| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/01935/И |
| Дугаар | 101/ШШ2023/03531 |
| Огноо | 2023-07-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/03531
2023 07 25 101/ШШ2023/03531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, Ш******* овогт Ц*******ийн Г******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, Б******* овогт Д*******гийн Т******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, Б******* овогт Хын Га /РД:/-д холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д /Ү№/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Г*******, Д.Т******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмгөөлөгч Т.Дын хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Г******* нь өөрийн өмчлөлийн арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Гын худалдаж авах гэж буй газрын төлбөрт 90 000 000 / ерэн сая / төгрөгт тооцож 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн байна.
Гэвч бодит байдал дээрээ Ж.Га нь газар худалдан авч чадаагүй байх бөгөөд Х.Га болон Ц.Г******* нарын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байхад тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлж, бодитоор Х.Гын эзэмшилд шилжүүлэн хүлээлгэн өгсөн.
Д.Т******* нь өөрийн нөхөр Ж.Гыг, хамт ажилладаг Х.Гатай хамтарч газар худалдаж авахаар болсон гэхээр нь 2012 оны 11 дүгээр сард Х.Гын хаан банкны данс руу 10 000 000 /арван сая/ төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн үед бодитоор Х.Гад худалдах газар байхгүй байсан байдаг.
Тус асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 3017 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан болно.
Хариуцагч Х.Га нь Ж.Гатай газрыг бодитоор хувааж аваад эзэмшсэн зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2011.12.30-ны өдөр Ланд круйзер маркийн машин Ц.Г*******ын өмчлөлд байсныг 2012.12.05-ны өдөр хариуцагч Х.Гад шилжүүлж өгсөн. Хэдийгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч өмч хөрөнгөө шилжүүлээд өгсөн үйл баримт тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй эд хөрөнгийг шилжүүлж өгсөн гэж үзэж байна.
Хариуцагч тал хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг буруу тайлбарлаж байна, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж хэрэгсэхгүй болгосон талаар прокурорын тогтоолд тодорхой тусгасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан. Бид үйл баримт болсон 2012 оны 12 сараас хойш 2022 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бол уг шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар хүү, алданги нэхэмжлээгүй. Х.Галгад газар эзэмших эрх олгогдчихоод байхад хувааж авахаар тохиролцсон хүмүүст өгөөгүй мөртлөө үүнийгээ хөөн хэлэлцэх хугацаагаар халхавчилж байна гэж үзэж байна.
Иймд Х.Гаас 2012 оны 11 сарын 05-ны өдөр өөртөө шилжүүлж авсан арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 90,000,000 төгрөгийг Ц.Г*******т, түүнд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Д.Т*******т тус тус гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Х.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х.Га нь нэхэмжлэгч Ц.Г*******, Д.Т******* гэдэг хүмүүсийг танихгүй, эдгээр хүмүүстэй ямар нэгэн наймаа хийж байгаагүй, тэдний хооронд өр төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Х.Га нь 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны таг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг өөрийн танил Ж.Гатай хувааж авахаар тохиролцон, газрын үнэ болох 200,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон. Ж.Га нь өөрийн худалдан авсан газрын төлбөрт 90,000,000 төгрөгт машин оролцуулж өгсөн нь үнэн.
Гэхдээ уг машиныг Х.Гын нэр лүү шилжүүлээгүй харин тухайн үед газрын эзэн байсан хүний нэр рүү шууд шилжүүлж тооцоо хийсэн. Мөн 10,000,000 төгрөгийг тухайн үед нь газраа зарсан хүний дансанд нь шилжүүлсэн.
2012 ондоо газраа тус тусдаа авч эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2017 онд газрын гэрчилгээг сунгуулж чадаагүй юм. Гэхдээ 2012 оноос 2022 он хүртэл Ж.Г******* нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж, "Төмрийн худалдаа" явуулж байсан. Энэ тухай Цагдаагийн байгууллага шалгаж тухайн хэрэг материалд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн билээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоолоор Ж.Гын 2017 онд гаргасан өргөдлийг 2018 оны 11 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир эрүүгийн журмаар шалгах боломжгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
2012 онд газар худалдан авах үйл ажиллагаа явагдаж 2012.11.05-ны өдөр Ц.Г*******аас машиныг Х.Га руу шилжүүлээд, Х.Га нь 2012.11.12-ны өдөр Далай ван буюу газар зарсан компани руу шууд шилжүүлсэн. Х.Га нь машиныг өөртөө аваагүй бусад руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс Ж.Га нь мөнгийг нь аваад өгөөгүй байж болно, гэхдээ үүнийгээ Х.Гаас биш Ж.Гаас нэхэмжлэх эрхтэй. Х.Га энэ хэрэгт хамааралгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй этгээд нь Ж.Га гэдэг прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Гэтэл Ж.Гаас нэхэмжлэгч нар ямар нэгэн итгэмжлэл аваагүй байгаагаас үзэхэд Ц.Г******* Д.Т******* нар шаардах эрхтэй этгээд биш байна.
