Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/37

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

     Улсын яллагч Ө.Манзушир,

     Шүүгдэгч Д.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-гийн Ш-т холбогдох 2416002760212 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *** оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Б овогтой Д-ийн Ш.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ш  нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим орчинд байр зарна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт байр зарна гэж бичиж улмаар хохирогч А.Е нь тус зарын дагуу холбогдож зурвас бичихэд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт байрлах байр түрээслэхээр тохирсон мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож байрны түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.Ш  нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим орчинд байр зарна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт байр зарна гэж бичиж улмаар хохирогч А.Е нь тус зарын дагуу холбогдож зурвас бичихэд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт байрлах байр түрээслэхээр тохирсон мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож байрны түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5315298210 тоот харилцах дансаар шилжүүлэн авсан болох нь:

1.1. Хохирогч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүкээр Д Ш гэх хүнтэй байр түрээслэхээр холбогдсон. Тэгээд тухайн хүн нь би Улаанбаатар хотод байна 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт байрлах байр байгаа гэж хэлсэн. Тэгээд үзэх шаардлагатай бол гадна талаас нь очоод цонхоор нь үзчих гэхээр нь би очиж үзсэн. Тэгээд би дотор нь орж үзмээр байна гэхэд манай ахаас очоод түлхүүр аваад үзчих гээд 98972397 гэсэн дугаар өгсөн. Би тухайн хүнтэй нь холбогдож очиж түлхүүрийг нь аваад тухайн байрыг очиж үзсэн. Тэгээд сарын түрээс нь хэд юм гэхэд тухайн хүн нь 3,000,000 төгрөг гэхээр нь би тухайн байр чинь нэлээн бохир байна гэсэн чинь тэгвэл 2,500,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би нутгийн Казах дүү нарыг оруулахаар болсон. Тэгээд тухайн Ш  гэх хүн рүү 2,100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тухайн Ш гэх хүнтэй холбогдоод ус, цахилгааны төлбөрөө хиймээр байна яаж хийх вэ? гэсэн чинь энэ хүнтэй холбогдчих гэж хэлээд 99489347 дугаарыг өгсөн. Би тухайн хүнтэй нь холбогдоход би тухайн байрны чинь жинхэнэ эзэн нь байна наад Ш гэдэг хүн чинь өмнө жилийн манай байрны түрээслэгч байна гэж хэлсэн. Тэгээд залилуулснаа мэдсэн... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би эхлээд Д.Ш тай байсан. Би 2 сарын М.Ө  нь байрны жинхэнэ эзэн болохыг мэдээд ярьсан чинь юу гэж 10 сараар 2,100,000 төгрөгөөр байраа түрээслэхгүй 3,000,000 төгрөгөөр байраа түрээслэнэ гэж хэлсэн би тухайн үед байранд чинь засвар хийсэн гэж хэлсэн чинь тэгвэл 2,700,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тэгээд би М.Ө ад 600,000 төгрөг өгсөн үлдсэн 2,100,000 төгрөгийг би Д.Ш т өгсөн Ш  нь 2,100,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг М.Ө ад өгсөн одоо үлдсэн 1,200,000 төгрөгийг Д.Ш аас авч М.Ө-д өгөх юм. Би М.Ө  нь Д.Ш аас зөрүү болох 1,200,000 төгрөгийг авахаар ярилцаж тохиролцсон талаар мэдэхгүй байна. Д.Ш  нь надад би М.Ө тай ярьсан 1,200,000 төгрөгийг өгөхөөр болсон чи битгий надаас нэхээд бай гээд байгаа М.Ө  нь намайг Д.Ш аас зөрүү 1,200,000 төгрөгийг авч өг гэж хэлсэн. Д.Ш  нь хүний байрыг худлаа хэлж 2,100,000 төгрөгөөр түрээслээд би тухайн байранд нь таньдаг оюутан дүү нараа оруулаад засвар хийсэн байсан чинь байрны жинхэнэ эзэн Өнөбат гэх хүн гарч ирээд байраа 3,000,000 төгрөгөөр түрээслэн засвар хийсэн гээд 300,000 төгрөг хасаад 2,700,000 төгрөг болоод би Ө-д 300,000, 150,000, 150,000 нийт 600,000 төгрөг өөрөө төлсөн болохоор зөрүү 600,000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Д.Ш  нь одоо бага насны хүүхэдтэй юм байна лээ тэгэхээр 600,000 төгрөгөөс 300,000 төгрөг авмаар байна. Би байранд засвар хийсэн зарлагын баримтаа аваагүй зургийн дараад М.Ө ад хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-87-р хуудас/

