Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 135/шш2024/00430

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/00430

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00154/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ***тоотод оршин суух, *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** баг, өөрийн байранд байрлах “***” ХХК-д холбогдох,

“*** дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг болон дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“Миний бие ******* гүйцэтгэх захирлын тушаалаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ***т хамгаалалт аюулгүй байдлын албанд сахиулаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хууль, компанийн дотоод журам ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдаагүй, шударгаар, хичээнгүйлэн ажилласан билээ. Түүнчлэн үйлдвэрээс зохиогдож байсан аливаа ажил, тэмцээн уралдаанд идвэхи зүтгэлтэй оролцож ирсэн. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “***” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасны дагуу мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэл авсны даруй 2023 оны 11 сарын 25-ны өдөр үйлдвэртээ өөр тохирох ажлын байр руу шилжүүлж ажиллуулах хүсэлтээ холбогдох санхүүгийн сургууль төгссөн дипломын хуулбарын хамт гаргаж өгсөн. Гэвч өөр ажлын байранд шилжүүлж ажиллуулаагүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай *** тоот тушаал гарсан байсан. Тус тушаалыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар ирснийг гардан авсан болно. Хамгаалалт, аюулгүй байдлын албанаас 30 ажилтны орон тоо бүтэц өөрчлөгдөж цомхотголд орсон ажилтнуудаас 29 ажилтныг үйлдвэрийн бусад цех хэлтэст ажлын байрыг нь шилжүүлэн ажиллуулсан байдаг. Харин намайг ажлаас халсан тухай мэдэгдэхдээ эмэгтэй хүнд тохирох ажлын байр байхгүй гэсэн боловч гаднаас эмэгтэй ажилтнуудыг шинээр авч ажиллуулсаар байгаа юм.

******* нь 2023 оны 12 сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154.3, 154.4 дүгээр зүйлд зааснаар Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны шийдвэрт “... *** ХХК-аас иргэн *******гийн хүсэлтийг үндэслэн хүний нөөцдөө бүртгэж давуу байдал олгох замаар тохирсон ажлын байранд эхний ээлжинд авч ажиллуулахыг зөвлөж шийдвэрлэсэн” нь асуудлыг зөвлөсөн агуулгатай шийдвэр гарсан. Иймд миний бие бүтэц орон тооны цомхотголоор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тушаалыг хүчингүйд тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн томилох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. *** нь Гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ***т хамгаалалт, аюулгүй байдлын албанд сахиулаар ажилд орсон байдаг. Тус байгууллагат ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн хууль, компанийн дотоод журам, мөн бусад зөрчил гаргаагүй ажилласан. Мөн тус үйлдвэрээс олон улсын чанартай тэмцээн уралдаанд шатрын төрөлд оролцож тухайн үед үйлдвэрийн нэр хүндэд нөлөөлөхүйц байранд орж байсан байдаг. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ***ээс бол мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид ирүүлсэн байдаг. Энэ мэдэгдлийг авсан даруйдаа ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдвэр дээрээ очиж уулзан би санхүүгийн сургууль төгссөн. Надад тохирох өөр ажлын байр луу шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж, Санхүүгийн бакалавр болон магистрын дипломын хуулбар, гар өргөдлийн хамт өгсөн байдаг. Гэвч энэ хугацаанд бол *** эмэгтэй ажилтнуудыг ажилд шинээр авсан. 2,3 хүн шинээр ажилд авсан байна гэдгийг ******* мэдсэн байдаг. Тэгээд ******* нь давуу байдал олгож ажилд авна гэсэн шийдвэр гарсан байхад ажил олгогч биелүүлэхгүй, одоо хэзээ ажилд авах нь тодорхойгүй байна гэж үзэж Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ бүтэц орон тооны цомхотголоор хөдөлмөрийн харилцаа дуусгаад байгаа тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд зааж байгаа хүний үндэс угсаа, хэл соёл, нас хүйс, нийгмийн гарал байдал эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг зэрэг үзэл бодлоор нь ялгаварлаж хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим буюу ялгаварлан гадуурхах гэдэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт Хөдөлмөрийн харилцаанаас ялгаварлан гадуурхалтыг хориглох гэх заалтууд зөрчигдөж байгаа учир шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. ***ийн гүйцэтгэх захирлын *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилд эргүүлэн тогтоож өгнө үү”  гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 01/03 дугаар “Компанийн зохион байгуулалтын бүтэц батлах тухай “ тогтоолыг үндэслэн гарсан компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн А/314 дугаар тушаалаар баталсан “Компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтад зааснаар хамгаалалт аюулгүй байдлын албаны бүтцээс гараашийн сахиулын орон тоо хасагдсан тул 2023 оны 11 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.11 –д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл үүссэн. Улмаар 2023 оны 11 сарын 08-ны өдөр ажил олгогчийн төлөөлөл *******д Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01/03 дугаар тогтоол, Компанийн гүйцэтгэх захирлын А/314 дугаар тушаалыг танилцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.42-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн.

2023 оны 12 сарын 08-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захирлын *** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.23-д заасны дагуу 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.154-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж                                 өгнө үү” гэв.

