| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/05984/И |
| Дугаар | 101/ШШ2023/05600 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2023/05600
| 2023 12 14 | 101/ШШ2023/05600 |
| |
|
| |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух ******* овогт ******* О******* /рд:*******/-ын гаргасан,
Хариуцагч: тоот хаягт байрлах ******* хаус ХХК /рд:*******-д холбогдох 17,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О*******, өмгөөлөгч Д.С*******, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ******* хаус ХХК-тай амаар харилцан тохиролцоод өөрийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай экскаваторыг 2 сар, 11 хоногийн хугацаатай түрээслүүлэхээр болсон. Бид 1 /нэг/ сарын түрээсийн төлбөрийг 20,000,000.00 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нийт 47,333,333.00 төгрөг, үүнээс 1 /нэг/ хоногийн түрээс төлбөр 666,666.00 төгрөг болсон.
Хариуцагч нь түрээсийн төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 30,000,000.00 төгрөгийг надад төлсөн боловч үлдэгдэл 17,000,000.00 төгрөгийг төлөөгүй.
Ингээд би, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч ******* хаус ХХК-ийн захирал Ж.Дамчойтой уулзсан бөгөөд тэрээр үлдэгдэл түрээсийн төлбөрийг төлнө гэж надад албан бичиг олгосон. Тэрхүү албан бичигт: Иргэн О*******ын экскаваторыг 2 сар, 11 хоног түрээслэн ажиллуулсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 17,000,000.00 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна" гэсэн байсан.
Гэвч хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд миний бие энэ талаар тус компанид удаа дараа шаардлага тавьж, олон удаа утсаар буюу мессэжээр мэдэгдсэн боловч хариуцагч нь эргээд залгая, мөнгө орж ирээгүй байна, орж ирэхээр нь шилжүүлье гэх зэргээр төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд, хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай компани нэхэмжлэгч Л.О*******ын 3000 экскаватор түрээсээр ажиллуулсан бөгөөд санхүүжилт орж ирэхгүй удаж, хүлээлтийн байдалтай байна. Иймд, үлдэгдэл болох 17,000,000.00 төгрөг дээр харилцан тохиролцох хүсэлтэй байна гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Улсын тэмдэгтийн хураамжид 242,950.00 төгрөг төлсөн баримт,
2. Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
3. Техникийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
4. Хаан банк ХК-ийн дансны хуулга,
5. ******* хаус ХХК-ийн 2022 оны 09 дүгээр 11-ний өдрийн 25/ХI тоот албан бичгийн хуулбар,
6. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
2. Иргэний үнэмлэхийн хуулбар,
3. Хариу тайлбар,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О*******аас хариуцагч ******* хаус ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 17,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Энэ хэрэгт шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/23117 тоот захирамжийн дагуу хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан.
Ингээд тус хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлож, энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч ******* хаус ХХК-тай барилгын газар шорооны ажилд зориулж Хьюндай 3000 маркийн экскаваторыг операторын хамт түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар хариуцагч нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 30,000,00.000 төгрөгийг экскаватор түрээсийн төлбөр гэсэн нэртэй гүйлгээний утгатай нэхэмжлэгчийн Хаан банк ХХК дахь 5925309647 тоот дансанд шилжүүлжээ /х.х-ийн 5, 6 хуудас/.
3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, нэхэмжлэгч Л.О******* нь хариуцагч ******* хаус ХХК-нд аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түүний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, хариуцагч нь тийнхүү гэрээний зүйлийг хүлээн авч, газар шорооны ажилд түрээслээсэн эсэх талаар маргаагүй.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* хаус ХХК нь нэхэмжлэгч Л.О*******ын нэхэмжилсэн 2 сар, 11 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 17,000,000.00 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг гэрээ, хэлэлцээр байгуулсан үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас түрээслүүлэгч буюу худалдагчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Иймд, нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан, энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрт 17,000,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар маргаагүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хариуцагч нь дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг үндэслэн хариуцагч ******* хаус ХХК-иас 17,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР