| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/03667/И |
| Дугаар | 101/ШШ2023/04446 |
| Огноо | 2023-10-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/04446
| 2023 10 13 | 101/ШШ2023/04446 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт Н******* ******* /иргэний бүртгэлийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Хариуцагчтай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №1 тоот Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний алданги 57,052,000 төгрөг гаргуулах, захиалагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зохигчид нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 101 айлын орон сууцны хорооллын *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгад захиалагч болох Н.******* ******* дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, хотхоны орон сууцны барилгын 2 дугаар орцны 10 давхрын 90 тоот хаягт баригдаж буй, 67,12 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцыг 2017 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Захиалагч Н.******* нь *******-д дээрх гэрээний дагуу 114,104,000 төгрөгийг хоорондын тооцоогоор төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн үеийн Капитал банктай №ЗГ-109 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр болох 79,104,000 төгрөгийг зээлсэн. Улмаар №ЗГ-109 тоот гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны санхүүжилтын гэрээг зээлдүүлэгч Капитал банк болон гүйцэтгэгч *******, захиалагч Н.******* миний бие нь байгуулж, орон сууцны үлдэгдэл төлбөр 79,104,000 төгрөгийг *******-ийн захирал Л.Алтанхуягийн данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэвч хариуцагч ******* нь *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.3-т Орон сууцыг тогтоосон хугацаанд аливаа доголдолгүй, чанартай барьж гүйцэтгэнэ гэх заалт, мөн 7.5-д Гүйцэтгэгч /*******/ нь орон сууцыг 2017 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, 7.7-д Гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос хугацаа хэтэрсэн сар тутамд нийт төлсөн мөнгөн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө гэж тус тус заасныг зөрчиж өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанаас 54 сарын дараа нэхэмжпэгч тал нь захиалсан орон сууцандаа орсон боловч орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч хэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа болно. Үүнээс үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлсөн иргэн миний Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан ёсоор хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлж, гэрээний дагуу тохиролцсон алдангийг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой холбогдох бичиг баримтуудыг гаргуулах өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д Гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос хэтэрсэн сар тутамд нийт төлсөн мөнгөн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу нийт 55 сар 19 хоног хэтрүүлсэн байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийг хоногт шилжүүлж тооцвол нийт 1661 хоног болсон байна. Тиймээс Иргэний хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг удирдлага болгон нийт гэрээний дүнгийн 50 хувиар тооцоход алдангийн хэмжээ нь 57,052,000 төгрөг болж байна.
Иймд Иргэний хууль болон *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-нд заасан эрх, үүрэг, хариуцлагын дагуу гэрээний хугацааны алданги 57,052,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, захиалгаар бариулсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжпэгчийн нэр гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах талаар Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н. *******ийн 3 шаардлага бүхий нэхэмжлэлээс 1,2 дахь шаардлага нь *******-д холбогдолтой байх ба 3 дахь шаардлага нь хамааралгүй байна. *******-д хамааралтай 1 дэх шаардлагын тухайд *******, Н.******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний алдангийг ... гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос алданги тооцохоор зааж алдангийг хоног тутамд биш сар тутамд 0,1 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгаж өгсөн хэдий ч ******* алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь Н.******* дээрх гэрээний дагуу 2017 онд гэрээнд заасан орон сууцанд амьдарч байна. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцанд Н.******* гэрээнд заагдсан хугацаанд орж амьдарч байгаа болно. 2 дахь шаардлагын тухайд ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 101 айлын орон сууцыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байгаа. Энэхүү орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхий гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтууд бэлэн болох боломжтой тул тухайн үед Н.*******т холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхөд саад болох зүйлгүй гэв.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26к2-3/3652 дугаартай албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрий 1 дугаартай *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-109 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, мөн өдрийн ОССГ-109 дугаартай Орон сууцны санхүүжилтийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн кассын орлогын ордер, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Хаан банкны шилжүүлэгийн мэдээллийн баримтууд, 1 ширхэг СД-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №1 тоот Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний алдангид 57,052,000 төгрөг гаргуулах, захиалагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.******* захиалсан орон сууцандаа амьдарч байгаа тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй, барилгыг улсын комисс хүлээн аваагүй байгаа бөгөөд улсын комисс хүлээн авсны дараа холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөх боломжтой, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах талаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах шаардлага нь манай компанид хамааралгүй гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******-тай 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй орон сууцны барилгын 2 дугаар орц, 10 давхрын 90 тоот 3 өрөө, 67,12 мкв талбайтай орон сууцыг 114,104,000 төгрөгөөр захиалахаар *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Н.******* нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний дагуу 79,104,000 төгрөгийг *******-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна.
