| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/05782/И |
| Дугаар | 101/ШШ2023/05407 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/05407
| 2023 12 05 | 101/ШШ2023/05407 |
| |
|
| |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух Б******* овогт Б******* С******* /рд:Г*******/-ийн гаргасан,
Хариуцагч: тоот хаягт оршин суух Ш******* овогт Э******* М******* /рд:*******/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,833,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр интернет группт хариуцагч Э.М******* гэдэг хүн мөнгө зээлнэ гэж зар тавьсны дагуу түүнтэй холбогдож 5,000,000.00 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ хийсэн юм. Хариуцагч нь караоке ажиллуулдаг байсан бөгөөд өдөр бүр 50,000.00 төгрөгийг хүүнд төлнө гэж амлаад гэрээ хийхдээ 1 сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон боловч 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийтдээ 900,000.00 төгрөг төлөөд үүнээс хойш эргэх холбоогүй миний фэйсбүүк хаягийг блоклоод, түрээсэлж байсан байрнаасаа гарч, утсаар залгахад утсаа авахаа больсон.
Бид зээлийн гэрээ байгуулахдаа 30,000,000.00 төгрөгийн үнэ бүхий караокены тоног төхөөрөмж барьцаалсан боловч уг тоног төхөөрөмжийг нь дараагийн караоке түрээслэгч нь ажиллаж байгаа тул худалдан авсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Иймд, хариуцагчаас үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, төлөөгүй зээлийн хүү 833,000.00 төгрөг, нийт 5,833,000.00 төгрөгийг шаардаж байна. Хэдийгээр хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй ч тэрээр зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 108,278.00 төгрөг төлсөн баримт,
2. Зээлийн гэрээ,
3. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
4. Хаан банк ХК дахь дансны дэлгэрэнгүй хуулга,
5. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С*******гаас хариуцагч Э.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,833,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийг үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагчаас хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. Ингээд тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлож, хариуцагчид энэ талаар мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.С******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Э.М*******тэй зээлийн гэрээ байгуулж 5,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 4 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгч Б.С*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас 5,000,000.00 төгрөгийг хариуцагч Э.М*******ийн тус банкин дахь тоот дансанд шилжүүлсэн байна /х.х-ийн 8 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч Э.М******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Тодруулбал, энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 5,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
4. Тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай. Ингээд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э.М******* нь 5,000,000.00 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлээд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцаан төлөх үүргийг хүлээжээ.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч Б.С*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Э.М******* нь 5,000,000.00 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
6. Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусах боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож зээлийг буцааж нэхэмжилснийг эсэргүүцээгүй. Ингээд хариуцагчийн төлбөл зохих зээлийг хүүг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 105 өдрөөр үржүүлэн тооцоход нийт 1,725,990.00 төгрөг болж байна /5,000,000x10%=500,000 /1 сарын хүү/, 500,000x12=6,000,000 /1 жилийн хүү/, 6,000,000:365=16,438 /1 өдрийн хүү/, 16,438x105өдөр/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Б.С*******гийн Хаан банк ХК дахь түүний эзэмшлийн тоот дансны хуулгыг үзвэл хариуцагч Э.М******* нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид 1,200,000.00 төгрөгийг төлсөн байна. Тодруулбал, хариуцагч буюу зээлдэгч тал 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1,725,990.00 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 1,200,000.00 төгрөгийг төлсөн байх тул одоо төлбөл зохих хүүгийн хэмжээ 525,900.00 төгрөг болно /х.х-ийн 6-15 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, зээлийн хүү 525,990.00 төгрөг, нийт 5,525,990.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 307,010.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.М*******ээс 5,525,990.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 307,010.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,278.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103,366.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР