Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/74

 

 

 

 

 

 

М, Г, М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Хохирогч Т.Эрэнтовч,

            Яллагдагч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

            Яллагдагч М,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 561 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн эсэргүүцлээр М, Г, М нарт холбогдох эрүүгийн 1834008090395 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

М, Г.М, Г, О.Б /тусгаарласан/ нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Хушинга” гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн Л.Тэрбишийн 11 тооны адууг хулгайлан 27.030.000 төгрөгийн хохирол,

 

Төв аймгийн Эрдэнэ сумын Эрдэнэ 4 дүгээр баг, Тахилт гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Ш.Эрдэнэбатын 7 тооны адууг хулгайлан 5.480.000 төгрөгийн хохирол,

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг, Тахилтын ам гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлж 17.000.000 төгрөгийн хохирол,

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүл ар гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ө.Мөнхбатын 3 тооны адууг хулгайлж 2.170.000 төгрөгийн хохирол учруулан бусдын нийт 24 тооны буюу олон тооны бод малыг хулгайлж бусдад 51.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

Төв аймгийн Прокурорын газраас М, Г, М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас М, Г.Мөнхбат, Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834008090395 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч М, Г.Мөнхбат, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг Прокурорт очтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хамт Прокурорын газарт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 тоот эсэргүүцэлдээ:

 

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа хэргийн оролцогч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн, тэмдэглэл үйлдсэн, хэргийн материалтай танилцсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 197-207 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 220-230 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 197-207 дугаар хуудас/

 

2. Хэрэг бүртгэлтийн 183400808 дугаартай хэргийг хаасан тогтоол хэрэгт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг хэн нэгэнд холбогдуулан шалгадаггүй бөгөөд оролцогчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх тогтоол нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд оролцогч нарын эрхийг хэрхэн хязгаарлаж, хориглож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нь тодорхой бус. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол байхгүй байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд хэрхэн сөргөөр нөлөөлөх гээд байгаа нь тодорхойгүй байна. Хэргийн оролцогч нар ч энэ хэргийг үйлдээгүй бидэнд хамааралгүй гэж мэдүүлж байхад хэрэгт ач холбогдолгүй заалтыг үндэслэлээ болгосон байна. /шүүхийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа/

 

3. Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 151/а дугаартай яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллагдагч нарын үйлдсэн хэрэгт ял өөрчлөн сонсгох тогтоол үйлдэж яллагдагч нарт танилцуулан байцаалт авсны дараа яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд ял өөрчлөн сонсгох тогтоол яллах дүгнэлт зөрөөгүй болно. /4 дүгээр хавтас хэргийн 230-241 дүгээр хуудас/

 

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар шүүх, прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг техникийн шинжтэй алдааг засуулж гэм буруугийн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой, прокурор яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулах хүсэлт гаргасан байхад хүлээж аваагүй, яллах дүгнэлтэд бичигдсэн техникийн шинжтэй алдаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байхад дээрх заалтыг үндэслэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6.7-д заасныг үндэслэсэн нь ач холбогдолгүй байна. Учир нь яллагдагч М, Г.Мөнхбат, Г нар нь яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны прокурорт гомдол гаргаж прокуророос гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуульд заасан хугацаанд хэргийг татаж гомдлыг хянан шийдвэрлэсэн /5 дугаар хавтаст хэргийн 172-250 дугаар хуудас/ байхад яллах дүгнэлт гардуулах, мэдэгдэх гэсэн нь үндэслэлгүй байна.

 

4. Яллагдагч нарын хувийн байдлыг ял шалгуулах хуудас болон иргэний үнэмлэхний лавлагаа, цагдаагийн асап сангийн бүртгэлээр тогтоогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 130-135 дугаар хуудас/

 

Шүүхээс нотолбол зохих ямар ажиллагааг хийж гүйцэтгүүлэх нь ойлгомжгүй яллагдагчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийн хугацаа алдсан, нөхөн гүйцэтгэх боломжгүй процессийн зөрчлүүдийг дурьдсан байхад хүсэлтэд дурдсан ажиллагааг яаж хийх талаар тодорхой заагаагүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар эд зүйл хураан авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад хэргийг буцаах үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

 

Иймд шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 561 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган тогтоосон, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч Т.Эрэнтовч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэв.

