Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 17

 

      Д.М-ийн хүсэлттэй иргэний 

                 хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00423 дугаар шийдвэртэй

Д.М-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н,  нарийн бичгийн дарга Б.М нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1986.07.01-ний өдрөөс нэгдэл тартал тасралтгүй саальчин, төлчнөөр ажилласан. Нэгдлийн контор шатсаны улмаас миний ажилласан жил орохгүй хохирч байна. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1986.07.01-1991.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд саальчин, төлчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00423 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.М-ийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож; хүсэлт гаргагч Д.М-ийн 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00423 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт хүсэлт гаргагчийн 1986 оноос ажиллаж байсныг гэрч Ч.Э нотолж гэрчийн мэдүүлэг өгснийг үнэлсэн байдаг. Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтрийг мэдээлэл дутуу бичигдсэн, нэгдлийн даргын гарын үсэггүй, хэдэн онд ямар нэгдлээс нээсэн нь тодорхойгүй, ажилласан хоног, авсан цалинг баталгаажуулсан тэмдэггүй үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Нэгдлийн даргын дутуу хийсэн ажил, буруугаас энэ хүн хохирох ёсгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Д.М-ийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1986.01.01-1989.12.31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1986.07.01-1991.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд саальчин, төлчнөөр ажиллаж байсанаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 1990.01.01-1991.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986.07.01-1989.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан боловч хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

 

Хүсэлтийн шаардлагын үндэслэл болох Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

 

Хүсэлт гаргагч 1986.07.01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй байна. 

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрээс үзвэл хүсэлт гаргагч Д.М 1987.05 сард 15 хоног ажиллаж 72 төгрөгийн цалин авсан байх ба энэ баримтаар 1987.05.17-ны өдрөөс ажиллаж эхэлсэн нь тогтоогджээ. /хх 9-20/ Үүнээс өмнө хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй тул уг баримтын хэмжээнд хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт орууллаа.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2019/00423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1990 оны 01 сарын 01-ний өдрөөс” гэснийг “1987 оны 05 сарын 17-ны өдрөөс” гэж өөрчилж, 2 дахь заалтын “1989 оны 12 сарын 31-ний” гэснийг “1987 оны 05 сарын 16-ны” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ДАВААСҮРЭН

                                                                ШҮҮГЧИД       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                        Д.БЯМБАСҮРЭН