| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2034001690031 |
| Дугаар | 2021/ДШМ/77 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ДШМ/77
Н.Ат холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Сүрэнхорол
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гансүх
Хохирогч Ч.Баасангарам
Иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан
Нарийн бичгийн дарга Б.Батмандал нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Ат холбогдох эрүүгийн 2034001690031 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Өндөр толгой" гэх газарт асфальтан замын 207 тоот шонгийн орчимд 12-11 УНГ улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 11.14, 13.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас жолооч Б.Гансүхийн жолоодож явсан 88-25 ТӨА улсын дугаартай Субару Порестер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуугийн зай барилгүй шахан шүргэн зам тээврийн осол гаргаж улмаар 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд биеийн бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт, мөн тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Баасангарамын эрүүл мэндэд зүүн шагайн ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Намсрайн Аийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар Н.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ааас 471.264 төгрөгийг гаргуулж шинжээч Р.Мөнхбаяр, Д.Бямбахүү, Т.Анхбаяр нарт 157.088 төгрөгийг тус тус олгохоор, энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг гаргасан давж заалдсан гомдолдоо: Шүүхээс Н.Ат оногдуулсан эрүүгийн хариуцлага, ял шийтгэл нь "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим"-д нийцээгүй гэж үзэж гомдолтой байна.
Үүнд: 1.Шүүгдэгч Н.Ат шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзээгүй. Шүүхийн тогтоолд нэг хүний амь нас хохироосон гэм бурууг дүгнээд согтуугаар хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаар огт дүгнээгүй.
2.Н.А нь хэргийн үйл баримтын талаар анхнаасаа миний мэдүүлснээс зөрүүтэй мэдүүлсэн байдаг, өөрөө санаачилж хоёр удаа архи гаргаж, задалж уулгасан, мөн хориглоод байхад дахин нэмж уухыг санал болгосон атлаа биднийг архи гаргасан мэтээр зөрүүтэй мэдүүлсэн төдийгүй гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн нөхцөл байдал ажиглагдаагүй, энэ хугацаанд хохирогч тал бидэнтэй ганц ч удаа уулзаагүй, санал бодлоо солилцоогүйд гомдолтой. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан дээр шүүгч миний мэдүүлэг, саналыг сонсоогүй, надад энэ талаар ярих боломж олгоогүй, яаруу давчуу байдлаар хуралдааныг явуулсанд гомдолтой.
3.Н.А Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироож, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож, 2020 оны 8 дугаар сарын эхээр түүнийг яллагдагчаар татаж хэргийг прокурорт шилжүүлсэн байхад авто техникийн шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөн маргаж, үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 4 дүгээр cap хүртэл бараг бүтэн 8 сарын хугацаанд зориуд саатуулж удаашруулан хохирогч бидний сэтгэл зүйг харгалзан үзээгүйд туйлын гомдолтой, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг огт харгалзан үзсэнгүй.
4.Шүүх Н.Аийг хохирлоо нөхөн төлсөн гэдгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь 13.000.000 төгрөгийн үнээр авсан автомашиныг дахин ашиглах, засвар авах боломжгүй болгочихоод эвдрэл хохирлын 6.625.830 төгрөг өгснөөр хохирол барагдсанд тооцсон нь үндэслэлгүй. Бага насны гурван хүүхэдтэй ханиасаа, эцгээсээ өнчирч үлдсэн бид тэр машиныг дахин босгох, ашиглах ямар ч боломжгүй шүү дээ. Бид эвдэрхий машиныг өөрт нь өгөөд машины бүтэн үнийг л авмаар байна. Оршуулгын зардлын зарим баримтыг талийгаачийн ах, дүү нар үрэгдүүлснээс оршуулгын зайлшгүй зардал /хайрцаг сав, хөшөөний чулуу, бусад хэрэглэгдэх зүйлүүд/ нэхэмжлэх боломж бүрдээгүй. Ер нь хүний амь наснаас үнэтэй юм гэж юу байхав. Түүнийг шүүх анхаарч тооцсонгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр Н.Ат ял шийтгэл оногдуулсан нь хэргийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээнд нийцээгүй, ял шийтгэл хөнгөдсөн гэж гомдолтой байна.
