Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

                          Прокурор Б.Мөнхтулга

                          Шүүгдэгч Т.Б

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг

                          Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Бод холбогдох эрүүгийн 2134000000120 дугаартай хэргийг 2021 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум,  6 дугаар баг, Энх-тайвны 8 дугаар гудамж, 1653 тоотод байрлах иргэн Д.Бүдгочоогийн гэрт хууль бусаар нэвтэрч “Сони” маркийн телевизор хулгайлж 244.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж Тэрбишийн Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Быг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Боос 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Бүдгочоо олгож шийдвэрлэжээ.

 

             Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдсан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйлчлэлээр 4 жил 6 сар хорих ял оноож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

             Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэл нь миний үйлдсэн хэргийн үйлдэлд тохирохгүй байгаа юм. Учир нь миний үйлдсэн үйлдэл нь хулгайн хэргийн зүйлчлэлд хамаарагдаж байгаа болно. Миний үйлдсэн хэргийн хохирогч болох Д.Баярцэцэг нь тухайн үед архи уусны улмаас буруу мэдүүлэг өгснөө ойлгож дахин үнэн зөв мэдүүлэг өгсөн болно.

 

Би Д.Баярцэцэгээс найзыгаа асуугаад гарахдаа үүдний тавиур дээр байсан гар утсыг нь аваад гарсан юм. Миний үйлдсэн дараагийн 2 дахь үйлдэл нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны орой Д.Бүдгочоо гэдэг айлаас зурагт авсан юм. Миний үйлдсэн 2 үйлдлийг тус тусад нь ялласан бөгөөд эхний шүүх хурал нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болж надад 2 жилийн ял оноосон. Дараагийн шүүх хурал 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж улсын яллагчийн сонсгосон 2 жилийн ял дээр шүүгч 6 сарын ялыг нэмж нийт 2 жил 6 сарын ял өгсөн. Миний эрх зүйн байдлыг дордуулж ял оноосонд гомдолтой байна. Миний үйлдсэн 2 хэргийг нэгтгэж яллах бүрэн боломжтой байтал миний эрх зүйн байдлыг дордуулж тус тусад нь ял оноосныг өөрчлөн шийдэж өгнө үү.

 

Миний үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэлийг хянаж үзээд зүйлчлэлийг минь өөрчилж өгнө үү. Би үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж ямар ч хохирол, гомдолгүй болгосныг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 буюу 7.1 гэсэн зүйлчлэлийг хэрэглэж, үйлдсэн хэрэгт оноосон 4 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэх буюу өөр төрлийн ялаар сольж өгнө үү.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 гэсэн зүйлчлэлд 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-ээр 2 жил 6 сарын ял оноохдоо ялыг нэмж 4 жил 6 сарын хорих ял оноож байгааг олон талаас нь зөв дүгнэж ялыг минь хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэрэгт удаа дараа хорих ял шийтгүүлж байсан, мөн түүний хорих шийтгүүлсэн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүхээс түүний хувийн болон бусад байдлуудыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж дүгнэлт гаргаж байсан гэтэл анхан шатны шүүх түүнийг таван удаа ял шийтгүүлж байсан гэж үзэн 2 жил 6 сар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж хорих Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20-21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энх-тайвны 8 дугаар гудамж, 1653 тоотод оршин суух иргэн Д.Бүдгочоогийн гэрт хууль бусаар нэвтэрч орон “Сони” маркийн телевизорыг нь хулгайлан 244.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх хэргийн үйл баримт нь хохирогч Д.Бүдгочоогийн “...манай хашаанд байрлах гэрт хулгай орсон талаар цагдаагаас мэдсэн, манай гэрт байсан Сони маркийн телевизорыг хулгайлсан байсан...” гэх[1],

 

Гэрч Д.Отгонболорын “...21 цагийн үед хяналтын камер хянаад сууж байтал Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, урд таксины буудлыг харсан хяналтын камерт бараан хувцастай гэмээр эрэгтэй хүн нэг зүйл тэврээд явж байгаа мэт бүдэгхэн харагдсан. Тэгэхээр нь хяналтын камерыг ойртуулан татаад хартал хүрэн өнгийн дээлтэй эрэгтэй хүн хавтгай телевизор барьчихсан явж байсан..., ...Андууд худалдааны төвийн ойролцоо телевизороо тэврээд явж байхаар нь би нөгөө хүнийг хаанаас юун телевизор авч явж байгаа талаар тодруулсан...” гэх[2],

 

Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Д.Бүдгочоогийн хулгайд алдагдсан телевизорын тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн зах зээлийн үнэ цэнийг 244.700 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт[3], хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4], Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгтэй СД[5] зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтойгоос гадна прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд 2 жил 6 сар хорих ял оногдуулан уг хорих ял дээрээ түүний Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь тогтоон шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн болон хэргийн бодит байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Мөн шүүгдэгч Т.Б нь Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан ба уг ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 16 хоногийн хорих ялыг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байх тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд үл хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн хэргийнхээ зүйлчлэлийг эс зөвшөөрч байгаа талаар давж заалдах гомдол гаргасан.

 

Тухайн хэрэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол, эсэргүүцэл гарч тус шүүхэд ирээгүй, түүнд хорих ял оногдуулсан дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр уг шийтгэх тогтоолд эрх зүйн дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй юм.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэглэвэл зохих тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх болон шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрх байдаг.

 

Шүүх, шүүгчид хуулиар эрх олгосон хэм хэмжээг хэрэглэн хууль тогтоогчоос тогтоосон хуулийн хүрээнд оногдуулсан төрөл хэмжээний ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”-д тооцдоггүй болно.  

 

Иймд шүүгдэгч Т.Бын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй тул, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 07 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/282 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                   ШҮҮГЧИД                                              Т.ЭНХМАА

 

 

                                                                                      М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 19-р тал

[2] хх-ийн 25-р тал

[3] хх-ийн 29-40-р тал

[4] хх-ийн 3-8-р тал

[5] хх-ийн 9, 10-р тал