Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 33

 

Н.Д-н  

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                                                                   

       Хэргийн индекс: 148/2019/00320/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                              Оролцогчид:

                                Нэхэмжлэгч                                 Н.Д

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гомдлоор “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай” хүсэлттэй Н.Д-н нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин С.Б нь Шаамар сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа тус сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан Зөгийн 1 гудамж 2-6 тоот байрыг тухайн үедээ Засаг даргын тамгын газрын жолоочоос үл хөдлөхийн гэрчилгээ огт авч байгаагүй байшин худалдан авсан байдаг. Охин маань 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зуурдаар нас барсан. Бид нар охиныхоо байрыг эргэж тойроод л явж байдаг. Тэгээд хүнд зарах гэтэл тэр байшин ямар ч бичиг баримтгүй учраас зарагдах боломжгүй болчихоод байгаа юм.

Охиноос минь өнчин үлдсэн ганц охинтой одоо хөгшин бид хоёр дээр хамт амьдардаг. Асрамжийг нь өөрсөд дээрээ тогтоолгох гэсэн боловч настай хүмүүст хүүхдийн асрамж тогтоохгүй гээд ээжийнх нь ахынх нь асрамжинд өгсөн. Хэрвээ энэ байрны бичиг баримтыг нь бүрдүүлчихвэл зараад хэдэн төгрөгийг нь охиных нь нэр дээр хийвэл ирээдүйд зээ охинд минь хэрэг болох болов уу гэж бодож шүүхэд өмчлөгч тогтоолгохоор хандсан. Манай хүүхдүүдээс энэ байшинг булаацалдах хүн байхгүй. Одоо  байшин нь Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн Зөгийн 3 дугаар гудамжны 302 тоот байрладаг.  Иймд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан Зөгийн 3 дугаар гудамж 302 тоот 71 мкв байрны өмчлөгчөөр Н.Д намайг тогтоож өгнө үү гэжээ.

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 336 дугаартай шийдвэрээр:

       -  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус зааснаар Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багт байрлах Зөгийн ажилчдын байрны 2-ын 6 тоот байр буюу одоогийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг, Зөгийн 3 дугаар гудамж 302 тоот /71 мкв/ байрны өмчлөгч нь Нн Дн мөн болохыг тогтоож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурьдаж шийдвэрлэжээ.

 

           Нэхэмжлэгч Н.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: миний бие Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаснаар Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг, Зөгийн 3 дугаар гудамж 302 тоот /71 мкв/ байрны  өмчлөгчөөр тогтоолгосон билээ.

           Гэтэл шүүхийн шийдвэрт 301 гэж бичих атал 302 гэж бичигдснээр өөр айлын өмчлөлтэй давхцсан тул  шүүхийн шийдвэрт  Шаамар сумын Дэлгэр хаан 1 дүгээр багийн Зөгийн 3-ийн 302 тоот хөрөнгийн өмчлөгч гэснийг Зөгийн 3-ийн 301 тоот хөрөнгийн өмчлөгч гэж зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн бичилтэд алдаа гарсныг зөвтгүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

Хэргийн судлан үзвэл: Нэхэмжлэгч Н.Д нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн Зөгийн 3-ийн 301 тоотод байрлах 71 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч бичилтийн алдаа гаргасан  байх тул  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж,  анхан шатны шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж хэргийг  шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 336 дугаартай шийдвэрийн  Тогтоох хэсгийн

             1 дэх заалтыг:

           “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус зааснаар Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багт байрлах Зөгийн ажилчдын байрны 2-ын 6 тоот байр буюу одоогийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг, Зөгийн 3 дугаар гудамж 301 тоот /71 мкв/ байрны өмчлөгч нь Н-н Д мөн болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн  бусад заалтыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН