Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01321

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 101/ШШ2024/01321

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С, С-У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-нд холбогдох,

Дутуу олгосон хөлс 12,622,311 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн илүү төлсөн хөлс 6,329,658 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

Т.М нь 2020 оны 12 сард 05-ны өдөр М М ХХК-ийн С М М эмнэлгийн хөдөө орон нутаг дахь салбарт тестерийн ажил гүйцэтгэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Миний ажил үүрэг нь Ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан ПСР шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн болон байдлын зохих журмын дагуу авч аймгийн болон улсын онцгой комисст сорьцын төсөлт хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхээр байсан. Ажиллаж байх хугацаанд хүний нөөцийн зүгээс байгууллагыг төлөөлж хөлсөөр нийт ажилчдын цөөн хэдтэй нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, О ХХК-тай тендерээ сунгаад дууссаны дараа ямар ч ажилтантай гэрээг шинэчилж байгуулаагүй бидний эрхийг ноцтой хохироосон. М М ХХК нь надтай хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажиллуулсан атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ажилтны нэгэн адил ажилласан хоногоор тооцож цалин хөлсийг дутуу олгодог байсан.Улмаар 2022 оны 05 дугаар сард намайг ростероос буусны дараа амралттай байхад төсөл дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдсэн. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж мэдэгдсэнээр ирсэн ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас миний бие ажлаас чөлөөлөгдөхдөө ажилгүйдлийн тэтгэмж, ээлжийн амралтын олговор авч чадаагүй. М М ХХК нь хөлсөөр ажиллах гэрээгээр анх ажилд орохдоо тохиролцсон цалин хөлс болох 2,000,000 төгрөгийг дутуу олгож байсан ба энэ нь нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогддог. Иймд М М компаниас хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын цалин хөлсний зөрүү 416,667 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсний зөрүү 2,096,774 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 666,667 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын цалин хөлсний зөрүү 161,290 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын цалин хөлсний зөрүү 645,161 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын цалин хөлсний зөрүү 80,645 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 2,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 750,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын цалин хөлсний зөрүү 725,806 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 322,581 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын цалин хөлсний зөрүү 625,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын цалин хөлсний зөрүү 1,370,968 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын цалин хөлсний зөрүү 583,333 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын цалин хөлсний зөрүү 2,177,419 төгрөг, нийт 12,622,311 төгрөгийг гаргуулж Т.М-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М М компани нь өөрийн гишүүн байгууллага болон зөвхөн эмнэлэгт бүртгэлтэй байгаа гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ гээд яаралтай түргэн тусламж үзүүлдэг эмнэлгийн байгууллага байдаг. Үүний нэг үйлчлүүлэгч нь О компани байсан, 2020 оны 2 сарын эхээр Дэлхийн нийтийг хамарсан тахлын хүрээнд О компаниас хүсэлт тавьж байсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхлээрээ Монголын эдийн засагт одоо чухал хувь нэмрээ оруулж байгаа О уурхайн төслийг одоо далд уурхай болон ил уурхайд аль аль нь ажиллаж байгаа төслийг цаашид хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч өгөөч ээ гэж хүссэн байдаг. Манай эмнэлгийн хувьд бол үйл ажиллагаа явуулах үндсэн зорилго бол ерөөсөө яаралтай цахим тусламжийн л үйл ажиллагааг явуулах үндсэн зорилготой байдаг. О компанийн зүгээс бид нарт ямар хүсэлт тавьсан бэ гэхээр 1 дүгээрт уурхайн цогцолбор луу орж байгаа уурхайн нийт ажилчид, Он уурхайн цогцолбороос Улаанбаатар хот руу явж байгаа нийт ажилчдын хамар хоолойн арчидасыг авах ажиллагаа хийлгэх хүсэлт тавьсан. Манай эмнэлгийн хувьд болоод ирэхлээрээ нийтдээ 100 гаруй ажилтантай. Гэтэл О болоод ирэхээрээ 6 мянгаас 7 мянган ажилчинтай. Ингээд ажил үүргийнхээ хуваарийн дагуу мэдээллийг цахим сүлжээгээр тарааж, эхний ажилтнуудтай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа бид нар юуг тодорхой болгосон бэ гэхлээр 1 дүгээрт энэ түр ажлын байр гэдгийг хэлсэн. Энэ төслийн танилцуулгыг тухайн үедээ явуулахдаа бид нар цахимаар зүүм болон онлайнаар тухайн хүнтэй биечлэн одоо яг ярилцаад видео колл, мессенжер ашиглаж байсан. 2 дугаарт эрүүл мэндийн салбарын веб сайтууд буюу нэгдсэн ийм платформ байгаа. Фейсбүүк дээр байгаа группүүдээр дамжуулж зараа хүргэж байсан, 3 дугаарт М гэдэг фейсбүүк хаягийг дамжуулаад мэдээллүүдээ өгч байсан. Эхний удаадаа бид нар 15 хүнийг бол авч тухайн үедээ ажиллуулж байсан юм. Гэрээ байгуулах үедээ 1 дүгээрт цалин хөлсийг өдрөөр тооцож олгоно гэж хэлээд энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна уу гэдгийг бүгдээс нь асууж тодруулж байсан. 2 дугаарт энэ О гэдэг цогцолбор дээр очиход бид нар улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, ковид тархалттай тэмцэж байгаа комиссуудын шийдвэрийн дагуу Улаанбаатар луу ирж очих хөдөлгөөн хязгаарлагдах учраас та хувийн амьдралдаа ямар нэгэн байдлаар ийм нөхцөл дээр ажиллах бололцоотой юу гэдгийг бол асууж байсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэж хэлээд эхний удаадаа видео колл хийж байсан. Тэгээд дахиад биечлэн ингээд уулзаад гэрээний бүх нөхцлийг уншуулаад ойлгохгүй зүйл байна уу, тайлбарлуулах зүйл байна уу? Гэдгийг тодруулж асуусан. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн байдлаар татгалзал илэрхийлээгүй гэрээгээ байгуулсан. Ингээд 2020 он 2021 он, 2022 онуудад явж байгаад 2022 оны 2 сарын 14-нд Засгийн газрын 66 дугаар тогтоол гэж гарсан байдаг. Тэр тогтоолоор болохоороо Ковидын цар тахлын бэлэн байдлыг цуцлах шийдвэр гарсан байдаг юм. Үүнтэй холбоотой төсөл буугдаж байсан.

