Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2019/00418/И |
Дугаар | 20 |
Огноо | 2019-09-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 20
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2019/00474 дүгээр шийдвэртэй
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Б.Б, Д.Д нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 27 756 111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн өмгөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, прокурор Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Д.Д, Б.Б нар нь 2013.04.14-нд Сум хөгжүүлэх сангаас халуун усны газар байгуулахаар төсөл оруулж 20 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 1,5 хувийн хүүтэй зээлж 20 606 187 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож албан ёсны гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь эхний нэг жилийн хугацаанд зээлийн хүүгээ төлж барагдуулах ёстой бөгөөд зээлийн нийт хүү 606 187 төгрөг болж байгаа. Энэ хүүнээс 75 000 төгрөг төлж одоо 531 187 төгрөгийн хүү төлөгдөөгүй байгаа. Үүнээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хугацаа 1 075 хоногоор хэтэрсэн гэж үзэж байгаа. Үүнээс тооцоход хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү 7 224 924 төгрөг болж байгаа. Иймд хариуцагч Д.Д, Б.Б нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 531 187 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 224 924 төгрөг, нийт 27 756 111 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа бол манай зүгээс хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг учир дуусаагүй гэж үзэж байна. Төслийн дагуу зээлдэгч нар халуун усны газраа барьсан. Би 2017 онд ажлаа хүлээж аваад холбогдох хүмүүст мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мэдэгдэх хуудсыг Б.Б, Д.Д нарт өгөхөөр очиход Б гуай авсан. Б.Б, Д.Д нарын зээл төлүүлэхийг шаардахаар утсаар залгахад утсаа авдаггүй, нэг удаа утсаа аваад боломжгүй байна, төлнө гэж байсан. Манайх зээлээ төлөхийг шаарддаг байсан. 2019.04 дүгээр сард шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгсөн боловч Д.Д эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээс татгалзсан учир шүүхэд хандсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Манай зүгээс зээлдэгч нартай гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, алданги, эргэн төлөлтийн хуваарь зэргийг тохиролцдог.” гэжээ.
Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Г-ын иргэн Д.Д, Б.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь:
1. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
2. Нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон.
3. Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй.
Иймд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Г-ын иргэн Б.Д, Б.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2019/00474 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Б.Б, Д.Д нараас 20 531 187 /хорин сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун наян долоо/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 224 924 /долоон сая хоёр зуун хорин дөрвөн мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Д, Б.Б нараас 260 606 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 474 дугаартай шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Б.Б, Д.Д нараас 20 531 187 төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Үүнд:
1. Хариуцагч Д.Д, Б.Б нар нь 2013.03.14-ний өдөр Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газартай зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай жилийн 1,5 хувийн хүүтэй 20 000 000 /хорин сая/ төгрөгийн зээл авсан. Зээлийг 2013.04.14-2016.02.14-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж дуусгахаар гэрээ байгуулсан боловч зээлдэгч зээлийн хүү 75 000 төгрөгийг төлсөн байдаг. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан байх ба хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Гэтэл Эрдэнэбулган сумын Засаг дарга зээл төлөх хугацаа 2016.02.14-нд дуусч, энэ үеэс шаардах эрх нь үүссэн байхад дээрх мөнгийг төлөхийг шаардаагүйн дээр 2019.02.14-ний өдөр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Шүүх 2017.03.27-нд Д.Д-д 20 531 187 төгрөгийг 10 өдөрт багтаан төлөхөөр хугацаа тогтоон үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэсэн боловч дээрх мэдэгдлийг Д.Д-д гардуулж өгөөгүй, мэдэгдэл өгсөнийг мэдээгүй байхад шүүх ингэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч 2019.04 дүгээр сард Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, 2019.05.17-ны өдөр мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсоноос хойш шүүхэд хандсан гэж үзэх үндэслэлтэй.
2. Шүүх Б.Б, Д.Д нараас 20 531 187 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад /Ж.Г-т/ олгохоор шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна. Учир нь Засаг дарга Ж.Г дээрх мөнгийг хувиасаа хариуцагч нарт олгоогүйн дээр зээлийн гэрээ дээрх иргэдийн хооронд /Ж.Г, Д.Д, Б.Б/ хийгдээгүй учир Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Г буюу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд хэргийг хянаж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 474 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь Б.Б, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 756 111 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20 531 187 төгрөгийг хангаж, үлдэх 7 224 924 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүх гэрээний оролцогчийг зөв тодорхойлоогүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар, Б.Б, Д.Д нар нь 2013.03.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар нь зээлдүүлэгч, Б.Б, Д.Д нар нь зээлдэгчээр оролцсон байна.
Дээрх гэрээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга зээлдүүлэгч биш байх бөгөөд Засаг даргын Тамгын газар шаардах эрхээ Засаг даргад шилжүүлсэн гэх нотлох баримт, эсхүл Засаг дарга Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх итгэмжлэл хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл болох тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2019/00474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б.Б, Д.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27 756 111 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БЯМБАСҮРЭН