Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00163

 

          У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч:  Г овогт Ц.Д

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч: Ц.Д,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

         1.1. Миний бие нь 1966 онд төрсөн, 58 настай. У аймгийн М сумын дунд сургуульд 1 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч аав ээждээ туслахаар мал хариулж байсан. 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэрэгт яваад 1988 оны 06 дугаар сарын 19-ны өдөр цэргээс халагдан ирсэн. 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн баримт бичиг бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд миний У аймгийн М сумын М нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, мөн нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

          2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, У аймгийн архивын тасгаас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан .... дугаар тодорхойлолт, Ц.Д-ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, баталгаажилтын хуудас, ХААТР-1 маягт, төрсний бүртгэлийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан лавлагаа, Х.Б-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ц.Ц-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

             3. Шүүхээс У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №12, гэрч Х.Б, Ц.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

         1. Нэхэмжлэгч Ц.Д-ын У аймгийн М сумын М нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, У аймгийн М сумын М нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Д-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Ц.Д нь ажилд томилсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          Ц.Д нь 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 19-ний хооронд цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан лавлагаагаар нотлогдож байна.

            3. У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ц.Д-ын БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарт Ц.Д, М сумын М нэгдэлд 1984 оноос хоньчноор ажиллаж эхэлсэн, 1984 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн хаягийн хуудас №7-д хоньчин ажилтай гэж, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэснийг бүртгэх анкетад түүнийг М сумын М нэгдэлд хоньчин гэж тус тус тэмдэглэжээ.

         4. Шүүхээс гэрч Х.Б, Ц.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Б Би 16 настайгаасаа М сумын М нэгдлийн Б бригадад малчин хийж байгаад 1970 онд цэрэгт татагдаад 1973 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1990 оноос мал малласан голдуу бог мал буюу хонь маллаж байсан. Ц.Д бид нар нэг багийн хүмүүс, нэг багт мал малладаг байсан тул Ц.Д-ыг сайн танина. Ц.Д М сумын М нэгдлийн Б бригадад 1983 оноос мал маллаж эхэлсэн, голдуу хонь малладаг байсан. Ц.Д 1985 онд цэргийн албанд татагдаж 1988 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд М сумын М нэгдлийн Б бригадад 1990 он хүртэл мал малласан.1990 онд хувьчлал тараад мал маллахаа больсон гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн М сумын М нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ц.Ц Би М сумын М нэгдлийн Б бригадад 1985-2000 он хүртэл мал маллаж байсан. 2000 онд ар гэрийн гачигдлаар Улаангом сум руу орж ирсэн. Ц.Д бид хоёр нэг нутгийн хүмүүс, нэг айл хошой болж мал маллаж байсан тул Ц.Д-ыг сайн мэднэ. Ц.Д аав, ээжтэйгээ М сумын М нэгдлийн Б бригадад амьдардаг байсан, 1983 оноос 16 настайгаасаа мал маллаж эхэлсэн. Голдуу бог мал /хонь/ малладаг байсан. Ц.Д 1985 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1989 он хүртэл мал малласан. Ц.Д 1990 онд У сум руу орж ирсэн, одоо У-д амьдардаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр У аймгийн М сумын М нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

         5. Нэхэмжлэгч Ц.Д нь У аймгийн М сумын М нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, У аймгийн М сумын М нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ц.Д-ын Ц.Д, М сумын М нэгдэлд 1984 оноос хоньчноор ажиллаж эхэлсэн гэх ХААТР-1 маягт, хоньчин ажилтай гэж 1984 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн хаягийн хуудас №7, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэснийг бүртгэх анкетад М сумын М нэгдэлд хоньчин гэж тэмдэглэсэн байдал, гэрч Х.Б, Ц.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

          6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.Д-ын У аймгийн М сумын М нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, У аймгийн М сумын М нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь зарим бичилтүүд нь усанд норж арилсан байх тул үнэлээгүй болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Ц.Д-ын У аймгийн М сумын М нэгдэлд 1984 оны 1 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, У аймгийн М сумын М нэгдэлд 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 П.БОЛОР