Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/05034

 

 

 

 

 

2023 11 16 101/ШШ2023/05034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, ******* овогт С******* А******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэг /РД:*******/-т холбогдох,

 

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хохиролд 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Т.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нээмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.А******* миний бие 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт манаачаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Г*******ын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаасаа халагдсан.

С.А******* миний бие 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ясны хүнд бэртлийн улмаас акттай эмчлүүлж байсан. Эмнэлгийн магадлагаа дуусгавар болонгуут нь ээлжийн амралтаа залгаж аваад 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Тэгээд 2022 оны 09 сард ажилдаа ороход миний 08 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байсан. Уг хугацааг нөхөн бичилт хийгээд, бөглөөд өгөөч гэж нягтлан н.Цд хэлсэн, гэтэл нөхөж төлөхгүй байсаар 10, 11 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийгдсэн мөртлөө ганцхан 8 сарын бичилт бичилт хийгдээгүй үлдсэн.

Тухайн үед би өөрөө нийгмийн даатгалын байцаагч нартай уулзахад Таны амралтын цалин 6 сард бодогдсон байна. Үүнийгээ 6, 8 сардаа хуваалгаад бичилт хийлгээд хүрээд ир, ямар нэг торгууль төлөхгүйгээр бид нар зохицуулж өгөх боломжтой юм байна гэсэн. Үүнийг нягтланд хэлэхээр бид бөглүүлчихнэ гэсэн хирнээ сүүлдээ өндөр торгууль төлөх учир чадахгүй гэж явсаар он дууссан.

Ажлаасаа халагдчихаад материалаа бүрдүүлээд цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 сарын 20-нд ажлаас халагдсан тушаалаа аваад очтол Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 2 жил 7 сарын хугацаанд тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сар олгох боломжтой гэсэн.

Гэтэл дунд нь 2023 оны 8 сарын шимтгэл төлөөгүйгээс бодоод би хохирч байна, хэрэв түүнийг төлчихсөн байсан бол ингэж явах ямар ч шаардлага байхгүй байсан, цэцэрлэгийн зүгээс хуулийн дагуу төлсөн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, нөхөн бичилт хийгээгүй нь өөрсдийнх нь гаргасан алдаа гэж үзэж байна. Зөрчлийн улмаас ажлаасаа халагдсан учир тэтгэмж олгогдохгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Уг нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ажлаас халагдсаны тэтгэмж авах ёстой гэдгийг нийгмийн даатгалын байцаагч тайлбарласан.

Зөрчил гаргасан гэж ажлаас халагдаж тухайн зөрчилдөө арга хэмжээ авагдаад дууссан байхад ажлаас халагдсаны тэтгэмж авахгүй гэж байгаа хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй.

Иймд 2022 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, үүнээс болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй учир 3 сарын цалин 2,400,000 төгрөгөөр хохирсон тул хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н******* нь татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд :

Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт С.А******* нь 2020.07.01-ний өдөр манаачийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2022.01.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад тэрээр ажлаас хууль бусаар халагдсан, эсхүл ноцтой зөрчил гаргасны улмаас халагдсныг зөвшөөрөхгүй гэж маргаагүй юм байна.

Тухайн үеийн цэцэрлэгийн удирдлага нь С.А*******ын 2022 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бичээгүй, төлөөгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 8 сарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

С.А******* нь эмнэлгийн магадлагаагаар урт хугацаанд эмнэлгийн хяналтад байсан нь тогтоогддог. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 07 сард ээлжийн амралт олгосон тушаалын дагуу цалин хөлсийг олгосон. 2022 оны 08 сарын 18-ны өдөр эмнэлгийн магадлагааны хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ээлжийн амралтын хугацаагаа тооцуулж амраад 2022.09.01-ний өдөр ажилдаа орсон байна.

2022 оны 12 сард байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцох үедээ С.А******* нь архи согтууруулах ундаа ууж, зөрчил гаргасан.

Хэрэгт ажлаас халагдсан тушаалын 02-ны өдрийг 20-ны өдөр болгож зассан тушаал өгсөн байсан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-д заасан үндэслэлээр манайх ажлаас халагдсаны тэтгэмж олгох боломжгүй учир 2,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох :

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2023.02.17-ны өдрийн 101/ШЗ2023/05076 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хөдөлмөрийн чадвар алдсаны эмнэлгийн хуудас, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023.01.23-ны өдрийн 26/20000 тоот тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Г*******ын Б/5 тоот С.А*******ыг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тушаал, С.А*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Бриллиант эмнэлэгт төлбөр төлсөн баримт /хх-ийн 2-9,32,54,62-63/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхлэгч Б.Г*******ын хариу тайлбар, Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Г*******ын Б/5 тоот С.А*******ыг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаал, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас №11012208150386, 2022.08.30-ны өдрийн №00100 дугаартай төлбөрийн хүсэлт, цэцэрлэгийн багш, ажилтнуудын 2022.06.13-ны өдрийн №07 тоот хурлын тэмдэглэл, хурлын ирцийн бүртгэл, 2023.10.30-ны өдөр С.Н*******д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрхлэгч Б.Оийн 2019.07.01-ний өдрийн Б/24 тоот С.А*******ыг түр ажилд авах тухай тушаалын хуулбар, эрхлэгчийн 2019.08.26-ны өдрийн Б/30 тоот С.А*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 2020.09.01-ний өдрийн Б/17 тоот С.А*******ыг түр ажилд авах тухай тушаалын хуулбар, эрхлэгч Б.Г*******ын 2022.06.02-ны өдрийн Б/25 тоот Ээлжийн амралт батлах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, 2022 оны 8, 9 дүгээр саруудын багш ажилчдын цагийн бүртгэл тооцоо, /хх-ийн 13,18,21,23-28,44, 64-66, 79-85/,

3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.05.31-ний өдрийн 6552 тоот дүгнэлт, дүрслэл оношилгооны хариу, компьютер томографийн шинжилгээ, 8,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 49-53/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, хохирол 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах шаардлагыг зөвшөөрч, хохиролд нэхэмжилсэн 2,400,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч С.А******* нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт манаачийн ажил, албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг эрхлэгч Б.Г*******ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/5 дугаар тушаалаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /21, 79-81/

 

5. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрч, хохирсон гэж тайлбарласан.

 

6. Хариуцагч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх шаардлагыг зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлийн талаар маргаагүй тул хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

7. Нэхэмжлэгч С.А******* нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаатай, эмчлүүлж байсан болох нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар тогтоогдож байх ба түүнд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.05.31-ний өдрийн 6552 тоот дүгнэлтээр тогтоожээ. /хх-ийн 5-6, 49-53/

 

7. Хариуцагч Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №Б/25 тоот тушаал, түүний хавсралтаар 2021-2022 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын хуваарийг баталсан, уг тушаалд манаач С.А*******ын амрах нийт хоног 20, амралт эхлэх хугацаа 2022.06.02, дуусах хугацаа 2022.06.30 гэж тусгасан. /хх-ийн 82-83/

 

7.а.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар С.А******* нь эмнэлгийн магадлагаа дуусгавар болсон 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж дуусгаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил, албан үүргээ гүйцэтгэсэн, түүний 2022 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөөгүй болох нь тус цэцэрлэгийн 2022 оны 8, 9 сарын цагийн бүртгэлийн тооцоо, С.А*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон, энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. /хх-ийн 32, 84-85/

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Ажилтан дараах үндсэн эрхтэй, 42.1.6-т нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах,

хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй", 43.2.7-т ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч С.А******* нь 2022 оны 8 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар шаардах эрхтэй, хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагчид хуулиар үүрэг болгосон дээрх заалтыг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй, тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А*******ын 2022 оны 8 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг байхаар заасан байх боловч С.А*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/5 тоот тушаалын үндэслэлийг хэрхэн тайлбарлаж, танилцуулсан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

10. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил хайгчаар бүртгүүлсэн хэдий боловч хариуцагчийн зүгээс түүний 2022 оны 08 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлөх, тайлагнах, ийнхүү төлснийг баталгаажуулах үүргээ биелүүлээгүйгээс С.А*******т нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 7,32/

 

11. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэг сарын цалин хөлс 800,000 төгрөгийг, 3 сарын хугацаагаар тооцож 2,400,000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагч нь үнийн дүнгийн хувьд маргаагүй боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар маргаагүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Хариуцагчийн татгалзал болгосон хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэх тайлбар нь ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг болох ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан үүргээ биелүүлээгүй байгааг зөвтгөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

 

12. Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгээс 2,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******т олгож, түүний 2022 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Оийг 2016.12.27-ны өдөр эрхлэгчээр, Б.Г*******ыг 2022.04.13-ны өдөр эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Б.Оийг 2023.09.27-ны өдөр эрхлэгчээр тус тус бүртгэсэн. /хх-ийн 13,66/

 

13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

14.Томилогдсон иргэдийн төлөөлөгч С.Б*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 74-77/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгээс 2,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******т олгож,

Нэхэмжлэгч С.А*******ын 2022 оны 8 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн ******* дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 53,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

Т.ЭНХЖАРГАЛ