1.2. Иргэний нэхэмжлэгч М.Ө  2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "... Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Харуул-Алтай хотхоны 104-113 тоотод өөрийн нөхөр Эрдэнэбатын хамтаар амьдардаг. Би одоо тэтгэвэрт байдаг болохоор эрхэлсэн ажилгүй, өөрийн ач зээ нарыг хараад байж байгаа. Би Говь-Алтай аймгийн Алтай хотын хороог нь сайн санахгүй байна, 196 тоот байранд амьдарч байгаад 2019 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж байж байгаад миний нөхөр араас буюу 2022 онд Улаанбаатар хотод орж ирсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр байраа зарна гэж ярьж байгаад байрныхаа түлхүүрийг хамт ажиллаж байсан хүндээ үлдээчхээд явсан. Тэгтэл удаагүй байж байтал манай хүн түрээслэх гэж байна гээд 2023 оны намар Ш  гэх хүнд түрээсэлж эхэлсэн. Ш  манай байрыг 1 сарын 300,000 төгрөгөөр тохирч байранд түрээсэлж сууж байсан Ш  тухайн үедээ надад мөнгө төгрөгөө асуудалгүй өгч байгаад 2024 оны 07 дугаар сард байрыг түрээслэхээ болиод Улаанбаатар хот руу шилжиж байгаа гэж хэлэхээр нь би байрныхаа түлхүүрийг авсан хүндээ буцаагаад өгчхөөрэй гэж хэлээд байж байтал тус оны 08 дугаар сард надад үргэлжлүүлэн түрээслэлээ. Миний ажил болохгүй байна гэж хэлэхээр нь би байранд засвар хийх тухай ярьж Ш аас нэг сарын түрээсийн мөнгийг авалгүйгээр засварыг өөрөөр хийлгэхээр тохирсон юм. Тэгээд Ш  нь байрны засвар хийсэн. Би Б.Ш  гэх хүнд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Оргил баг 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт 1 өрөөг түрээслэсэн юм. Би Б.Ш т байраа түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцож түрээсэлж байсан. Ш  Улаанбаатар хот руу явчхаад буцан манай байрыг түрээслэхдээ өөр хүнд дамжуулан түрээслэсэн байсан ба энэ тухай надад ямар нэгэн зүйлийг хэлээгүй. Нэг өдөр над руу тус байрыг түрээсэлж байгаа хүн цахилгааны төлбөрийг хийх гэж байна гэж утсаар холбогдож Ш  бусдад дамжуулан түрээслэсэн талаар хэлсэн. Мөн тухайн үед Ш  надад 900,000 төгрөг өгсөн ба тус хүмүүсээс авсан мөнгөнөөсөө 3 сарын мөнгө гэж өгсөн байсан. Ш  тэр хүмүүст түрээслэхдээ 2,100,000 төгрөгийг авсан гэж хэлж байсан. Би энэ тухай мэдээд Ш т хэлээд үлдэгдэл мөнгө болох 1,200,000 төгрөгийг авах талаар хэлэхэд мөнгөтэй болж байгаад өгнө гэсээр байгаад одоо 1 жилийн хугацаа болж байна. Ш  надад 900,000 төгрөг өгснөөсөө хойш ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Би тэр мөнгийг яг хэдэн сарын хэдэнд өгснийг сайн санахгүй байна, өнгөрсөн оны 08 дугаар сарын сүүлээр өгч байсан шиг санагдаж байна. Ш аас түрээсэлж байсан хүмүүс энэ оны 06 дугаар сарын эхээр байрнаас гарахаар нь би таньдаг хүнээрээ түлхүүрийг нь авхуулаад шуудангаар өөр дээрээ авсан байгаа...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92-р хуудас/,

1.3. Хохирогч А. Е-ын гаргаж өгсөн Д Ш  гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасууд /хавтаст хэргийн 4-21-р хуудас/,

1.4. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Хаан банкны 5337/25/496 дугаартай албан бичиг, Д.Ш-ын Хаан банкны *** тоот харилцах дансны хуулга, тус дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 69-74-p хуудас/,

1.5. Хохирогч А.Е-таас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх дүгнэлтийг гаргуулах шаардлагагүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 38-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. 

Шүүгдэгчийн ...2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк цахим орчинд байр зарна гэсэн зарын сэтгэгдэл хэсэгт байр зарна гэж бичиж улмаар хохирогч А.Е нь тус зарын дагуу холбогдож зурвас бичихэд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт байрлах байр түрээслэхээр тохирсон мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож байрны түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Ш ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Шүүгдэгч Д.Ш  хохирогч А.Е-ад бусдын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 19 дүгээр байрны хажууд байрлах 2 давхар шар байрны 1 давхарт байрлах байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр ойлгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түрээслэхээр тохирч байрны түрээсийн мөнгө болох 2,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, Д.Ш ын Хаан банкны *** тоот харилцах дансны хуулга, тус дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-74-р хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ш ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Ш т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Ш т хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ш ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Ө-д 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч Д.Ш  нь 900,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч М.Ө-ын эзэмшлийн Хаан банк дахь 5315309131 тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байх тул үлдсэн хохирол 1,200,000(нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Ө ад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Харин хохирогч А.Е нь иргэний нэхэмжлэгч М.Ө-тай сарын 300,000 төгрөгөөр 10 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцож тус байрыг түрээслэн суусан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2 сарын өмнө М.Ө  нь байрны жинхэнэ эзэн болохыг мэдээд ярьсан чинь 10 сараар 2,100,000 төгрөгөөр байраа түрээслэхгүй 3,000,000 төгрөгөөр байраа түрээслэнэ гэж хэлсэн. Би тухайн үед байранд чинь засвар хийсэн гэж хэлсэн чинь 2,700,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Тэгээд би М.Ө ад 600,000 төгрөг өгсөн үлдсэн 2,100,000 төгрөгийг би Д.Ш т өгсөн Ш  нь 2,100,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг М.Ө ад өгсөн одоо үлдсэн 1,200,000 төгрөгийг Д.Ш аас авч Д.Ө-д өгөх юм” гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч А.Е нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “...300,000 төгрөг авмаар байна” (хавтаст хэргийн 86-87-р хуудас) гэж нэхэмжилсэн боловч эрүүгийн хэрэгт баримтаа бүрдүүлж өгөөгүй, уг хохирол баримтаар тогтоогдохгүй, шүүгдэгч Д.Ш аас гаргуулах үндэслэлгүй байх тул хохирогч А.Е-ын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Ш-т хүлээлгэсүгэй.

4.  Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ш-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-аас 1,200,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ө-д олгож, хохирогч А.Е-ын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүүгийн, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