Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01666

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

                Дугаар *

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо * гудамж * тоотод оршин суух, *онд төрсөн* настай, * овогт *ийн Э

            Хариуцагч: Б дүүрэг * дугаар хороо *дүгээр хороолол *дүгээр байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт *ын Б.

Гуравдагч этгээд: * дүүрэг  * дүгээр хороо * дугаар байр * тоотод оршин суух,  *овогт *ийн Л

Гуравдагч этгээд: * дүүрэг * дугаар хороо * дугаар гудамж *тоотод оршин суух, *ын А.

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндсэн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Г, Ч.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн төлөөлөгч П.У, хариуцагч П.Б, өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов. /гуравдагч этгээд нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул өмгөөлөгчийг оролцуулж хэргийг шийдвэрлэв./                                   

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч П.Бт холбогдуулж  Б дүүрэг  дугаар хороо * дүгээр хороолол * дүгээр байр * тоот * мкв * өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

          1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Г нь Ч.Эийн төрсөн том ах нь. Д.Г * байр авсан тул дүү Ч.Э байраа 50,000,000 төгрөгөөр зарах санал тавьсан. Учир нь тухайн үед Ч.Э байр авахаар мөнгөө цуглуулж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ч.Э, Д.Г нар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * дүгээр байр * тоот* мкв *өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа 25,000,000 төгрөгийг бэлнээр, 19,500,000 төгрөгийг зээл авч өгөөд үлдэх 5,000,000 төгрөгийг  хувааж төлж дуусгасан. Тухайн үед Ч.Э төрөх дөхсөн байсан тул Д.Г түлхүүрээ өгөөд манайхыг * рүү нүүсний дараа нүүж ороорой гэсэн байдаг. Д.Г Хятадад сурч байгаа хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд гэж байсан үйл явдлыг гэрч н.ц, гуравдагч этгээд О.А нар гэрчилж, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогддог. Байрны төлбөр төлөгдөж өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэний дараа байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч П.Б сүүлдээ утсаа авахаа больсон. Ахаараа дамжуулж нэг удаа хэлүүлэхэд 50,000,000 төгрөгийг нь буцаан өгч байраа авч үлдмээр байна гэсэн хариу өгөөд суллаж өгөөгүй тул 2022 оны 04 дүгээр сард шүүхэд хандсан. Байрны өмчлөл Ч.Эийн нэр дээр байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яаралтай мөнгөний  хэрэг болж С.Лт худалдаж өмчлөл шилжсэн. Нэхэмжлэл гаргах үед өмчлөгч нь Ч.Э байсан тул С.Лт худалдсан гэрээний үүргээ биелүүлж шаардлага гаргасан. Иймд хариуцагч П.Бийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

            2. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг нөхөр Д.Г 2009 оны үед бэлэглэлийн гэрээгээр зөвхөн өөрийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж авсан. Орон сууцанд гэр бүлээрээ нүүж орсон. Д.Г, Ч.Э нар нь эх нэгтэй эцэг ондоотой хүмүүс. Ч.Эт 2017 онд орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн байдлаа гэр орныхондоо хэлээгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар Д.Гын гэр бүлийн дундын хөрөнгө.  2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ч.Э оу ББСБ-аас 30,000,000 төгрөгийн зээл авч орон сууцны үнэд төлсөн гэдэг боловч эргэлзээтэй. Д.Г нь 2015 оны 08 дугаар сард бусдад зодуулсны улмаас хүнд гэмтэл авч 2016-2017 онуудад хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь тогтоогдсон. Байр Д.Гын нэр дээр байх хугацаанд Д.Г, П.Б нар зээлийн барьцаанд хэд хэдэн удаа тавьсан байдаг. Нэхэмжлэл гаргах цаг хугацаанд орон сууц Ч.Эийн  өмчлөлд байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр О.А, С.Л нарын дээр шилжсэн боловч өөрсдөө очиж байраа үзээгүй. Шаардах эрх үүссэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхол болон өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, өмчлөх, захиран зарцуулахад бусад этгээд саад болж байгаа тохиолдолд уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд шаардах эрх буюу нэхэмжлэгчийн байр сууриар оролцох эрх, үүрэгтэй. Нэхэмжлэгчийн тайлбараас Ч.Э нь орон сууцны өмчлөлийг О.А, С.Л нарт шилжүүлсэн боловч шаардах эрх нь хэвээрээ гэж ойлголоо. Гэхдээ Ч.Э тухайн байрны өмчлөгч биш учир албадан гаргуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэв.

            3. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Г, П.Б нар *онд танилцаж, * оны 11 дүгээр сарын 23-нд гэрлэлтээ батлуулсан. Хоёр хүүхэдтэй. 2009 онд орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.Г бэлэглэлийн гэрээгээр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед П.Б *-д байсан гэдэг нь гадаад паспортоор нь тогтоогддог. Орон сууцыг хэд хэдэн удаа зээлийн барьцаанд тавьж байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хөрөнгө. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо авсан шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг орон сууц нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс  хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. Гэтэл Д.Г эх нэгтэй, эцэг ондоотой өөрийн төрсөн дүү Ч.Эт 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгөөр худалдсаныг нь шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Д.Г нь 2015 онд хүнд зодуулсны улмаас эхнэр, хүүхдээ танихгүй болж үйлдлийнхээ учир холбогдлыг мэддэг байсан эсэхт шүүхийн шинжилгээний байгууллагаас дүгнэлт гаргаагүй ч энэ  хуралд өгсөн эмчлүүлэгчийн картанд хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тодорхойлсон. Тархиндаа гэмтэл авч гавлын яс нь гэмтчихсэн байсан тул гэрээ байгуулах үед үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүй байх магадлалтай. Тиймээс гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дур мэдэн бусдад худалдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Д.Г нь 2016, 2018, 2020 онд яаралтай тусламжийн төвд ухаан алдан очдог байсан баримтыг хэрэгт өгсөн. Энэ хүн өвчнөө мартахын тулд архи уудаг байсан. Тэр үед нь Ч.Э ирээд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байх магадлалтай. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Д.Г, Ч.Э нарын хооронд байгуулсан Б дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 32 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

            4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн  хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байна. УДШ-ийн 20 дугаар тогтоолын 5.1-т Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг авна гэх заалт нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн насанд хүрсэн гэр бүлийн гишүүний бичгээр гаргасан зөвшөөрөлгүй бол үл хөдлөх хөрөнгийг худалдах боломжгүй гэсэн заалт байгаа. Тухайн байрыг худалдсан гэдгийг П.Б мэдэх боломжтой, мэдэж ч байсан. Хамтран өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан бол тэр нь гэр бүлийн гишүүд хоорондын асуудал. Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, сэтгэцийн өвчтэй гэх шинжээчийн дүгнэлт болон бусад баримт хэрэгт байдаггүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ заавал нотариатаар орж баталгааждаг. Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож байсан учир нотариат баталж улсын бүртгэлийн газар бүртгэсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар орон сууцны өмчлөгч Ч.Э болсон. Д.Г байраа зараад БНХАУ руу П.Б, хүүхдүүд рүүгээ байр, сургалтын мөнгө гэж шилжүүлж байсан талаар өмнөх шүүх хуралдаанд гэрч нар тайлбарладаг.  Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талийгаачийг согтуу байсан гэсэн үндэслэл ярьж байна. Улсын бүртгэлд согтуу хүн очоод гэрээ бүртгүүлээд байх боломжгүй байх. Өвчнөө мартахын тулд архи уудаг байсан гэх тайлбараас үзэхэд Д.Г өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх чадамжтай, хэрэг хариуцах чадвартай байсан гэж дүгнэхээр байна. Мөн нотариатч хэлцлийг хүчин төгөлдөр хэмээн баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байхад Д.Гыг согтуу байсан эсвэл согтуу байдлыг нь ашиглаж улсын бүртгэлд хэлцлийг бүртгүүлсэн гэдэг нь үндэслэлгүй тайлбар. Тайлбар нь нотлогдохгүй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан заалтад үндэслээд нотлох баримтуудаа яриад байгаа боловч үндэслэж байгаа заалтаасаа өөр хуулийн заалтуудыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж ирээд байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв. 

              

            6. Нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ,  

            7. Хариуцагчаас Д.Гын нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,  2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны Зээлийн нэмэлт гэрээ, 2014, 2017 оны зээлийн гэрээ, АКХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, АТК ХХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт,  Д.Гын амбулаториаор эмчлүүлэгсдийн карт,  П.Бийн гадаад паспорт.

            8. Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны өмчлөгч, шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй лавлагааг авч, маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг шинжээч томилон дүгнэлт гаргуулж, ГСС төв, МОТ Д.Гын өвчний түүхийг нотлох баримтаар гаргуулах, 

            9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр О.А, Ч.ц нараас мэдүүлэг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр О.А, С.Л нарыг татан оролцуулах зэрэг ажиллагааг шүүх  хийсэн байна.  

