Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/00033

 

 

 

 

 

 

2023 12 21

101/ШШ2024/00033

 

 

 

       

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух Б******* овогт А******* Ц******* /рд:*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух ******* ******* овогт А******* Н******* /рд:*******/-д холбогдох 1,270,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, хариуцагч А.Н*******, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нөхөр н.Э хамт ажилладаг хариуцагч А.Н*******ын гуйлтын дагуу түүнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас каргогоор ирсэн Самсунг Си-21 загварын шинэ гар утсыг 2,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож өгсөн юм. Хариуцагч нь энэ мөнгөнөөс надад 800,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 1,200,000.00 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй 2 жил өнгөрлөө.

 

Би, аргаа бараад хариуцагчийг Баянгол дүүргийн цагдаад хүртэл өгч шалгуулсан юм. Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний гомдлоор хариуцагч А.Н*******од залилангийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 5616 дугаарын тогтоолыг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Б гаргасан. тухайн тогтоолын үндэслэл нь талууд 2,000,000.00 төгрөгөөр гар утас өгч авахаар тохирсон, үлдэгдэл төлбөрийн асуудлыг шүүхийн журмаар хохирлоо нэхэмжилж авах нь зүйтэй гэсэн.

 

Хариуцагч А.Н******* нь гар утсыг өөрийн эзэмшилд авсан, үлдэгдэл төлбөрийг төлнө гэх зэрэг бүх нөхцөл байдал тодорхой болсон ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Намайг урьд өмнө түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргахад тэрээр орон гэртээ оршин суудаг байсан боловч тийм хүн энд амьдардаггүй гэж худал хэлүүлээд, шүүхийн ажлыг хүндрүүлээд яваад байна.

 

Өмнө гарсан шүүхийн захирамжийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01419 тоот шийдвэр гарсан ба тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагчийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад оршин суудаг хаягийг олж тогтоосон. Иймд, хариуцагчаас 1,200,000.00 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, анх энэхүү гар утсыг 1,700,000.00 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, үүнийг манай ажлын хүмүүс гэрчлэх ёстой. Ингээд байж байтал гэнэт цагдаа сэргийлэх гээд асуудал болсон. Миний бие одоогийн амьдарч байгаа хаягтаа амьдран сууж байсан бөгөөд эвлэрлийн гэрээний санал гаргахад нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй, түүнээс худалдах, худалдан авах гэрээний үнийг 2,000,000.00 төгрөг гэдгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 35,035.00 төгрөг төлсөн баримт,

2.      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.      Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

4.      Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022.09.23-ны өдрийн 5616 тоот тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06-ны 101/ШЗ2023/06106 тоот захирамжийн хуулбар,

6.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 102/ШШ2023/01419 тоот шийдвэрийн хуулбар,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.      Иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч А.Ц хариуцагч А.Н*******од холбогдуулан 1,270,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч А.Ц******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч А.Н*******од самсунг си-21 загварын гар утас худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт талаар зохигчид маргахгүй байна.

 

Энэ тохиолдолд талуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

3.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь самсунг си-21 загварын гар утсыг хүлээн авсан байна. Тиймээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар нэхэмжлэгч А.Цэцэгдарийг худалдан авагч буюу хариуцагч А.Н*******од худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцно.

 

4.            Ингээд нэхэмжлэгч А.Ц******* нь хариуцагч А.Н*******ыг худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авсан боловч үнэ болох 2,000,000.00 төгрөгөөс 800,000.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэх 1,200,000.00 төгрөгийг төлөөгүй гэж маргасан.

 

Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн гэрээний зүйлийн үнийг 1,700,000.00 төгрөг байсан гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг 1,700,000.00 төгрөгөөр тохирсон гэсэн тайлбараа баримтаар нотлохгүй байна.

 

5.            Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ................... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагч А.Н******* нь нэхэмжлэгч А.Цэцэгдарийн нэхэмжилсэн 1,270,200.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн агуулга бүхий эвлэрлийн гэрээний нөхцөлийг нөгөө талдаа санал болгосон байгаагаас үзэхэд тэрээр уг самсунг си-21 загварын гар утсыг 2,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ажээ.

 

6.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь түүнээс үлдэгдэл 1,200,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

 

7.            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/01491 тоот шийдвэрээр нэхэмжлэгч А.Цэцэгдарийн гаргасан хариуцагч А.Н*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсэн байна.

 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/06106 тоот захирамжаар А.Цэцэгдарийн гаргасан хариуцагч А.Н*******од холбогдох хэргийг хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд, хариуцагчаас шалтгаалан нэхэмжлэгч нь түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөгийг төлсөн байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 1,270,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч А.Н*******оос 1,270,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ц*******д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,035.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35,035.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР