Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/75

 

 

 

 

 

Л.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Хохирогч Б.Ширмэнтогоо /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Шүүгдэгч Л.З /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Зд холбогдох эрүүгийн 2034000000566 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,

 

Л.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Балир хайрхан” гэх дэлгүүрт 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоог албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Монгол овгийн Лувсанбалдангийн Зг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Зг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Зд оногдуулсан 2.700.00 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.З цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдсан гомдолдоо:

1. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй..." гэсэн хуулийн заалтыг хэрэглэж шүүх Л.Зд холбогдох хэргийг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т гэмт хэргийн шинжгүй, мөн зүйлийн 1.8-д гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэсэн хуулийг заалтуудыг хэрэглэх байтал хэрэгт авагдсан нотлох баримтуудад ташаа дүгнэлт хийж нотлогдоогүй факт баримтуудыг дурьдаж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: "...Төв аймгийн Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоогийн хууль сахиулахаар ирсэн шаардлагыг эсэргүүцэж шүүгдэгч Л.З нь согтуугаар эрх чөлөөнд халдаж 3 удаа өвдөг хэсэг үрүү өшиглөж, гараараа нүүр рүү 2 удаа алгадсан мөн нүүрэн тус газар хумсаараа маажиж, цөмж байсан самрын ясаа шидэж, нүүр рүү нь салаавч гаргаж ам руу нь хийж хөх гэх зэргээр гаргасан үйлдэл нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж..." дүгнэлт хийсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Л.Зг согтуу, ямар хэмжээний согтолттой байсан эсэх талаар тогтоосон шүүх шинжээчийн дүгнэлт байхгүй бөгөөд Б.Ширмэнтогоог 3 удаа өвдөг хэсэг рүү өшиглөж, гараараа нүүр рүү 2 удаа алгадсан гэсэн Б.Ширмэнтогоогийн мэдүүлгээс өөр түүнийг нотолсон баримт нотолгоо хэрэгт байхгүй байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүх хурлын хэлэлцүүлэгт Б.Ширмэнтогоо нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд галт зэвсэгийн багш гэж худал мэдүүлж байгаа бөгөөд одоогоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хэсэг, хороонд цагдаа хийж байгаагаа огт хэлсэнгүй.

 

3. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоо нь хэний ямар дуудлагаар, ямар зорилгоор тухайн дэлгүүрт очсон нь тодорхойгүй, тодруулбал хавтас хэрэгт Цагдаагийн байгууллагад хэзээ, хэн, ямар дуудлага өгсөн, хэн хүлээн авсан зэрэг нь хавтас хэрэгт байхгүй. Харин шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл уг дэлгүүр худалдаа үйл ажиллагаа явуулаад бэлэн мөнгөнд Е-баримт олгоогүйгээс болж маргалдан Л.З цагдаа дуудах хүсэлт гаргасан байдаг юм. Гэтэл Б.Ширмэнтогоо гаднаас дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн худалдагчтай харьцах байтал шууд Л.З руу очиж ёс зүйгүй дайрч, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм журмаа мэдэхгүй, иргэнтэй хүндэтгэлтэй харьцахгүй зэрэг хоорондын таарамжгүй харилцаанаас болж уг зөрчил гарсан нь хэргээс тодорхой харагдаж байна.

 

4. Б.Ширмэнтогоо нь тухайн дэлгүүрийн хүмүүстэй ойр дотно харьцаатай энэ зөрчил гаргахаас өмнөхөн тэнд хоол идээд гарсан, Л.З, Б.Ширмэнтогоо нар үүнээс өмнө ажил төрлөөс болж 2 удаа маргалдан үг хэлээ олж чадаагүй зэргээр хувийн таарамжгүй харьцаатай байсан төдийгүй хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоо нь Цагдаагийн алба хаагчийн туршлага, мэдлэг, чадвар дутмаг байдлаасаа болж өөрийн цагдаагийн албан тушаалаа хэтрүүлэн, ёс зүйгүй, иргэдтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаагүй зэргээс харахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-д:

 

2.2.3. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

 

2.4.1. Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг.хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх;

 

2.4.13. Иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх;

 

2.4.15. Цагдаагийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харьцах гэж заасан дүрэм, мөн Цагдаагийн албаны үйл ажиллагааны код журамд "биечийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх" 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/262 тушаалд "Цагдаагийн албаны тухай хуулийн 47-58 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны A/224, А/102 дугаар тушаалаар баталсан "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ыг тус тус зөрчснөөс уг зөрчил гарсныг шүүх анхаарч үзэлгүйгээр шууд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоогийн үйлдлийг зөвтгөж, мөн иргэн Э.Саранчимэг нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан "...Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж , хэвлэлийн хор, тасалбар цаас, пост терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй..." гэснийг зөрчиж иргэнд татварын Е-баримт хэвлэж гаргаж өгөөгүй байхад шүүх авч үзэлгүй миний үйлчлүүлэгч Л.Зг шууд буруутгаж ял оногдуулсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

5. Хохирогч гэх Б.Ширмэнтогоо нь дэлгүүрийн худалдагч Э.Саранчимэг, түүний нөхөр Б.Алтанбаатар нарын хууль бус үйлдлийг нь хамгаалж, тэдгээрт шаардлага тавихын оронд Е-баримт авах гэж шаардлага тавьсан Л.Зтай миний дээр дурдсанаар ёс зүйгүй хандсан төдийгүй Л.Зг дэлгүүрт гавлаж машины арын хаалганы дээд бариулаас гавлаж орхиод дэлгүүрт эргэн орж 15-20 минутын дараа гарч ирсэн нь нотлогдож энэ хооронд дэлгүүрийн хүмүүстэй үг яриагаа нэгтгэсэн нь тодорхой харагдаж байгаа бөгөөд Э.Саранчимэг, Б.Алтанбаатар түүний дүү нарын мэдүүлгээс өөр хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг байхгүй байхад үүнийг нотлох баримт болгож шүүх Л.Зд оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Дээрхи байдлуудаас дүгнэлт хийхэд миний дээр дурьдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 болон 1.8 дахь хэсгүүдэд зааснаар Л.Згийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй зайлшгүй буруутай гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцлага ноогдуулж болох үндэстэй гэж үзэж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Зд ял оногдуулсныг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ноогдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлож чадаагүй байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй болсон. Тухайн үед Л.Зг согтуурсан байсан гэдгийг болон цагдаагийн байгууллагад хэн дуудлага өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Хохирогч ч гэсэн ёс зүйн дүрмээ зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү, давж заалдсан гомдлоо дэмжиж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Згийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл;

 

Шүүгдэгч Л.З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Балир хайрхан” гэх нэртэй хүнсний дэлгүүрт тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг, цагдаагийн дэслэгч Б.Ширмэнтогоо руу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний өмсөж явсан албаны дүрэмт хувцасных нь байгууллагын таних тэмдгийг нь урсан, хөлийн өвдөг хэсэг рүү нь 3 удаа өшиглөх, гараараа нүүр рүү нь 2 удаа алгадах, нүүрэн тус газарт нь маажих, цөмж байсан самрын ясаа нүүр рүү нь шидэх, гараараа салаавч гарган ам руу нь хийж хөх гэж доромжилсон буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна. 

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь хохирогч Б.Ширмэнтогоогийн “...тухайн иргэнд хууль ёсны шаардлага тавьсан боловч намайг хэл, амаар доромжилж агсам тавьсан бөгөөд удаа дараа үйлдлээ таслан зогсоож шаардлага биелүүлэн дагаж явахыг шаардсан боловч огт биелүүлэхгүй болохоор нь явахыг шаардан дэлгүүрээс гаргах гэсэн боловч эсэргүүцэл үзүүлэн өшиглөж, өвдөглөж, хэл амаар доромжилж цөмж байсан самрын ясаа миний нүүр рүү шидэж, нүүр, гар маажсан...”[1] гэх,  

 