Бид нар энэ төслийг бол хумьж байгаа гэдгийг үе шат болгоноор хэлсэн. Хамгийн анх бол 2 дугаар сарын 14-нд шийдвэр гарах үед 3 дугаар сард мэдэгдсэн, тэгээд 3 сард мэдэгдсэн хүмүүсийн гэрээ 4 дүгээр сард дууссан, 4 дүгээр сард мэдэгдсэн хүмүүсийн гэрээ 5 дугаар сард дууссан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд гэнэт халсан юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй.

Бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Харин хөлсөөр ажиллах харилцаа үүссэн. Бид өгөх ёстой цалин хөлсөө бүрэн өгсөн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

 

Нэхэмжлэгч 2020.12.07-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан О уурхайд Ковид-19 вирусын түргэвчилсэн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэхээр 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тусгаарлалтанд орж, гэрээний хэрэгжилт эхэлсэн. Нэхэмжпэгч Т.М нь нь уг гэрээгээр 2021-03-05-ны өдрийг хүртэл Он цогцолбор дээр үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнд: 2020 оны 12 дугаар сард тусгаарлалтанд 8 хоног, ажилласан 17 хоног, 2021 оны 1 дүгээр сард 31 хоног, 2021 оны 2 дугаар сард 28 хоног, 2021 оны 3 дугаар сард 5 хоног.

Талууд 2021.03.09-ний өдөр харилцан тохиролцож гэрээг шинэчилж, тестрээр ажилуулах гэрээг байгуулан, гэрээний 4-т Ажлын хөлс. Хөлсөөр ажиллагчид нэг өдрийн хөлс 95,000 (ерэн таван мянган) төгрөг (цаашид Хөлс гэх)-ийг олгоно гэж тохиролцсон. Үүнээс хойш нэхэмжлэгч нь энэхүү гэрээг байгуулснаас хойшхи дараах хугацаагаар ажилласан. Үүнд:

       2021 оны 4 дүгээр сард 22 хоног

       2021 оны 5 дугаар сард 29 хоног

       2021 оны 6 дугаар сард огт ажиллаагүй,

       2021 оны 7 дугаар сард тусгаарлалтанд 6, ажилласан 17 хоног

       2021 оны 8 дугаар сард 30 хоног

       2021 оны 9 дүгээр сард тусгаарлалтанд 6 хоног, ажиллаагүй

       2021 оны 11 дүгээр сард тусгаарлалтанд 5, ажилласан 16 хоног

        2021 оны 12 дугаар сард тусгаарлалтанд 5, ажилласан 17 хоног

        2022 оны 1 дүгээр сард 27 хоног

        2022 оны 2 дугаар сард 21 хоног

        2022 оны 3 дугаар сард 14 хоног

        2022 оны 4 дүгээр сард 23 хоног

        2022 оны 5 дугаар сард 4 хоног тус тус ажилласан байдаг.