                                               

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь “Д.Гоос байрыг 50,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөлийг шилжүүлж авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг С.Лт худалдаж, өмчлөлийг шилжүүлсэн. Тус гэрээний үүргийг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь “орон сууцыг бусдад худалдсан, гэрээний үүргийг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч Ч.Э нь байрны өмчлөгч биш тул албадан гаргуулах нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн  үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн  126 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул дур мэдэн бусдад худалдсан. 2017 онд гэрээ байгуулах үед Д.Г хүнд гэмтэл авч өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байсан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн  хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж  тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “хамтран өмчлөх эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан бол тэр нь гэр бүлийн гишүүд хоорондын асуудал. Д.Г өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, сэтгэцийн өвчтэй гэх шинжээчийн дүгнэлт, баримт хэрэгт байдаггүй” гэсэн үндэслэлээр няцаасан.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Б дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * дүгээр байр * тоот * мкв * өрөө орон сууцны өмчлөх эрх 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Д.Гын өмчлөлд шилжиж *дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Эийн өмчлөлд, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн О.А, С.Л нарын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн, Д.Г 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй.

6.2. Хариуцагч нь Б дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * дүгээр байр * тоот * мкв * өрөө орон сууцны өмчлөгч нь Ч.Э биш тул шаардах эрхгүй гэж тайлбарласан тайлбар нь үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хэмээн өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон.

6.3. Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд маргаж буй орон сууцны өмчлөгч байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн О.А, С.Л нарын өмчлөлд орон сууц шилжин бүртгэгдсэн   тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрхгүй.

6.4. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцэлийг нотариатаар гэрчлүүлж,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар орон сууцыг Ч.Э захиран зарцуулснаар түүний өмчлөх эрх дуусгавар болсон тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

7. Иймд хариуцагч П.Бт холбогдох Б дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 32 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Ч.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

8.  Хариуцагч П.Б нь нэхэмжлэгчид холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Д.Г, Ч.Э нарын байгуулсан Б дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 32 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж үндэслэлээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, дундын хөрөнгийг дур мэдэн бусдад худалдсан, тухайн үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэхгүй байх магадлалтай хэмээн тайлбарласан.

8.1.  Д.Г нь Б дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 32 тоот 40 мкв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч * дугаарт бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Иргэний хуулийн  127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2, 127.2-т гэр бүлийн гишүүний дараах хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байна гэж зааснаар маргаж буй орон сууцын өмчлөгч Д.Г бөгөөд тэрээр өөрийн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байна.

Д.Г нь өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулахаар Ч.Этэй 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, тухайн орон сууцыг хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлын үндсэн дээр бий болгосон гэх хариуцагчийн тайлбар  баримтаар нотлогдоогүй, Д.Г худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх чадваргүй байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, 2015 онд хүнд зодуулж гэмтэл авч ГСС төвд 18 хоног, Манал оточ эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчлүүлсэн болох нь Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, ГСС төв, МОТ ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Мөн эдгээр эмнэлгийн баримтаар Д.Г өөрийн үйлдлийн учир холбогдлыг мэдэх чадваргүй байсан гэх үйл баримт нотлогдоогүй.

8.2.  Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.А  2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “2017 оны  12 дугаар сарын 04-ний өдөр Д.Г ах ирж та хоёр байрны урьдчилгаа өгөх гэж байгаа юм чинь ахынхаа байранд орчих, ах нь шинэ байранд  орно гэхэд нь тохиролцож бэлнээр 25,000,000 төгрөг өгч байрны ордерыг эхнэр Ч.Эийн нэр дээр шилжүүлсэн. Шинэ байранд  орохоороо байрыг суллаж өгнө гээд байрны түлхүүр өгсөн тул бид яаралтай суллаж өг гэж шаардаагүй”, гэрч Ч.ц “Д.Г ах байраа зарах гэсэн юмаа Ч.Э, О.А хоёр байр авах гэж байгаа бол манай байрыг ав гэхэд нь манай хоёр тухайн үед байсан 25,000,000 төгрөгөө Д.Г ахад өгөхөд байрны ордероо шилжүүлж өгнө гээд 1 хороололд байдаг нотариатын газар орж Ч.Эийн нэр дээр ордероо шилжүүлсэн” гэх мэдүүлгээр Д.Г өөрийн үйлдлийн учир холбогдолыг мэдэхгүй байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. 

9. Иймд нэхэмжлэгч Ч.Эт холбогдох 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Д.Г, Ч.Э нарын байгуулсан Б дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 41 дүгээр байр 32 тоот 40 мкв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч П.Бийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

10. Хэрэгт хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны Зээлийн нэмэлт гэрээ, 2014, 2017 оны зээлийн гэрээ, АКХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, АТК ХХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт зэргийг ирүүлсэн нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хариуцагчийн хүсэлтээр орон сууцын зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зохигч хэн аль нь шаардлага, татгалзлаа нотлхоор тайлбарлаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                        

   ТОГТООХ нь:   

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч П.Бт холбогдох Б дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * дүгээр байр * тоот * мкв * өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Ч.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эт холбогдох 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Д.Г, Ч.Э нарын байгуулсан Б дүүрэг * дугаар хороо *дүгээр хороолол * дүгээр байр * тоот * мкв * өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч П.Бийн сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.К