Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2024/00471

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00367/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, ***** гудамж, **** тоотод оршин суух, ****** хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *****рын шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь сургуулиа төгсөөд Номгон сангийн аж ахуйд хуваарилагдаж 1 жил буюу 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаад цэрэгт явсан. 1984 онд цэргээс халагдаж ирээд 08 дугаар сарын 01-ний өдрөөс гурил тэжээлийн үйлдвэрийн авто засварт ажилласан. Гурил тэжээлийн үйлдвэрийн авто засвар нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс аюулаас хамгаалах фонд буюу хуучнаар Өвсөн цех рүү техник хэрэгсэлтэйгээ салаад шилжсэн. Тэнд 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тракторчноор ажилласан. Уг газар ажиллаж байхдаа карьерийн нэгдсэн аж ахуйд очиж уулзаад ажилд орохоор болоод тэр өдрөө хөдөлмөрийн дэвтрээ очиж авч байсан. Карьерийн нэгдсэн аж ахуйд 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сар хүртэл засварчнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй мөн гарсан тушаалууд олдохгүй байгаа гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 сарын 07-ны өдрийн 124 дугаартай тушаал, 1981 оны 6 сарын 26-ны өдрийн 122 дугаартай тушаал, Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дарханы карерийн нэгдсэн аж ахуйн даргын 1991 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/45 дугаартай тушаал, 1988 оны 04 сарын 16-ны өдрийн 123 дугаартай тушаал, Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1984 оны 08 сарын 10-ны өдрийн 197 дугаартай тушаал зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Дарханы Карьерийн нэгдсэн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 16-ны өдрийн 123 дугаартай тушаал, 1988 оны 12 сарын 30-ны өдрийн 421 дугаартай тушаал, 1991 оны 03 сарын 04-ний өдрийн Б/45 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн ХААТР-1 маягт зэргийг гаргуулж, ***** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч: *****рын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч нь Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч *****р нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 сарын 07-ны өдрийн 124 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах, тэтгэмж олгох тухай тушаалд ... ****** үр тарианы 4-р бригадад тракторч комбайнчаар ... гэх, 1981 оны 06 сарын 06-ны өдрийн Шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахуулах тухай тушаалд ... ***** Аймгийн шүүхийн мэдэлд шилжүүлэх арга хэмжээ авсугай... гэх, Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэрийн захиргааны 1984 оны 08 сарын 10-ны өдрийн 197 дугаартай Ажилчид шилжүүлэх тухай тушаалын хавсралтад ... 54. *****р ... гэх, Дарханы карьерийн нэгдсэн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 16-ны өдрийн 123 дугаартай Ажилд авах тухай тушаалд ... ******* Отгонбаяр нарыг 4 сарын 1-нээс эхлэн ... гэх, 1988 оны 12 сарын 30-ны өдрийн 421 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалд ... 1. *****р ... нарыг аж ахуйн засвар үйлчилгээний ажилд ... гэх, 1991 оны 03 сарын 04-ний өдрийн Б/45 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад ...10. *****р 15... гэх бичилтүүд, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын ХААТР1 маягтад ...ажилладаг газар Гидр карьер, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил машинист, ажиллаж эхэлсэн 1988 он, оршдог сум Дархан... гэх бичилт, гэрч ***** нарын мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч ****** 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчин, кобайнчинаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Аюулаас хамгаалахын тэжээлийн улсын фондод /Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэр/ тракторчноор, 1988 оны 03 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан карьерийн нэгдсэн аж ахуйд засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд *****рын шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* ******* ****** 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчин, кобайнчинаар, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Аюулаас хамгаалахын тэжээлийн улсын фондод /Дархан тариа хадгаламж тэжээлийн үйлдвэр/ тракторчноор, 1988 оны 03 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан карьерийн нэгдсэн аж ахуйд засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