Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/76

 

 

 

 

 

Ж.Ө, М.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Гансувд

            Шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгч Ж.Ө /цахим сүлжээгээр/, М.Э

            Нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ө, М.Э нарт холбогдох эрүүгийн 2034000000453 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Ж.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэгз” амралтын газарт М.Этой түүний хууль бус үйлдлийн улмаас маргалдаж улмаар түүний зүүн хамар болон хацар хэсгийг дайруулан нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

М.Э нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэгз” амралтын газарт Ж.Өтой маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас М.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Өод мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Пүрэв овогт Мөнхбаярын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ө, М.Э нарыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Эоос 75.125 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Өод олгож, шүүгдэгч М.Э нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ж.Ө, М.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Ө бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Эоос гаргаж өгсөн “Сиди”-г шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдсан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Ж.Өод анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэж үзэж байна.

 

Ж.Ө нь хохирогч гэх М.Эид санаатайгаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаагүй бөгөөд өөрийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хариу үйлдэл үзүүлж аргагүй хамгаалалт хийсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог.

 

Үүнд: Гэрч Анхзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхэд өгсөн: “...Удалгүй Дашням, Бат-Очир хоёр амралтын газрын үүд рүү гүйгээд явчихсан. Араас нь Энхтүвшин бид 2 алхаад очиход амралтын гадна нэг машин ирсэн байсан. Тэр машины хаалгыг Золжаргал хаагаад дарсан байсан. Машин дотор Ж.Ө байсан юм байна лээ. Тэр үед Дашням өмссөн савхиа тайлаад тэр машиныг цохиод буугаад иp гэж байсан. Би Дашням дээр очоод чи болиочээ гэж хэлээд урдуур нь ороход Дашням чи зайлалдаа гэж хэлээд намайг түлхэж унагасан. Намайг Дашням түлхэж унагах үед Замбага машинаас Ж.Өыг чирээд гаргаад ирсэн. Намайг газарт унасны дараа М.Э Ж.Өын толгойн чамархай хэсэгт гараараа цохьсон. Сүүлд харахад Ж.Өын чамархай хэсэг халцарсан цус гарсан байсан. М.Э түүнийг дахиж цохих гээд далайхад Ж.Ө түүний нүүр рүү нь гараараа цохьсон. Тухайн үед М.Э Дашнямын араас нь гараараа давуулаад Ж.Өыг цохьсон, Ж.Өыг манай ангийнхан тал талаас нь цохиод байсан. Тэр үед М.Э Дашнямын араас нь Ж.Ө руу дайрч түүний толгой руу цохьсон. Ингээд түүнийг дахиж цохих гэж далайхад нь Ж.Ө өөрийгөө хамгаалаад М.Эийг цохьсон. Ж.Ө М.Эийг цохиогүй бол М.Э түүнийг дахин цохих гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/,

 

Гэрч Золжаргалын өгсөн: “...М.Э Ж.Ө руу чи яасан том бацаан бэ гэж хэлж уурлаад Ж.Өын цээж рүү нь гараараа түлхэж цохиж эхэлсэн. Мөн хажуунаас нь Төгөлдөр болон бусад эрэгтэйчүүд нийлээд Ж.Ө руу дайрч тал талаас нь түлхсээр байгаад машинд суулгачихсан. Тухайн үед манай найз Анхзаяа амралтын газар ирчихсэн байсан. Би тухайн үед Ж.Өыг машинд суусных нь дараа түүнийг хамгаалаад машины хаалгыг нь дараад машины гадаа зогсож байсан. Тэгэхгүй бол манай ангийн залуучууд нийлж Ж.Өыг машинаас гаргаж ирээд зодох гээд байсан. Тэр үед манай ангийн охин Замбага ирээд Ж.Өыг хувцаснаас нь зуурч цохисоор байгаад машинаас гаргаад ирсэн. Би хориглоод дийлээгүй. Ингээд Ж.Өыг манай ангийн залуучууд тал талаас нь дайраад цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24/

 

