бусаар нэвтүүлсэн гэмт хэрэгт тус тус  үйлдсэн болох нь   Хилийн мэргэжлийн хяналтын албаны шийдвэр, “С" ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд мэдүүлсэн мэдүүлэг, “С" ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд мэдүүлсэн мэдүүлэг дээр 50 хайрцаг өндөг нэмж татвар, торгуул ногдуулсаныг баримт,  “С" ХХК-ий захирал Т 2016 оны 5 дугаар сарын 16-нд гаальд гаргасан хүсэлт, Счет буюу Данс тооцоо,  эд зүйл /бичиг баримт/ хураан авсан тэмдэглэл, мал эмнэлэгийн 119 №0000030 дугаартай сертификат, “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай “Тахианы өндөг үнэлсэн тухай” дүгнэлт, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 16/33 дугаартай шинжээчийн дүгнэлт, бичиг баримтанд /шүүгдэгч нарын утасны ярианы түүх/ үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын гар утасны 2016.05.10-2016.05.20-ны хоорондох ярианы дэлгэрэнгүй жагсаалт, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Э, О, О, Б, Э, С, М, Л, П, Т,О, Б, шүүгдэгч Т, Б нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 

 “Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар эд зүйлсийг улсын хилээр эсвэл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах бөгөөд шүүгдэгч Т нь 355 хайрцаг өндөгний гаальд тоо хэмжээг нь бууруулж 55 хайрцаг өндөг гэж худал мэдүүлж гаалийн хилээр Монгол Улс уруу нэвтрүүлсэн тул Улсын хилээр барааг хууь бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

 ”татвар ногдох орлого нуусан“ орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлсийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэлд санаатайгаар бичилт буруу хийх эсхүл хууль бус хэлцэл хийж хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарна.

”татвар төлөхөөс зайлсхийсэн” гэдэгт тухайн татварын албанд мэдэгдээгүй, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсыг удаа дараа гаргаж өгөөгүй, татварын алба болон байцаагчийн дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, татвар төлөгч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэргийг хэлэх бөгөөд шүүгдэгч Т-ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжгүй болно.

Шүүгдэгч О нь 355 хайрцаг өндөгний тоо ширхэгийг бууруулж 55 хайрцаг өндөг гэж хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр бичиж өгсөн байснаа 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Х-аас авч  355 хайрцаг гэж өөрчилж бичсэн болох нь  гэрч Э-ийн: “2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд байх О-гаас би “Өндөгний бичиг баримтууд хаана байгаа бэ? шалгах хэрэгтэй байна” гэхэд “Бичиг баримт байхгүй. Улаангомд ажил дээр байгаа” гэж хэлээд шалгуулаагүй. Яг хэдэн хайрцаг өндөг нэвтэрсэн талаар хэлээгүй. Тэгээд Улаангом уруу мэдэгдэхэд “Гаалийн болон О-гийн бичиг баримтуудыг хурааж ав” гэж хэлсэн. Тэгээд би Хайдаваас бичиг баримтын авах гэхэд Х “Манайд бичиг баримт байхгүй. О сая орж ирээд юм үзчихээд өгий гээд өөрийнхөө бичиж гаальд шилжүүлсэн шийдвэрийг аваад гарсан” гэж хэлсэн юм. Тэгээд би Отай уулзаж “Сая Х-аас авсан бичиг чинь хаана байна” гэхэд О “Тийм бичиг аваагүй. Хайдав худал хэлж байна” гэсэн. Х нь болохоор “Дөнгөж сая О аваад гарсан” гээд нэг нэгэн үрүүгээ булзааруулаад бичгээ гаргаж өгөөгүй. Харин О 355 хайрцаг өндөг гэсэн ОХУ-ын инвестийг гаргаж өгсөн ба гаалиас 55 хайрцаг өндөг гэсэн хуулбар хувь өгсөн юм” гэх мэдүүлэг, О-аас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эд зүйл /бичиг баримт/ хураан авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