 

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирлын ***дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал, *******гийн ДТҮ-ийн захиргаа удирдлагын газарт, ҮЭ-д гаргасан өргөдөл, Бакалаврын дипломын хуулбар, *** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, магистрын дипломын хуулбар, Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4.  Хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбогдуулан *** ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 01/02 дугаартай тогтоол, *** ХХК-ийн дүрэм, төлбөрийн даалгаврын баримт,  *** ХХК-ийн мэдэгдэх хуудас, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Зарим баримт бичгийн нэр төрлийг боловсруулах, хянах, баталгаажуулах тухай” тушаал, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн А/314 дугаартай Компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаал, *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 09 сарын 22-ны өдрийн №01/03 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц батлах тухай тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 

5. Шүүхээс зохигчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 09 сарын 07-ны өдрийн №ХГ-2022-380 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Хамгаалалт, аюулгүй байдлын албаны гараашийн сахиулын ажлын байрны тодорхойлолт, Компанийн бүтэц, орон тооноос шилжилт хөдөлгөөн хийсэн ажилтны нэрсийн жагсаалт, *** ХХК-д шинээр томилогдсон ажилтнуудын судалгаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Хамгаалалт, аюулгүй байдлын албанаас 30 ажилтны орон тоо бүтэц өөрчлөгдөж цомхотгол хийгдсэн гэсэн боловч бүтэж орон тооны бүдүүвчээ танилцуулаагүй, 29 ажилтныг үйлдвэрийн бусад цех хэсэгт шилжүүлэн ажиллуулсан атлаа *******г ажлаас бүр мөсөн чөлөөлсөн. Тухайн үедээ эмэгтэй хүнд тохирох ажил байхгүй гэсэн боловч эмэгтэй ажилтнуудыг шинээр авч ажиллуулсан байна. Энэ нь Үндсэн хуульд заасныг зөрчиж, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж  байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийн үл ялгаварлан гадуурхах заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй...” гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Хамгаалалт аюулгүй байдлын албаны бүтцээс гараашийн сахиулын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл үүссэн. Хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг хүргэж, тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаж байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т: “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, мөн хуулийн 154.8-д: “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь дээрх хуульд заасны дагуу Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл/шийдвэр-ээр *** ХХК-иас иргэн *******гийн хүсэлтийг үндэслэн хүний нөөцдөө бүртгэж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэлийг харгалзан үзэж давуу байдал олгох замаар тохирсон ажлын байранд эхний ээлжинд авч ажиллуулахыг зөвлөж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-20 дугаар хуудас/

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дээрх хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.

 

5. Хэрэгт авагдсан *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын ***дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын “Компанийн зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 2023 оны 01/03 тоот тогтоол, Компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай 2023 оны А/314 тоот тушаал, хамтын гэрээний 2.3 дахь заалтын тус тус үндэслэн хамгаалалт аюулгүй байдлын албаны гараашийн сахиул Жадамба овогтой Болормааг ажлын байр хасагдсан тул 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 3 дугаар хуудас/

 

*** ХХК нь 2023 оны 11 сарын 08-ны өдөр *******д дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 12 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 46 дугаар хуудас/

 

*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 01/03 дугаартай тогтоолоор тус компанийн орон тооны дээд хязгаарыг 1550 болгон бууруулж, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар шинэчлэн баталсны дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 07-ны өдрийн А/314 дугаартай “Компанийн нэгжүүдийн орон тоо, ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалаар нэгжүүдийн нийт орон тоо, нэгжүүдийн ажил мэргэжлийн ангилал, албан тушаалын жагсаалтыг баталсан байна.

 

Энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар хамгаалалт, аюулгүй байдлын албыг 55 орон тоотой байхаар заасан бөгөөд гараашийн сахиулын орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 49-55 дугаар хуудас/

Нэхэмжлэгч *******д тус компанийн гүйцэтгэх захирлын дээр дурдсан тушаалын дагуу 2,656,000 төгрөгийн тэтгэмжийг 2024 оны 01 сарын 10-ны өдөр олгосон байна. /хх-ийн 45 дугаар хуудас/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Ийнхүү цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэхээр заасны дагуу хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч *******д бичгээр мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хуульд заасан журмыг баримталсан байх бөгөөд тус тушаалын үндэслэлийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.

7. Нэхэмжлэгч тал орон тоо хасагдсан нь үнэн боловч эмэгтэй хүн ажиллаж болох өөр ажил байхгүй гэсэн атлаа шинээр эмэгтэй ажилтныг ажилд авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үл ялгаварлан гадуурхах заалтыг зөрчсөн гэжээ.

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн 2023 оны 12 сарын 08-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр ажилд томилогдсон эмэгтэй ажилтны судалгаагаар нийт 5 эмэгтэй ажилтан ажилд авсан байгаа бөгөөд тэдгээр нь маркетингийн мэргэжилтэн, хяналтын инженер, Төмөр замын инженер, хүний нөөцийн мэргэжилтэн, төлөвлөлтийн ахлах инженер байна.

Тухайн байгууллага нь дээрх албан тушаалд зохих журмынхаа дагуу хүмүүсийг авч ажиллуулж байгаа нь нэхэмжлэгч *******г ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаас шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...******* нь нягтлан бодогч, эдийн засаг мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээр тохирох өөр ажилд томилох бүрэн боломжтой” гэж тайлбарлаж байгаа боловч шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг хянадаг бөгөөд тухайн байгууллагад тушаалд зааснаас өөр ажил, албан тушаал байгаа эсэх, байгаа бол тухайн ажлын байранд ******* тохирох эсэх асуудал нь тус байгууллагын дотоод асуудал тул шүүх энэ асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн тул *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

9. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан *******гийн *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ОЮУНЦЭЦЭГ