Иймд хэргийн дээрх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний гомдлыг хянан үзэж хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Н.Ат хөнгөн ял оногдуулж, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6.625.830 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд зөвтгөн шийдвэрлэх зарим нэгэн асуудал байгааг анхаарч үзнэ үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Хохирогч Ч.Баасангарам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хохирогч талтай удаа дараа уулзаж уучлалт гуйсан боловч П.Эрдэнэцэцэг нь хүлээн авдаггүй байсан гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүгдэгчийн ах нь байгаа юм, дүүдээ энэ машиныг бэлэглэсэн байсан. Ийм асуудал болсонд маш их гэмшиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хохирлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч талд олгуулан шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулах ялын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Н.Ат оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Сүрэнхорол тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өршөөлийн хуульд хамруулах талаар тусгайлан гаргах саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл Н.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Өндөр толгой" гэх газарт асфальтан замын 207 тоот шонгийн орчимд 12-11УНГ улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 11.14, 13.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Гансүхийн жолоодож явсан 88-25ТӨА улсын дугаартай Субару Порестер маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуугийн зай барилгүй шахан, шүргэж зам тээврийн осол гарган улмаар 88-25ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд биеийн бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий, мөн тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Баасангарамын эрүүл мэндэд зүүн шагайн ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүхийн амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх хэргийн үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн: “...Н.А манай машинд 1 шил 0.5 граммын хараа архи 2 аягатай орж ирсэн..., ...Н.А машинд нэг юм байгаа тэрийг хуваагаад уучихъя гэхээр нь би яах юм бэ хэтэрнэ одоо засмал замаар явна харанхуй болж байна гэсэн. Тэгтэл Н.А буугаад 1 шил 0.5 граммын Хараа архи аваад ороод ирсэн..., ...Тэгээд нөгөө архиа хувааж уусан. Манай нөхөр архи уухгүй гээд алгасаад байсан..., ...Н.А машиндаа суугаад Б.Гансүх ээ гээд орилсон манай хүн очиж суугаад яваад өгсөн. Би Баасангарамтай юм яриад сууж байхад явсан хоёр маань хүрээд ирсэн. Тэгээд архи бариад ороод ирэхээр нь би уулгахгүй одоо засмал замаар явна харанхуй болчихлоо гэж уурлахад талийгаач, Н.А 2 гэр гэр рүүгээ салахдаа ууя гэсэн. ...Н.А эхнэрээ манай машинд үлдээгээд машиндаа суусан тэгээд бид хэд хөдлөөд араас Н.А дагасан, ингээд явж байгаад гэнэт машины зүүн гар талаас цагаан өнгөтэй машин зэрэгцэж ирээд пижигнээд явсан ингээд машин эргэлдээд эхэлсэн..., 4-5 удаа эргэлдээд машин баруун гар талын бөөрөөрөө харж зогссон..., машины ар тал онгорхой байхаар нь гараад буцаад охиноо авсан..., Б.Гансүхийг хайгаад олохгүй байсан. ...нэг машины гэрэлд талийгаачийн хэвтэж байгааг харсан..., нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан...” гэх,[1]
Хохирогч Ч.Баасангарамын “...талийгаачийн машинд бид дөрөв 2 шил 0.5 граммын хараа архи уусан тэгээд хөдлөхөөр болсон талийгаач намайг миний машинд явж бай нөхөр чинь араас хүрээд ирнэ гээд хөдөлсөн манай нөхөр араас хөдөлсөн байх ингээд явж байхад гэнэт машин онхолдоод нэг мэдэхэд миний хөл нэг зүйлд дарагдсан байсан. Би нөхрөө дуудаж машинаас гарсан. Удалгүй нэлээд хэдэн хүмүүс ирсэн байсан. Тэгээд эмнэлгийн машинтай сумын төв явсан. Цагдаа нар ирэхэд талийгаачийг өнгөрсөн гэж мэдсэн....” гэх[2],
Иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэлийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчим манай дүүгийн эхнэр Ч.Баасангарам над руу залгаад осолд орсон талаар ярьсан тэгээд би шөнө ирсэн. Манай дүү Н.Аийн ярьж байгаагаар найз нь урд нь хурдан давхиад байхаар нь зөөлөн яв гэж хэлэх гээд хажуугаар нь гүйцэд түрүүлэхэд гэнэт нэг чимээ гараад замаас гарсан тэгээд эргэхэд найзынх нь барьж явсан тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Өөрийнх нь эхнэр дотор нь сууж явсан байна лээ. Өөр мэдэх зүйлгүй.” гэх[3] мэдүүлгүүд
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай шинжээчийн “...талийгаачийн цогцост гавлын ясны дух болон зулай хэсгээс дотогш цөмөрч баруун зүү чамархай руу олон салаалж сэлтэрхий үүсгэсэн салсан хугарал зулайн орой хэсгийн хугарлын хэсгээс арагш дагзны хэсэг рүү олон хэсэг салаалсан шугаман хугарал, суурь ясны том нүхний хэсгээс олон салаа үүсгэсэн салсан хугарал, тархины хатуу хальсны урагдал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины дарагдал, шахагдалт, тархины эдийн няцрал дух зулай, хоёр чамархай, дагзны хэсгийн хуйхны цус хуралт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины далд гэмтлийн улмаас нас баржээ..., ...талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэх[4],
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №109 дугаартай шинжээчийн “...Ч.Баасангарамын биед зүүн шагай ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх[5]
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн “...П.Эрдэнэцэцэгийн биед бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх[6]
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №1866 дугаартай шинжээчийн “...урд бамбайн зүүн хажуу тал зэрэг эд ангиуд ослын үед хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу автомашин онхолдож, өнхрөх үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Уг автомашины зүүн урд далбаа урд хэсгээр, урд бамбайн зүүн хажуу хэсгээр цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэл нь цагаан, саарал өнгийн гадаргуутай хатуу биеттэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөж, шүргэлцэх үед үүссэн байх үндэслэлтэй байна. Hyundai Accent маркийн, 12-11 УНГ улсын дугаартай, цагаан өнгийн автомашины баруун урд хаалганы гадна самбарт газрын гадаргуугаас дээш 67 см-аас 79 см хүртэлх зайд байрлах хэсэгт 12Х66 см хэмжээтэй урдаас хойш чигт, саарал өнгийн өнгөц зурагдсан мөр үүссэн гэмтэл, баруун урд хаалганы эмжээр, доод ирмэг дамнасан, газрын гадаргуугаас дээш 29 см-аас 65 см хүртэлх зайд 23Х85 см хэмжээтэй хэсэгт хонхойж, дээрээс доош чиглэлд хар өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэл; Саарал өнгийн, Subaru Forester маркийн, 88-25 ТӨА улсын дугаартай автомашины зүүн урд далбааны урд хэсэгт газрын гадаргуугаас дээш 65-87 см хүртэлх зайд 46Х27 см хэмжээтэй хонхойж, 45Х22 см хэмжээтэй цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүссэн, урд бамбайн зүүн хажуу талд газрын гадаргаас дээш 29 см-аас 66 см хүртэлх зайд байрлалтай хэсэгт 37х42 см хэмжээтэй цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүсэж будаг халцарсан гэмтэл үүссэн шинж тэмдэг, зам тээврийн осол хэргийн материалд үндэслэн Subaru Forester маркийн, 88-25 ТӨА улсын дугаартай автомашин зүүн урд хажуу хэсгээр, Hyundai Accent маркийн, 12-11 УНГ улсын дугаартай автомашины баруун урд хаалга, далбаа дамнасан хэсгээр мөргөлдөж, шүргэлцсэн байх үндэслэлтэй байна...”[7] гэх,
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №46 дугаартай шинжээчийн “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй..., ...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Субару Порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гансүх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй..., ...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Субару Порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй..., ...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг зам тээврийн осол болоход зам болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийн үндэслэн үндэслэлтэй...”[8] гэх,
Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний №2021 02 дугаартай шинжээчийн: “...Н.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний Дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, автомашинд үүссэн сэв, ул мөр зэргээр нотлогдож байна. Урт /улаан/ сумаар үзүүлсэн мөрийн байдалд дүгнэлт хийхэд Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин нь Субару порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашинаас илүү хурдтай явсныг нотлохын зэрэгцээ хажуугийн зай барилгүй шахсаныг харуулж байна. Богино /цэнхэр/ сумаар үзүүлсэн мөр нь Субару порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашин баруун гар тийш дарахад үүссэн мөр байна. Жолооч Н.А нь согтуугаар автомашин жолоодсон нь драйгер 6820 багажийн хэмжилтээр тодорхойлогдож байгаа бөгөөд Субару порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашины хөдөлгөөнд саад учруулж аюултай байдал үүсгэсэн нь автомашинд үүссэн ул мөр, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1866 тоот дүгнэлтээр батлагдаж байна. Субару порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Б.Гансүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Согтуугаар автомашин жолоодож явсан нь шинжилгээний дүгнэлтээр, зорчих хэсгийг голлож явсан нь хэргийн газрын үзлэг, ослын газрын дугуйн мөрөөр нотлогдож байна. Дээрх зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаар, автомашины бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд автомашин жолоодсон явдал гэж үзэж байна. Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоор орон зайн баримжаа алдах, болгоомжгүй хөөрлийн байдалд ордог нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Жолооч Н.А уншиж бичиж чадахгүй атал жолоодох эрх авсан нь зам тээврийн осол гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Н.А жолоочийн бэлтгэгдсэн байдлыг шалгах шаардлагатай. Драйгер 6820 багаж нь Олон улсын хэмжил зүйн байгууллага OIML/ болон Хэмжил зүйн газраас баталгаажуулагдсан байдаг. Иймд энэ багажны заалтад эргэлзэх үндэслэлгүй. Хүний бие организм спиртийг саармагжуулж байдаг. Зам тээврийн осол 20 цагт гарсан энэ үед жолооч Н.