 

Яллагдагч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг миний бие үйлдээгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан судлан үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

 

Үүнд: Мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан хэргийн материалтай хэргийн оролцогч нь мөрдөгчийн тогтоосон хугацаанд танилцаж мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй ба мөрдөгч уг эрхийг нь хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан.

 

Гэтэл хэргийн оролцогч нарт тухайн хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нотлох баримтууд болон хэргийн бусад материалуудыг бүрэн гүйцэд танилцуулж хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдээгүй байх тул энэ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан гэх үндэслэлд хамаарна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлохоор хуульчилсан.

 

Тухайн хэргийн яллагдагч М, Г.М, Г нар өмнө нь өөр гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан эсэх талаарх баримт буюу тэдний “Ял шийтгэлийн тэмдэглэл” хэрэгт огт авагдаагүй байх тул уг баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч хэрэгт хавсаргуулах зайлшгүй шаардлагатай болно.

 

Энэ нь шүүхээс яллагдагч нарыг гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдийг зөв хэрэглэн, үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлж болохуйц, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх  зүйн байдалд шууд нөлөөлөхүйц зайлшгүй шаардлагатай нотлох баримтад хамаардаг.  

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн “Тэмдэглэх болон Тогтоох” хэсгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллагдагч нарын биеийн байцаалт, прокуророос яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас илт зөрүүтэй болжээ.

 

Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч хянан үзсэн даруй эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналаа прокурорт гаргаж, прокуророос уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуулийн 30.8, 30.9, 30.10 дугаар зүйлүүдэд тус тус заасан.

 

Хэргийн 4 дүгээр хавтасны 5 дугаар талд иргэн Б.Баянзулын Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн Тахилт гэх газраас 9 тооны адуу алдсан гэх гомдол мэдээлэлд үндэслэн нээсэн 183400808 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоол уг хэрэгт авагдсан байх ба үүнтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн ямар ажиллагаа хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг тогтоол нь хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхэд нотолгооны хувьд ямар ач холбогдолтой, шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлөх, юуны учир уг тогтоолыг тухайн хэрэгт хавсаргасан гэдэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэжээ.

 

Иймд энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг гомдол эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд хянан үздэг.  

 

Тус шүүхээс хуулиар олгогдсон дээрх эрхийн хүрээнд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед дор дурдсан нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлсний эцэст яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 М, Г.М, Г, О.Б нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулан авсан гэрчийн мэдүүлэгт О.Болорчулуун 9 удаагийн, Г 8 удаагийн, М 7 удаагийн, М5 удаагийн үйлдлүүдээр бусдын адууг хулгайлан авч төхөөрч, худалдан борлуулсан талаар мэдүүлсэн байдаг.

 

Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 151/А дугаар яллах дүгнэлтээр М, Г.М, Г нарыг нийт 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны бог мал буюу нийт 24 адууг хулгайлан 51.680.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллаж байгаа ба, тэдний мэдүүлэгт дурдагдсан яллах дүгнэлтэд тусгагдаагүй бусад үйлдлүүдийг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн гэж үзэн яллах дүгнэлтэд оруулалгүй орхигдуулсан, энэ нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Хэдийгээр хэргийн 4 дүгээр хавтасны 3-4-р талд иргэн О.Болдбаярын 4 тооны адууг хулгайлсан гэх эрүүгийн 1834002100346 дугаартай, 6-7-р талд иргэн Ц.Лхагважавын 8 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэх 1934000000349 дугаартай, 9-10-р талд иргэн Г.Өсөхжаргалын 5 тооны адууг хулгайлсан гэх 1934000000375 дугаартай эрүүгийн хэргүүдийг яллагдагч М нарт холбогдох эрүүгийн 1834008090395 дугаартай хэргээс прокурорын тогтоолуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгаарлан яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан тогтоолууд нь хуулбарлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагыг хангаагүй байх тул шүүхээс уг баримтуудыг үнэн, зөв гэж үнэлэн хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр бэлчээр дээрээс нь болон бусад газраас хууль бусаар авч гэмт этгээд өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээс үзвэл М, Г.М, Г, О.Б нар нь бусдын олон тооны адууг бэлчээр дээрээс нь туун авчирч ой мод болон хашаанд оруулан хаших зэргээр өөрсдийн эзэмшил ашиглалтад бүрэн шилжүүлсний дараагаар заримыг нь нядлан бусдад зарж борлуулдаг байсан талаар тусгагджээ.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг нь бусдад учруулсан нийт хохирлоор бус, зөвхөн нядалсан гэх адууных нь бодит хохирлоор нь тооцон тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасантай нийцээгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс хохирогчид зарим хэсгийг нь нөхөн төлснөөс үл хамаарч нийт учруулсан хохирлоор нь тооцон шийдвэрлэдэг нь эрүүгийн эрх зүйн хувьд тогтсон ойлголт байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжээч томилон шинжилгээ хийлгэхээр заасан.