 Шүүгдэгч О “Би Х-аас 2016 оны 5 дугаар сарын 19-нд бичиг баримт авч, өөрчилж бичээгүй” гэж мэдүүлж байгаа боловч  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Т 55 хайрцаг өндөг гэж бичиж өгсөн 2016 оны 5 сарын 16-ны 17 цаг 54 минут гэх огноотой шийдвэрийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр О-гаас хурааж авсан тэмдэглэлээр үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч О нь хууль тогтоомжоор зөвхөн өөрт нь олгогдсон эрх мэдлийг ашиглан дээрх дээрх үйлдлийг хийсэн тул  албан тушаалынхаа байдлыг ашиглаж хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Т-ын 355 хайрцаг өндөгийг 55 хайрцаг гэж гаальд мэдүүлснийг биет байдлаар хяналт шалгалт хийж илүү байгааг тогтоосон боловч тоо хэмжээг нарийвчлан тогтоож татвар ногдуулахгүйгээр 16.632.000 төгрөгний үнэ бүхий 300 хайрцаг өндөгийг гаалийн хилээр нэвтрүүлэн Монгол Улс уруу оруулсан нь хууль тогтоомжоор зөвхөн өөрт нь олгогдсон эрх мэдлийг ашиглан хийсэн үйлдэл тул  албан тушаалынхаа байдлыг ашиглаж хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэмт хэрэг гэж үзнэ.

 

УИХ-ын 1998 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалт”, Засгийн газрын 2003 оны 319 дүгээр тогтоолоор “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай”-ыг тус тус баталсан байх бөгөөд энэхүү жагсаалтанп шувууны өндөг /тахиа/ нь ороогүй байгаа тул тарифын бус хягзаарлалтанд хамаарахгүй гэж үзнэ.

УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын дагуу импортын шувууны өндөгний гаалийн татвар 15 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар өртөгийн 10 хувиар ногдуулж улсын хилээр нэвтрүүлэхээр зохицуулагдсан байна.

 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Гаалийн тариф гэж гаалийн татварын хувь хэмжээг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “Гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг ойлгоно” гэж зааснаас дүгнэхэд өндөг нь 26.1 хувиар татвар ногдуулж улсын хилээр нэвтрүүлдэг харьцангуй өндөр татвартай бараа байх тул “Тарифын хязгаарлалттай бараа” гэж үзэх ба энэ нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т, О, Б нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул Т,О,Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг нь 2016 оны 5 дугаар сарын 16-нд үйлдэгдсэн байх бөгөөөд шүүгдэгч Т-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 18.5 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан байна.

Шүүгдэгч Т 2016 оны 5 дугаар сарын 16-нд үйлдсэн дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь  2017 оны 5 дугаар сарын 16-нд өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч О, Б нарт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 119 №00000030 дугаартай  сертификатыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,  шүүгдэгч Т өмчлөлийн 450.000 төгрөгтэй Хаан банкин дахь 5812034282 дугаартай данс, шүүгдэгч О-гийн дундын өмчлөлийн 6 ханатай, битүү шалтай 1.800.000 төгрөгийн үнэ бүхий эсгий монгол гэр, шүүгдэгч Б дундын өмчлөлийн Самсунг загварын 39 инчийн 455.000 төгрөгийн үнэ бүхий зурагт тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б, О нар оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуулинд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож,  шүүгдэгч О, Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов. 

 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,  36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т-г Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн,

- Шүүгдэгч О,Б нарыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг албан тушаалынхаа байдлыг ашиглан хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

    3. Шүүгдэгч О,Б нарыг 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг нь 5500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

              4. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О,Б нарт оногдуулсан торгох ялыг 11 /арван нэг/ сарын хугацаанд сар бүр 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

 

              5. 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

              6. Шүүгдэгч Т,О,Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 119 №00000030 дугаартай  сертификатыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Т-ын өмчлөлийн 450.000 төгрөгтэй Хаан банкин дахь 5812034282 дугаартай данс, шүүгдэгч О-гийн дундын өмчлөлийн 6 ханатай, битүү шалтай 1.800.000 төгрөгийн үнэ бүхий эсгий монгол гэр, шүүгдэгч Б-ын дундын өмчлөлийн Самсунг загварын 39 инчийн 455.000 төгрөгийн үнэ бүхий зурагт тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  шүүгдэгч О,Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