2012 онд машин болон мөнгийг шилжүүлсэн гэж байна, үүнээс хойш Х.Гыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ талаар шаардлага гаргасан, ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Үүнээс үзэхэд 100,000,000 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байх ба Ц.Г*******, Д.Т******* болон Х.Га нарын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал яригдахгүй, харин Ж.Га болон Х.Га нарын хооронд үүссэн үүрэг, үүнтэй холбоотой үүргийн гүйцэтгэл яригдах ёстой юм.
Тэгээд ч нэхэмжлэл дээрээ Ж.Гын худалдаж авсан газрын төлбөрт 90,000,000 төгрөгийг 2012.12.05-ны өдөр шилжүүлсэн гэж байгаагаас үзэхэд Ж.Гын төлбөрт мөнгө өгөөд байгаа болохоос биш Х.Гад өгөөгүй юм.
Иймд Ц.Г******* болон Д.Т******* нарын 100,000,000 төгрөг гаргулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татварын албаны төлбөрийн даалгавар, Ц.Г*******аас 2023.02.03-ны өдөр, Д.Т*******аас 2023.02.07-ны өдөр тус тус Б.Ад олгосон итгэмжлэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-13/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Х.Гаас 2023.03.30-ны өдөр Ю.Сд олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 18,34/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г*******, Д.Т******* нар хариуцагч Х.Гад холбогдуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
3. Шүүх нэхэмжэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Х.Гад холбогдох, хохирогч Ж.Гын ...2012 оны 11 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалтай Улсын бүртгэлийн 8028/5078, 18633307474053 дугаартай 8000 мкв бүхий хэмжээтэй, аж ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг 200,000,000 төгрөгөөр хамтарч худалдаж авахаар тохиролцож, 90,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл, бэлэн 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг газрыг нэр дээр шилжүүлээгүй залилсан гэх хэрэг бүртгэлтийн 201726011105 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлцэх хугацаа дууссан хэмээн хааж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-9/
4.1. Уг тогтоолын 3-т хохирогч Ж.Га нь хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар иргэний шүүхэд хандаж Х.Гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байна.
5. Нэхэмжлэгч Ц.Г******* нь өөрийн өмчлөлийн арлын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Гын худалдаж авах гэж буй газрын төлбөрөөс 90,000,000 төгрөгт нь тооцож 2012 оны 11 сарын 05-ны өдөр шилжүүлсэн,
Нэхэмжлэгч Д.Т******* нь 2012 оны 11 сард Ж.Гын худалдан авч буй газрын төлбөрийн үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг банкаар дамжуулан Х.Гад тус тус шилжүүлсэн боловч Ж.Гад газар эзэмших эрхийг шилжүүлэхгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.
6. Хариуцагч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Ж.Га, түүнээс олгосон итгэмжлэл болон 2012 оноос хойших хугацаанд машин болон мөнгийг шаардсан талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгч нар шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, Ж.Гын худалдаж авсан газрын үнэнд төлбөрийг шилжүүлсэн болохоос Х.Гад өгөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
7. Хэрэгт, нэхэмжлэгчээс арлын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг ирүүлсэн.
7.1. Энэхүү лавлагаагаар дээрх тээврийн хэрэгсэл нь 2011.12.30-2012.11.05-ны хооронд Ц*******ийн Г*******ын, 2012.11.05-2012.11.12-ны хооронд Хын Гын, 2012.11.12-2017.09.02-ны хооронд Далайван Аудит ХХК-ийн,...өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна. /хх-ийн 10-13/
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай.
9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтаар Ж.Гын худалдан авч буй газрын төлбөр болох 100,000,000 төгрөгийн төлбөрт нэхэмжлэгч Ц.Г******* нь ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгт тооцон, Д.Т******* нь 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
9.1. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Гыг хохирогчоор тогтоосон, түүнийг хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан, Х.Гад холбогдох, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд гомдол гаргасан талаарх баримтгүй байх тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
9.2. Тогтоогдож буй дээрх үйл баримтаас үзэхэд үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд нь хариуцагч Х.Га гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хохирогч Ж.Гаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нэхэмжлэгч нарт олгосон талаарх баримтгүй, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй болно.
10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж тодорхойлсон байх ба үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсантай холбоотой хөөн хэлэлцэх тусгай хугацааг хуулиар тогтоогоогүй тул тус шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасантай нийцэхээр байна.
10.1. Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-т Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардсан эсэх нь шаардлагатай байх ба нэхэмжлэгч нь ийнхүү шаардсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
10.1.1. Үүнээс үзэхэд дээр дурдсан хуульд заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
11. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь өөрсдийн шаардах эрхтэй болохыг, түүнчлэн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
12. Иймд хариуцагч Х.Гаас, 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г*******ын, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Гад холбогдох, 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Г*******ын, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2023/15340 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