Ж.Өын шүүгдэгч болон хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Золжаргал гээд манай найз над руу залгаад “Мэлз” гээд газар би байна, намайг ирээд аваач гэсэн. Би тухайн байгаа газар нь очсон. ...М.Э гээд хүүхэд нь чи ямар том дуутай бацаан бэ гээд зүүн гараараа миний чамархай руу цохьсон. Тэгээд дахиад цохих гээд далайхад нь би баруун гараарэа Ж.Эийн нүүр хэсэг рүү нь цохьсон. Тэгтэл 4-5 нь орж ирээд миний дагз хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг

 

Гэрч Өсөхбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анхзаяа, М.Э бусдыг нь танихгүй бараг 7-8 уулаа гараад амралтын гэрээс гараад ирсэн. Замбага Ж.Өыг машинд сууж байхад нь татаж босгож гаргаж ирээд бүгдээрээ цохиод байсан. Э нь эхлээд Ж.Өын нүүр рүү цохисон, ахиад цохих гэж байхад нь Ж.Ө цохьсон. Тэгээд тэнд байсан хүүхдүүд бүгдээрээ Ж.Ө руу дайраад байсан. Бид нар Ж.Өыг аваад хөдлөх гэж байхад миний Хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг хэдэн талаас цохиод байсан. Зөв талын урд цонхыг Ж.Э хагалсан...” гэх мэдүүлэг /хх-43/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Өын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...” гэх нотлох баримтуудаар Ж.Ө нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хүч хэрэглэж аргагүй хамгаалалт хийсэн болох нь нотлогдон тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн эсхүл бусдын амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” байхаар тус тус хуульчилжээ.

 

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хуулиар хүлээн зөвшөөрч тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон байна. Тухайн хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байх “Мэлз” гэх амралтын газар бөгөөд уг амралтын газарт хохирогч М.Э нь ангийнхаа хүүхдүүдтэй байсан, тооны хувьд олуулаа, гэрч нарын мэдүүлснээр 7-8 хүн хүчний хувьд олуулаа нийлж Ж.Өыг машинаас буулгаж зодох гэж дайрсан тал талаас нь түлхэж цохьж байсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог ба тухайн үед хохирогч гэх М.Э нь үл ялих шалтгаанаар хүний олон байгааг ашиглаж Ж.Өыг өдөж хоргоож түүний эрүүл мэндэд халдах, зодох шалтгаан хайж Ж.Өын эрүүл мэнд амь насны эсрэг довтолгооныг эхлүүлсэн байдаг.

 

Энэ тохиолдолд тухайн үед Ж.Өын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгоо эхэлсэн байсан. Хохирогч гэх М.Э нь Ж.Өыг гараараар цохиж хөнгөн гэмтэл учруулж дахин цохих оролдлого хийх үед нь Ж.Ө өөрийгөө хамгаалах зорилгоор нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон болох нь гэрч Анхзаяа, Өсөхбаяр, Өын шүүгдэгч болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог.

 

Хэрэв Ж.Ө тухайн үед өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчийг цохиогүй бол хохирогч гэх М.Э нь дахин цохих үйлдлийг үргэлжлүүлж Ж.Өын эрүүл мэнд амь насанд халдах болзошгүй нөхцөл байдал бүрдсэн байсан. Тухайн үед Ж.Ө М.Эийн 2 дахь удаагийн цохих гэж байсан үйлдлийг болиулаагүй байсан бол Ж.Өын эрүүл мэнд, амь насанд илүү хор уршиг учрах боломжтой байсан бөгөөд энэ үед Ж.Өын эсрэг хууль бус довтолгоо эхэлсэн, довтолгоо үргэлжилж байсан, довтолгоо төгсөөгүй байсан болно.

 

Иймд Ж.Өын хохирогч М.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хэрэглэсэн гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан асуудлууд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Өыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Ж.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй байгаа. Энэ нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Иймд Ж.Өод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Ө тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээ/ гаргасан тайлбартаа: М.Э нь намайг цохиогүй алгадсан гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ярьдаг, одоо ч үүнийгээ ярьсаар байна. Прокуророос намайг хэрүүл, маргаан үүсгэж болохгүй байсан ярьдаг. М.Э намайг ангийнхаа хүүхдүүдтэй нийлж зодсон гэв.

