Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05516

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/05516

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Ц******* *******т овогт Н******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин байрлах ******* энд ******* *******л ХХК-нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.******* 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ******* ******* *******л ХХК-тай ******* дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Төслийн Д блокод 35,45 м.кв 1 өрөө орон сууцыг дотор засалгүйгээр 1 м.кв нь 1,500,000 төгрөгөөр барьж, 2023 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон юм. Би захиалагчийн хувьд гэрээний үүргээ чанд биелүүлж, 100 хувь урьдчилсан төлөлтөөр 53,175,000 төгрөгийг хоёр хуван дээрх компанийн дансанд 2022 ооны 01 сарын 28, 2022 оны 03 сарын 11-нд төлсөн. Би барилга барих явцад барилын талбай болон компанийн оффис дээр удаа дараа очиж, яагаад барилгын ажил явагдахгүй байгаа, хэзээ ажил жигдэрч барилга баригдах талаар асууж, сураглаж явсан боловч тэдний зүгээс янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийн байдлаар 12 давхар баригдах ёстой барилгын дөнгөж 3 давхар нь цутгалт хийсэн байдалтай байна.

Нэгэнт хугацаандаа баригдахгүй юм бол төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг өөрийн зүгээс тус компанийн орлогч захирал Ганхүү болон санхүүгийн албаны хүмүүст удаа дараа гаргасан боловч тэд гэрээний хугацаандаа барьчихна, хүлээж бай гэж худлаа ярьж, цаг хожиж намайг мөнгө санхүү, сэтгэл санаагаар минь хохирлоо. Иймд ******* энд ******* *******л ХХК-аас миний төлсөн 53,175,000 төрөг, алданги болон шүүхэд нэхэмжлэх гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,825 төгрөгийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт, ******* энд ******* *******л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын план зураг, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шилжүүлгийн маягтыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* энд ******* *******л ХХК-нд холбогдуулан 53,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хариуцагч ******* энд ******* *******л ХХК-нд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардуулж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу гаргуулна гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Н.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч ******* энд ******* *******л ХХК-тай ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн дугаар хороо, Баянзүрх хороолол Д блок 4 давхарт 37 тоот 35.45 м.кв 1 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 3-6 дахь талд/

Тус гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга болон талууд уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 35.45 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч тус орон сууцны 1 м.кв-ыг 1,500,000 төгрөг, нийт 53,175,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч тал буюу нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 33,175,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 53,175,000 төгрөгийг төлж гэрээнд заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 14-15 дахь талд/

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хариуцагч тал уг орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний зүйл болсон орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нь барьж гүйцэтгэхгүй болох нь тодорхой болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсаны үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Тус үүрэг нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулснаар тайлбарлагдах бөгөөд хариуцагч нь үүргээ гэрээгээр заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсан боловч хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бодит шалгаан нөхцөл, хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан болохоо баримтаар нотлоогүй болно.

Иймд, хариуцагчийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулснаар хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан ажлын хөлс болох 53,175,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч ******* энд ******* *******л ХХК-аас 53,175,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118, дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* энд ******* *******л ХХК-иас 53,175,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* энд ******* *******л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 423,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