4б. *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний 7.5-д Гүйцэтгэгч нь орон сууцыг 2017 оны 02 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг-ийг хүлээсэн боловч энэ хугацаандаа хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй, харин нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, засвар хийгээд 2022 оны 11 дүгээр сараас Н.*******ийн үеэл дүү Р.Амарбаясгалан орон сууцанд амьдарч байгаа, ийнхүү амьдарч эхэлснээс хойш 90 тоот орон сууцны ашиглалтын төлбөрийг төлж байгаа болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны шилжүүлэгийн мэдээллийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
4в. Гэрээний 7.5-д зааснаар орон сууцыг 2017 оны 02 дугаар улиралд гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... Н.******* гэрээний дагуу 2017 онд орон сууцанд амьдарч байгаа ... гэх тайлбарыг гаргаж байх боловч захилгын орон сууцыг 2017 онд захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Харин захиалагч буюу нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээний дагуу захиалсан орон сууцыг хүлээн авч, улмаар уг орон сууцанд түүний үеэл дүү Р.Амарбаясгалан нь амьдарч орон сууцны ашиглалтын төлбөрийг 2022 оны 11 дүгээр сараас төлж байгаа баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг энэхүү хугацаанд хүлээн авсан гэх тайлбар нь үндэслэлтэй байна.
4г. *******-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Худалдаа үйлчилгээ бүхий орон сууцны хорооллын барилгыг Барилгын тухай хууль болон бусад хууль, дүрэм, журамд заасны дагуу улсын комисс хүлээн аваагүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд хариуцагч нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг хүлээн авсан байна.
5. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.7-д Гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос хэтэрсэн сар тутамд нийт төлсөн мөнгөн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө гэж талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад дээрх гэрээний 7.7 дахь заалт нь нийцсэн, уг заалтыг зөрчиж хийсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу хийсэн гэж үзнэ.
5а. Орон сууцны барилгыг улсын комисс хүлээн аваагүй боловч захиалсан орон сууцыг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгсөн байх ба ийнхүү хүлээлгэн өгсөн хугацааг дээр дурдсанаар 2022 оны 02 дугаар сар гэж үзэж, гэрээнд зааснаар 2017 оны 02 дугаар улирлыг дуусгаад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сар хүртэлх 54 сараар хугацаа хэтрүүлсэн, захиалагчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүрэг болох 114,104,000 төгрөгийн 0,1 хувийн алданги нь 114,104 төгрөг ба үүнийг 54 сараар тооцоход 6,161,616 төгрөг гарч байна.
5б. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талуудын гэрээнд заасан сар гэснийг хоногт шилжүүлэн тооцож буй нь үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.8-д Захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх бүртгүүлэх үүргийг гүйцэтгэгч хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийг дээр дурдсанаар 100 хувь төлсөн байх тул түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан Улсын комиссын акт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Энэхүү шаардлагын хувьд хариуцагч нь улсын комисс хүлээн авсны дараа холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.
7. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай шаардлагын хувьд хариуцагчид холбогдох шаардлага биш байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гаргагч нь холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад гаргахаар зохицуулсан байна.
Иймд Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний алдангид 6,161,616 төгрөгийг, Н.*******ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 50,890,384 төгрөгт холбогдох шаардлага болон өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх бөгөөд тэрээр 1,083,930 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №1 тоот Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний алдангид 57,052,000 төгрөг гаргуулах, захиалагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг гаргуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай 3 шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр тооцоход алданги 57,052,000 төгрөг гаргуулах шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж нь 443,210 төгрөг, 2 болон 3 дахь шаардлагын хувьд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус бүртээ 70,200 төгрөг, нийт 583,610 төгрөгийг төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгчийн илүү төлсөн 500,320 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 183,736 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний алдангид 6,161,616 /зургаан сая нэг зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг, Н.*******ийн захиалсан ******* дүүргийн 6 дугаар хороонд баригдсан орон сууцны барилгын 2 дугаар орц, 10 давхрын 90 тоот 3 өрөө, 67,12 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт зэрэг холбогдох бичиг баримтуудыг тус тус хариуцагч *******-иас гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 50,890,384 төгрөгт холбогдох шаардлага болон өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахаар Улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 500,320 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 183,736 /нэг зуун наян гурван мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