Энэхүү шинэчилсэн гэрээний нэг хувийг 2023.03.13-ны өдөр нэхэмжлэгчид албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу М М ХХК нь нийтдээ 32,264,657.50 төгрөгийг түүнд олгосон. Уг дүнд тусгаарлалтанд байсан өдрийг ажилласан өдөрт тооцон, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд байгууллага хариуцах төлбөрт 3 945797 төгрөгийг холбогдох эрх бүхий байгууллагад төлсөн ба хууль тогтоомжийн дагуу холбогдох ажиллагч өөрөө хариуцан төлөх хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлд 5 277 773 суутган төлж, Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн нэрийн 0 тоот дансанд 25,698,800 төгрөгийг бүрэн дүүрэн шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь нийт 273 өдрийг гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн ба нэг өдрийн хөлсийг 95000 төгрөгөөр тооцоход 25,935,000 төгрөг болно. Уг дүнгээс хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган төлөхөд 20,657,228 төгрөг гарт олгогдохоор байсан. Гэтэл хариуцагч хөлсөөр ажиллагчид 6,329,657.50 төгрөгийг илүү төлсөн байна. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчид ийм хэмжээний хохирол учраагүй. Хийсэн ажлынхаа хөлсийг хууль болон гэрээний дагуу авсан. Үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Нэхэмжлэгчээс Хөлсөөр ажиллах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Хариуцагчаас Улаанбаатар хотод тестерээр ажиллуулах гэрээ, Т.Мийн ажилласан хугацааны тайлан, баримт бичиг хүлээлцсэн акт, шаардах эрхээс татгалзах тухай гэх хүсэлт, хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон талаарх тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны мөнхөн шилжүүлгийн баримтууд, С цахим хуудас, харилцан яриа, цалингийн нэгтгэл гэх санхүүгийн баримт,

Шүүхийн журмаар А фэйсбүүк цахим хуудаснаас Т.Мийн М гэх хаягуудийн хооронд бичсэн чат, А хуудаснаас эмч, эмнэлэгийн мэргэжлийн дуу хоолой цахим хуудсанд бичсэн постод үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч М М ХХК-нд холбогдуулан олгогдоогүй цалин хөлсний зөрүү 12,622,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, гэрээний үүрэгт илүү төслөн 6,329,657.20 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй богож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч С ХХК-тай 2020 оны 12 дугаар сард байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дэх заалтад хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийг олгоно гэж зааснаар сард хэдэн хоног ажилласнаас үл хамааран сар бүр 2,500,000 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй гэж тайлбарлан 2020 оны 12, 2021 оны 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 2022 оны 1, 2 3, 4, 5 дугаар саруудад дутуу олгосон хөлсөнд нийт 12,622,311 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчтэй тохиролцсон гэрээний дагуу ажилласан хугацаагаар хөлсийг тооцож сар бүр олгосон гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2020 оны 12 дугаар сард Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлсөөр ажиллагч нь Эмнэлгийн ажилтнуудтай хамтран хуваарьт газарт мэдэгдсэн цагт ирж тестерийн ажил гүйцэтгэж, ковид цар тахлын хүрээг хязгаарлах, хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор Он уурхай дээр ажиллаж байгаа ажилтнуудаас түргэвчилсэн шинжилгээг зохих журмын дагуу авах, авсан шинжилгээ сорьцын дагуу хэрэв хариу нь эерэг гарсан тохиолдолд нарийвчилсан РСК. (ПСР) шинжилгээг цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын зохих журмын дагуу авч, тухайн аймгийн болон улсын онцгой комисст сорьцын хариуг хүргүүлэх, мэдээлэл, бүртгэлийн ажилтныг үнэн зөв мэдээллээр хангах, Он уурхайд шинжилгээ авах дэг журмын хатуу чанд дагаж мөрдөж, өөрийгөө болон хамтран ажиллагчийн эрүүл мэндийг хамгаалах ажил (цаашид Ажил гэх)-ыг гүйцэтгэх, хөлсөөр ажиллуулагч нь төсөлт хугацаанд ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа сар бүрийн сүүлийн ажлын өдөрт багтаан гэрээгээр тохиролцсон хөлсийг хөлсөөр ажиллагчид олгох үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. / х.х-ийн 4-6 дугаар тал талд/