Гэрч Э.Саранчимэгийн “...хэсгийн төлөөлөгч Б.Ширмэнтогоо орж ирээд уг эмэгтэйг та чинь согтуу байгаа юм байна шүү дээ гэхэд шууд урдаас нь өшиглөөд гөлөг минь гэж хэл амаар доромжлоод маргалдаад Б.Ширмэнтогоо руу салаавч гаргаад үүнийг долоо, чамайг амьтан болгоно гээд дэлгүүрийн лангуун дээр байсан самрыг цөмөөд Б.Ширмэнтогоо руу шидээд дайраад байхаар нь Б.Ширмэнтогоо болиулах гээд нэг гарт нь гав зүүн авч гарсан..., ...ялааны наалддаг хор байсныг авч нүүр рүү нь чулуудаад нүүр, амыг нь цохисон уу, маажсан уу ямар ч байсан Б.Ширмэнтогоо цагдаагийн уруул орчмоос цус гарчихсан байсан...”[2] гэх,

 

Б.Алтанбаатарын “...сумын газрын даамал цагдааг доромжлоод байж байсан, тэгээд Б.Ширмэнтогоо цагдаа Л.Зг дэлгүүрээс гаргах гээд шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлээд огт гарахгүй байсан..., ...цагдааг өшиглөж, доромжилж, нүүр рүү нь цөмсөн самрынхаа ясыг шидэж байсан...”[3] гэх,

 

Э.Гүнсэнпилийн “...өөрөө дуудсан цагдаагаа хөл рүү өшиглөсөн чинь цагдаагийн алба хаагч яаж байна аа гэсэн чинь цагдаагийн зүүн хацар руу алгадсан..., ...дэлгүүрт байсан ялааны хор, самар болон самар цөмөөд цагдаа руу шидээд, цацаад байсан...”[4] гэх мэдүүлгүүд болон Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 513 тоот “...Б.Ширмэнтогоогийн биед зүүн хацар, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна..., ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...”[5] гэх шинжээчийн дүгнэлт, “Балир хайрхан” дэлгүүрийн хяналтын камераас хуулбарлан авсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Л.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдсан хууль сахиулагчийн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд зориуд, санаатайгаар халдан хохирол, хор уршигт хүргэсэн байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Зг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний хүрээнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн болон хэргийн бодит байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын зорилго, агуулгаас үзвэл цагдаагийн алба хаагч нь хэдийд ч, хаана ч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албан хаагч байхаар заасан.  

 

Дээрх хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд сахин биелүүлэх үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрч, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд холбогдох журамд заасны дагуу биеийн хүч, бусад тусгай хэрэгсэл хэрэглэх эрх бүхий субъект юм.  

 

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй хэдийд ч, хаана ч тулгарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн тусгай албан хаагч бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэх явцад түүний эсрэг хийсэн бусдын санаатай хууль бус үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан түүний хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг үүссэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хэн нэгэн этгээдийн өгсөн гомдол, мэдээлэл, үүрэг даалгавар ямар нэгэн ач холбогдолгүй байдаг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэрч нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй этгээд бөгөөд тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Саранчимэг, Б.Алтанбаатар, Э.Гүнсэнпил нарт худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан авсан мэдүүлэг авсан байх тул уг мэдүүлгүүдийг нь хохирогч Б.Ширмэнтогоотой үгсэн хуйвалдан өгсөн худал мэдүүлэг гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх боломжгүй.  

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Харин Л.Зд холбогдох хэргийг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[6] баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

 

Л.Згийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь дээрх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, тэрээр уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрийн үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын гаргасан дүгнэлт зэргийг үндэслэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Згийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус заасныг баримтлан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Монгол овогт Лувсанбалдангийн Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

 

                       ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                                               М.МӨНХДАВАА

 

 

 

[1] хх-ийн 9-р тал

[2] хх-ийн 17-20-р тал

[3] хх-ийн 21-22-р тал

[4] хх-ийн 27-28-р тал

[5] хх-ийн 31-32-р тал

[6] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/