Аийн согтуурлыг хэмжсэн боловч шөнийн 03 цагийн үед буюу 7-н цагийн дараа цусыг шинжилгээнд авсан байна. Энэ нь цусанд спиртийн агууламж илрэхгүй байх тохиолдол болсон байх магадлалтай. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд идэвхтэй хөдөлгөөн хийж хөлсөө гаргах, халуун шингэн зүйл уух зэргээс шалтгаалан 7 цагийн хугацаанд цусан дахь спирт бүрэн саармагжих боломжтой гэж үзэж байна. Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж үзэж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9-д “гүйцэж түрүүлэх” гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг гэж заасан. Жолооч Н.А нь гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэх явцдаа Subary Forester маркийн 88-25 TӨА улсын дугаартай автомашиныг шахаж шүргэлцэн замаас гаргасан гэж үзэж байна. Subary Forester маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашин нь эгнээ голлож яваагүй боловч гүйцэж түрүүлэхэд саад учруулаагүй болох нь автомашинд үүссэн ул мөр ослын газрын зураг, хэмжилт, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Ослын схем зурагт байгаа 2.25м мөр нь Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашины мөр 11.60м мөр нь Subary Forester маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашины мөр гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг, автомашины эвдрэл, ул мөр зэргээр баталгаажиж байна. Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуу хоорондын зай бариагүйгээс шүргэлцэн мөргөлдөх хэлбэрийн осол гарсан. Жолооч зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэх нь жолоочийн найдварт ажиллагааны нэг болох ажиллах чадвараас шалтгаална. Зам тээврийн осол гарах гол шалтгааныг бий болгосон болохоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 заалтыг зөрчсөн гэж үзэх магадлалтай. Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашины жолооч Н.Аийн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...”[9] гэх дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл[10], зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч[11], гэрэл зургийн үзүүлэлтүүд[12], шүүгдэгч Н.А өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаарх мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” хэмээн заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, ухамсарлаж байсан атлаа хор уршиг учруулахгүй, хэмээн итгэж найдсан, эсхүл урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өөрийнх нь хайхрамжгүй байдлаасаа үүдэн хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцохоор заасан.
Дээр дурдагдсаны дагуу Н.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцогддог ба анхан шатны шүүх түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүхийн шатанд нөхөн төлсөн зэргийг оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан, нэмэгдэл ял хэрэглэн шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй юм.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцохдоо хуулийн үг хэллэгийг буруу хэрэглэсэн, зохих диспозиц буюу гэм буруугийн хэм хэмжээг зөв тодорхойлоогүй, хуулийн тухайн зүйл хэсэгт байхгүй үг хэллэг хэрэглэсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой зарим нотлох баримтыг холбогдох этгээдүүд алга болгосон талаар мэдүүлсэн байхад уг хохирлоо цаашид нэхэмжлэх эрхийг нь зааж өгөлгүй орхигдуулсан нь буруу байх бөгөөд энэ нь цаашид шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг[13] баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Ат холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөгчийн гаргасан давж заалдсан гомдлын дагуу тус шүүхээр хянан хэлэлцэх үед дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь уг хуульд заасан өршөөлд үл хамаарах нөхцөлүүдэд хамаарахгүй байгаа, Н.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Н.Ат анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ” нь хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Боржигон овогт Намсрайн Аийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг
“...Шүүгдэгч Боржигон овогт Намсрайн Аийг жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..” гэж,
6 дахь заалтын “...Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай...” гэснийг
“...Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хохирогч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Н.Аийг сулласугай.
4. Шүүгдэгч Н.А нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 113 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
М.МӨНХДАВАА
[1] 1хх-ийн 33-37 дугаар тал
[2] 1хх-ийн 164-166 дугаар тал
[3] 1хх-ийн 39-40 дүгээр тал
[4] 1хх-ийн 48-51 дүгээр тал
[5] 1хх-ийн 65-66 дугаар тал
[6] 1хх-ийн 187-188 дугаар тал
[7] 1хх-ийн 101-149 дүгээр тал
[8] 1хх-ийн 175 дугаар тал
[9] 1хх-ийн 41-44 дүгээр тал
[10] 1хх-ийн 1-4 дүгээр тал
[11] 1хх-ийн 13-14 дүгээр тал
[12] 1хх-ийн 5-12 дугаар тал
[13] Төрийн мэдээлэл 2021 он №26 /1176/