 

Шүүгдэгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Өыг дахин цохих үйлдэл огт гаргаагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ө, М.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байхад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял, шийтгэл оногдуулж хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол”[1], “Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”[2], гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзвэл тухайн хэрэг учрал нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт байрлах “Мэлз” гэх газарт болсон байдаг.

 

Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 437 тоот яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” хэсэгт тухайн хэрэг учралыг Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэгз” амралтын газарт болсон хэмээн бичигдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй, зөрүүтэй болсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн.../ гэснийг бүрэн гүйцэд нотолж чадаагүй гэж үзэх ба яллах дүгнэлт мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасантай нийцээгүй байна.

 

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтооход заавал шинжилгээ хийлгэж байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан.

 

Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...Ж.Өын биед шинэ гэмтэл тогтоогдсонгүй...” хэмээн 219 тоот шинжээчийн дүгнэлт гарсан.

 

Үүний дараа мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу томилогдон хийгдсэн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 тоот “...Ж.Өын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна..., ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт нь дээрх 219 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй эрс зөрүүтэй болсон байх бөгөөд үндэслэл бүхий эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

 

Өөрөөр хэлбэл шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 432 тоот дүгнэлт[3] нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана”, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны аль хэсэгт нь хамаарч гарсан шинжээчийн дүгнэлт болох нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасантай нийцээгүй байх тул дахин шинжээч томилж дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийн ноцтой зөрүүг арилгуулах шаардлагатай байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээс үзвэл Ж.Өыг тухайн хэрэг учрал болох үед 7-8 уулаа бүлэглэн зодсон талаар тусгагдсан байдаг ба нэр бүхий гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тусгагдсан хэргийн талаарх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад прокуророос Ж.Өын биед М.Э хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Түүнчлэн Ц.Өсөхбаяраас “...бид нар Ж.Өыг аваад хөдлөх гэж байхад миний Хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг хэдэн талаас нь цохиод байсан, зөв талын урд цонхыг М.Э нь чулуугаар цохисон уу харанхуйд юугаар цохисон хараагүй хагалсан...”[4] хэмээн мэдүүлсэн байдаг.

 

Мөрдөн байцаалтын шатанд М.Эийн уг үйлдлийнх нь дагуу бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон[5] атлаа тогтоолын арын нүүрэнд гараар бичигдсэн “М.Э миний хохирлыг 07 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан. Одоо үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэх хэн бичсэн нь тодорхойгүй бичээсийг үндэслэн шинжилгээ хийлгэхгүйгээр орхигдуулсан нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэв дээр дурдагдсан хоёр шинжээчийн дүгнэлтийг зөрүүг арилгах явцад Ж.Өын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учирсан гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдсон тохиолдолд уг хохирлыг хэн учруулсан, тухайн үйлдэлд хэн, хэн оролцсон, мөн М.Эийн хууль бусаар бусдын эд хөрөнгийг чулуугаар цохин гэмтээсэн үйлдлийн улмаас Ц.Өсөхбаярт хэдий хэмжээний хохирол учирсан, түүний мэдүүлэгт тусгагдсаны дагуу автомашиныг нь хэдэн талаас хэн, хэн цохиж өөр ямар гэмтэл учруулсан эсэхийг нарийвчлан шалган тогтоох нь цаашид хуулийг зөв хэрэглэн тухайн хэрэг учралд хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг болон хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай байна.

 

Түүнчлэн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоодог.  

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Эийн хувийн байдлын талаар түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгаснаас өөрөөр ямар нэгэн ажиллагаа хийлгүй орхигдуулсан байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн тул энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Өын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан “...Ж.Өыг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ө, М.Э нарт холбогдох эрүүгийн 2034000000453 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Ө, М.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                   ШҮҮГЧИД                                                   Т.ЭНХМАА

 

 

                                                                                       М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 01-р тал

[2] хх-ийн 33-35-р тал

[3] хх-ийн 56-57-р тал

[4] хх-ийн 43-ртал

[5] хх-ийн 51-р тал