Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 112/ШШ2023/0026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс тус аймгийн ******* улсын байцаагч В.Над холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Н нь Төлбөрийн баримт олгоогүй гэх ........... дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Г.Гд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр .......... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар 474508.96 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

- 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн талаар и-баримт цахим төлбөрийн системээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

- 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол

- 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн С.Мгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг,

- 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Г.Ггийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг,

- 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн С.Мгээс Татварын удирдлагын нэгдсэн санд ирүүлсэн гомдол,

- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн С.Мгийн өргөдөл,

- 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

- 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ............ дугаартай шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хянахад хохирогч С.Мгийн Түрээсийн төлбөрийн НӨАТ-ын баримт өгөхгүй болохоор нь гомдол гаргасан гэх мэдүүлэг, Татварын удирдлагын нэгдсэн санд 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохрогч С.Мгээс ирүүлсэн Захын татварт НӨАТ баримт өгөхгүй байгаа гэх гомдол ирүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шийтгэл оногдуулсан үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан зөрчил нь төлбөрийн баримтыг татварын нэгдсэн санд илгээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд оногдуулдаг хуулийн зохицуулалт учир дээрх зүйл, хэсгийг баримталж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт Татварын баримт олгоогүй, төлбөрийн баримт олгоогүй гэж зөрчлийн утгыг бичсэн байх боловч Шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19-д зааснаар гэж шийтгэл оногдуулсан нь зөрчлийн утга, оногдуулсан шийтгэлийн хуулийн зүйл, хэсэг таарч байгаа эсэх нь ойлгомжгүй байдлаар шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч В.Нын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ............ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* улсын байцаагч В.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ................ ХХК-ийн Г.Гд .................... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Тус гомдлын хэрэг нь татварын улсын байцаагч хуулийн зөвлөх Г.У-д хувиарлагдан ирж ажиллагаа явуулж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотруу шинжилгээ өгөхөөр явах гэж байсан. Татварын улсын байцаагч Г.У нь тус хэргийн шийтгэлийн хуудсыг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст хүргүүлэхээр өгч явуулсан боловч Сонгинохайрхан дүүрэг нь шийтгэлийн хуудсыг авах боломжгүй гэж байна. Тиймээс хугацаа нь дуусч байгаа учир намайг шийтгэлийн хуудсыг гардуулан өгөхийг хүссэний үндсэн дээр Г.Гтэй холбогдон шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн. Шийтгэлийн хуудсыг бичихдээ зөрчлийн хэргийн Татварын улсын байцаагч Г.У-тай утсаар зүйл, заалт, торгуулийн хэмжээ зэргийг бичсэн. Тухайн үед зүйл заалтыг шалгах боломжгүй мөн ажиллагааг гардан хийгээгүй учир торгуулийн хэмжээг нягтлаж үзээгүй. Тиймээс Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн ******* улсын хяналтын байцаагч В.Н-ын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* улсын хяналтын байцаагч В.Н нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна. Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, 7 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай  аймгийн ******* эрх бүхий албан тушаалтан, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч В.Н- ын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,  аймгийн Прокурорын газрын 36 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хангасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