 

Мөрдөн байцаалтын шатанд хуулийн дээрх заалтыг зөрчиж мөрдөгчөөс шинжээч томилсон тогтоол үйлдэлгүйгээр зарим хохирогч нарын алдсан гэх адууг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн нь буруу байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг шинжээчийн дүгнэлтийг шүүхээс хууль ёсны гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

 

Түүнчлэн хохирогч Л.Тэрбишийн хүрэн, Т.Эрэнтовчийн хүрэн зээрд азаргануудыг тус бүрийг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь харьцуулалтын ямар аргыг ашигласан юуг шинжилгээнийхээ үндэслэл болгосон зэрэг нь тодорхой бус эргэлзээтэй байдлыг бий болгож байх тул дахин шинжээч томилон энэ байдлыг шалган сайтар тодруулах нь зүйтэй.

Яллагдагч Г, О.Болорчулуун нар нь бусдын адууг мотоцикль, морь ашиглан бэлчээр дээрээс нь тууж явдаг байсан талаар мэдүүлсэн байтал мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын гэмт хэрэгтээ үйлдэхдээ ашигласан гэх эд, хөрөнгөнүүдээс Мын өмчлөлийн, улсын дугааргүй Dayun Yingang маркийн мотоцикл, Hyundai маркийн 8541УНМ улсын дугаар бүхий Porter машинаас өөр зүйлүүдийг битүүмжилж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 99/30А тоот захирамжаар Г.Мөнхбат, М нарыг яллагдагчаар 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч Г.Мөнхбат, М нарт мөрдөгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байх бөгөөд тэдэнд хэрэглэсэн байсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэдийд ямар шийдвэрийг үндэслэн өөрчилсөн талаарх материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргуулах нь зүйтэй.

 

Энэ нь шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзэн хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулахад хүрвэл Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн биечлэн эдлэх ялыг тогтооход зайлшгүй шаардлагатай байдаг болно.

 

Яллагдагч О.Болорчулуунд холбогдох хэргийг прокурорын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4 тоот тогтоолоор “мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, цэргийн албанд татагдаж алба хааж байгаа” гэх үндэслэлээр буруу тусгаарласан байх ба уг прокурорын тогтоолоос үзвэл тэрээр хаана байгаа нь тодорхой байх ба түүнийг бусад яллагдагч нарын хамт хэргийг хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэж хохирогч нарт учирсан хохирлын асуудлыг хуульд заасан шударга ёсны зарчимд үндэслэн хуваарилахад саад учруулахаар байгааг анхаарвал зохино.

 

Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан, яллагдагч М, Г.Мөнхбат, Г нарыг яллаж байгаа хохирогч Ө.Мөнхбатын 3 тооны адууг Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүл ар гэх газраас 2018 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хулгайлан 2.170.000 төгрөгийг хохирол учруулсан гэх үйлдэлд өөр этгээд шүүхээр гэм буруутайд тооцогдон, ял шийтгүүлсэн талаар өмгөөлөгч Ж.Нарантуяагаас анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд дурдагдсан байх тул уг асуудлыг нарийвчлан шалган тогтоох зайлшгүй шаардлагатай болно.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан захирамждаа өмгөөлөгч Ж.Нарантуяагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлт нь үндэслэлтэй байх тул дурдагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй хэмээн заасан.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах явцдаа өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан, тухайн хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаануудыг магадлалд заасан үндэслэлүүдэд багтаан мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба бусад “хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, худал мэдүүлсэн, тэдгээрийн мал тооллогын А дансыг хэрэгт хавсаргаагүй, яллагдагч нараас холбогдох байгууллагуудад хандан гаргасан гомдлын хариу ирээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэх асуудлуудаа цаашид хүсэлтээ гарган тухай бүрд нь шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 561 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                   ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

 

                                                                                         М.МӨНХДАВАА