Мөн талууд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан байх бөгөөд улаанбаатар хотод тестерээр ажиллуулах гэрээ гэх гэрээг байгуулан гэрээний 4-т хөлсөөр ажиллагчид нэг өдрийн хөлс 95,000 төгрөгийг олгоно гэж тохиролцсон байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

Дээрх гэрээнүүдэд хөлсөөр ажиллуулагч болон хөлсөөр ажиллагч нар гарын үсэг зурсан өдрөөс эхлэн төсөл хөтөлбөр дуусах хүртэл хугацаанд үйлчилнэ гэж тохиролцсон байх ба талууд 2022 оны 5 дугаар сард төсөл дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга зэргээс дүгнэвэл тус гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгад илүү нийцэж байхаас гадна зохигчид хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнтэй маргахгүй байх тул хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4-т хөлсөөр ажиллагчид сард нэг удаа 2,500,000 төгрөгийн хөлс олгоно гэж тохиролцсон бол шинэчлэн байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 4-т хөлсөөр ажиллагчид нэг өдрийн хөлс 95000 төгрөгийг олгоно гэж тохиролцсон байна. /хх-ийн 25-27 дугаар тал/,

Гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл хгацаанд үргэлжилж, энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, хариуцагч нэхэмжлэгчид ажилласан хугацаагаар тооцон хөлс төлсөн болох нь хэрэгт авагдсан Т.М-ийн ажилласан хугацааны тайлан гэх бичгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 27-49дүгээр тал/,

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийж, бэхжүүлсэн фэйсбүүк цахим сүлжээний  А нэртэй хэрэглэгчийн бүлэгт 2020 оны 11 сарын 23-ны өдөр хөдөө орон нутаг болон хотод шинээр хэрэгжүүлэх төсөлд ажилтан авах тухай зар нийтэлсэн байх бөгөөд ...төслийн хугацаанд ажиллахдаа хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал төлөгдөх бөгөөд зөвхөн ажилласан хоногтоо зохих хөлсийг авах болохыг анхаарна уу, Хөлс: ажилласан нэг өдөрт ногдох хөлс нь /байр хоол татвар шимтгэл хасагдаад/ гарт олгох нь 70-75,000 төгрөг гэсэн тооцоололтой байна... гэсэн мэдээлэл тавигджээ. /хх-ийн 59-60 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч Т.М нь тус мэдээлэлтэй танилцан өөрийн анкет иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хавсралт, эмнэлэгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэх, диплом, сургалтын багц цаг биелүүлсэн эмнэлэгийн мэргэжилтний нэрс зэрэг баримтуудыг илгээж гэрээний нөхцлийн дагуу ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн байна. /хх-ийн 62-69 дүгээр тал/

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба хүсэл зоригийн илэрхийлэлийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүйн бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах ба дээрх баримтуудаар талууд ажлын хөлсийг тусгаарлалтанд байсан өдрийг тооцон ажиллагчийн ажилласан хоногтоо зохих хөлсийг тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан цалин хөлсний тооцооллын баримт, дансны хуулгаар хариуцагч тал маргаж буй цаг хугацаа буюу 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд тусгаарлалтанд байсан нийт 29 хоногийг оруулан тооцож, нийт 32,264,647 төгрөгийг олгосон байх бөгөөд зохих нийгмийн даатгал төлөгдсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь сард ажилласан хоногоор тооцон хөлс олгож байсныг хүлээн авах үедээ маргаж байгаагүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээ хөдөлмөрийн гэрээ болгон байнгын ажлын байранд ажилд авах тохиролцоо хийсэн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М М ХХК-аас дутуу олгосон хөлс 12,622,311 төгрөгийг гаруулах тухай нэхэмжлэгч Т.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчаас илүү төлсөн хөлс 6,329,657.20 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ажиллаагүй хугацааны хөлсийг төлсөн, гарах ёсгүй байсан зардал гарсан гэж тодорхойлсон.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхтэй холбоотой хийсэн хууль зүйн дүгнэлтийн дагуу хариуцагч М М ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлсийг төлсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар ажлын хөлсийг илүү төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн гарах ёсгүй байсан зардал буюу хохирол учирсан гэх тайлбарын хувьд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчээс 6,329,657.20 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мийн хариуцагч М М ХХК-аас 12,622,311 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн нэхэмжлэгчээс 6,329,657.20 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,907 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,230 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА